Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Онцлох нийтлэл
2016.03.19 11:03

Буддагийн төлөө 18000, Мүүний төлөө ?????

Хүний шашин шүтэх, эс шүтэх бас юугаа сонгож шүтэх нь чухам тухайн хүний язгуурын эрх болж байдаг. Үзэл бодол, шашин шүтлэгээр нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхах нь аюултай. Тэр тусмаа шүтэх шашнаар нь ялгаварлан гадуурхах нь бүр ч илүү аймшигтай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-аас гаргасан Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой. Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой” гэж зааж өгсөн байдаг. Үнэхээр хүн төрөлтөн шашны зөрүү, арьсны өнгө, эд хөрөнгө, язгуур угсааны зөрүүнээсээ болж, дайтан тулалдаж, үзэн ядалцаж хуваагдаж ирсэн учраас ингэж цаасан дээр хараар бичиж өгөхөөс аргагүйд хүрсэн юм. Дэлхийн түүхэнд гарч байсан ихэнх дайн тулаан, хагаралдаан мөргөлдөөн дандаа л дээрхийн зөрүүнээс гарч байсан. Одоо хэр тунхаглаж зарлачихаад байгаа хэрнээ дайн мөргөлдөөн дуусаагүй л байна.

Хамгийн олон шашныг нэг төрийн дор, нэг тэнгэрийн дор зангидаж байсан гэлцдэг монголчууд бидний түүхэнд шашин шүтсэнийхээ төлөө үй олноороо хомроголон хороогдсон саяхны гунигт түүх ч бий. Ердөө 80 хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Монголын оюунтай, сэхээрэлтэй олон мянган хүнийг хороосон 1937 оны хэлмэгдүүлэлтээр нийт хүн амынхаа 10 орчим хувийг үгүй хийснээс 18 мянга нь лам хувраг байсан гэдэг. Ердөө шарын шашин шүтэж, Буддаг бүхний дээр тавьсан нь тэдэнд үхэл рүү одох шалтгаан болж байлаа. Хэлмэгдүүлэлтийн аймшигт жилүүдэд 45-55 мянган хүнийг цаазалж хөнөөсөн гэх баримт бий. Одоо тэгвэл Мүүний шашинтай холбогдсон, Мүүн гэж амнаасаа унагасан хэдэн хүнийг бид араас нь илгээх гэж байна даа?

Дэлхийн түүхэнд шашин шүтсэнийхээ төлөө дайн мөргөлдөөн үүсгэж, үүний золиос болж байсан түүх их. Католик шашинтнууд мусальманчуудын мэдэлд байсан Иерусалимыг буцаан авах зорилготой эхлүүлсэн Загалмайтны аян дайн гэж 1095-1291 оны хооронд есөн удаа өрнөж, үргэлжилсэн байдаг. Бас испани, голланд хүмүүсийн хооронд шашны зөрүүгээс үүссэн 80 жилийн дайн гэж байна, бас Ромын эзэнт гүрэн нуран унасны улмаас шашны үзлээс эхлэлтэй 30 жилийн дайн ч гэж бий. Бод л доо. Хэдэн арван жилээр үргэлжилсэн дайнууд шашны мөргөлдөөний улмаас л үүсдэг.

Английн түүхэнд эцэг, охины шашны зөрүү нь их хэлмэгдүүлэлт их цусыг асгаруулсан байдаг. Английн хаан Хенри VIII католик шашинтны хатуу дэг жаягийг эсэргүүцдэг нэгэн байжээ. Түүний үед католикийн эсрэг буюу протестант шашинтнууд гаарч хүчийг олов. Хаан өөрөө ч зургаан эхнэртэй, дуртай үйлээ шашны хатуу дэг жаягаас айхгүй хийдэг байсан гэдэг. Гэвч түүний охин Мэри хаан ширээнд суумагцаа аавынхаа бодлогыг үгүйсгэж, эмх замбараагүй протестант шашинтнуудыг журамлаж эхэлсэн байна. Тэгэхийн тулд тэднийг шонд уяж галдан шатааж байлаа. Түүхэнд цуст Мэри хэмээн тэмдэглэгдэх болсон нь үүнтэй холбоотой. Түүхийн номуудад аймшигт шулам гэж дүрслэгдэж, баар кафены цэсэнд улаан лоолийн шүүстэй, архи, халуун ногооны орцтой коктейлийг цуст Мэри гэж нэрлэсэн байдаг нэрний бодит нь ийм хүн байлаа. Харин аавынхаа, эгчийнхээ үед шашны үзэл бодлын зөрүүгээсээ ээлжлэн адлагдаж байсан хүмүүсийг Элизабет I хатан гар газар, хөл хөсөр амьдруулж, улмаар түүхэнд сэргэн мандлын үе хэмээн нэрлэгдсэн тэр тайван цаг ирсэн гэх нь ч бий. Ямартай ч түүний үед Англи орон улам бүр хөгжин дэвжиж, аугаа Шекспирээс эхлээд авьяас билигтнүүд суу алдраа дуурьсгаж эхэлсэн юм.

ХХ зууны бас нэг аймшигт хэргээр Арменийн геноцид зүй ёсоор ордог. Оттоманы эзэнт гүрний цөөнхөд тооцогдож ирсэн арменчууд үнэн алдартны загалмайтнууд байсан бол эрх баригч Оттоманы туркууд нь лалын суннитууд байлаа. Хуучин цагт тэднийг онцгой эрхтэйгээр хүлээн зөвшөөрдөг байсан туркууд он цагийн уртад боолтоо улам чангаруулсаар 1915 оны дөрөвдүгээр сард аллага хэрээс хэтэрсэн юм. Арменчуудын боловсрол чадалтай гэсэн 250 хүнийг нэг өдөр хотоос гаргаж, цаазаар авч байлаа. Бусдыг нь Сирийн элсэн цөлд аваачиж, эд хөрөнгийг нь үл маргах гэрээгээр олзлон авч байсан байдаг. Харин шалтаг нь дайснуудтай хуйвалдсан хэргээр шалтгаан нь тэд өөр шашны хүмүүс байлаа. Энэхүү Арменийн геноцидийн үеэр 800 мянгаас 1,5 сая хүртэл хүн алагдсан гэдэг аймшигтай тоо бий. Шашны зөрүүгээс үндэстэн хоорондоо, улс дотроо мөргөлдөөд эхлэх хамгийн аюултай. Яагаад гэвэл шашны зөрүүтэй улс тэмцэлдэхдээ хязгааргүй их хилэнтэй, цуцашгүй их хүчтэй болдог гэмтэй.

Манайд сүүлийн өдрүүдэд юу болов оо. Нийгмийн сүлжээгээр тараагдаж байгаа мэдээлэл, хүмүүсийн хараал, үзэн ядалт, шашны зөрүүгээс нэгэндээ хандаж байгаа хандлага хэрээс хэтрэх шиг боллоо. Мүүн гээд шашны нэг суртлыг нэвтрүүлсэн өвгөнийг хараан зүхэх, Мүүний дагагч байсан гэгдэх төрийн дунд тушаалын түшмэл С.Насанбаярыг үзэн ядах байдал хэмжээ хязгааргүй байв. Мүүнийг харааж, С.Насанбаярыг зүхэлгүй дундыг баримтлаад үзэл бодлоо бичсэн нэгнээ бол нийлж аваад дор нь нухаж байлаа. Болдогсон бол дамжилж аваачаад бариад идчихээр л байх шиг. Ерөөсөө Мүүнийг харааж бичээгүй бол өөрөө мүүнист болчих гээд хаана, хаанаа л хэцүүдсэн байх. Зарим нэг нь “Мүүн миний амьдралд яаж нөлөөлөөд байгааг мэдэхгүй юм. Хэтэрхий туйлшраад байна уу даа” гээд саналаа хэлээд л Мүүнист болж буруудаад эхэлнэ. Ерөөсөө хилсдэх, хэлмэгдүүлэлт гэдэг нь араа эрэг нь хөдлөхөөрөө ингэдэг байх л гэж бодогдмоор. Тэр Мүүнийх нь сайн мууг нь мэдэхгүй юм. Хүнлэг энэрэнгүй байхыг сургадаг буддын шашин маань байхад элдэв гаж урсгал хэрэггүй л дээ. Мүүн нь доороо байтугай дээрээ хөлөө олоогүй байсан ерээд оны шилжилтийн үеэр л манайд өөр малгайн доор анх нэвтэрч байсан юм уу даа. Ерээд оны эхээр зохиолч Дожоодорж агсан, Шаабар нар гэр бүлийн холбоо гээд эхлүүлж байсан байдаг. Энэ нэрийн дор манай олон алдартан, авьяастнуудыг цуглуулж, шагнал батламж ч өгч байсан байх. Улс төрийн хүрээнийхэн ч очиж байсан байлгүй. Гэхдээ тэд учир начрыг нь ойлгоод чимээгүйхэн холдоод явчихсан гэж ойлгодог. Үүнийг өнгөрсөн цаг дээр хэлж байгаам шүү. Одоо тэр Мүүн гээд өвгөний шашны урсгалыг шүтээд байгаа хүмүүс байгаа юм уу. Нэвтрүүлэгт орсон хүмүүс ч гэсэн бүгд бурууг нь ойлгоод хаяад явчихсан байна лээ. С.Насанбаяр хүртэл удаа дараа, өчигдрийн хэвлэлийн бага хурал дээрээ ч нийгмийн сайн сайхны төлөө, гэр бүлийн сайн сайхны төлөө гэж бодож явтал шашин гэдгийг нь мэдээд холдсон гэж хэлж байсан. Гэтэл энэ бүхний төлөө ямар аймшигтай үзэн ядалт бидний дунд өрнөнө вэ. Үнэндээ интернэт орчинд байдаг цөөхөн хэдэн хүний дунд л ийм явдал болоод байгаагаас үүний учир начрыг мэдсэн хүмүүс цөөхөн байна лээ. Төвийн хариуцлагатай сонин хэвлэлүүд үүнийг дэвэргэж, элдвээр дагасан нь үгүй. Шашнаар улс орныг хагалан бутаргахын хор хөнөөлийг мэддэг, хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийн мөн чанарыг ойлгож байгаа болохоор тэр биз ээ. Сошиалаар зорилготой зорилгогүй олон мэдээлэл тарааж, түүнд итгэгсэд мунхрагсад их байгаа нь одоогийн бидний төрх юм уу даа. Уг нь хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бид өөрсдөө эцэг хууль “Үндсэн хууль”-даа зааснаар үзвэл ямар ч шашин шүтсэн байсан тэр хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Гэвч Монголд ялгаварлан гадуурхалт газар авбал олсны үзүүрээс татах шиг хөврөөд явчих бололтой юм аа. Мүүнд итгэхээ байснаа хэлэх байтугай одоо ч итгэж байгаа гээд хэлсэн хүнийг бид буруутгах эрхгүй. Тэр хүний шүтэх эс шүтэх эрхэд бид халдаж болохгүй. Бид дундад зуунд амьдраагүй ээ. Гэвч ардчилсан Монголд асуудал өөрөөр явдаг юм байна.

Өнөө С.Насанбаяр маань хэвлэлийн хурал хийлгээд, төрийн албаны ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Хувь хүнийхээ хувьд туулж байгаа ялгаварлал, мянга хашгираад хүмүүст хүрэхгүй байгаа тэр тэвчээрийн тухай өөрөө туулж өнгөрөөгүй байж юуг ч ярих билээ. Гэхдээ төрийн дархлаа ийм сул, хариуцлагатай албанд итгэж томилсон томилгоо ийм хэврэг байх юм уу гээд яривал олон зүйл хөндөгдөнө. Захын жиргээчин, захын фэйсбүүкчний сэтгэлийн хөөрөл, далдаас аль нэг хүчний нууцхан удирдлага энэ мэтээр өрнөхөд л Монголын төр хэврэг байх нь гэсэн бодол сэтгэл гундаана.

Онцлох нийтлэлүүд