ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.08.17 12:08

Б.Индра: Налайхын зам аравдугаар сарын сүүлээр ашиглалтад орно

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд ид өрнөж байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн. Тус авто зам тавих ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн компани ажиллаж буй. Налайхын зам нь олон улсын стандартад нийцсэн дөрвөн эгнээтэй, бүрэн гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн замтай болох юм.

Өнгөрсөн хугацаанд дээрх замыг заасан хугацаандаа ашиглалтад орохгүй гэх яриа гарах болсон. Тэгвэл Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлэхдээ "Усархаг бороо орж буй өдрүүдэд технологийн горимыг алдуулахгүйн тулд замын ажлыг зогсоодог. Бусад өдрүүдэд бороотой өдрийн ажлуудыг нөхөж хийхийг хичээж байна. Иймээс бороо орж байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээний хоцрогдол бий. Гэхдээ Налайхын замыг аравдугаар сарын сүүлээр нээнэ. Шинээр барьж буй Баянзүрхийн гүүртэйгээ уялдуулж, ашиглалтад оруулна" гэв.

Бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах бөгөөд Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гардаг учраас гол зам дагуу, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь онцлог аж.

Онцлох нийтлэлүүд