Цаг үе
2015.06.24 10:06

Б.Гарамгайбаатар: МАН-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохоор оролдож байна

АН-ын бүлэг өчигдөр МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэх асуудлыг хэлэл­цэхээр байсан ч тодорхой шалтгаанаар хойш­луулсан юм. Энэ асуудлаар бүлгийн даргаас дараахь асуултад хариулт авлаа.

-МАН-тай байгуулсан гэрээгээ эргэж харна гэлээ. Яг юу гэсэн үг вэ?

-Намын дарга байхгүй учраас асуудлыг бүлэг хэлэлцсэнгүй. МАН Засгийн газарт хамтарчихаад зөв­хөн албан тушаалын хуваа­рилалттай холбоотой заал­тыг бүрэн биелүүлсэн байна. Бусад асуудал нь зөвшилцлийн шатанд, зарим нь эсрэг явж байгаа учраас нухацтай хэлэлцэх ёстой гэж үзсэн. Ард иргэдээс АН, МАН хамтарсан нь хэр таалагдаж байна вэ гэж асуухад 1000 оролцогчдын 63 хувь нь сөрөг хариулт хэлсэн.

-Цаашдаа гэрээгээ цуцалж магадгүй гэсэн үг үү?

-Одоогоор эцсийн шийд­вэр гараагүй байна. Гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед дахиад л Засгийн газар тогтворгүй болж эхэллээ гэсэн үг үү?

-Эдийн засгийг сайжруу­лахын тулд “эдийн засаг бас дахин эдийн засаг” гээд энэ Засгийн газрыг байгуулсан. Үр дүн нь харамсалтай байгаа. Наад захын жишээ гэвэл нь МАН орон нутагт ажиллаж байна. Ингэхдээ МАН-аас сайд болсон хүмүүс оролцож, Засгийн газрынхаа үйл ажиллагааг муулаад явж байна. Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол гэх мэтээр. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэсэн байна. МАН-ын гишүүд ингэж Засгийн газрын үйл ажиллагаанд саад болохоор оролдож эхэлсэн. Одоогоор гэрээний биелэлт 50 хувьтай байгаа ч дийлэнхийг нь албан тушаалын томилгоо эзэлж байгаа.

-“Зөвшилцлийн гэрээ”-г цуцлах асуудлаар МАН-д хандсан уу?

-МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй ярина. Тэгээд АН-ын ҮЗХ-гоо шийдвэрээ гаргана.

Л.ТӨР

Онцлох нийтлэлүүд