ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.01.13 12:01

Б.Билгүүн: Хөнгөн төрлийн хулгайг давтан үйлдвэл Эрүүгийн хуулиар яллагдана


Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой хулгайлах төрлийн гэмт хэрэг ихэсч байгаа талаарх мэдээлэл буй. Үүнийг Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүнээс тодруулав.


-Өнгөрсөн өдрүүдэд хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт ихэслээ гэх болоо. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн тоон үзүүлэлт хэр байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг ихэссэн нь үнэн. Тухайлбал, 2018 онд 25652 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3705 хэргээр буюу 16.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Үүнээс аж ахуйн нэгж, орон байрны хулгайн гэмт хэрэг 17465 бүртгэгдэж, халаасны хулгай, хулгайлах гэмт хэрэг 9539 бүртгэгдсэн юм. Үүнийг мөн өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал, 953 хэргээр буюу 11 хувиар өсч үзүүлэлттэй байна.

-Хулгайн гэмт хэрэг ямар төрлөөр түлхүү үйлдэгдэж байна вэ?

-2017 онд өмчийг хулгайлах төрлийн 7506 хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 онд 7916 бүртгэгдсэн. Энэ нь 410 хэргээр буюу 4.8 хувиар өссөн байгаа юм. Мөн автотээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2018 онд 192 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 38 хэргээр нэмэгдсэн бол халаасны хулгай 1271, мал хулгайлах 93 гэмт хэргүүд 2018 онд бүртгэгдсэн. Шинэ жилийн үеэр хулгайн болон эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өсөх магадлалтай байсан. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь насаа алдах, гэмт хэрэг зөрчилд өртөх, холбогдох явдлууд ихэссэн. 2017 оны арванхоёрдугаар сард 44016 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард 43685 дуудлага бүртгэгдсэн. Харин 2017 оны арванхоёрдугаар сард гурван хүн осгож нас барсан бол 2018 онд 10 хүн осгосон.

-Эдгээр гэмт хэрэг яг юунаас болж үйлдэгдээд, ихсээд байна вэ?

-Аливаа гэмт хэргийн цаана архи, согтууруулах ундаа үргэлж холбоотой байдаг. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь насаа алдах, архины хордлогод орох, осгож нас барах болон гэмт хэрэгт холбогдох явдал нь нэмэгддэг. Мөн шөнө оройн цагаар ганцаараа явж байхдаа гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд гардаг.

-Хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны ангиллын тухайд?

-Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийг насны байдлаар нь авч үзвэл, 15 хүртэлх насны 208 хүн, 16-17 насны 287 хүн, 18-24 насны 2070 хүн гэмт хэрэгт холбогдсон бол 25-29 насны 1799, 30-34 насны 1584, 35-39 насны 942 хүн хэрэг үйлдсэн. Мөн 40-өөс дээш насныхны хэрэгт холбогдох хандлага бас багагүй хувийг эзэлж байгаа. Тухайлбал, 40-44 насны 820, 45-49 насны 596, 50-54 насны 283, 55-59 насны 158, 60-64 насны 63 зэрэг иргэд гэмт хэрэг зөрчил үйлдсэн байна. Энэ мэтээр Цагдаагийн байгууллагын тоо мэдээ өсч байгаа нь нэг талаасаа иргэдийн хууль эрх зүйн мэдлэг нэмэгдэж буйтай холбоотой бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хандлага нь нэмэгдсэнтэй хамааралтай. Түүнчлэн эрүүгийн хууль, зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөрчил нэг бүрийг гэмт хэрэгт тооцдог болсонтой холбоотой.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэддээ анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Жилийн энэ үед хулгайлах төрлийн болон иргэд архидан согтуурсны улмаас гэмт хэрэгт холбогдох нь ихэсдэг. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс “Сар шинэ” арга хэмжээг он гарснаас хойш эхлүүлж байгаа. Мөн энэ сарын 15-наас эхлэн хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр төлөвлөгөөг гарган бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Иргэддээ нэг зүйлийг сануулахад хулгайлах гэмт хэргийн их бага хохирол нь хамаагүй буюу хохирлын хэмжээг тооцолгүй шууд эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Энэ нь ял эдэлнэ гэсэн үг. Харин хөнгөн төрлийн халаасны хулгайн гэмт хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Гэхдээ энэ зөрчил нь хоёроос дээш удаа болоод ирэхээр хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг утгаараа нь Эрүүгийн хуулийн 17 зүйлээр зүйлчлэн ялладаг болсон. Тиймээс сар шинийн баяраар хулгайлах төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна. Мөн архи согтууруулах ундааны зүйл аль болох хэрэглэхгүй байх, орон гэрээ орхиж явах тохиолдол бүртээ орон байрныхаа аюулгүй байдлыг хангаж, хаалга, цонхоо шалгаж, хөршүүддээ мэдэгддэг байх хэрэгтэй байна. Түүнчлэн дэлгүүр, зах, худалдааны төв орохдоо автомашин дотроо үнэ бүхий эд зүйлээ орхин бууж, хулгайчдад сэдэл өгөхгүй байхыг хүсье.

З.СУВД

Онцлох нийтлэлүүд