Спорт
2014.08.07 09:08

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны залуучуудын ДАШТ эхэллээ

Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болж байна. Энэ тэмцээнд Албани, Алжир, Армян, Австрали, Австри, Азербайжан, Бразил, АНУ, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Грек, Гүрж, Израиль, Иран, Испани, Итали, Казахстан, Киргиз, Колумб, Латви, Литов, Марокко, Молдав, Монгол, Норвег, ОХУ, Шинэ Зеланд, Эквадор, Энэтхэг, Эстони, Япон зэрэг 50 орны дөрвөн зуу гаруй бөх өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 50 кг-ын жинд Азербайжаны бөх Нурулаев Ибрагим, 60 кг-ын жинд Эльман Мухтаров, 74 кг-ын жинд туркийн бөх Фуркан Баяран, 96 кг-ын жинд азербайжаны бөх Орхон Нуриев нар түрүүлсэн байна.

Тэмцээний хоёр дахь өдөр сонгомол барилдааны 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд зодоглосон азийн өсвөрийн аварга П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт армяны бөх Геворг Гхачивянд 1:3, 66 кг-ын жинд дэвжээнд гарсан азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Н.Амарсайхан /”Харгант-Цамхаг” клуб/ гүржийн бөх Шмаги Боливазед 4:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд хятадын бөх Вьюжинд 1:9 онооны харьцаагаар хожигджээ. Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 63, 72 жингүүдийн барилдаан болно. 


Онцлох нийтлэлүүд