Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах санал хүргэлээ DNN.mn Коала баавгайг хамгаалах арга хэмжээ авна DNN.mn Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгын асуудлаар эмч мэргэжилтнүүдтэй санал солилцов DNN.mn “Saudi Aramco” ирэх гуравдугаар сард нийлүүлэх газрын тосны үнээ нэмжээ DNN.mn Ирэх тавдугаар сард МИАТ компани Боинг 787-900 онгоцтой болно DNN.mn ТЦА: Иргэдээс төлбөртэй мэдээлэл авна DNN.mn Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирол нэмэгдэж байна DNN.mn Нийслэлийн 216 албан хаагч тангараг өргөлөө DNN.mn ЦЕГ: Ховд аймагт өсвөр насны хүүхэд нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn Агаарын тоосонцрын бохирдол зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их байна DNN.mn
Улс төр
2022.11.04 09:11

Б.Ган-Очир: МАН-ын гишүүд 20 их наядаар "гараа угаах" гэж байна DNN.mn


Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очиртой ярилцлаа.


- Халамжаар “хар тамхи” мэт тарьж байна. Энэ бол Үндэсний хамгийн эмгэнэл-


-Ирэх оны төсвийн төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх оны төсөв дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ирэх оны төсвийг товчхон дүгнэхэд ядуурлыг нэмэгдүүлж, Эрээний эдийн засгийг дэмжсэн төсөв болсон. Сүүлд АН-ын удирдлагууд Солонгос, Япон улсад ажиллаад ирлээ. Тус улсуудын намын төлөөллүүдтэй уулзаж улс орны нийгэм, эдийн засаг, ардчиллын асуудлын талаар ярилцахаас гадна Орос, Украины дайн болоод бүс нутгийн асуудлаар ярилцлаа. Манай улсын эдийн засагт Япон, Солонгосын үүрэг оролцоо өндөр байдаг. Тус улсын намын төлүүллүүд биднээс улс төрийн нөхцөл байдлыг асуухаас гадна эдийн засгийн нөхцөл байдлаас ганцхан төсвийн алдагдлын хэмжээг асууж байна. Энэ бүхнээс юу хэлэх гээд байна гэхээр манайх шиг бүх зүйлээ гаднаас авдаг оронд төсвийн алдагдалтай байна гэдэг бол тусгаар тогтнолдоо өөрсдөө заналхийлж байгаа асуудал. Тухайлбал, БНСУ жилд 664 тэрбум ам.долларын экспорт хийдэг орны хувьд төсвийн алдагдалтай байх нь тийм ч сонин асуудал биш. Гэтэл манайх экспортоос бүрэн хараат байхын сацуу гаднаас олсон багахан хэмжээний доллараа эргүүлээд гаргачихдаг завхарсан орон. Ийм байж болохгүй гэдгийг ах дүү орнуудын намуудын удирдлагууд уг санаачилгыг гаргаж байна. Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баянбүрд байх, хүчирхэг байх, улс төрийн эрх мэдэл нь нэг намд төвлөрөхгүй иргэдийнхээ мэдэлд байх нь асар үнэ цэнэтэй гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, төсөв тойрсон асуудал олон байгаач хамгийн эхэнд төсвийн алдагдлыг онцгойлон анхаарах хэрэгтэй.

-Төсвийн алдагдлын тухайд ирэх жилийн төсвийн төсөл дээр 1.5 их наяд байхаар тооцсон. Энэ нь өмнөх жилүүдийн төсвийн алдагдлаас буурсан үзэгдэл болсон нь бас нэг шинэчлэл юм биш үү?

-МАН-ын Засгийн газар, УИХ нь 2020 оноос хойш гуравхан жилийн дотор алдагдалтай төсвийн алдагдлын хэмжээг 10 их наяд хүргэчихээд байна. Тухайлбал, 2020 онд 4.5 их наядын алдагдалтай төсөв баталсан. Үүнийхээ шалтгааныг цар тахалтай холбон тайлбарлаж байгаа. Гэтэл үүний 0.5 хувь нь буюу 500 тэрбум төгрөг л цар талын үеэр улаан бүсэд зарцуулагдсан. Ийм өндөр хэмжээний төсвийн алдагдал бий болгочихоод үр дүнд нь улс орноо цар тахлын эрсдэлээс хамгаалж чадсан билүү. Үгүй шүү дээ. Үүний дараа жил цах тахал үргэлжилж байгаа гэх нэрээр мөн л гурван их наядын алдагдалтай төсөв баталсан. Үүний үр дүнд БНХАУ-ын хил гаалийн нөхцөл байдал, шалгалтуудад тохирсон хэмжээнд арга хэмжээ аваагүйн улмаас хилээ хаалттай, уул уурхайн бүтээгдэхүүнээ тооцоолсон хэмжээнд гаргаж чадахгүй улам хүнд байдалд орсон. Эцэст нь энэ онд 2.4 их наядын алдагдалтай төсөв баталснаар нийт 10 их наядын алдагдалтай төсөв баталсан. Гэтэл одоо МАН-ынхан ирэх онд 1.5 их наядын алдагдалтай супер төсөв батлах тухай ичихгүй ярьж байна. Уучлаарай, өмнөх гурван жилийн алдагдалтайгаа нийлээд 11.5 их наядын алдагдалтай болж байна. Тэгж ярих юм бол 1.5 их наядын алдагдалтай төсөв заавал батлах ёстой юм уу. Энэ бол тийм бага хэмжээний мөнгө биш. Бүгдээрээ хөрсөн дээрээ буугаад иргэдийнхээ амьдралтай ойртуулаад бодъё л доо. Нэг ширхэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцвол 1.5 их наядын алдагдал 7.5 сая хоньтой дүйцэж байна. Дээр дурдсан 11.5 их наядын алдагдал гэдэг 57.5 сая хонь борлуулсантай тэнцэнэ. Гэтэл манай улс 35 сая толгой хонин сүрэгтэй. Улсдаа байгаа бүх хонио нядлаад ч энэ алдагдлыг нөхөхгүй. Ийм их хэмжээний төсвийн алдагдалд орчихсон байна. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд МАН-ын Засгийн газар архинд орчихсон аав шиг л байна. Эргэн тойрныхоо дэлгүүрээс тансаг бараа бүтээгдэхүүнийг зээлж аваад, гэртээ шоудаад, үр хүүхдүүддээ “Маргааш аав нь мөнгө олчихно” гэж худлаа яриад 4-5 жил шоудаж байгаа аавын дүр төрх харагдаж байна.

-Төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах, төсвийг алдагдалгүй батлахын тулд юу хийх ёстой вэ?

-Төсвийн алдагдал гарцаагүй байх ёстой хэмээн тооцож байгаа бол, ирэх жилийн эдийн засгийн үзүүлэлт нь түүнээсээ давсан байх ёстой. Ямар ч айл өрх өөрийн олж байгаа орлогынхоо хэмжээнд тохируулж зарлагаа тооцоолдог. Энэ жилийнхээсээ илүү орлого олох боломжтой байвал түүнийгээ тооцоолж зээл авдаг. Үнэхээр арчаатай айл хуримтлал үүсгээд хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манайх хуримтлал үүсгэх нь бүү хэл ирэх онд гарах эдийн засгийн өсөлтөө ч бодитоор тооцож чадахгүй үргэлж алдагдалтай төсөв баталж байна. Төсвөө алдагдалтай баталж байгаа болоод дагаад эдийн засаг өсөх учиртай. Тухайлбал, 2020 онд манай улсын эдийн засаг 4.4 хувиар өссөн.Гэтэл МАН-ынхан юу гэж тайлбарлаж байна гэхээр “Эдийн засаг 2021 онд 1.6 хувиар өссөн, 2022 оны хоёрдугаар улиралд 1.9 хувиар өссөн” хэмээн ярьж байна. Гэтэл эдгээр өсөлтүүд нийлээд 3.5 хувь буюу өмнөх оныхоо 4.4 хувьд хүрэхгүй байна. Монголд орж ирж байгаа 10 доллар тутмын 8 нь нүүрс болон зэсийн орлогоос бүрддэг. Тэгвэл төсвийн алдагдлыг бууруулахын тулд зэс, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр ирэх онд гэнэт ид шид тохиолдож нүүрсний гаргах хэмжээ хоёр дахин нэмэгдэх гэнэ. Үнэндээ одоо энэ үлгэрт итгэх итгэл алга. Яагаад гэвэл МАН-ынхан дахиад л худлаа ярилаа. Тухайлбал, 2019 онд 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөөд 36 сая тонн нүүрс, 2020 болон 2021 онд мөн л 42 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөөд 2020 онд 28 сая тонн, 2021 онд 18 сая тонн нүүрс гаргасан. Ингээд энэ онд 36 сая тонн нүүрс гаргахааар төлөвлөсөн боловч 14 сая тонн нүүрс л гаргаад байна. Он гарахад сар гаруйхан хугацаа үлдчихээд байхад 18 сая тонн нүүрс гаргана гэдэгт итгэхгүй байна. Гэтэл ирэх онд 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөнд итгэх хүн олдох уу. Сүүлд Таван толгойн захирлаар туг тахиж, жүжиг тавьж байх шиг байна. Ганцхан хүнд хариуцлага хүлээлгэсэн дүр эсгээд өөрсдөө уснаас хуурай гарахыг оролдож байх шиг байна. Загас толгойноосоо өмхийрдөг гэдэг. Тэгэхээр дээрээсээ л гаргаж чадахгүй байгаа хэрэг.

-Гэхдээ өнгөрсөн хугацаанд цар тахал, геополитикийн хувьд амаргүй хүнд үе байсан нь манай улсын эдийн засагт хүнд сорилт болсон шүү дээ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зургаан залуу заан” нэвтрүүлгийн үеэр цар тахлын үеэр л бид баларсан болохоос биш түүнээс өмнө эдийн засгаа 3-4 хувиар өсгөсөн хэмээн ярьсан. Уучлаарай, Монголын эдийн засаг өсөөгүй. Яагаад гэвэл бэлэн мөнгө буюу М2-ыг 2016 оноос хойш 11 их наядаас 27 их наяд хүртэл өсгөөд, бэлэн мөнгө сонгууль, халамж нэрийн дор тараасан. Тараасан мөнгөө тоолоод эдийн засгийг өсгөсөн гэж хэлж болохгүй биз дээ. Гэтэл бодит байдал дээр манай ДНБ-ий хэмжээ доллараар 12-14 тэрбум хэвээр л байгаа. Доллараар өсөөгүй байхад төгрөгөөр хэмжээнд эдийн засаг өсчихлөө гэж байна. Гэртээ байгаа бүх цааснуудаа мөнгө гэж тоолоод манайх “Мөнгөтэй байна” гэж хэлж болохгүй.

-Төсөв эцэслэн батлагдах хүртэл тодорхой хэмжээний хугацаа байна. Энэ хугацаанд төсвийн төслийг сайжруулах боломж байгаа юу?

-Төсвийн төслийг сайжруулахаасаа нэгэнт өнгөрчихлөө. Учир нь одоо МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд 2024 оны сонгуульд бэлдээд ирэх онд тойргоо услах, хувьдаа завших мөнгөө давхар нэмж, тооцсон төсөв оруулж ирсэн.

-Ирэх оны төсөв дээр УИХ-ын гишүүд тойрогтоо нэг ч хөрөнгө оруулалт шинээр тавихгүй гэдгийг Сангийн сайд зарласан. Мөн өмнөх жил гишүүн бүр тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрхтэй байсан нь цуцлагдсан. Тэгэхээр хэрхэн яаж сонгуулийн усалгаагаа хийх юм бэ?

-Гишүүд өөрсдөө захиран зарцуулах мөнгөгүй болсон нь энд огт хамаагүй. Энэ жил МАН 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Монгол Улс сүүлийн 100 жилд байгаагүй хамгийн өндөр төсөв буюу 20 их наядын төсөв оруулж ирлээ. Энэ мөнгө дотор төсвийн урсгал зардал нэрээр халамжийн хэмжээг нэмэгдүүлсэн. Хэрэв халамжийн хэмжээг багасгачихвал гол сонгогчиддоо алдах учраас МАН-ынхан хэзээ ч ийм алхам хийхгүй. Хоёрдугаарт, төсвийн хөрөнгө оруулалт нэрээр тэд хулгай хийнэ. Сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд түүнээс гадна Хэнтийгээр дүүрэн тавигдсан хөшөө, дурсгалаасаа мөнгөө угаана. Та бүхэн санаж байгаа бол 2020-2022 онд төсвийн хөрөнгө оруулалт 1.6 их наяд байсан. Гэтэл 2023 онд яагаад төсвийн хөрөнгө оруулалт 2.7 их наяд болоод өсчихөв өө. УИХ-ын гишүүд тойргоо услах мөнгөө өөрсдөдөө бэлэн авахгүйгээр төсвийн хөрөнгө оруулалт нэрээр халхавч хийж байна. Хамгийн сэжигтэй нь 2.7 их наяд төгрөгөөр 1061 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх онд 80-90 хувийг нь дуусгахаар төлөвлөсөн. Энэ нь ирэх онд идэх мөнгөө хувааж авна гэсэн үг. Угтаа 2.7 их наяд төгрөгөөр хийх 1061 төсөл хөтөлбөр дотор нэг ч боловсруулах үйлдвэр, ХАА-н үйлдвэрлэл байхгүй.Үндсэндээ тойргоо услах мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө ямар ч хэрэггүй хөшөө дурсгал, урсгал засвар нэрээр цемент болж Эрээний эдийн засаг руу очно. Ингээд авралынхаа гарцыг гадаадын өр зээл болгож байна.

-Манай улсын гадаад өрийн хэмжээ таазандаа тулчихсан энэ үед, манайд зээл өгөх орон тийм ч олон байхгүй байх л даа?

-Монгол Улсын Засгийн газраас мэдээлэхдээ манай улсын гадаад өрийн таац 50 орчим хувьтай байгаа хэмээн мэдэгдэж байгаа. Гэтэл Дэлхийн банкны мэдээллээр 90 хувьдаа хүрчихсэн гэж үзэж байгаа. Эрх баригчид дахиад л худлаа ярьж байна. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 2022 оны хагас жилийн байдлаар 33.3 тэрбум ам.доллар байгаа. Гэтэл үүнээс бидэнд хамаатай буюу Засгийн газрын өр 8.1 тэрбум ам.доллар хэмээн худал ярьж байна. Төв банкны 2.5 тэрбум ам.доллар хэний өр юм бэ. Засгийн газрынх шүү дээ. Хувийн хэвшлийн өр хэмээн тодорхойлогдож байгаа 21.5 ам.доллар дотор байгаа Оюу толгойн 12 тэрбум ам.доллар хэний өр юм бэ. Арилжааны банкны 1.4 тэрбум ам. доллар дотор байгаа Хөгжлийн банкны тэрбум ам. доллар хэнийх юм. Гадаад өрийн хэмжээ нь гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад МАН-ын Засгийн газар дахин 10 их наядаар өрийн хэмжээг нэмэгдүүлэх төвсийн төсөл өргөн барилаа. Ийм үед ирэх онд 1.7 их наяд төгрөгийн зээл авахаар төлөвлөж байна. Мөнгө олдог гол уул уурхайн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсээ гаргахаар төлөвлөсөн хэмжээнд гаргаж чадахгүй байгаа, дампуурч буй Засгийн газартай оронд хэн өгөх вэ. Магадгүй ганцхан БНХАУ өгөх байх. Зарлах концесст нь Япон, БНСУ, АНУ лав орохгүй. Дахиад л Хятадууд орж ирнэ. Дамжуулан зээлдэх 310 тэрбум гэх мэт нийт тав орчим тэрбум ам.доллар Эрээний зах зээл рүү орох нь. Энэ мөнгийг уралдаж хулгайлахаа л бодно.

-Ирэх онд энэ удаагийн Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд эхнээсээ ашиглалтад орж, боомтууд сэргэнэ гэж тооцож байгаа шүү дээ. Тэгэхээр бүх зүйлийг муу хэмээн дүгнэх нь өрөөсгөл юм биш үү?

-Шинэ сэргэлтийн бодлогыг 2050 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэрнээ 2023, 2024 оны төлөвлөгөө нь байхгүй. Шинэ сэргэлтийн бодлого гэж байгаа мөртлөө иргэдийнх нь ажил, амьдрал сэргэх тухай бодлого биш, яруу алдарт МАН 100 жилийн ойгоороо сэргэх тухай яриад байгаад хамгийн том харамсал, гуниг төрж байна. Энэ бодлогынхоо хүрээнд боомтууд, хил гаалийг нээнэ гэж байгаа. Гэтэл 4.5 их наядын алдагдалтай төсөв баталж байхдаа Эрээний хилийг нээж зөвхөн түүгээрээ бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэх нь яасан юм бэ. Зөвхөн нүүрс тээврийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулаад, ариутгалын аппаратуудаа тавиулаад хил гаалийн асуудалгүй байх боломж байсан шүү дээ. БНХАУ-ын болоод Эрээн, Баяннуурын талаас бидэнд хэд хэдэн удаа анхааруулсаар байтал бид халдвар хамгааллын дэглэмээ сахиулж чадаагүй. Бодит амьдрал дээр “Шинэ сэргэлтийн бодлого” гэж юу болсон талаар хэлэхэд, 104 орчим тэрбум төгрөг хөшөө дурсгал болж Хэнтий аймагт сүндэрлэж байгаааг улс орон даяараа харлаа. Андлалын хөшөөг 1.9 тэрбумаар босгоод нураасан. Дахиад 1.2 тэрбумаар дахин хөшөө босгосон. Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр тэрбум төгрөгөөр Их хуралдай цогцолбор байгуулахаар болсон. Норовлин суманд Их засаг цогцолборыг мөн л хоёр тэрбумаар барихаар мөнгийг нь шилжүүлсэн боловч төсөв нь хүрэхгүй гэх шалтгаанаар дахин нэг тэрбум төгрөг нэмж олоод дуусаагүй. Гэтэл дахин тухайн сумын ойг Төрийн ордонд Чингис хааны нэрийн дор хэдэн хоногийн өмнө хийлээ. Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоог 1.5 тэрбумаар санхүүжүүлсэн. Гэтэл дуусаагүй. Дахин санхүүжилт хүлээж байна. Цогцолбор нэртэй балгасуудыг үйлдвэрлэж байна. Дадал суманд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 90 гаруй тэрбум төгрөгөөр Чингис хаан цогцолборыг байгуулж байгаа боловч одоо болтол зураг төсөл нь ч гараагүй. Бэрх хотын далд уурхай байгуулахаар хоёр тэрбум төгрөг төсөвлөсөн боловч ажил нь яваагүй. Нийт 104 тэрбум гээд бод доо. Томоохон нэг үйлдвэр тэрбум төгрөгийн өртөгтэй гэж тооцвол 104 ширхэг үйлдвэр барих, 500 саяар үйлдвэр байгуулахаар бол 210 орчим үйлдвэр барих мөнгө. Тэр ч бүү хэл жижиг, дунд үйлдвэрүүдийг 10,20,30 сая төгрөгөөр ч барих боломжтой. Ингээд тооцвол хэдэн үйлдвэр барих вэ. Хичнээн үйлдвэр барих мөнгийг хөшөө болгон хувиргах вэ гэдгийг Шинэ сэргэлтийн бодлого гэж нэрлэж байгаа юм. Засгийн газрыг тэргүүлж байгаа Ерөнхий сайд ердөө хэдхэн чухал үүрэг хүлээдэг. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, эдийн засгийн өсөлтийг өндөр хэмжээнд байлгах, ажилгүйдлийн хэмжээг бага, төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгах, төгрөгийн ханшийг тогтвортой, төсвийн алдагдлыг бага байлгах. Гэтэл энэ бүх үүргээ одоогийн Ерөнхий сайд биелүүлж чадсангүй. Дээр нь авлигын индексээр манай улс Шри-Ланк, Бангладеш улсуудтай зэрэгцээд ирлээ. Тиймээс түүний хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн тодорхой болчихлоо. Тусгаар тогтнолд эдийн засгийн хямрал заналхийлж байна. Тухайлбал, 2022 онд инфляци 14.4 хувьд хүрлээ. Үүний 40-өөс дээш хувь нь хүнсний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлсөн. Энэ бол орлого бага болон тэтгэврээрээ амьдардаг иргэдэд үхлийн цохилт болж байна.

-Ирэх онд гэрэл гэгээтэй зүйл байх нь уу?

-Би муу амлаад байгаа юм биш. Ирэх онд гэрэл гэгээтэй зүйл юу ч байхгүй. Зүгээр л улсынхаа эдийн засгийг эрүүлжүүлэхгүйгээр гэнэт нүүрс, зэс, алтны үнэ огцом өсөөсэй гэсэн хүсэлтэй байна. Тийм ч учраас өрсөлдөх чадваргүй, сул дорой, халамжийн улс орон болж байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын хийх хамгийн эхний ажил бол бүх халамжийг зогсоох. Улсынхаа тусгаар тогтнолыг алдаж байхаар үнэнтэй эртхэн нүүр тулаад бүсээ чангалъя. Бид ирэх онуудад хүнд байдалд орно. Үүнийг би хэлээгүй. Эрдэмтэн, судлаачид хэлж, анхааруулсаар байна. Аль болох боломжтой чадалтайнууд нь гадагшаа дүрвэж байна. Үлдсэн монголчууддаа халамжаар хар тамхи мэт тарьж байна. Энэ бол үндэсний хамгийн том эмгэнэл. Үүний тод гэрч нь ирэх оны төсөв. МАН-ын гишүүд 20 их наядаар гараа угаах гэж байна.

Онцлох нийтлэлүүд