Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2017.05.22 10:05

Б.Ангирмаа: Монголд продюсер маш их дутагдаж байгаа. Байлаа ч тэдний нүд хараа дутаж байна

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаатай ярилцлаа.


-Та хоёр ч шинэ цомгоо өлгийдөн авчээ. Цомогт тань ямар уран бүтээлүүд багтсан бол?

-“Өнгө аяс” болон “Удахгүй...” гэсэн хоёр ч цомог гаргалаа. Цомогт багтсан бүх дууг бүгдийг нь өөрөө дуулсан. “Өнгө аяс” цомогт миний бага насандаа зохиож байсан, дуулах дуртай дуунууд багтсан. “Чиний харцанд”, “Тайздаа би хайртай”, “Тал нутаг”, “Чагная”, “Бороо” зэрэг нийт 12 дуунаас бүтсэн. Харин “Удахгүй...” цомогтоо орчин цагийн хэмнэлтэй таван дуу оруулж өгсөн. Энэ цомгийг “Ocean grey” продакшнтай хамтарч хийсэн юм. Ер нь эхний цомог дахь дуунууд уянгын гэж хэлж болохоор бол удаахь нь хэмнэлтэй, хөдөлгөөнтэй, бүжиглэж болохоор дуунуудтай. Цомгоо хоёр оны зааг дээр бичүүлж бэлэн болгочихоод Германд хэвлүүлсэн. Мөн “Ирмүүн” студид цомгийнхоо зураг авалтыг хийлгэсэн.

-Та хамгийн сүүлийн цомгоо 17 жилийн өмнө гаргажээ. Энэ хугацаанд уран бүтээл гэхээсээ илүү продюсерийнхоо ажилд төвлөрөв үү?

-Миний хувьд 1998 онд “68”, 1999 онд “My love songs”, хамгийн сүүлд буюу 2000 онд “Angel” гэсэн цомог гаргаж байлаа. Харин түүнээс хойш нэг ч цомог гаргаагүй. Тэгэхээр миний “Өнгө аяс”, “Удахгүй...” цомгууд 17 жилийн дараа гарсан байна. Энэ хугацаанд би хувийн уран бүтээл, цомгийн ажил гэхээс илүү “Киви” хамтлаг болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Энэ хугацаанд тун завгүй байжээ гэж ойлгож болох юм. Ямартай ч одоогоор хоёр цомгийнхоо ард гарчихсан байгаадаа тун таатай байна. Миний хувьд цомогт багтсан дуунуудаа дүрсжүүлэхээр зэхэж байгаа. Үүнээс таван дууныхаа клипийг хийхээр ажилдаа орчихсон.

-Тоглолт хийх төлөвлөгөө бий юү. Мэдээж үзэгч, сонсогчдын хувьд тоглолт хийх болов уу гэсэн битүүхэн хүлээлт байгаа байх?

-Мэдээж тоглолт хийх бодолтой байгаа. Гэхдээ энэ жил эсвэл ирэх жил хийх үү гэдэгтээ эргэлзээд байна л даа. Хэзээ хийх тухайгаа бодоод л явна. Санаж явбал бүтнэ гэдэгчлэн удахгүй тоглолтын сураг дуулдах байх гэдэгт итгэлтэй байна.

-Хамгийн анх тайзнаа гарч байсан үеэ дурсаач?

-“Ая дууны жигүүр” гээд уралдаанд оролцсон минь миний анхны тайз болсон л доо. Туранхай, жижигхэн, маш их сандарчихсан тийм л охин зориг гаргаад л тайзнаа гарч байсан санагдаж байна. Тэрхүү тэмцээнийхээ гуравдугаар байрт орж байсан шүү. Түүнээс хойш дуунуудаа улам их зохиож “Бороо”, “Намайг Ангирмаа гэдэг” гэсэн тоглолтуудаа хийж байлаа.

-Гэр бүлийнхэн тань таныг урлагийн хүн болно гэхэд хэр их дэмждэг байв?

-Миний гэр бүлийнхэн намайг ёстой л хоёр гараа өргөн дэмжиж ирсэн шүү. Ямар сайндаа л төгөлдөр хуур авч өгөхөв дээ. Гэр бүлийнхэн минь урлагийн мэдрэмжтэйн дээр надад байгалиас багахан авьяас заяасан болов уу. Энэ бүхэн намайг багаасаа л чамлахааргүй хэдэн дуу зохиоход нөлөөлсөн гэж боддог. Мөн зургаан настайдаа л дөрвөн мөрт бичдэг байлаа. Түүнээс хойш зогсолтгүй л хөдөлмөрлөж, уран бүтээлийн олз, омог дүүрэн явна.

Эргээд бодоход гэр бүлийнхэн минь надад ямар дуу сонсох ёстой вэ гэдгийг хүртэл зааж өгч байсан. Мөн энэ хүн шиг дуучин бол, хөгжим зохио гэх мэтээр үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг байлаа. Ээж, аав хоёрынхоо үгээр явсаар л өдий зэрэгтэй явна даа. Тэр хоёр минь миний уран бүтээлтэй салшгүй холбоотой.

-Та ээж, аавыгаа хамгийн их баярлуулж байсан мөчөөсөө хуваалцаач?

-Хамгийн анх телевизээр гарч ээж, аавыгаа баярлуулж байсан юм байна. “Миний охин телевизээр гарч байна” гээд л жигтэйхэн баярлаж билээ. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэг л дээ. Харин дараа нь анхны цомгоо гаргаж баярлуулсан даа. Мөн багадаа төгөлдөр хуур оролдож сураад, дуу зохиож эхлэхэд урмын үгээр мялааж байсан. Энэ мэтчилэн миний анхны гэсэн бүх зүйлд баярлаж, улам хөгжүүлэхийн төлөө хичээдэг байв. Ер нь хүний эцэг, эх гэдэг үр хүүхдээ хөдөлмөрч, аливаад оролдлоготой бүтээлч байх тусам улам л хурцалж, илүүг хийх урам зориг өгдөг гэдэгтэй санал нийлдэг шүү.

-Таны ахыг хөгжмийн зохиолч, МУУГЗ Б.Долгион гэдгийг мэдэхгүй хүн ховор болов уу. Мэдээж уран бүтээлийн тал дээр ахын хувиар заавар, зөвлөгөө өгнө биз?

-Нандин нандин зөвлөгөө өгөлгүй яахав. Ямар дуу сонсох, дуулах ёстой талаар маш их зөвлөнө. Уран бүтээлч гэлтгүй хувь хүн талаасаа биеэ яаж авч явах, хүнтэй боловсон харьцах, даруу төлөв байх, өөртөө итгэлтэй, дайчин хөдөлмөрч байх гээд л сайн сайхан бүхнийг Долгион ах л зааж, сургаж байлаа. Би Долгион ахаараа маш их бахархдаг. Одоог хүртэл хөдөлмөрлөөд цэнхэр дэлгэцээрээ үзэгч олонтойгоо уулзаж байгаад нь бахархахгүй байхын аргагүй. Ах минь зөв бодол, хандлагатай хүн учраас их зүйлсийг суралцдаг даа.

-Та гэр бүл зохиосон уу. Гэр бүл зохиох тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Би гэр бүл зохиогоогүй. Одоогоор бол ганц бие байгаа. Гэхдээ зохиох хэмжээнд бол явж байсан. Мэдээж үерхэж, нөхөрлөх зүйл байлгүй яахав.

-Та “Киви” хамтлагтай хамтран ажиллаж байгаа юу?

-Одоо бол би өөрийнхөө уран бүтээлд анхаарлаа хандуулаад байгаа. Мөн “Nar¬ure sound” студид багшилдаг учраас зав, зай тун бага олдох юм. Харин “Киви” хамтлагийн гишүүд ээж болцгоочихсон, нялх хүүхдүүдтэй байгаа учраас уран бүтээлдээ хараахан орж чадахгүй байгаа. Хүүхдүүд нь эхлээд өсөг л дөө. Тэр үед л бид уран бүтээлдээ шаргуу орох хэрэгтэй. Гэхдээ ямартай ч ирэх намраас уран бүтээлийн ажилдаа орж, тоглолт хийх байх.

-“Киви” хамтлагийнхан уран бүтээлдээ эргэн ороод ямар төлөвлөгөөгөөр ажиллах вэ. Дууны сонголт, төрөл жанр зэрэгт өөрчлөлт орох болов уу?

-Ер нь бид заавал энэ чиглэлээр дуулъя гэсэн зүйл байдаггүй. Тухайн үед ярилцаж байгаад л дуулах дуугаа сонгодог. Ер нь ярилцаж байгаад болчихдог доо. Түүнээс айхтар төлөвлөгөө гаргаж ажилладаггүй.

-Одоогоор “Камертон”, “Номин талст” шиг сонсогчдыг байлдан дагуулсан эрэгтэй хамтлаг дуучид цөөрсөн юм шиг санагддаг. Таны хувьд “Киви” хамтлаг шиг тэсрэлт хийсэн эрэгтэй дуучдын хамтлаг байгуулах бодолтой байдаг уу?

-“Киви” бол цор ганц. Цор ганц л байх ёстой. “Киви”-г дуурайж өөр ямар нэгэн хамтлаг байгуулах бодол байхгүй. Яахав, зарим тохиолдолд шинэ, залуу дуучдын уран бүтээлд тусалдаг. Түүнээс яг хамтарсан зүйл бол байхгүй. Эрэгтэй хамтлаг дуучдын хувьд мэдээж цус сэлбэлт хэрэгтэй. Одоо дуулах сонирхолтой залууст зориулсан уралдаан тэмцээн их болдог болсон байна. Үүгээр дамжуулж залуучууд өөрсдөө гарч ирэх хэрэгтэй. Мөн гэр бүлийнхний дэмжлэг, санхүүжилт чухал үүрэгтэй байдаг. Багш нарын ч дэмжлэг чухал л даа. Миний харж байгаагаар Монголд продюсер маш их дутагдаж байгаа. Байлаа ч тэдний нүд хараа дутаж байна. Авьяаслаг залуучуудыг сонгож, шалгаруулж гаргаж ирэх хэрэгтэй л дээ.

-Та багаасаа ямар хамтлаг дуучдын уран бүтээлийг илүүтэй сонсдог байв?

-Би Долгион ахын хамтлаг болох “Инээмсэглэл”-ийн дуунуудад маш их дуртай. Хоолойны тембр, хоршилт, дууны сонголт зэрэг үнэхээр таалагддаг. Би “Инээмсэглэл”-ээр хүмүүжсэн хүн юм шүү дээ. Харин гадны уран бүтээлчдээс гэвэл гоё, сайхан дуунуудыг бүгдийг нь сонсдог. Ер нь миний хувьд гоё үгтэй, гэгээлэг, тэмүүлэлтэй дуунууд дуулах бас сонсох таатай санагддаг. Бүтэлгүй, мөнх бус хайрыг өгүүлсэн дуу сонсох дургүй. Мөн алаан, хядаан цус, нөж болсон сөрөг энергитэй кино үзэж чаддаггүй.

-Та мэргэжлийн хүний хувьд Монголын хамгийн сайн дуучнаар хэнийг нэрлэх вэ?

-Би Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн фен л дээ. Бас маш сайн найзууд. 1993 оноос эхлэн найзалж байна. Сараатай ажиллахад үнэхээр урамтай. Дууг ойлгож, мэдэрч дуулдаг. Бас хоолойд нь дуртай. Их гоё тослог. Надад их гоё нандин сонсогддог юм. Тиймдээ ч Сараадаа дуу зохиож өгөх дуртай. Хоолойны хүч чадал гэхээсээ илүү хүний чихэнд наалдаж сонсогдох нь чухал байдаг. Би тийм хоолойнд дуртай хүний нэг л дээ. Түүнээс орилоод, хашгираад байх нь таатай биш. Гэхдээ ер нь манай монголчууд үнэхээр авьаяслаг, маш мэдрэмжтэй хүмүүс. Сайхан дууг сайн дуулдаг дуучин ард түмэн шүү дээ. Үг, аялгуу нь нийцсэн сайхан дуунууд олон бий гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Энэ нь надад маш сайхан санагддаг даа.

-“Nature sound” студид багшилж байгаа тухайгаа та дээр дурдсан. Ер нь шавь нартаа ихэвчлэн юу гэж зааж зөвлөдөг вэ?

-Залуучууд дуулж л байх хэрэгтэй. Гэхдээ үнэхээр сайн дуучин болох зэрэг нь өөрөөс нь маш их шалтгаална. Чармайлттай, хөдөлмөрч байж чадвал сайн дуучин л болно. Үүнд бол эргэлзэхгүй байна. Тэгэхээр үүнийг л шавь нартаа хэлдэг.


Онцлох нийтлэлүүд