Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ Израильд 500 мянга гаруй иргэн вакцины нэмэлт IV тунд хамрагджээ Дэлхийн хамгийн баян 10 хүний хөрөнгө цар тахлын жилүүдэд 2 дахин өсчээ "The Hu" хамтлаг "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн суралцах орчинг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулав Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ Дараах ААН-үүд зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй Хөвсгөл нуурт хар хил гарсан тул иргэдийг зорчихгүй байхыг анхааруулж байна МҮСХ: Гэмт хэрэгт холбогдогчдын 16.2 хувь нь эмэгтэйчүүд байна Эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олжээ
Цаг үе
2015.12.22 09:12

Буурал найрагч Пунцагийн Бадарчтай хөөрөлдсөн тэмдэглэл

Чингис их богд улсынхаа өндөр наст өтгөс мэргэдийг цагаан дээл өмсгөж, цагаан эсгий өлмийд нь дэвсэж гүнээ хүндэтгэхийн ялдар бэхи цол өргөмжлөн үеийн үед дээдлэхийг үр ачдаа захидаг байсан гэдэг. Эдүгээ цагт улсын бэхи баймаар ухаант өтгөсийн нэг нь Пунцагийн Бадарч гуайг гэхэд хэн ч маргаж үл чадна. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн эл эрхмийг монгол түмэн “Есөн эрдэнийн орон”, “Адуу”, “Тэмээ”, “Морьд”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Эхийн сэтгэл” зэрэг олон сайхан шүлэг найргаар нь андахгүй. Буурал найрагчтай утас цохиж тохирсны ёсоор баасан гаригийн мандахын улаан наран магнайд гийхийн цагт Төмөр замын дуу, бүжгийн чуулгын арын дэнж дэх гэрт нь зочиллоо.

Цахилгаан шатаар хэлсэн давхарт нь гарвал цэлийтэл нээсэн хаалга их л дотно содон харагдана. Арц хүжийн анхил давхраар нэг сэнгэнэнэ. Яваад орвол буурал найрагчийнх мөн. Шүлэг найраг уншсаар түмний танил болсон сайхан дуугаараа хүнтэй утсаар ярих нь сонсогдоно. Хувцсаа өлгөөд том өрөө рүү орвол хөлийн чимээ авсан бар шиг сонин зүстэй шар алаг муужгай буйдан дээрээс толгойгоо гилжийлгэн “Хэн ороод ирэв” гэсэн янзтай жигтэйхэн тунгалаг нүдээр ширтэнэ. Өвгөн найрагч утсаар ярьж дуусаад “Суу, хүү минь” гэж буйдангаа заав.

Амар мэндээ мэдэлцэх зуур “Уржнангийн “Болор цом”-ын дараа Өвөрхангайгаас ээжийгээ зорьсноос чинь хойш бараг уулзаагүй байх шүү” гэж байна. Ийм том найрагч жирийн нэг шүлэгчтэй хэзээ уулзсанаа хүртэл барин тавин хэлж байгаа нь наддаа тэнгэрийн хишиг ч юм шиг сэтгэл өег байгаа гэж юу гэх вэ. Боргол найруулах зуур “Өнөөдөр хөгшний минь буяны зуу дахь өдөр” гэж цаанаа л нэг санаашрангуй гунигтай өгүүлж байна. Хэлэх үг ч олдсонгүй. Насан турш хамт байж зовлон, жаргалаа хуваалцсан ханиа ертөнцийн жамд булаалгана гэдэг ямархан их хэцүүг дэмий л өр зүрхээ өвтгөн байж төсөөлөх гэж оролдов. Яалтай ч билээ. Гэвч, өвгөн найрагч цахилгаан тулган дээр банш үйх зуур “Усанд чанасан банш ямар ч хоргүй сайхан хоол шүү дээ. Энэ манай монгол чинь ямар сайхан юм бэ дээ. Иддэг хоол нь хүртэл цаанаа л нэг өег” гэж дуу нь цолгиусаад ирлээ.

“Ах нь ер нь хэзээний сүүтэй цайнд сайн биш. Байнга кофе ууна. Цагаан сар, наадам гэсэн нийтийн баяр ёслолд тэгтлээ сэтгэл хөдлөөд, хорхог боодог гэсэн хүнд хоолонд дурлаад байхгүй. Харин хэзээний л нямбай зантай хүн дээ” гэж хүрэн туяатай нүдний ганган шилнийхээ цаанаас донжтой нь аргагүй ширтэж байна. Ээжийг минь бурхан болсныг сонсоод “Чи тэр жилийн цагаан сараар ээждээ зорьж очдог чинь ёстой болсон юм” гэх нь хүний зовлонг чин сэтгэлээсээ хуваалцаж чаддаг найрагчийн халуун сэтгэлтэйнх буюу. Бичгийн явган ширээн дээр найрагчийн өөрийнх нь шүлэглэж туурвисан “Бурхан багшийн сургааль” хэмээх хөндлөн үсгийн гонзгой судар харагдана. Энэ хооронд бар ирвэсийнх адил гоёмсог зүст шархан муужгай эзэндээ эрхлэн, суниасхийж, буйдан дээр нэг гарч, онгорхой тагтны наад талын цонхон дээр нэг нарласхийн сууж, тэгснээ Бадарч ахын гэргийтэйгээ авахуулсан зургийг нэг үнэрлэн, их л тааваараа аашилж аяглана.

Найрагч муураа нэг харснаа “Амьтан хүртэл хэцүү байх юм. Муу хөгшнийг маань илтэд үгүйлээд, хэлэхгүй л болохоос санаад байх шиг байгаа юм. Өнгөрснийх нь дараа тав зургаа хоног юм ч идэхгүй эцэж тураад хэцүүдсэн шүү. Одооноос л жаахан хоолонд ороод байна” гэснээ хоолой нь зангираад, дуу нь цахиртаад ирэв. Дэмий л муурных нь нэрийг асуулаа. “Ангир” гэдэг гэнэ. Ангираа ч нэрэндээ тохирсон ганган амьтан юм. Гадны зочин биднийгээ хөөрхөн шоглочих санаатай буйдан дээр гарч ирэн, хувцас хунараас зөөлөн зулгаасхийж байна. Эрх муу золиг юм гээч. Банш халбагадан өгөх гэвэл “Тэнд хоол нь байгаа. Юм өгч хэрэггүй” гэв. Өөрийнхөө намбай болсноо Баянжаргалангийн Нялгын бага сургуульд байхаас “Бараакуудтайгаа байснаас болсон” гэж тайлбарлалаа. Бараакууд гэдэг нь Хэрлэнбаян-Улаанд малаа оторлоод явчихсан аав ээжийнх нь ар тал болон хүүхдүүдтэй нь үлддэг өвөө, эмээ нар нь ажгуу. Халхын голын дайны утаа хөшиглөж байсан жил төрсөн их найрагч 1942 оноос ухаан орсон гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан армид морь бэлэглэхийг мэдэж байгаа учраас хүний ухаан орсноо сайтар мэдээд байгаа аж. Морь малийндана гэдэг нь нэг төрлийн сорилго тарилгыг нүдэнд нь дусаахыг хэлдэг байсан гэнэ. Маленов гэдэг орос эрдэмтний гаргасан сорил тариа учраас малийндах гэж монголчууд хэлээд заншчихжээ. Анзаарчээ суухад Бадарч ахын амнаас алтны үртэс шиг сайхан үгс төвөггүйхэн ундарч өгөх юм. Өнөөгийн монголчууд бид ямар ч азаар ийм сайхан сэцэн билэгт хүмүүнтэй нэгэн цаг үед амьдарч байдаг юм бэ гэх бахархал ч төрж байх шиг. Жишээ нь, мань эр өөрийгөө туулай жилд төрсөн гэдгээ “Эхийнхээ элгэнд нэг жил амьсгалж амьдарсан” гэж байгаа юм. Дэлхийн ямар ч суутан, ямар чиг мундаг ухаантан зөвхөн энэ үгийг зүгээр нэг урсгаад хэлчихгүй л байх.

Өвгөн найрагч “Настай хүнд архи дарс ч дэмий юм. Гэхдээ ёсолъё доо, хоёулаа” гээд гадаадын тансаг дарс номын богцноосоо гарган хундагалж байна. Хоолны даруулга, “сэтгэлийн галт шувуу” шидэт жигүүрээ дэвэн дэвэн, дүн өвлийн жаврыг ч уядуулан уясуулан жиргэх нь амьдрал үлгэр мэт, Бадарч ахын хүүрнэх амьдрал дэлгэцнээ амилах мэт санагдана. Христ бурханы тооллоор далан долоо, Бурхан багшийн Төгс буянтын зурхайгаар далан наймтай тэрээр 1944 оны бичин жил хүн болж ухаан сууснаас хойш Монгол орныхоо далан дөрвөн жилийн амьдралыг мэдэж байна гэх нь цээжний бангаар дэмий ч нэг хэлсэн үг биш нь хэнд ч ойлгомжтой юм. “Энэ хооронд би ямар олон хүнтэй уулзав, яасан урт зам туулав” гээд бодлогошрон дуугаа хураахад нь мөнгөн буурал санчигт тэргүүн нь үл ялигдуу бүжрэгнэн бөнжигнөх нь дээр үеийн орос дондогмаамуу зөөлөн савлах шиг харагдав. Найрагч анд Арлааны Эрдэнэ-Очирын минь “Энэ миний хувьхан заяаны зам...” гэх ухаарал сэтгэлийн чавхдас хөглөн сонсогдох мэт санагдав.

Сайн ба муу байсан нь хамаагүйгээр Бадарч ахын сэтгэлээс гурван хүн огт гардаггүй гэнэ. Хэн юм бол гэж чих тавин чагнахуй “Маршал Чойбалсан. Би маршалд тийм дуртай хайртай хүн биш. Баянзүрх сумын уугуул Буянтогтох аварга. Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан, Буянтогтох хоёр манай аавын найз байсан. Гурав дахь нь Дандар баатар. Дандар муу туучийтай сайхан үерхэж явлаа. Намайг өлгийтэй байхад Дандар Халхын голд япончуудыг сэлмээрээ таалж явсан байхгүй юу” гэж хэвлүүтэв. “Дандар бид хоёр их найз. Дандарыг би их шүтнэ, биширнэ. Архины найз. Би армийн утга зохиолын нэгдэлд арван долоон жил ажилласан юм. Арми сурталчлах, эх оронч үзлийг бэхжүүлэх зорилгоор зургаан аймгаар би Дандартай явсан. Би Дандарын морин жолооч. Энд тэндхийн буудалд орохоороо надтай нэг өрөөнд орно. Гавьяат цолтой ч улс явж байгаа ш дээ. Надтай нэг өрөөнд ордгийн учир нь хамт архи ууна. Хоёрдугаарт, чемодандаа олон одонтой цэрэг хүрэм, хэдэн цамцтай явна. Тэрийг би савлана. Сум болгонд уулзалт хийх бүрт өнөөхийг нь би гаргана. Би зарц нь байхгүй юу. Хуучин дайчдынх нь өгсөн архийг хундагална. Олзвой баатартай яндан дуран, амьд хэл хулгайлсан Баянхонгорын Лүндээжанцан гуай хүртэл ирж байна. Дандарт цэргүүд нь нүгэлтэй хайртай. Дайчдынхаа авчирсан идээг “Манай морин жолоочид өг” гэнэ. Ийм учир тохиолоор Дандар гуай бид хоёр их дотноссон. Завхан хамт явж байгаад аваарт орж нэг нүдгүй болсон юм” гээд санаа алдан, өмнөх цэнхэр хайрцагтай зөөлөн “Esse” тамхинаасаа асаан, утааг нь шившин бодлогошров. Бадарч найрагчийг энд тэнд хөтлөгч хийж тунгалаг усан урсан буух мэт ярьж байгаагаар нь төсөөлөөд сурчихсан надад түүний бодлогошронгуй төрх гунигтай ч юм шиг санагдаж, зурагчныхаа аппаратны шар шархийх чимээг сонсон суухаас аргагүйд хүрнэ. Дандар баатрын лагшин чилээрхэж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад найрагч эргэж очиход “Би ганц л жил амьд явмаар байна” гэж хэлээд нүдэнд нь жаахан нулимс гялтганаж ирснийг залуу найз нь дурсаж байна. Ийм гунигт зүйлийг санан дурсана гэдэг хэн хүнд л хэцүү байх нь тодорхой.

Тавин оны Баян сумын наадмыг арван нэгэн настай Бадарч хүү аав эжийтэйгээ, авга эгчтэйгээ дөрвүүл үзэж явж. Тэр наадамд Дандар баатар барилдаж байгаа гэнэ гэсэн яриа одоогийнхоор ёстой сенсаци дэгдээж байна гэнэ дээ. “Сэлэм гялс, толгой бөнжгөс” алдартныг үзэх гэж наадамчид хуйлраад л сүртэй байж. Тэгтэл орой нь “Дандар морьтой хүнд дайруулаад хөлөө гэмтээж гэнэ” гэсэн яриа гарч. Нөгөө гэмтээсэн хүнийг ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, бурхан болооч сэтгүүлч Гомбын Дашрэнцэн нар сайн мэддэг байсан аж. Наадмын тэр шөнө морин туурай тачигнасан нь Дандар баатар, улсын начин Хөхөө хоёр байсан гэнэ. Хожмын найрагч хүү ингэж дайны их баатрын дүрийг анх удаа харж бахархан, бас жаахан эмээсхийн байжээ. Дандар баатар тэр шөнө хонины өвчүү шар шархийтэл зажлан идэж, тавь гаруй настай асан эмээг нь зааж “Миний эжий яг ийм хүн байсан. Би ч эжийгээ их зовоосон хүн дээ” гэж байхдаа нүдэнд нь жаахан нулимс гилтэгнэж байхыг лааны гэрэлд харснаа найрагч хүү хожим өөрт нь хэлж танилцаж байснаа дурсав.

Дандар шөнө явахдаа цагаан бор мориныхоо шанаа руу зөөлхөн алгадаж хэвтүүлээд мордуут пижигнээд алга болсон гэдэг. Хожим Бадарч гуай Дандартаа зориулж “Миний залуу нас дайны жилийн цэрэг явсан юм” шүлгээ бичиж, ая зохируулан дуу болгосон түүхтэй. Бадарч найрагч, ардын зохиолч Дашдооров хоёр нэг удаа Дандар баатрынд очиж. Нөгөөх нь үеийнхээ нэг хөгшинтэй шатар нүүж сууна гэнэ. Ганц лонх юмны бөглөө мулталж, сэтгэлийн таглаа онгойхын хэрд Дооров зохиолч “Дандар гуай, энэ сэлэм таны дайнд барьж явсан эд мөн үү” гэж, улмаар “Сугалж үзэж болох уу” гэхэд Дандар “Яахнав, чи сугалж. Толгойгоо авахуулах нь уу” гэхэд их зохиолч навтасхийн чимээгүй болж, гаран гартлаа үг дуугараагүй тухай ярихдаа доогтойхон мишилзэж, Дооровоо цагаахан дурсаад авав. Аливаа улсын үүх түүх гэдэг Бадарч гуай шиг эгэл жирийн юм шиг мөртлөө эгэлгүй сайхан амьдарсан хүмүүсийн дурдатгал дурсамжаас бүрдэж бүтдэг биз ээ.

Ангир нэрт шаргал муужгай буйдан дээр нарлан цагираглаж байснаа жаахан хүүхэд шиг үнэгчлэн унтаад өгөв. Найрагч муураа нэг харснаа “Ах нь одоо хоёр зээтэйгээ хамт амьдарч байна. Манай зээ нэг хамтлагт ажилладаг юм. Шөнө орой ч тарах юм. Одоо хорин гуравтай. Номын өргөөнд амарч байгаа” гэж баншнаас ганц нэг нямбай гэгч сэрээднэ. “Монголын нууц товчоо”-ны эрдэнийн эх хувийг хоймортоо залсан их найрагчийн “Есөн эрдэнийн орон” уянгын найраглал Монголын ард түмний оюун сэтгэлийн хойморт үеийн үед залагдана гэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Найрагч Бадарч Л.Түдэвийнхээ романаар 1978 онд “Нүүдлийн замд” дуурь бичиж, хөгжмийн зохиолч Г.Дарамзагд хөгжмийг нь бичжээ. 2002 онд төрийн шагналт Б.Шаравтай “Чингис хаан”, 2006 онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравтай Чингис хааны төрийн дөрвөн их хатдын тухай “Их хааны хатад”, улиран буй онд шавь Дамбын Төрбаттайгаа Богд хааны тухай “Оройн дээд” дуурь бичжээ. Зохиолч Б.Сарантуяагийн “Сорхогтуни хатан” роман түүний ширээн дээр тавиастай. Сонирхон асуувал “Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэг дөрвөн хааны эх энэ монгол хатны тухай нэг сайхан дуурь биччих юм сан. Даанч таних олигтой хөгжмийн зохиолч алга. Жанцанноров, Шарав хоёр ч надад олдохгүй юм” гэхээр нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдтой утсаар холбогдож зуучлах маягийн юм болов. Тэр хоёр ч арваад минут ярьж хамтарч дуурь бичихээр болов бололтой. Монголын авьяасын гэрэлт хоёр хүмүүн нэг сайхан дуурь хамтарч туурвибал хэчнээн сайхан билээ.

Хүний амьдрал гэдэг эртний Хятадын сэтгэгч Күнзийнхээр бол дардан сайхан харгуй аж. Ийм зүв зүгээр амьдралаа хүн өөрөө л зовлон бэрхшээл болгож хувиргадгийг найрагч маань анзаарчээ. Хүсэл шуналаасаа болж эд хөрөнгө цуглуулж, алдар нэрэнд донтож, ертөнцийн түмэн чивлийг гүйцээдэг гэнэ. Аль ч цаг үед хүн өөрийгөө өөрчилж чадалгүй, ухаанаасаа болоод амьдралын түмэн зовлонг туулдаг байна. Зүв зүгээр явж байсан чоныг хараад арьсанд нь шунаад буудчихдаг. Бууж очоод авах гэтэл чоно хэвтэж байгаад ухасхийгээд хоолойг нь тас хазчихдаг. Энэ чинь л зүгээр амьдралаа зовлон болгож байгаагийн жишээ гэж тайлбарлав. Пунцагийн Бадарч хэмээх сэцэн боржигоны энэ их найрагчийн амнаас унаж байгаа үг бүхэн алтны үртэс шиг, зовлон жаргал туулсан амьдралаа хүүрнэхдээ мэлтэгнэх сэтгэл нь мөнгөн ус шиг бөмбөрсөн хайлган цайлган хүн юм. Сонгуулийн хар машин шатаасан тухай хошин ч гэмээр, бодоод үзэхээр үнэн зөв ч гэмээр зөвлөгөө өгч тэрүүхэндээ нэлээд инээгээд авав. “Сонгууль болох өдөр уг машиныг улаан, цэнхэр хоёр өнгийн эдээр бүрчихэд манай Ардчилсан намынхан цэнхэрт нь, харин миний шавь Ж.Мөнхбатын МАН-ынхан улаанд нь саналаа өгчихнө. Энд тэгтлээ маргалдаад, сөргөлдөөд байх шаардлага огт байхгүй” гэж ирээд үнэн голоосоо инээв. Нээрэн ч бодоод байсан, асуудлыг хүндрүүлээд байлгүй иймэрхүү маягаар хөнгөхөөн шийдчих юмыг л хүн төрөлхтөн бэрхшээл зовлон болгоод, тэмцэж тэрсээд байдаг гэнэ дээ. “Үндсэн хууль”-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Бирагийн Чимэд гуайг биширч хүндэлдгээ ярьж байна, тэр.

Бидний яриа улс төр, хуулийн сэдэв рүү ч халтирлаа. Английн нэг хаан хулгай хийсэн хүнийг ураг төрлөөр нь цаазлах хууль гаргажээ. Хулгай ч гарахаа больж. Тэгтэл хааны холын хамаатны нэг нөхөр хулгай хийсэн нь илэрч хуулийн дагуу хаан ч цаазаар авахуулжээ. Амьдралаас ургаагүй хууль ийм л аюултай гэж тэрээр сануулж байсан. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн өгүүлсэн нэг үлгэрийг тэр ярилаа. Чоно элбэгшээд дийлдэхээ больсонд “Яаж устгах вэ” гэтэл “Гал тавьчихъя” гэцгээн өвсөнд шүдэнз зуртал чоно нь бүгдээрээ зугтаад уул нь шатаад хоцорчээ гээд наранд гэрэлтсэн хоёр чихээ дэрмэлзүүлэн үнэн сэтгэлийн гүнээс жигтэйхэн их инээв. Энэ инээдийн цаана ардын хүүхдийн амьдралаас тасархай хуулийг шүүмжилсэн нулимс унам гашуун үнэн нуугдах аж. Америкт ард түмний дунд яригддаг онигоо судалдаг академи хүртэл байдаг юм гэнэ лээ. Онигоо гэдэг чинь зүгээр ч нэг маазрал марзаганал биш. Ард түмний сэтгэлзүйг судлах их ухаан гэж буурал найрагч маань ярьж байна. Найрагчийн аав Пунцаг малын бага эмч хүн байсан гэнэ. Пунцаг гуайн аав их хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж дээлээ нөмөрчээ. Дотоод яамны төлөөлөгчийн гүйлгэх өвчнийг хоёр өртөө газраас Дагдан отчоос нууцаар тан залж эдгээгээд, аавыгаа аварсан их нарийн ухаантай хүн байсан гэж найрагч хүү нь ааваараа бахархаж сууна.

Найрагчийн ханан дахь сэлмийг хараад заавал ч үгүй хариу авмаар асуулт аман дээр гарч ирээд болсонгүй. Хэдэн жилийн өмнө хэвлэл дээр “П.Бадарч найрагч гэрийнхээ баганыг сэлэмджээ” гэсэн нэг мэдээ гарсан юм. Тэр мэдээнд дурдсанаар найрагчийг сэлэм барьж дүвчигнэснээс хойш “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг сэлмээр байлахаа больсон гэсэн утгатай өгүүлбэр байсан юм. Үг, үнэн хоёр зөрж байна. Найрагч бүр залуудаа сайн үзүүр тохой нэг гуулин сэлэмтэй байхдаа омголон зан гаргасныхаа төлөө цагдаад тэр эдлэлээ хураалгаж байснаа нуусангүй. Харин хожим Төмөрбат хурандаагийн дараа авсан сэлэм нь өнөө болтол гэрийг нь чимж байгааг өгүүлж байсан. БХЯ-наас Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нарын тулхтай цөөхөн найрагчид сэлэм бэлэглэж байжээ. Тэрээр “Есөн эрдэнийн орон” алдарт найраглалаа оргилсон их хүслээр ганцхан шөнийн дотор бичиж байснаа дурсав. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн “банхар” хэмээх Пүрэвжавын Пүрэвсүрэн найзыгаа хэвтэрт олон жил болоход үе үе эргэдэг байснаа ярихдаа найрагчийн хоолой мөн л зангираад ирлээ. “Дархан бэрийн дуу” шүлгээ уншиж уяран тайтгарах найрагчийн хоолой нөгөө л уяхан залуу хэвээр уянгалав. Энэ жилийн “Болор цом”-д тэрээр шүлгээ уншина гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэгт албан ёсоор мэдэгдсэнээ нууцалсангүй. Тэрээр арваад жилийн тэртээ “Болор цом”-д орохгүй гэж зодог тайлсан удаатай. Тэр уншигч олондоо “Би зодог тайлсан нь үнэн ч шуудгаа тайлаагүй шүү” гэж учирлаад Дөнгөтийн Цоодол найзыгаа уруу татаж хамт орох төлөвлөгөөтэй сууна. “Ноёны бөх гээд намайг айргийн тавд үлдээвэл би нэрээ татаад авчихна” гэж алиалахаа ч мартсангүй.

“Амьдрал аа гэж

Арслангийн дэл нь тавагандаа байдаг шигээ юм

Аалзны хэвлий нь нуруундаа байдаг шигээ юм

Амаараа могой төрөх шигээ юм

Асгандаа цэцэг ургадаг шигээ юм

Амьдрал аа гэж

Үдэш ирсэн морьтон “хононо” гэж байснаа

Үг сүггүй гэнэтхэн мордоод явчих юм

Амьдрал аа гэж

Тунгалаг цагаан саран оддын дундаа дүүрэн

Тэргэлтэж таргилтаж байснаа хавиргалах шиг юм.

Амьдрал аа гэж

Хангайд зуссан хотын айлууд нэг л өдөр

Хаалгаан, цонхоон ив ив хадаж нүүх шиг юм

Амьдрал аа гэж

Бороо арилж, солонго алаглан татсанаа

Шороо дорхноо босож, түйрэн эргэх шиг юм даа

Амьдрал аа гэж

Орь залуухан охин гэв гэнэтхэн л

Ор сураггүй алга болох шиг юм

Амьдрал аа гэж

Нуур бараадсан ангир галуу бас тогорууд

Нуугин ганганаж байснаа ганд гацаад чимээ нь тасрах шиг юм

Амьдрал аа гэж

Гоо бүсгүй нүв нүцгэн

Голд сэлэн байснаа

Хэд сарвалзан тийчлээд

Хэнд ч харагдахгүй болох шиг юм

Амьдрал аа гэж

Огторгуйн хаа нэгтээ орь их дуун гарахад нь

Онгоц унав уу гэтэл уначихсан л байх юм

Хаан шоронд өлсөж

Хатан нь эрд гарч

Чөтгөр цам харайж

Бурхан нам дугжрах шиг юм” гэж намуухан унших буурал найрагчийнхаас үдүүлэн гарахад өвлийн үдийн цонхигор цагаан нар илч муутай харагдавч сэтгэлд зуны их үдийн том оо улаан наран цоонох мэт халуун дулаан эрчис төөнөн байх ажгу.

Онцлох нийтлэлүүд