
Б.Алтанхүү: Наадмаар Б.Бат-Өлзий, О.Хангай нар заан цолны даваанд тунаж барилдвал давсан нь түрүүлэх байх DNN.mn
Нийтлэлч: Азжаргалын ГантуяаХэнтий аймгийн Дадал сумын “Бэлгүдэй үндэсний бөхийн холбоо”-ны дэд тэргүүн, яруу найрагч, үндэсний бөх тайлбарлагч Б.Алтанхүүтэй ярилцлаа.
-Та хэзээнээс үндэсний бөх тайлбарлаж байна вэ?
-Би 2016 оноос сумын баяр наадам, сүүлийн 2-3 жил аймгийнхаа баяр наадмыг тайлбарлаж байна. Хэнтий аймгийн Дадал сумандаа ажиллаж амьдарч байна. Хүүхэд байхаасаа л үндэсний бөхийг үзэж, сонирхсон. Бага байхад манай сум тоггүй, орой 19-22 цаг хүртэл гэрэл асдаг байлаа. Аавын маань найз сумын начин Даваадорж ахынх мотор асааж бөхийн барилдаан үздэг байлаа. Тэднийхээс салдаггүй байлаа шүү дээ (инээв). Сумаараа тэднийд цугларч бөх үзнэ, ярилцана. Бөхөд байгалиасаа дуртай хүн л дээ.
-Танай удамд бөх байдаг уу?
-Манай удамд үндэсний бөхөөр хичээллэдэг хүн байхгүй. Аав маань бөхөд их сонирхолтой, аймгийн дэд засуул цолтой хүн.
-Монгол бөх тайлбарлаж байхдаа хийх гэж буй мэхийг нь мэдэрдэг үү?
-Хүний хийх гэж байгаа мэхийг ерөнхийд нь мэдэрнэ, таамаглана. Ялангуяа сумын наадамд бөх тайлбарлаж байхад нэгнийгээ таньдаг, мэхийг мэддэг учраас маш сайн мэдэрдэг. Гэхдээ хэлж болохгүй шүү дээ, дотроо л бодно уу гэхээс биш.
-Бөх ер нь хэд орчим мэхтэй байдаг юм бэ?
-Барьцны онцлогоос шалтгаалаад ямар ч мэх хийж болно. Барилдаанаасаа л хамаардаг. Бөх судлаачид тоо баримт, ном товхимол гаргасан байдаг. Миний хувьд бөхчүүдийг ямар ч барьцнаас, ямар ч хувилбарын мэх гаргаж болно, хязгааргүй гэж боддог.
-Хамгийн уран мэхтэй бөх хэн байна, таны хувьд?
-Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, дээхнэ үедээ бол дархан аварга Д.Цэрэнтогтох монгол бөхийн ертөнцөд шуугиан тарьж явсан. Уран барилдаан гэвэл энэ хоёр бөхийн барилдаан л санаанд орж байна даа.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаан, наадам хэзээ вэ?
-Сумынхаа хэмжээнд яривал манай суманд дөрөв түрүүлсэн сумын заан З.Данзанпүрэв (одоо аймгийн начин) ах сумандаа дийлддэггүй босоо бөх байлаа. Тэр үед 17 настай н.Сэнгэдорж гээд чөлөөт бөхөөр хичээллэдэг ах хүү шөвгийн дөрөвт таартал үүрээд хаяж байсан. Тэр мэх л санаанаас гардаггүй юм. Улсын баяр наадмын хувьд Д.Сумъяабазар аваргыг би их шүтдэг. Аваргыг улсын арслан Д.Азжаргалтай барилдаж түрүүлж байсан үе сэтгэлд их тод үлдсэн.
-Энэ жилийн наадмаар та хэнийг түрүүлнэ гэж бодож байна?
-Монгол бөхийн хөгжил дээд цэгтээ хүрч мэргэжлийн түвшинд очсон энэ үед яг тэр гээд хэлэхэд их хэцүү юм. Монгол Улсын гарьд Мягмарын Бадарч сэтгэл зүй өндөртэй, бүтэн жилийн форм сайн байгаа. Сайн барилдчих болов уу гэж харж байна.
-Улсын харцага Оргихын Хангай яаж барилдах бол...
-Улсын их баяр наадмын түрүү бөхөөр улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий хоёрыг хүмүүс их таамаглаж байх шиг байна. Одоогоор миний таамагт бол байхгүй.
-Б.Бат-Өлзий харцага бэлтгэл сайн байгаа нь саяны барилдаанаар харагдлаа шүү дээ...
-Тийм, Б.Бат-Өлзий харцага дээгүүр барилдахад бол үгүйсгэх арга байхгүй. Сэтгэл зүй сайхан тогтвортой байгаа.
Наадмаар харцага О.Хангай, Б.Бат-Өлзий хоёр заан цолны даваанд тунаж барилдаад давсан нь түрүүлэх боломжтой юу?
-Хэрвээ заан цолны даваанд тунаж барилдвал түрүүлэх боломж гарч болно.Заан цолны даваанаас доогуур даваанд хэн нэг нь өвдөг шороодох магадлал бас бий.
-Цагаан сараар түрүүлсэн Эрдэнэхүүгийн Мөнхжаргал яаж барилдах бол?
-Э.Мөнхжаргал зааны хувьд гайгүй барилдах боломжтой. Гэхдээ олны цагаан хэл ам, хүлээлт дагуулсан бөх нэг талаар сул барилдах тал ч гардаг. Зөн билэгтэн биш болохоор мэдэхгүй юм байна шүү дээ (инээв).
-Э.Оюунболд аварга сая үзүүрлэлээ. Наадмаар ямархуу барилдах бол. Бөх тайлбарлагчийн хувьд хэрхэн харж байна?
-Э.Оюунболд аваргыгаа бол гайгүй барилдчихаасай л гэж бодож байна. Би өөрөө Э.Оюунболд аваргын үнэнч дэмжигч. Аварга 2019 оноос хойш заал танхимд оролцож барилдсангүй. Бөх хүн оролцож барилдаж байж чангардаг. Аварга яг формндоо хүрч чадахгүй байгаа байх, жаахан бэртэлтэй ч юм билээ. Тиймээс санасан хэмжээнд хүртэл барилдахгүй байх. Бууриараа шөвгөрөөд гайгүй үзэх байх л гэж бодож байна.
-Та дуу хоолойгоо бэлтгэсэн үү?
-Байгалиас заяасан дуу хоолойгоороо л тайлбарладаг. Амралтаа зөв тааруулж бүтэн нойртой, гашуун ундаа хүртэхгүй байвал давгүй дээ.
-Өөрөө бөхөөр хичээллэж, барилдаж байв уу?
-Айхтар барилдаж байсангүй. Монгол эр хүн бүр л зодог шуудаг өмсөж өссөн байх. Тэдний жишгээр л сонирхож, сумынхаа баяр наадмаар барилдаж байсан. Сэтгэл зүтгэл байлаа, даанч авьяас, бие алга аа (инээв).
-Бөх тайлбарлахын тулд их судалгаа хийж, цээжилдэг үү?
-Тэгнэ ээ, маш их судалгаа хийнэ. “Өдрийн сонин”, телевиз, радио гээд хэвлэл мэдээллийн байгууллагаар гарч байгаа бөхтэй холбоотой мэдээлэл, ярилцлагуудыг алгасалгүй уншина, үзнэ. Өдөр бүр судалгаа хийнэ. Бөх мэддэг хүнээс илүү түвшинд байх хэрэгтэй. Баяр наадмыг сайхан уур амьсгалтай байлгахад бөх тайлбарлагч чухал үүрэгтэй. Ард түмэндээ сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ.
-Бөх тайлбарлагчдаас хэнээс үлгэр авдаг вэ?
-“ТВ-9” телевизийн бөх тайлбарлагч Ц.Батнасан ахын тайлбарыг байнга сонсдог. Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга аймгийн начин, улсын үндэсний бөхийн ахлах тайлбарлагч Г.Нэргүйбаатар гэж хүн бий. Энэ ахаасаа их үлгэр жишээ авч явдаг юм.
-Бөхчүүдээс хэнийг хүндэлж, биширч явдаг вэ?
-Хан Хэнтий нутгийн нэрийг Монгол Улсын бөхийн түүхэнд олон жил дуурсгаж, хэнтийчүүдээ огшоож, баярлуулж явсан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргыгаа бөхийн бурхан гэж ойлгож явдаг. Сүүлийн үеэс Э.Оюунболд аварга, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын улсын начин Дондогын Цогзолдорж гэж ахаасаа үлгэр авч, дэмжиж явдаг. Бүх бөхчүүдээ алаггүй сайхан хайрлаж, хүндэлж, биширдэг. Багаасаа монгол эр хүний дээд нь бөх юм гэж бодож өслөө. Бүгд амжилтын төлөө барилдаж яваа, хүссэндээ хүрээсэй л гэж санадаг даа.