Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Улс төр
2022.11.25 09:11

Б.Баттөмөр: Хийн хоолой, төмөр замын төлбөрийг нүүрсээр бартердсан юм билээ. Удахгүй ил болох биз DNN.mn


УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-2023 оны төсөв батлагдлаа. Төсвийн давуу болон сул талыг та яаж харж байна вэ?

-2023 онд, эдийн засгийн өсөлт таван хувь, хэрэглээний үнийн түвшний өсөлт 8 хувь, төсвийн орлого 19.0 их наяд, нэгдсэн төсвийн зарлага 20.4 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд, Засгийн газрын өрийн хэмжээ 35.4 их наяд, нийгмийн халамжид төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 1.9 их наяд төгрөг байхаар төсөв баталлаа. Бидэнд үнийн өсөлтөөр бус нэмэгдсэн өртгийн өсөлтөөр хангагдсан эдийн засгийн тогтвортой өсөлт хэрэгтэй. Манай өсөлт ийм өсөлт болж чадахгүй.

Төсвийн давуу тал гэвэл “Хэмнэлтийн хууль”-ийг хэрэгжүүлж, төсөвт байдаг үргүй зардлуудыг бууруулж эхэлсэн. Дутагдалтай тал нь орлогыг нэмэгдүүлэх маш их боломж байлаа. Энэ боломжийг дайчлах тал дээр хангалттай ажиллаж чадсангүй.

-Ирэх оны төсөв ард түмний амьдралд ямар өөрчлөлт авч ирэх бол?

-Дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал ирэх онд үргэлжилнэ. Манайд ч ялгаагүй. Сая би хэлсэн. Эдийн засгийн өсөлт нь инфляциасаа бага, төсөв, төлбөрийн тэнцэл, урсгал данс гурвуулаа алдагдалтай, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унах эрсдэл өндөртэй энэ үед сайн өөрчлөлт гарахгүй. Ийм үед эдийн засгаа маш сайн удирдах шаардлага үүсч байна. Манай улс баялаг ихтэй мөртлөө төрийн төсөв даржин хэвээрээ. Төсвийн орлогын зонхилох хэсэг нь баялгийн өгөөж эзэлдэг. Баялгийн өгөөж, гадны зээл тусламж нь хөгжил, хүний хөгжлийг санхүүжүүлэх ёстой. Гэтэл манайд хөгжил биш, төсвийн алдагдал, үр ашиггүй урсгал зардал санхүүжүүлж байна. Байгалийн маш их баялагтай мөртлөө ард иргэд нь ядуу, улс орон нь өрөнд баригдаж, хөгжил зогсонги байдалд орохыг “Голланд өвчин” буюу “Баялгийн хараал”-д өртөх гэдэг. Үүнийг эмчлэх аргуудын нэг нь Ж.Соросын санаачилсан “Ил тод байдлын тайлан” гэдэг. Манайд олборлох компаниудын ил тод байдал үгүйлэгдэж байна. Төрийн оновчтой бодлого, зохицуулалтыг хийхгүй, Адам Смитийн “Зах зээлийн үл үзэгдэгч гар”-т итгээд суувал дампуурах эрсдэл ойрхон.

-Цалин, тэтгэвэр нэмнэ гээд байгаа шүү дээ?

-Байхгүй мөнгийг хэвлээд нэмж болно. Харамсалтай нь тэр нэмэгдэл нь үнийн өсөлт, ханшийн уналтаар буцаад гарна. Эдийн засгийн үзүүлэлтүүд, асуудлууд хоорондоо нягт холбоотой. Буруу гарсан шийдвэр хор хохирлоор илэрдэг. Манайд цалин тэтгэвэр нэмдэг боловч үнийн өсөлтөөр эргээд гарчихдаг.

-Төгрөгийн ханшийн уналтыг барихын тулд бодлогын хүүгээ нэмсэн. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?

-Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2022 оны эхнээс 19 хувь сулраад байна. Олон ч хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүний гол шалтгаанууд гэвэл ханшийн уналтаас сэргийлсэн долларжилт, далд эдийн засаг, экспортод гаргасан бүтээгдэхүүний үнэ орж ирэхгүй байгаа зэрэг юм. Монголбанк бодлогын хүүг 12 болгосон. Цаашдаа ч огцом нэмж, ханшийн уналтыг зогсож болно. Сөрөг тал нь үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт зогсоно. Эдийн засгийн хямралыг даван туулахад ажлын байрыг хадгалж үлдэх нь онцгой ач холбогдолтой. Аль алиныг нь бодолцсон гибрид бодлого гэж байдаг. Энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Долларын ханш өдөр тутам өсч төгрөгний үнэгүйдлийг бид амсаж байна. Үүнийг “currency crisis” буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн хямрал гэдэг.

-Манай улс дефолт зарлахад хүрлээ гэж эдийн засагчид хэлж байгаа. Үнэхээр дампуурах эрсдэл ойрхон уу?

-Дэлхийг хамарсан санхүү эдийн засгийн хямралын үед бид макро эдийн засгийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлж, өрөө зөв удирдахгүй бол дампуурах эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Манай нийт өр 33.3 тэрбум ам.доллар. Үүнээс 8.5 тэрбум нь Засгийн газрын өр. Бид 2026 он хүртэл 13.3 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Үүнээс 2023 онд 3.3 тэрбум ам.долларыг төлнө. Үүнээс Засгийн газрын төлөх нь 1.2 тэрбум ам.доллар. Самурай бондын 200.0 сая долларын өрийг Хөгжлийн банкаар төлүүлэх боломж бүрдсэн. Харин үлдэж буй 1.0 тэрбум ам.долларыг яаж төлөх бодлогоо тодорхой болгох шаардлагатай.

-УИХ дээр далд эдийн засаг гэж та их ярьдаг. Ер нь далд эдийн засгийн хэмжээ ямар байна. Таны хэлж ярьсан зүйл хэрхэн ажил хэрэг болж байна вэ?

-Монголын эдийн засаг жижигхэн. Орлого олдог гэж мэдүүлдэггүй, олж байгаа орлогоосоо хэтэрхий өндөр хэрэглээтэй хүмүүс маш олон болсон. Манай эдийн засаг жижиг, харах хүсэл байвал хаана юу нуугдаж байгаа нь харагдаж л байдаг. Өнгөрсөн 30 жилд 15 тэрбум ам.долларын эдийн засгийг бид бүтээсэн. Дэлхийд 15 тэрбум доллараас дээш орлоготой 11000 гаруй компаниуд байна. Бид Оюу толгой, Эрдэнэт, Таван толгойтогоо нийлээд эдний ард жагсаж байна. Манай эдийн засаг дэлхийн хамгийн баян хүний орлогоос 16 дахин бага байна. Далд эдийн засгийн хэмжээ манай улсын эдийн засагтай тэнцүү гэдэгтэй санал нэг байдаг. 2023 онд 200 тэрбум төгрөгийг далд эдийн засгаас оруулна гэж Засгийн газар тооцож оруулж ирж батлуулсан нь ДНБ-ий 0.37 хувьтай тэнцүү байгаа. Үүнийг нэг хувь болговол 340-өөд тэрбум төгрөг нэмж оруулах боломж байсан.

-Та далд эдийн засгийг ил болгох замаар төсвийг алдагдалгүй баталъя гэсэн санааг чуулганы хуралдаанд хэлж байсан. Энэ юу болов?

-Би тооцоо хийгээд далд эдийн засгаас олох орлогыг ДНБ-ий нэг хувь болгоход 350 тэрбум, нүүрсний экспортоос хамгийн багаар бодоход 720.0 тэрбум төгрөг, алтны олборлолт, тушаалтаас 53.0 тэрбум, үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрөөс 134.0 тэрбум, төрийн өмчит аж ахуйн нэгжийн зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх замаар 50.0 тэрбум гээд олох боломж байна. Энэ боломжуудыг дайчилж1.5 их наяд төгрөгийг нэмж олох замаар төсвийг алдагдалгүй баталъя гэсэн тооцоо хийж өгсөн. Үүнээс 127.0 тэрбумыг нь төсвийн орлого дээр нэмж, төсвийн алдагдлыг тэр хэмжээгээр бууруулсан. Бусад нь шийдэгдээгүй. Төсөв алдагдалгүй баталснаар үнэ, ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй байдаг.

-Нүүрсний хулгайн талаар шуугьж байна. Та ч нэлээд идэвхтэй дуугарч байгаа. Түр хорооноос явуулж байгаа шалгалтын дүн хэзээ гарах вэ?

-Энэ нүүрсний хулгай 2012 оноос эхтэй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл бий. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр одоо дуугарч эхэлж байгаа нь харамсалтай. Манай далд эдийн засгийн зонхилох хэсэг нь нүүрсний экспорт дээр байгаа нь үнэн. Бүртгэлгүй 6.5 сая тн нүүрс гарч орлого нь 6.5 тэрбум доллартай тэнцэж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Хэрэв энэ үнэн бол алдагдсан боломжийн өртгөөр өнөөдрийн тулгамдсан олон асуудлыг шийдэх боломж байлаа. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна. Үнэн мөнийг тодруулж, төр засаг, ард түмэндээ мэдээлэх үүргээ гүйцэтгэх байх. Уг нь Монголд хилийн хяналт гэж байдаг байсан. Хаагуур тэр 2200 машин хил гараад орж ирээд байдаг нь их сонин. Ер нь манайд сонин юм маш их болсон доо. Монголын авлига, хулгай “ардчилагдсан” гэдэг. Яагаад гэвэл түүнийг ил тод хийдэг болсон.

Нүүрс тойрсон хулгай өнөөгийн инфляци, ханшийн уналт, хямралыг өдөөж байгаа нь үнэн. Хөгжлийн хамгийн гол саад, дайсан бол авлига, хулгай яах аргагүй үнэн. Үүнтэй тэмцэхгүйгээр Монгол хөгжихгүй. Хятадын гаалийн байгууллагын мэдээгээр 364 мянган тонн нүүрс Монголын гаальд мэдүүлснээсээ илүү гарсан гэсэн мэдээлэл бий. Үүнийг хууль хяналтын байгууллага дөрвөн жил шалгаж байгаа гэсэн мэдээллийг өндөр албан тушаалтан твиттерээр жиргэсэн байсан. Үнэн бол их урт хугацаанд шалгаж байна даа. “Бээлийтэй муур хулгана барьдаггүй” гэдэг үг бий. Манай хууль хяналтынхан бээлий өмсчихөөгүй бол “хулгана”-уудыг барих л хэрэгтэй.

-Таван толгойн орд дээр нүүрсний хулгай их гарч байна. Яагаад хулгай гараад байгаагийн шалтгаан юу вэ, таслан зогсоох ямар гарц шийдэл байна?

-Таван толгойн ордын ТЭЗҮ-ийг 1991 онд ЗХУ-ын “Гипрошахт” институт,1999 онд Канадын “Норвест” корпораци хийсэн байдаг. Энэ бол дэлхийд хосгүйд орох маш том коксжих нүүрсний орд. Хулгай нүүрлэх болсон шалтгаан нь, ордын нөөцийг баруун, зүүн цанхи, жижиг Таван толгой, Ухаахудаг гэх мэтээр олон хэсэгт лицензийн талбайгаар хуваасан нь нөлөөлсөн нэг хүчин зүйл болсон. Мөн уурхайг ашиглах нарийвчилсан ТЭЗҮ судалгаагүй, уурхайн хүчин чадлыг бүрэн тодорхойлоогүй, оновчтой үр ашигтай ашиглах бодлогогүй, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах хувилбарыг дутуу үнэлсэн, уурхайн үндсэн процессыг түрээсийн хэлбэрээр олон байгууллагад ашиглуулж байгаа нь хулгай нүүрлэх үндсэн шалтгаан болж байна. Ашигт малтмалын хуулийн 5.4,5.6 дахь заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж,нөөц тогтоогдсон стратегийн орд газрын хувьд хувьцааныхаа 10 хувийг хөрөнгийн биржээр арилжаалан хөрөнгө орлогоо нээлттэй тайлагнаж байх ёстой ажил хийгдэггүй. Дээр нь Монголын төр өмчдөө эзэн байж чаддаггүй,компанийн засаглал, удирдлагын менежмэнт муу,мэдлэг чадвар муутай,зорилго бүхий хүмүүс хүсэл,сонирхлоороо очиж ажиллах боломжийг төр олгоод байгаа учраас хулгай нүүрлэсэн нь үнэн.Хулгайг таслан зогсоох маш олон арга байна.Үүний нэг нь Нээлттэй хувьцаат компани болгож,засаглалыг сайжруулах асуудал мөн.

-“Эрдэнэс Таван толгой” ХК олон оффтейк гэрээ байгуулсан. Аман дээрээс нь нүүрс худалдаж авах гэрээнүүд бас байдаг бололтой. Энэ компанийн санхүүгийн үзүүлэлтүүд тааруу байгаа сурагтай...

-Нүүрс худалдах, нүүрсээр төлбөр барагдуулах 84 гэрээ байна. Үүнээс долоо нь оффтейк гэрээ. Үүнд, Таван толгой-Гашуун сухайтын 230 км төмөр замын гэрээ, Таван толгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замын гэрээ, Таван толгой-Цогтцэций 23.7 км төмөр замын гэрээ, Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр, Богдхан Төмөр зам, Газрын тосны хийн хоолой, Ус хангамжийн систем. Эдгээрээс дөрвийг нь улсын нууцад авсан. Бусад 77 гэрээний 61 нь коксжих нүүрс борлуулах гэрээ. Уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээ 12, тогтвортой түншлэлийн гэрээ дөрөв байна. Энэ компанийн санхүүгийн байдал сайнгүй байгаа нь үнэн. Урт хугацаат өр төлбөр 1.7 их наяд төгрөг, урт хугацаат хөрөнгө оруулалт 1.3 их наяд төгрөг, урьдчилгаа орсон орлого 2.0 их наяд төгрөг байна. Гэрээнүүдийг ил тод болгох шаардлага тавьсан. Ил тод болно гэдэгт итгэлтэй байгаа.

-Хийн хоолой тавих болон төмөр замын төлбөрийг нүүрсээр бартердсан гэж та хэлж байсан. Энэ үнэн үү. Тодорхой ярьж өгөхгүй юү?

-Үнэн. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эд болох түүхий нефтийг Дорнод аймгийн Тамсагийн сав газраас татах шаардлагатай байгаа юм. Хоолойн урт нь 530 орчим км. Энэ хоолойг барих ажилд БНХАУ-ын “Норико Интернейшл кооперэйшн” компани шалгарч гурван жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Гэрээт ажлыг “Эрдэнэс Таван толгой” компаниас нүүрс нийлүүлэх Оффтейк гэрээгээр төлбөрийг нь гүйцэтгэх мэдээлэл байгаа. Ямар үнээр барих хичнээн тн нүүрс нийлүүлэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Удахгүй ил болох биз ээ.

-Та дээр ил тод байдал үгүйлэгдэж байна гэсэн. Энэ талаар тодруулж ярина уу?

-“Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” компниудын үйл ажиллагаа, үр ашгийг харьцуулж үзэхэд өдөр шөнө шиг ялгаатай. “Энержи ресурс”-д хулгай гэж байхгүй. Энэ компани жилд 15 сая хүртэл тн нүүрс олборлож,хатуу зөөлөн чанарын металлургийн нүүрс гаргаж, БНХАУ-ын зах зээлд өөрийн тээврээр хүргэж,өндөр үр ашигтай ажиллаж чадаж байна. “Эрдэнэс Таван толгой” ХК нэг тонн коксжих нүүрснээс 11.2 долларын ашиг олдог бол “Энержи ресурс” компани 26.8 ам.доллар олж байх жишээтэй.”Энержи ресурс” хувьцаат компани болж, Хонконкийн хөрөнгийн биржид бүртгүүлж,бүх үйл ажиллагаа нь өнөөдөр ил тод,шилэн байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа бүгд хаалттай байгаа нь хулгай хийх боломжийг олгож, бид ямар ч мэдээлэлгүй сууцгааж байна.

-Уг нь монголчууд бид “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа эзэмшигчид биз дээ. Яагаад үр ашиг, үйл ажиллагаагаа тайлагнадаггүй юм бол?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу энэ баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Мөн “Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 14 хувийг Монголын ард түмэн эзэмшдэг. Энэ утгаараа хувьцаат компани. Энэ компанийн үйл ажиллагаанд ард түмэн хяналт тавьж чадахгүй байна. Засгийн газрын хяналтад ажил явж байгаа нь хулгай нүүрлэх шалтгаануудын нэг болдог. Ард түмний мэдэлд байдаг баялаг хулгайч нарын гараар орж, үр ашгийг нь хүртэж чадахгүй байгаа нь үнэн. Энэ компанийн үйл ажиллагааг яаралтай ил тод шилэн болгох хэрэгтэй.

-Манайх уг нь жижиг улс. Хөгжих, хөгжүүлэх боломж их бий. Яагаад хөгжихгүй байна вэ?

-Томд томын зовлон гэж байдаг. Багад багын давуу тал гэж бий. Жижиг улс гэж байдаггүй. Жижиг бодлоготой, боломжоосоо жижиг эдийн засагтай улс гэж байдаг. Тэр нь Монгол Улс. “Жижиг толгойноос том бодлого хэзээ ч гардаггүй” гэдэг дээ. Гэтэл Люксембург, Катар Сингапур манай томхон сумаас ч жижиг газар нутагтай боловч эдийн засгийн хөгжлөөрөө том том газар нутагтай орнуудаас давж, дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс тэнд амьдарч байна. Хүний амьдралын дайсан хүн өөрөө гэдэг. Монголчууд өөрсдөө л Монголоо хөгжүүлж чадахгүй байна. Бурууг бусдаас хайх хэрэггүй. Бидэнд өөрийн орны онцлог нөхцөлд тохирсон хөгжлийн зөв бодлого, төрийн оновчтой зохицуулалт хэрэгтэй.

Онцлох нийтлэлүүд