ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.07.15 11:07

Бороо болгоноор хүний аминд эрсдэл учраад байна


Байн байн бороо ороод байгаа нь сайхан хэрэг шүү. Хотоос дөнгөж гарав уу үгүй юү нов ногоон. Харин ингэж ороод байгаа бороо нийслэл хотод багагүй хохирол учруулж байна. Энэ сайхан борооны усыг нь хуримтлуулаад авах юмсан гэж бодогддог юм. Даанч энэ их усыг хуримтлуулаад авах нь битгий хэл замынхаа ус зайлуулах шугамыг шийдэж чадаагүй улсад санасны ч хэрэггүй зүйл. Өчигдөр өдөр орсон түр зуурын бороонд I хорооллын арын зам тэр чигтээ усанд автлаа. 25 дугаар эмийн сангаас 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг зам хуулраад бүүр хэцүүхэн боллоо. Ингээд бороо оронгуут хэдэн уулзварууд дээр байх гэрлэн дохионууд нь ажиллахаа болиод авто зам тэр чигтээ түгжрэл тагларал болчихно. Бас нэг аюул нь гэрлэн дохионуудын цахилгаан тэжээлийн утас масслах, шонд санамсаргүй байдлаар хүрсэн хүн цахилгаанд цохиулж болох нөхцөл үүсээд байгаа юм. Өмнө нь гэрлэн дохионы шонд биш ч яг ийм масс үүссэн утаснаас болж хүүхдийн амь эрсэдсэн хэрэг гарч байсан. Саявтархан явган хүний гарцан дээр зогсож байсан хүн гэрэл дохионы шонд санамсаргүй хүрээд цахилгаанд цохиулаад гараа татаад авч байгаа харагдсан. Харин аз болж бороогүй өдөр таарсан. Хэрэв бороотой өдөр таарсан бол яах байсныг хэн ч мэдэхгүй. Үе үеийн нийслэлийн удирдлагууд энэ мэт асуудалд анхаарлаа хандуулдаггүй байсан уу, хандуулсан ч гүйцэтгэх түвшний хүмүүс халтуурддаг байсан уу. Ямартаа ч жаахан хур орох төдийд ёс юм шиг иймэрхүү асуудал гардаг. Уг нь багахаан сэтгэл гаргаатахвал шийдэж болохгүй асуудал биш. Урссан зам, ил гарсан цахилгааны утас зэргийг ч яахав засаад янзалчихдаг юм байж. Харин иймэрхүү байдлаас болж хүний амь насанд учрах өндөр эрсдэлийг хэрхэх вэ. Ер нь бороо орох тоолонд хүний аминд эрсдэл учраад байна л даа.

Онцлох нийтлэлүүд