ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.01.19 08:01

Б.Галиндэв: Монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэж боддог

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн Отгонтэнгэр Их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор Б.Галиндэвтэй ярилцлаа.


-Философийн багш мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ салбарт хичнээн жил багшилж буй талаар тань яриагаа эхэлье?

-Би уг нь цэргийн хүн байсан. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль анх байгуулагдахад курсантаар элссэн юм. Сургуулиа төгсөөд цэргийн ангид ажиллаж байгаад Оросын цэргийн улс төрийн академид сурч, философийн багш мэргэжил эзэмшсэн. Миний хувьд философи бол амьдралын утга учрыг олох, дотоод сэтгэл рүүгээ өнгийж харах, амьдарч буй нийгмийнхээ учир утгыг олох, бидэнд тавигдаж байгаа аливаа асуудалд үнэнийг эрж хайсан хариу өгөх зориулалттай мэдлэгийн салбар учраас сонирхсон гэж үзэж болно. Мөн бидний үеийнхэн арван жилийн дунд сургуульд байхдаа уран зохиол уншдаг, өөр хоорондоо ярилцдаг байсан туршлага, сонирхол маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог. Философийн багш болоод Батлан хамгаалах Их сургуульд 11 жил, Отгонтэнгэр Их сургуульд 22 жил ажиллаж байна.

-“Соёмбо” сонинд эх оронч үзлийг философи талаас нь тайлбарласан ярилцлага өгснийг тань уншиж байсан. Эх оронч үзлийн талаар товч ярихгүй юу?

-Өнөөгийн нийгэмд эх оронч үзлийн талаар эргэлзээтэй ойлголт яваад байна. Хүн сайхан л амьдарч байвал хаа ч байсан яадаг юм. Эх оронч үзэл хэрэггүй гэсэн ойлголт нэг хэсэгт нь байна. Миний хувьд энэ үзлийг уриалан дуудаж, хүлээн зөвшөөрдөггүй. Миний бодлоор хаана ч амьдарсан болно, эх оронч үзлээр яадаг юм гэж үзэж байгаа хүн эд материалын хойноос хөөцөлдсөн хүн болж хувирна. Хүн гэдэг чинь ганцхан материаллаг эд зүйлийг хэрэглэгч биш. Хүн бол оюуны үнэт зүйлсийг эзэмшиж байж өөрийнхөө үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр сууриа, амьдарч яваа утга учраа ойлгодог. Эх оронч үзэл гэдэг бол Монгол Улсынхаа сайн иргэн болох тэр хязгаар цэгээс эхэлдэг гэж оюутнууддаа хэлдэг.

Ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн бүр өөртөө ногдсон үүргийг яв цав биелүүлж байх явдал маш хэрэгтэй байна. Энэ байдлаар иргэн бүр өөр рүү гээ харахаас эх оронч үзэл эхлэх ёстой, эх оронч үзлийн гол цөм гэж боддог.

-Та философийн салбарт ямар чиглэлээр мэргэшиж доктор, профессорын зэрэг хамгаалав. Хичнээн судалгааны бүтээл, ном туурвисан бэ?

-Цэргийн академид сурч байх үеэсээ л би ёс суртахууны асуудлыг сонирхсон. Ёс суртахуун бол хүн төрөлхтний мөнхийн асуудал. Хүмүүс бүгдээрээ бурхан болж заяагдаагүй учраас ёс суртахуунаас сайн ч, муу ч зүйл гарч байдаг. Сүүлийн үед ёс суртахууны асуудал хурцадсан. Үүнд, хэд хэдэн шалтгаан бий.

Нэгд, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой хүмүүсийн ёс суртахууны үнэлэмж 180 градус өөрчлөгдсөн. Хуучин нийгэмд үнэ цэнэтэй байсан ёс суртахууны үнэт зүйлсийг үгүйсгэсэн. Хоёрт, ёс суртахууны боловсрол хүний толгойд хийсвэр байдлаар оршдог. Ёс суртахуун үйлдэл болохдоо бусдаас үлгэр жишээ авдаг. Ёс суртахууныг хүн ахмад үеэ, бусдыг дуурайж эзэмшдэг. Бидний үед Дамдинсүрэн гуай шиг эрдэмтэн, Эрдэнэ шиг зохиолч болох сон гэж хүсдэг байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг хүнгүй болчихоод байна. Улстөрчид, өндөр дээд албан тушаалтнууд маань авлигачид, оффшорчид, улс төрийн хариуцлага хүлээж чадахааргүй хүмүүс болж хувирсан. Гэхдээ залуусын бахархан дуурайх хүмүүс нь нийгмийн амьдралаас нууцлаг, нам жим ажиллаж амьдарч байгааг хэлэх хэрэгтэй. Д.Урианхай гэж гайхамшигтай эрдэмтэн ажиллаж хөдөлмөрлөөд явж байгааг залуу үе мэдэхгүй байна. Тийм хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэрэгтэй. Би “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” гэдэг буланг үргэлж уншдаг. Нийгэмд их ач тустай зүйл гэж үздэг. Гуравт, дээд боловсролын тогтолцоонд хүнийг хүн болгодог нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлийг үнэлэхээ больсон. Түүнийг дагаад ёс суртахууны хүмүүжил, итгэл үнэмшил алдагдаж байна.

Би жил бүр оюутнуудаар ёс суртахууны талаар эссэ бичүүлдэг. Оюутнууд “шударга байлаа гээд би өөрөө хохирохоос өөр юм алга” гэж хэлдэг. Энэ бол оюутан залуучуудын нийгэмдээ өгч байгаа том үнэлгээ юм. Тэгэхээр нийгмийн ухааны багш нар үнэнийг хэлэх нүүргүй болж, өнөөгийн нийгэмд ёс суртахууны үнэлэмж ийм хандлагатай болсон. Энэ эмзэг асуудлаар гурав, дөрвөн ном бичсэн. “Өөрчлөлтийн үеийн ёс суртахууны асуудал”, “20, 21 дүгээр зууны Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал” гээд өөрийнхөө хэмжээнд нэлээн том ном бичсэн. 2014 онд “Хүний төрх”, 2016 онд “Хүн байх ухаан” гэсэн номуудыг монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэдэг утгаар бичсэн.

-Оюутнуудын нийгэмд өгч байгаа том үнэлгээ болсон асуултад та хэрхэн хариулдаг вэ?

-Тэдэнд хандаж, өнөөдрийн үзэгдэлд хууртаж болохгүй. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэдэг үгийг монголчууд олон зуун жил хэлсэн. Энэ бол монголчуудын том найдвар. Нэг талаасаа биелсээр ирсэн. Шударга бус хүн сайхан амьдарч байгаа юм шиг харагдаж болно. Энэ бол ирээдүйгүй. Хоёрт, чи цоо шинэ залуу үе. Танай үеэс сайн сайхныг бид горьдож байна. Өнөөдрийн эрх мэдэл рүү явж байгаа хүмүүс бол ёс суртахууны хувьд алдагдсан хүмүүс гэж хэлдэг.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Та оюутнуудад философийг яаж ойлгуулдаг туршлагаасаа хуваалцаач?

-Би оюутнууддаа “Өнөөдөр чамд философийн хичээл зааж байгаа нь хоёр асуултад хариулт өгөх зорилготой. Нэгт, Би хэн бэ? гэсэн асуултыг өөртөө тавь. Хоёрт, Би хэн болж байж энэ ардчилсан нийгэмд сайхан амьдрах юм бэ? гэсэн асуултад хариулт олж чадах юм бол философийн хичээл өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн гэж ойлгох хэрэгтэй” гэдэг. Философи их олон талтай болж байна. Сүүлийн үед шашин, сонгодог урлагтай нийлэгших болсон. Би оюутнуудад шалдар булдар ном битгий унш. Цагийн гарз гэж хэлдэг. Толстой, Достоевский, Кафка, Камю, Сартрыг унш. Ингэж байж ухаарч, хүн болно гэдэг. Уран зохиолоор дамжиж философид дурлах, философиор дамжаад шашны утга учрыг ойлгох хэрэгтэй. Ингэж философийг бусад хичээлтэй онь холбож нийлэгшүүлж явуулмаар юм шиг санагддаг. Ер нь хүн философи, шашин, уран зохиолоор дамжуулж өөрийгөө дотроосоо бүтээх ёстой. Өөрөө өөрийгөө дотроосоо бүтээсэн хүн өөртөө ч, нийгэмдээ ч хэрэгтэй хүн болдог. Гаднаас нь бүтээсэн хүн хэн ч биш болдог юм.

Үүнээс гадна өнөөгийн нийгэмд оюутнууд асар их мэдээлэлтэй байдаг болсон. Энэ нь нэг талаар давуу тал, нөгөө талаар сонсож дуулсан бүхнээ эргэцүүлж бодох анализ хийх сэтгэлгээний чадвар муу байна. Тийм болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үзэж сонирхдог сониуч хүнийг биш, аналитик сэтгэлгээтэй уншигчдыг бэлдэх хэрэгтэй. Бид ч үүнд хувь нэмрээ оруулмаар санагддаг.

-Анализ хийх чадвар хүнд яаж төлөвших вэ?

-Задлан шинжлэх сэтгэлгээг багаас нь ёстой л цэцэрлэг, ясли, дунд сургуулиас нь төлөвшүүлмээр байна. Манай оюутнууд гэлтгүй бид ч хүний хэлсэн юмыг яг тэр чигээр нь хүлээж авдаг нь туйлын үнэн. Хүн бүр өөрийн гэсэн шүүлтүүртэй, хүний хэлсэн үгийг бодож тунгаагаад авах гээхийн ухаанаар хандаж хэд хэдэн сайн санааг нийлүүлээд өөрөө шинэ санаа, мэдлэг бүтээж чаддаг байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна эцэг, эхчүүд үүнд чухал үүрэгтэй. Эцэг, эхчүүдийг нийгэмшүүлж хүн болгомоор байна. Өөрсдөө хүн болж төлөвшөөгүй байж нэг хүнийг төрүүлдэг. Хүн болоогүй гурван хүн яаж нэгнийгээ хүн болгох вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Миний харж байгаагаар 1980 оноос хойш төрсөн нөхдүүд нэлдээ уран зохиол уншаагүй байна. Зүгээр л үздэг, сонсдог хүмүүс. Тэднийг би алдагдсан үе гэж нэрлээд байгаа. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн тухай их ярьж байна. Асуудлын гарцыг хуулийн заалтаас хайгаад хэрэггүй гэж боддог. Үүнийг хувь хүний оюун санаанаас эрэх хэрэгтэй. Тухайн хүнд нинжин сэтгэл байна уу, гэр бүлээ аваад явах ухаан байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэр бүлээ авч явж чадахгүй бухимдахын эрхэнд гэр бүлээ хүчирхийлж байна. Өнгөн талаас нь бол хууль, эрхзүйн заалт байх нь зүйтэй л байх.

-Философийн шинжлэх ухаан шашинтай нийлэгжиж байна гэлээ. Монголд шашны олон урсгал орж ирж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Шашин гэдэг бол хүн төрөлхтний амьдралд онцгой ач холбогдолтой. Мухар сүсэг, гэгээрэл гэсэн хоёр талтай. Зан заншил ихдэх тусам мухар сүсэг болдог. Шашин гэдэг хувь хүний амьдрах арга болж болохгүй. Буддын шашны сүм хийдүүд бизнесийн байгууллага болсон тул Буддын шашны үнэнийг хоосон чанар, шүтэн барилдлага, үйлийн үрийг залууст ойлгуулах үндсэн үүргээсээ ухраад байна. Хүн ямар шашин шүтэх нь хүний оюуны эрх чөлөө. Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн шашинтай байх ёстой болов уу. Миний бодлоор бидний ойлгож байх ёстой, хамгийн үнэн, шинжлэх ухаанч шашин бол Буддын шашин юм.

-Таны санаанаас гардаггүй, сэтгэлд тод үлдсэн шавь бий юү?

-Санаанаас гардаггүй шавь нар байдаг. Цэргийн сургуульд байхад Энхбаяр гээд оюутан байсан. Тэр сүнсний тухай курсын ажил бичсэн юм. 1985 онд сүнсний тухай ярина гэдэг сайхан юм биш. Тэр нөхөр өдий төдий материал цуглуулаад сүнс байдгийг нотолсон. Тэгэхэд нь би “Чиний бичсэн юм сайн, материал цуглуулсан хөдөлмөр чинь сайн байна. Гэхдээ миний итгэл үнэмшилтэй нийцэхгүй байна” гэж хэлж байсан.

Отгонтэнгэрт багшилж байхад Удамцэнгэл гээд япон хэлний ангийн оюутан байлаа. Төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Японы сонгодог уран зохиолыг сонирхдог, түүгээрээ надтай санаа нийлдэг байсан юм. Японы сонгодог уран зохиолоор “Хүний асуудал” гэсэн дипломын асуудал бичиж хамгаалсан. Сургуулиа төгсөөд Японы соёлын төвд ажиллаж байгаад Япон руу сурахаар явсан гэдэг. Нобелийн шагналт Ясунара Кавабатагийн өгүүллэгүүдийг орчуулж хэвлүүлсэн. Их сайн шавь. Шадар сайд У.Хүрэлсүхийн ангийнхан манай цэргийн сургуулийг 1989 онд төгссөн. Сэтгэлгээ, хүн чанарын хувьд содон төгсөгчид байсан.

-Сүнс байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, нотолсон гэдэг шүү дээ. Та одоо итгэдэг үү?

-Үгүй. Тэр бол тодорхой хэсэг бүлэг хүний санал бодол, судалгааны ажил юм. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд, би оюутнууддаа шинжлэх ухаан гэдэг юм руу нүүрээ харуулаач гэж хэлдэг. Энэ нийгмийг төөрөгдлөөс гаргах зүйл бол шинжлэх ухаан. Хоёр жилийн өмнө Английн эрдэмтэн нэг судалгаа хийсэн. Ямар ард түмэн шинжлэх ухааныг сонирхож, итгэдэг юм гэхэд Швед, Швейцарь, Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын нэлээд хэсэг нь шинжлэх ухаанд итгэдэг гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн үед хойт насны тухай, сүнсний тухай их ярих болж. Би залхуураад, хичээлээ хийхгүй байгаа оюутанд хандаж, “Чи өнөөдөр нэг л залхуураад байна. Хойт насандаа мундаг хүн болох гээд байна уу даа” гэж ёжилдог.

-Философич хүний тань хувьд асуухад өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна?

-Өнөөдөр Монголд хамгийн их дутаж байгаа зүйл бол хүн хүнээ хайрлах хайр. Улаанбаатарт хамгийн их илүүдэж байгаа зүйл бол утаа.

Б.Наранчимэг

Онцлох нийтлэлүүд