ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2020.05.08 10:05

Бундеслиг тавдугаар сарын 16-наас тоглолтоо хийнэ


Германы хөлбөмбөгийн Бундеслигийн 2019-2020 оны улирлын тоглолт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 16-нд үзэгчгүйгээр үргэлжлэх боллоо. Германы хөлбөмбөгийн дээд лиг цар тахлын улмаас гуравдугаар сарын 13-нээс тоглолтоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Харин багууд дөрөвдүгээр сарын дундаас бэлтгэлдээ эргэн ирж, цөөн хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хангаж эхэлсэн билээ. Лиг өндөрлөхөд 9 тойрог үлдсэн бөгөөд 25 тойргийн дараах байдлаар хүснэгтийг "Бавари Мюнхен" 55 оноогоор тэргүүлж яваа бол "Боруссиа Дортмунд" 51, "Лайпциг" 50 оноогоор удаалж явна. Германы хөлбөмбөгийн холбоо (DFB) улирлын тоглолтыг эрүүл ахуйн маш чанга хяналтын дор, үзэгчгүйгээр, тоглогчдыг сovid-19-ийн шинжилгээнд бүрэн хамруулсны дараа явуулахаа мэдэгдээд байна. Лигийн нэг тоглолтод хөлбөмбөгчид, багийн дасгалжуулагчид, ажилтнууд, шүүгч, туслах ажилтнууд зэрэг ердөө 300 орчим хүнийг оруулахаар төлөвлөжээ. Германы хөлбөмбөгийн лигийн гүйцэтгэх захирал Кристиан Зайферт энэ тухайд “Хоосон цэнгэлдэх, хатуу шаардлагатай ч тоглолтыг сэргээх нь маш чухал” хэмээн хэлэв.


Онцлох нийтлэлүүд