Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Улс төр
2022.07.06 09:07

Б.Жавхлан: Төрийн хэмнэлтийн хуулиар үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон зорилтыг бид хийж чадсан DNN.mn


Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.


-Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд цар тахал болоод дайны нөхцөл байдлаас үүдэн давхар, давхар нөлөөнд өртсөн. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Дэлхий нийтээрээ цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлаас арай гэж гарахын даваан дээр дараагийн томоохон, тодорхойгүй нөхцөл байдал болох Орос, Украины зөрчил мөргөлдөөний асуудал гарч ирсэн. Энэ зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотой бусад улс орнууд, Европын холбооноос Оросын Холбооны Улсын эсрэг тавьсан олон төрлийн хориг Монгол Улс байтугай дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж байна. Бид 2022 онд цар тахлын хугацаан дахь эдийн засгийн алдагдлаа бүрэн нөхөж эдийн засгийн багагүй өсөлттэй байна хэмээн төсөөлж байсан. Зөвхөн манай улс ч биш, дэлхий нийтээрээ ийм төсөөлөлтэй байсан.

Гэтэл нөхцөл байдал тооцоолсноос өөрчлөгдөж дараагийн шинэ сорилтын өмнө биднийг авчирлаа. Өөрөөр хэлбэл, бидэнд эдийн засгийн өсөлтөө хангах нөөц боломж байгаа хэдий ч БНХАУ-ын дэвшүүлсэн “Тэг ковид” бодлого болон ОХУ-ын эсрэг бусад улс орнуудын тавьсан хоригтой холбоотой байгаа боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Цар тахал болон дайны нөхцөл байдал бидэнд олон сургамж үлдээж байна. Бид цаашдаа Монгол Улсын төлбөрийн тэнцэл, экспортлох хүчин чадал, импортыг нөхөх дотоодын үйлдвэрлэлийг тэнцвэржүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Дэлхийн улс орнуудын өмнө эдийн засгийн өсөлт нь саарсан, инфляци нэмэгдсэн нь тулгамдсан асуудал болж байна. Ялангуяа манайх шиг дотоодын үйлдвэрлэл багатай, нийт хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг улс орны хувьд инфляцийг импортолж байна. Инфляци шингэсэн барааг өндөр үнээр тээвэрлэн авч байна. Тиймээс бид цаашид уламжлалт мөнгө санхүүгийн бодлого буюу эдийн засгийн өсөлтийн үед ажиглагддаг, өндөр инфляцитай тэмцдэг аргаар энэ удаа тэмцэх ямар ч боломж байхгүй. Ийм үед төсөв, мөнгөний тодорхой хэмжээний хатуу бодлого хэрэгжүүлэх, валютын орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд төвлөрөхөөс өөр арга байхгүй.

-Хил, гаалийн асуудал энэ хэвээр үргэлжилбэл энэ жилийн төлөвлөсөн орлогоо бүрдүүлж, зарлагаа санхүүжүүлж чадах уу?

-Эдийн засгийн өсөлтөө анхаарах уу, инфляциа дарах уу гэсэн сонголтын өмнө бид ирж байна. Энэ хоёрыг зэрэг хийх ямар ч боломж байхгүй. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш ажиглагдаагүй эдийн засгийн стагфляцид дэлхий нийтээрээ орчихлоо. Бид цар тахлын үеийн хатуу хөл хориогоо үе шаттай цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн. Үүний үр дүнд төсвийн тэнцэл харьцангуй тогтвортой байна. Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлогын гүйцэтгэл 90 хувиас дээш гарч байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм. Гэхдээ үүнд инфляци шингэсэн байгааг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, инфляци шингэсэн барааны үнээс татвар төлж байна гэсэн үг. Тиймээс орлого бүрдүүлэлт өндөр, эдийн засаг хэвийн байна хэмээн шууд дүгнэж болохгүй. Инфляци одоогийн байдлаар зорилтот түвшнээсээ хоёр дахин өндөр буюу 15-16 хувьтай байгаа энэ үед Засгийн газар, Сангийн яам төрийн үйлчилгээг санхүүжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр нь саадгүй санхүүжүүлж байна.

- Ер нь энэ оны эхний хагас жилийн байдлаар орлого, зарлага, төсвийн алдагдал ямар байна вэ. Дахин дахин асуугаад байгаагийн учир нь хилийн боомтуудын гацаа түгжээ их байгаа учраас бид төсөөлсөн орлогоо олж чадахгүй байгаа болов уу хэмээн таамаг дэвшүүлээд байгаа хэрэг л дээ?

-Жилийн дунд ажиглагдаж буй төсвийн алдагдал бол тийм ч чухал үзүүлэлт биш. Ер нь эхний хагас жилд гарах ёстой зардлууд гардгаараа гардаг. Харин улирлын нөлөөллөөс шалтгаалж орлого харьцангуй бага хэмжээгээр төвлөрдөг. Харин оны сүүлийн хагаст орлого нэмэгддэг учраас эхний хагас жилийн алдагдлаа нөхөж, жилийн эцэст төсвийн тэнцлээ хадгалдаг. Манай эдийн засгийн мөчлөг ийм. Тиймээс эхний хагас жилийн орлогын төлөв байдал маш чухал. Яг өмнөх асуултын хариултад дурдсанчлан төсвийн орлогын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Өөрөөр хэлбэл, төсөв талдаа төрийн үйлчилгээний санхүүжилт ямар ч саадгүй явж байгаа.

Боомтуудын хилийн нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар буураагүй боловч хөрш орнуудын нөхцөл байдлаас шалтгаалж экспорт төлөвлөсөн хэмжээнд гарч чадахгүй байна. Гэхдээ сүүлийн 2-3 сарын хугацаанд экспортод гаргаж байгаа түүхийн эдийн хэмжээ нэмэгдсэн.

Одоо бидний хамгийн том эрсдэл төсөв биш, төлбөрийн тэнцэл байна. Төлбөрийн тэнцлээс улбаатай Төв банкны валютын нөөц багассан. Манай улсын худалдааны тэнцэл алдагдаж, гаргаж чадах хэмжээний экспортоо гаргаж чадахгүй байгаа энэ үед эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах гол зорилт бол экспорт, экспорт бас дахин экспорт. Түүнээс биш богино хугацаанд үйлдвэрлэгч орон болж чадахгүй шүү дээ. Иймд уламжлалт түүхий эдээ дэлхийн зах зээл дээрх үнэ өндөр байгаа энэ үед потенциал хэмжээндээ тултал экспортлох л чухал асуудал.

-Хилийн боомтуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд олон гарц гарам нээж байх шиг байна. Эдгээр гарцууд бүрэн ашиглалтад орж үр ашгийг нь хүртэхээс өмнө одоо ашиглаж байгаа боомтуудынхаа нэвтрэлтийг нэмэгдүүлэхэд яаж анхаарч байна?

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад экспорт 20 орчим хувиар нэмэгдсэн. Сүүлийн гурван долоо хоногт дунджаар 950 ширхэг тээврийн хэрэгслээр нүүрс экспортолсон байна. Цаашид ч БНХАУ-ын талаас энэ тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, өмнөхөөсөө илүү идэвхтэй ажиллаж байгаа нь бидэнд эерэг хүлээлт бий болгож байна. Хамгийн их экспорт хийсэн 2019 онд өдөрт дунджаар 1200 орчим автомашин гарч байсан. Одоо яг ийм үзүүлэлт рүү экспорт дөхөж байна. Энэ бол бид богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээ авч цар тахлын өмнөх үед хүргэж байгааг харуулж байна. Энэ тоог улам бүр нэмэгдүүлэх, тогтвортой хадгалахын төлөө Засгийн газар боломжтой бүх арга хэмжээг авч ажиллах болно. Манайх ч, урд хөршид ч ковидын нөхцөл байдал битгий хүндрээсэй гэж бодож байна. Бидний зүгээс хилийн бүсийн хэсэгт халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах нь л чухал байна. Хэрэв манай талын жолооч нараас авсан ковидын шинжилгээний хариу 14 хоног тасралтгүй сөрөг гарах юм бол 40-50 машинаар нэмэгдүүлэх, харин эерэг гарвал ийм хэмжээгээр бууруулах тоглоомын дүрэм үйлчилж байгаа.

-Энэ жилийн төсвийг халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон хэмээн онцолж байсан. Гэтэл хамгийн эхний төсвийн тодотгол дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлсэн. Энэ нэмэгдэл дараа жилийн төсөв дээр дахин дарамт учруулна. Ойрын жилүүдэд энэ мэт төсөв дээр ирэх дарамтуудыг дийлэх үү?

-Ахмадуудын тэтгэврийн тухайд үнийн өсөлттэй холбоотой нэмэхээс өөр арга байгаагүй. Төсвийн шинэчлэлийн томоохон бодлогын хүрээнд халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, нийгмийн хөдөлмөрлөх хүчийг илүү чанаржуулах бодлогыг Засгийн газраас баримталж байгаа. Манай улс 2.2 сая хөдөлмөрийн насны иргэдтэй. Үүнээс 1.1 сая иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа бол, үлдсэн нэг сая хөдөлмөрийн насны иргэд эдийн засгийн эргэлтэд орж, ашиглагдахгүй байна. Хөдөлмөрийн зах зээлд ашиглагдах энэхүү асар их нөөц бололцоогоо цаашид бүрэн ашиглахын тулд ажлын байрыг нэмэгдүүлж, халамжаас хөдөлмөрт шилжих зорилт тавьсан. Өнгөрсөн хугацаанд ковидын нөхцөл байдал халамжийг тэлэх үндсэн шалтгаан болсон. Монгол Улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд хүн амын вакцинжуулалтыг хангалттай хийж чадсаны үр дүнд бид өнөөдөр дахин хөл хорио тогтоох шаардлагагүй, иргэд өмнө байсан шиг чөлөөтэй ажил хөдөлмөр боломжтой болж байгаа энэ үед бид халамжаа бид зорилтот бүлэгт чиглүүлэх шаардлагатай болж байна.

-Ажлын байрыг бодитой нэмэгдүүлсэн цагт халамжаас хөдөлмөрт шилжих талаар яригдах байх л даа. Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр үнэхээр үр дүнгээ өгч чадсан юм уу?

-Та нар бодоод үз дээ. Хоёр их наяд төгрөгийн иргэн, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн зээл 6000 гаруй аж ахуйн нэгж, 20 гаруй мянган иргэнд хүрээгүй байсан бол өнөөдөр ямар дүр зураг үүсчихсэн байх байсан бол. Цар тахал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн олон давхар цохилттой энэ үед асар хүнд нөхцөл байдалд бид орох байсан. Тиймээс 10 их наядын хөтөлбөр байгаа оносон, цаг үеэ олсон, түүхэн үүрэг гүйцэтгэсэн хөтөлбөр болсон гэж үзэж байна. Нийт 100 гаруй мянган ажлын байр хадгалсан гэх тооцоолол зүгээр нэг судалгааны дүн биш. Тиймээс цар тахлын үед үүнээс ч илүү хүндрэл, цөмрөлт гарахыг амжилттай хаасан.

-Улсын орлого тасалдах эрсдэлтэй, эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд олсон орлогоо зөв захиран зарцуулахад бид хэрхэн анхаарч байна вэ. Хөшөө, дурсгал барихаас авахуулаад алслагдсан аймаг сумдад цемент зуурдаг, гишүүд тойргоо услахын төлөө уралддаг байдал хэзээнээс алга болох вэ?

-Төрийн хэмнэлтийн тухай хууль цаашид маш онцгой үүрэг гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар төрийн албан хаагчдад уг хууль хүнд тусч байгаа боловч цаашид төсөв эрүүлжих, төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн нэг төгрөг бүр үр өгөөжтэй зүйлд зарцуулагдах, эдийн засгийн өсөлтөд илүү их хувь нэмэр оруулдаг байх үүргээ илүү үр ашигтай гүйцэтгэх боломжтой болж байна.

-Богино хугацаанд ямар арга хэмжээ авах нь эдийн засгаа сэргээх үр дүнтэй гэж харж байна вэ?

-Манай улсын эдийн засаг бүтцийн хувьд ямар эмзэг юм бэ гэдэг нь цар тахлын үед, урд хөршийн хилийн нөхцөл байдал болон ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөн тод харуулж байна. Тиймээс дунд, урт хугацаандаа эдийн засгийнхаа бүтцийг төрөлжүүлэх, эрүүлжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнийг хийхэд дор хаяж 5-10 жил, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдана. Тиймээс бид богино хугацаанд төлбөрийн тэнцлийн хүндрэлээс яаж гарах, энэ дайны утаан дотроос яаж хохирол багатай үлдэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Тиймээс ойрын хугацааны бодлого ийшээ чиглэнэ. Нэгдүгээрт, түүхий эдийн экспорт хэвийн нөхцөлд очтол хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй. Энэ үед төсөв мөнгөний бодлогын уялдаа маш чухал. Экспортын орлого тасалдсанаас үүдэн Төв банкны валютын нөөцөн дээр олон сөрөг дарамт ирж байна. Энэ нь цаашид валютын ханш, инфляцид нөлөөлнө. Олон сувгаар эдийн засагт сөрөг нөлөөллүүд ирнэ.

-Энэ жил хоёр удаа төсөвт тодотгол хийлээ. Эдгээр тодотголууд төсөвт бодитой хэмнэлт авч ирж чадсан уу?

-Энэ жил манай улс төсөвтөө хоёр удаа тодотгол хийсэн. Эхний тодотголын тухайд бүсээ чангалж ахмадын тэтгэврийг нэмэх нийгмийн шинжтэй бодлогын шийдвэр байсан.

Харин хоёр дахь удаагийн тодотголоор төр бүх шатанд хэмнэлтийн горим руу шилжүүлэх алхмыг хийсэн. Төсвийн хувьд урсгал зардал дээр хэмнэлт хийх боломж маш хязгаарлагдмал. Учир нь төрийн албан хаагчдын цалин хөлс, төрийн үйлчилгээний санхүүжилтийг тэр бүр хасах боломжгүй шүү дээ. Гэсэн хэдий ч бид цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, халамжаас бусад урсгал зардлыг 15 хувиар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөр танасан. Мөн 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт танаж, хэмнэсэн. Энэ бол томоохон хэмнэлт. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй төсвийн шинэчлэл болсон. Энэ нь цаашид төсөвт хандах хандлагыг эрс өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

-Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ оны төгсгөлд манай улсын эдийн засаг нэлээн хүндэрч гурав дахь удаагаа тодотгол хийнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ таамаглалыг хэр бодитой гэж бодож байна вэ?

-Эдийн засаг хүндэрлээ гэж бодоход гарах гарц нь төсөвт тодотгол хийх биш шүү дээ. Хэрвээ үнэхээр төсвийн тодотгол хийснээр эдийн засгийн хүндрэлээс гарчихдаг юм бол өдөр болгон тодотгол хийе л дээ. Тэгэхээр асуудлын гол нь тодотголдоо биш, зөв төлөвлөхдөө байгаа юм. Аль ч үед төсвийн сахилга бат маш чухал. Төрийн хэмнэлтийн хуулиар үе үеийн төсвийн шинэчлэлийн томоохон зорилтыг бид хийж чадсан. Энэ удаагийн УИХ, Засгийн газрын гишүүд төсвийн шинэчлэлийг маш сайн дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, энэ жилийн төсвийг батлахад УИХ-ын гишүүд төсвийн хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг маш сайн хангасан. УИХ-д өргөн барьсан төсөл хөтөлбөрүүд дотроос зураг төсөл нь батлагдаагүй нэг ч төсөл байгаагүй. Энэ бол шинэлэг хандлага. Нэмж хэлэхэд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар дуу нэгтэйгээр баталсан. Энэ бол цаашдаа төсөв улам эрүүлжих, сахилга бат сайжрахын дохио.

-Тэгвэл төсвийн шинэчлэл, сахилга батын хүрээнд цаашид хэн төсвийг захиран зарцуулах эрх мэдлийн түлхүүр атгаж байгаагаас хамаарч сонгогдсон тойргоо усалдаг, УИХ-ын гишүүд тойрогтоо илүү төсөв тавиулахаар улайрдаг тогтолцооноос салах алхмын эхлэл тавигдаж чадсан уу?

- Энэ бүхний эхлэл Төрийн хэмнэлтийн хуулиар тодорхой хэмжээнд тавигдаж чадсан. Гэхдээ энэ хуулиар асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Асуудал хаана байна гэхээр сонгуулийн тогтолцоонд бий. Жижиг мажоратор системийн үзэл баримтлал бол тойргоо услах шүү дээ. Тиймээс сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, пропорционал систем рүү шилжсэн тохиолдолд сая бүрэн утгаараа шинэчлэл явагдах нөхцөл бүрдэнэ. Тиймээс шууд УИХ-ын гишүүд, хэн нэгнийг буруутгахаас илүүтэй сонгуулийн мажоратор системийн онцлогийг бодолцож үзэх нь зүйтэй байх.

-Монгол Улсын нийт гадаад өр нийт 33.8 тэрбум ам.долларт хүрснийг та өмнөх долоо хоногт мэдэгдсэн. Манайх улс үнэхээр дампуурлаа зарлах хэмжээний өртэй улсын тоонд орчихсон байгаа юм уу?

-Таны дурдсан тоо манай улсын нийт гадаад өр гэдгийг ойлгох нь зүйтэй. Бид засгийн газраас гадна хувийн сектор гаднаас санхүүжилт, зээл авахыг хориглож болохгүй. Харин дэмжих ёстой. Үүний тулд эдийн засгийн макро үзүүлэлтүүд, зээлжих зэрэглэл, инфляцийг тогтвортой байлгаж, хөрөнгө оруулагчдыг татах орчныг сайжруулна. Гагцхүү дээр дурдсан нийт өрөөс хамгийн их анхаарал хандуулах өр нь Засгийн газрын өр болох 8.5 тэрбум ам.доллар бий. Манай улс гадна талдаа өрийн стратегиа маш сайн барьж байгаа. Бид гурав гурван жилээр өрийн стратегиа баталдаг. Өмнөх гурван жилийн стратеги энэ жилийн таван сард дууссан. Тухайн улсын өрийн стратеги ямар байсныг зээлжих зэрэглэлээр дүгнэдэг. 2020 онд л гэхэд манай улсын зээлжих зэрэглэл сөрөг ангилалд багтаж байсан бол тогтвортой ангилалд шилжиж бага боловч өссөн. Эдийн засаг хүнд байгаа энэ жилийн тухайд зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагууд манай улсын ангиллыг хэвээр нь үлдээсэн нь маш том амжилт.

Дараагийн нэг үзүүлэлт юу байдаг вэ гэхээр олон улсын хөрөнгийн зах зээл дээр манай улсын бондуудын дундаж өгөөж хамгийн бага үнэлгээтэй байна. Хамгийн бага гэдэг нь бидэнд хамгийн их итгэж байна гэсэн үг. Энэ нь зах зээлд манай гадаад өрийн менежмэнтийг үнэлж байгаа маш том үнэлэмж. Тиймээс гадаад өрийн менежмэнттэй холбоотой Засгийн газар дээр ямар ч асуудал байхгүй. Зээлийн хэмжээнээс илүү ашиглалтын үр өгөөж, чанар чухал. Засгийн газар зээл аваад эргээд өгөөжөө өгдөггүй, экспорт, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлдэггүй, төлбөрийн тэнцлийг эмчилдэггүй, импортыг орлодоггүй төслүүд рүү оруулаад, төсөв дээрээ дарамт аваад байх юм бол энэ нь хамгийн үр өгөөж муутай зээл байх нь тодорхой. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбарууддаа тодорхой хэмжээний зээл авахаас өөр аргагүй болдог. Гэхдээ харьцаа нь зөв байх ёстой.

-Засгийн газрын өр яг хэзээнээс муу зээлийн ангилалд багтаад өрийг өрөөр төлдөг систем рүү шилжчихсэн юм бэ?

-Ерөөсөө Чингис бонд гаргасан цагаас л эхэлсэн. Үүнээс өмнө манайх дандаа урт хугацааны, нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээлүүд авдаг байсан. Харин 2012 оноос олон улсад төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зориулалттай 5-10 жилийн хугацаатай бондыг босгож анх удаа арилжааны нөхцөлтэй зээллэг хийж эхэлсэн. Энэ зээлээр нийгмийн шинж чанартай төслийг санхүүжүүлэх ёсгүй байсан. Харин томоохон бүтээн байгуулалтын, экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ бондын 63 орчим хувиар төсвийн шинжтэй үйл ажиллагаануудыг санхүүжүүлчихсэн. Энэ цагаас хойш өрийг өрөөр төлөх шаардлага гарч ирсэн. Чингис бонд 5-10 жилийн хугацаатай, дунджаар 4.8 хувийн хүүтэй зээл байсан. Гэтэл энэ хугацаанд уг зээлээр санхүүжүүлсэн төслүүд хангалттай үр өгөөжөө өгөөгүй, гаднаас доллар олж ирээгүй. Засгийн газар 2012 оноос хойш долоон удаа бонд гаргасан байдаг. Ганц анхны бонд дээр л төсөл хөтөлбөр санхүүжүүлэх зорилготой зээл авсан. Дараагийн хоёр бондын зээлийг шууд төсвийн алдагдлыг нөхөхөд зориулсан. Дараагийн “Гэрэгэ”, “Номад”, “Хуралдай”, “Century” зэрэг бондууд дахин санхүүжилт буюу өмнөх өрүүдээ төлөөд хугацааг нь хойшлуулж, хүүг нь багасгасан ийм бондууд болсон. Засгийн газрын 8.5 тэрбум долларын 5.8 тэрбум нь энэ хөнгөлөлттэй урт хугацааны, бага хүүтэй хөгжлийн зээлүүд, 2.8 тэрбум нь энэ бондын үлдэгдэл байна. Манай улсын өрийн удирдлагын цаашдын стратеги бол бид дахиж төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор өр тавьж, бонд босгохгүй. Нэмэлт гаргах боломжтой өрийн орон зайгаа зөвхөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аар батлагдсан эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөхөд нэмэртэй төслүүдийг санхүүжүүлэхэд баталгаа гаргана гэж байгаа -Засгийн газар баталгаа гаргасан төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт Засгийн газрын өр дээр нэмэгдэж тооцогдоно гэсэн үг үү?

-Нэмэгдэлгүй яах вэ. Засгийн газраас гаргаж байгаа баталгаа Засгийн газрын өр дээр нэмэгдэнэ. Гэхдээ гарч байгаа орон зай дотроо. Өрийн удирдлагын тухай хууль дээр байдаг төсвийн тусгай шаардлагын дагуу өрийн тааз энэ онд 70 байх ёстой. Дараа жил 65, түүний дараа жил 60 болох ёстой. Тиймээс энэ үзүүлэлтдээ багтааж өрийн удирдлагаа чанартай барина гэсэн үг. Дараа жил байх ёстой 65 хувийн өрийн хязгаарынхаа хүрээнд бий болох орон зайг бас нэмэхийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээг өсгөх учиртай. Ингээд явахад шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжих зарим нэг төслүүдээ эрэмбэлж байгаад баталгаа гаргах боломжууд бий. Манайд нэн шаардлагатай байгаа төслүүд дээр Засгийн газраас баталгаа гаргахад бэлэн гэдгээ олон улсын хөрөнгө оруулагчдад дуулгасан. Тухайлбал, Оюу толгойн гэрээнд тусгагдсан Оюу толгойг эрчим хүчээр хангах Таван толгойн дулааны цахилгаан станц барих энэ төсөл жил бүр 250-300 сая ам.доллар эх орондоо авч үлдэх өндөр өгөөжтэй төсөл юм.

-Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа баталгаа гадаадын хөрөнгө оруулагчдад хэр итгэл төрүүлэхүйц байна вэ. Учир нь манай Засгийн газар, улс төрийн бодлого тогтворгүй, гаргасан шийдвэр нь урт хугацаандаа хэрэгждэггүй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг манайхаас дайжихад хүргэдэг шүү дээ?

-Итгэлтэй байгаа. Дээр дурдсанчлан манай зээлжих зэрэглэл хэвийн, ижил түвшний зэрэглэлтэй улс орнуудаасаа хамаагүй өндөр чанартай байгаа талаар хэлсэн. Тэр хэмжээгээр гадны хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ирэх гурван жилийн стратегиа ягштал барьж чадах юм бол зээлжих зэрэглэлээ ахиулна гэж харж байгаа.

-Энэ удаагийн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжих талаар яригдаж, зарим нь эхнээсээ ашиглалтад орж байна. Хэрэв дараагийн сонгуулийн дүнгээр өөр Засгийн газар байгуулагдлаа гэхэд одоогийн бодлогын тогтвортой байдал алдагдах эрсдэл бодитой байгаа шүү дээ?

-Бид дараагийн сонгуульд дахин ялалт байгуулахын төлөө л хичээж ажиллаж байгаа шүү дээ. Биднийг ажлаа ямар хийсэн бэ гэдэгт эцэст нь иргэд дүнгээ тавина.

-Тийм л дээ. Гэхдээ аль нам эвсэл ялалт байгуулснаас үл шалтгаалаад төрийн бодлого тогтвортой байх чиглэл дээр хэрхэн анхаарч байна вэ?

-УИХ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” хөтөлбөрийг баталчихлаа. Шинэ сэргэлтийн бодлого урт хугацааны хөтөлбөрөө биелүүлэхийн тулд гарааны 10 жилийн эдийн засгийн суурь бүтцийг эрүүл болгох гарааны түвшний эдийн засгийн нөхцөл байдлыг одоо сайжруулах, эдийн засгийн өсөлтүүдийг боомилж байгаа асуудлуудаас ангижрах дунд, урт хугацааны төлөвлөгөөтэй байна. Бид үүнийхээ төлөө л явна. Иргэд сонголтоо хийх эрхтэй.

-Одоо шуугиан болоод байгаа Хөгжлийн банкны зээл анх гарч байхдаа Монгол Улсын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих хөгжлийн зээл хэмээн нэрлэгдэж байсан. Гэтэл өнөөдөр банк, санхүүгийн салбарын түүхэнд бичигдэхүйц муу түүхтэй зээл, муу түүхтэй банк болчихлоо шүү дээ. Энэ алдааг дахин давтахгүйн тулд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Маш харамсалтай. Энэ алдааг дахин давтагдахгүйн тулд манай Засгийн газар хичээн ажиллаж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг төлүүлэхийн төлөө шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Танд дуулгах сайн мэдээ гэвэл хоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 500 гаруй тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлээд байна. Энэ бол богино хугацаанд гарч байгаа томоохон үр дүн. Тухайлбал,”Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан “Кью Эс Си” ХХК-ийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдлөө. Хөгжлийн банкинд алдагдлын сан байгуулж өөрийн хөрөнгө буурах байсан эрсдэл нь бүрэн хаагдсан гэсэн үг.

Үүний үр дүнд олон улсын байгууллагаас Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн. Энэ нь 2023 оны аравдугаар сард төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх Засгийн газрын баталгаатай Самурай бондын эрсдэлийг бууруулна. Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл буурахгүй үлдсэнээр балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломжууд бүрдэж байна. Ингэснээр дараа жилийн аравдугаар сард төлөгдөх Евро бондыг гадаад хөрөнгийн зах зээл дээр зохицуулалт хийх боломж бүрдэнэ. Самурай бондод өнөөдрийн иен, төгрөгийн ханшаар 710 гаруй тэрбум төгрөг төлөгдөнө. Засгийн газрын баталгаатай учраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг аль болох бүрэн төлүүлнэ. Бид энэ зорилго руу ойртож байна.

-Хэрэв Хөгжлийн банкнаас авсан зээл бүрэн төлөгдөхгүй бол татвар төлөгчдийн мөнгөнөөс өрийг нь төлж барагдуулах юм уу?

-Хөгжлийн банк зээлээ бүрэн төлж чадна гэж харж байгаа. Самурай бондын зээлийг бүрэн төлөхөд 710 тэрбум төгрөг шаардлагатай. Бидэнд жил хагасын хугацаа байна. Энэ хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан байгууллага нэг бүрээр зээлийг нь төлүүлэхийн төлөө, татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн төлөө ажиллана.

-Е-баримтын сугалааг зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан иргэд баримтаа уншуулахгүй байх, НӨАТ-гүй борлуулалт улам нэмэгдэж байгаа талаар иргэдийн шүүмжлэл гарч байна. Ебаримтын сугалааг эргэж сэргээх үү?

-Мэдээж ойрын хугацаанд сэргээнэ. Бидний зүгээс олон нийт, иргэдийн хүсэлт, шаардлагын дагуу сугалааны буцаан олголтыг түр түдгэлзүүлсэн бөгөөд өмнөхөөс илүү боловсронгуй, найдвартай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаар сугалааны урамшууллыг сэргээхээр ажиллаж байна.

Е-баримтын сугалаа буюу цахим төлбөрийн баримт бүртгүүлсний төлөө иргэдэд сугалааны хонжвороор олгодог энэхүү урамшууллын хэлбэр анх 2016 оноос хэрэгжиж эхэлснээс хойш 6 жил өнгөрсөн. Энэ хугацаанд Е-баримтын сугалаа үүргээ гүйцэтгэж чадсан бөгөөд бид одоо давуу, сул талуудыг сайтар судалж, олон улсын туршлагад нийцүүлэн хөндлөнгийн хяналтад түшиглэсэн сугалааны хэлбэрийг нэвтрүүлэх болно

Онцлох нийтлэлүүд