Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Онцлох нийтлэл
2016.02.29 02:02

Буян хийхдээ ч булхайцаж, бусдаасаа булаах юм даа

Шинийн 14-ндөө амжаад жилийнхээ засал номыг уншуулчихна даа гэсэн хүмүүс хүрээ хийдээр дүүрэн байлаа. Хэзээнээс монголчууд жилийнхээ засал номыг ингэж уншуулж ирсэн болохоор элдэв яриа хөөрөө, санал гомдол гээд ч байх юу билээ дээ. Гэхдээ л хэлэхгүй өнгөрч болохгүй зүйл олон харагдах юм аа. Шинийн 15-наас өмнө амжиж жилийнхээ зам мөрийг засч, засал номоо уншуулах ёстой гэдэг яриа сүсэгтэн олны сүсэг бишрэлийг далимдуулан нэг ёсны бизнес болоод уджээ. Үнэхээр тэгж амжиж уншуулахаар яадаг юм бас амжихгүй бол ямар аюулд ордог юм. Хэн мэдлээ. Харин ингэж шахамдуухан байдаг нь эргээд бизнесийн шинж чанартай болоод байгаа мэт хардагддаг юм. Гэхдээ сүүлийн үед номтой лам нар нь “Заавал шинийн 15 гэхэд уншуулчихсан байх ёстой биш ээ” гэж дуугарах болсон нь нэгийг хэлнэ. Ард түмэн маань ядуу байна, сэтгэхүй нь улам бүр хоосорчээ. Улам бүр мухар сүсэгт автаж, улам бүр хийрхэн хөөсрөх нь энэ бүхнийг илтгэнэ. Дээрээс нь ерээд оны шилжилтийн үед арав, арван хэдтэй байсан хүүхдүүд, сургууль соёл хэрэггүй гэж завсардан, гудамжинд гарч байсан тэр үеийнхэн өдгөө ид насныхан болцгоосон байна. Эцэг, эхийн үгийг үл хайхран гудамжинд амьдарч, ном соёлоос хоцорсон харанхуй бүдүүлэгчүүд нийгмийнхээ тодорхой хувийг бүрдүүлээд ирэхээр юу болох вэ, ойлгомжтой. Яг нэг ийм цаг үед бид амьдарч байна. Боловсролгүй харанхуйгаар бүгдийг харагч үеийнхэнтэй бас дээрээс нь ядуурал ихэсч амьдрал хэцүүдээд ирэхээр шашин, мухар сүсэгт итгэхээс өөр гарцыг олдоггүй хэсэгтэй бид амьдарч байна.

Шашин номыг ердөө ч муулах гэсэнгүй. Хүн төрөлхтөн хэзээнээс өөр, өөрийн шашныг шүтэн биширч, даган дуурайж, хүмүүжиж ирсэн. Бид ч сүүлийн хэдэн жарныг дамжин ирсэн буддын сургаал, номоо дагаж таарна. Гэхдээ бидний голлох шашныхан маань шинийн 14-нд багтаж засал номоо хийлгэх ёстой гэж олон түмнийг сэнхрүүлэн сурталдаж ирсэн шигээ сайн сайхан, гэрэл гэгээтэй үйлд итгүүлэн үнэмшүүлж, даган дуурайлгаач ээ гэж хүсч байгаа юм. Монголчууд бид ядарсан нэгэндээ гар сунгадаг, өвчин зовлонтой бусдыгаа тэтгэн энэрдэг, чадаж яваа нэгнээ бахдан урамшуулж, өсч өндийж яваа залуусаа үгээр сургаж, урмаар шагнадаг болмоор байна. Тийм сайхан үйлд монголчуудыг буддын шашинтны зүтгэлтнүүд, лам хуврагууд чиглүүлэн залах хэрэгтэй. Шашны мөргөлдөөн зөрчлөөс болж дайн дажин боллоо гэлцдэг ч шашны хүн хэмээх бодгальд авчирч ирсэн сайн үр нь их. АНУ гэхэд жилд шашны нөлөөгөөр 2.6 триллион ам.долларыг хэмнэж чаддаг талаар нэгэн их сургуулийн шашны чиглэлээр социологийн судалгаа хийдэг профессор ярилцлагадаа дурдсан байдаг. Түүний ярианд дурдагдсан өөр нэг анхаарал татсан сэдэв бол шашин шүтдэг хүмүүс дийлэнх нь хуулиа дээдлэн сахидаг, оюун санааны болоод бие махбодын хувьд эрүүл чийрэг, бас буян өглөг ихээр хийдэг, гэр бүлийн амьдрал нь тэгш дүүрэн, ажил амьдрал нь амжилттай явдаг тухай өгүүлжээ. Тэгэхээр шашин бол хар тамхи гэсэн суртал бол нэгэнт ул болсон гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Тэгвэл шашны энэ их давуу тал монголчууд бидний амьдралд зөвөөрөө тусгалаа олох хэрэгтэй байна. Манайхан ер нь бэлэнчлэх дуртай хүмүүс. Жилийнхээ заслыг хийлгэчих юм бол тэр чигтээ мөнгө төгрөгтэй, амар амгалан гэдсээ илээд хэвтээд байхад болчихно гэж санах юм. Өөрөөр хэлбэл, жилд нэг удаа засал хийлгэсэн ламынхаа гар дээр тавьсан хэдэн бор цаасаараа энэ болгоныг худалдаад авчихаж байгаа мэт л аяглана. Бас дээрээс нь хоосон нойтон 300 жил явж ирсэн нь энэ их үндэстнийг ийм хомхой болгочихсон гэсэн яриа оргүй биш. Ялангуяа энэ нь шашин номын зүйл дээр илүү тод анзаарагддаг.

Гэтэл тийм биш шүү дээ. Хүн эхлээд биеэр үйлддэг, үгээр үйлддэг, сэтгэлээр үйлддэг нүгэл хилэнцээ аль болох нимгэлж, бусдад биеэр, дэмээр, сэтгэлээр буян үйлдэж сурах хэрэгтэй. Тэгээд эрүүл бодол санаатай байснаар хийн бие улмаар махан бие нь эрүүл чийрэг байж, сайн ажиллаж хөдөлмөрлөж ингэснээр эргээд амжилтаа дуудна. Харин энэ бүгдийг эрхэм хувраг, шашны зүтгэлтнүүд та бүхэн маань ард иргэддээ тайлбарлан түгээж өгмөөр байна.

Сар шинийн өмнө сэтгүүлч Б.Ганчимэг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай хийсэн ярилцлагадаа манай бурхны шашин сүсэгтэн олондоо нөлөөлөх чадвар нь сул байна. Тэднийг залж тэгшитгэх үүргээ биелүүлэхгүй байна гээд “Орчин цагийн энэ их нүргээн дунд шашин маань нөлөөллөө алдсан гэх тухайд та юу хэлэхсэн бол” хэмээн асуужээ. Харин хамба “Тийм ээ, тийм. Нөлөөлөл ихтэй байсан үе бий. Нөлөөллөө алдсан үе бас байна. Тэр нь 1937 оноос 1990 он хүртэл. Харин 1990 оноос нөлөөллөө алдсан гэж юугаа алдах вэ дээ. Алдана гэж ярих цаг хугацаа ч болоогүй байна. Яагаад гэвэл бид шашнаа дахин сэргээж байна” хэмээн хариулсан байна лээ. Нээрээ л ерээд он гэхэд юу ч байхгүй байсан шашин алдах юмгүй явж ирсэн байх, одоо ч сэргэн дэвжиж байгаа нь үнэн биз. Тэгэхээр л энэ түгээн дэлгэрүүлж байгаа дээрээ зөв бүхэн рүү залмаар байгаа юм. Таван цаас лам багшид барьчихад бүх зүйл тэгширч байгаа мэт санадгийг нь больж, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн сургаал номд шимтүүлэх нь чухал гэж дахин дахин хэлэхээс аргагүй. Бусдаасаа түрүүлж хүртэх бус бусадтайгаа хамтдаа буян хийх нь хэрэгтэй гэж ойлгуулмаар байна. Үнэндээ манайхан бусдаас түрүүлж өгөөд бусдаас илүү сайн сайхныг авахыг хүсдэг. Өнгөрсөн ням гаригт Гандан хийд шинийн 14-ндөө засал номоо хийлгэх гэсэн хүмүүсээр дүүрэн байсан. Гэтэл сангийн бойпор дээр нь нэг нөхөр бүхий биеэрээ тэгнэж хэвтчихээд бусдадаа ч боломж өгөлгүй өөрийгөө ариулаад хэвтчихсэн гэнэ лээ. Амьхандаа бүхий л нүх сүвээрээ ариусан цэвэршиж байгаа нь тэр байх л даа. Энэ бол бидний бусдаас илүү авч, бусдаас ихийг өөрийн болгох өчүүхэн хүслийн илэрхийлэл. Буян хийхдээ ч булхайцаж, бусдаасаа булаах гэж оролдож байгаа бус уу. Буян номын сэтгэлээр хүрээ хийдэд очсон хүн маань ийм байна гэхээр энгийн бүүдгэр амьдрал дунд үгүй мөн их зүйл болж байгаа даа. Шинийн 14-ндөө багтаж засал номоо хийлгээрэй гэж түмэн олныг сэнхрүүлэн итгүүлж чадсан шиг буяныг хэрхэн зөв сэтгэлээр хийж чадвал абшиг буян нь ирдэг гэдгийг бас итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй байна. Шашин бол сэтгэлийнх юм. Сэтгэлийг өөрчлөх их хүч шашинд бий. Тэгвэл тэр их хүчийг ашиглая л даа, багш гурван эрдэнэ минь.

Онцлох нийтлэлүүд