Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийгдэж байгаа ч иргэд тодорхой мэдээлэлгүйгээс хамрагдалт бага байна гэв DNN.mn Өчигдөр 178 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Эдийн засаг
2022.01.20 09:01

Б.Лхагважав: Улстөрчид алдаатай бодлогоороо инфляци хөөргөж, иргэдийнхээ халаасыг сэгсэрч байна


Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Засгийн газрын зүгээс инфляци дэлхий дахины асуудал болчихсон, ганц манай үүрч яваа зовлон биш гэсэн мессэж өгөх гэж хичээж байна л даа. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд эрх баригчдын бодлогын алдаа инфляци хөөрөх гол шалтгаан болоод байна гэвэл та санал нийлэх үү?

-Нийлнэ. 2020, 2021 онд сонгуульд зориулсан шийдвэр гаргаснаас болж инфляци хэцүүдээд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөрвөн их наяд төгрөг хэвлээд тараасан нь цаг хугацааны хувьд хоцорсон шийдэл болсон л доо. Бодит шалтгаан нь ийм байтал алдаагаа цайруулахын тулд нөгөө улсуудад байгаа өөр инфляцийн эх үүсвэрийг холбож яриад суугаа нь шуудхан хэлэхэд маш том нүгэл. Би дөрвөн их наядыг хэвлэх үед сануулж л байсан. Харамсалтай нь тоогоогүй л дээ. Бид яг ийм алдааг 2013 онд хийж байсан юм. 2013 оны нэгдүгээр сард Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Таван толгой, Оюу толгойг зогсоосныг та санаж байгаа байх. Эрдэнэс Таван толгой жижүүрээсээ эхлээд бүх хүнээ сольж байсан юм, гурван сарын хугацаанд. Тэр жилийн нэгдүгээр сард 2.7 их наяд төгрөг хэвлэж, есдүгээр сард нь төгрөгийн ханш 40 хувиар унаж байсан түүхтэй. Нүүрсэндээ найдаж байсан ч нүүрсний ханш 2013 оны эхний улиралд тав дахин унаж 30 ам.доллар болтлоо уруудсан. Урд хөршид 57 ам.доллараар нүүрсээ өгч явсан гэрээг Н.Алтанхуяг сайн дураараа зогсоочихоод эргээд гуйн байж 32 ам.доллараар гэрээ хийсэн түүх тэр үед хамаардаг. Гэх мэтчилэн улстөрчдийн макро түвшинд гаргаж байсан бодлого шийдвэрийн алдааны тусгал нь инфляцийн хөөрөлт болж, иргэнийхээ халаасыг сэгсрээд дуусдаг л даа.

-Дөрвөн их наядыг цаг хугацаа нь болоогүй үед хэвлэснээс болж бид ямар хохирол амссан бэ?

-Наад зах нь л барилгын үнэ хоёр дахин өссөн. Дөрвөн их наядын бараг гурван их наяд нь хадгаламж руу орсон дүн гараад байгаа. Нэг зүйлийг онцолж хэлье. Саяны дөрвөн их наядаас мөнгө хүртсэн хүмүүс нь дандаа бололцоотой улс. Товчхондоо 12, 13 хувийн хүүтэй байсан зээлээ гурван хувийн зээлээр сольсон. Хоёрдугаарт, банкууд шинэ хүнд зээл огт өгөөгүй. Шуудхан хэлэхэд, өмнө нь зээл авчихсан байсан монополь компаниудын захирлуудын халаас руу л хийсэн. Би тухайн үед хэлж л байсан. “Захирлын халаасанд орсон мөнгө ажилчны халаасанд очтолоо удна шүү” гэж.

-Дөрвөн их наядыг яаж зарцуулсан бол өгөөжөө өгөх байсан бэ?

-Ядаж талыг нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдад хуваарилж нийгмийн даатгал гэх мэт таван төрлийн даатгалаа санхүүжүүлж, буцаагаад ажилгүйдлийн даатгал гэх мэт даатгалаар дамжуулж цалингийн сангаа нэмэх ёстой байсан юм. Дөрвөн их наядыг захирлын данс руу хийчихээр бүх салбар байгаа жаахан нөөцөө бүгдийг нь худалдаад авчихсан. Бүр тодруулж хэлбэл, хадгаламжид хийгээд үлдсэн мөнгөөр нь. Ингэчихээр угаасаа нөөцийн хомсдолтой байгаа зах зээлд дахиад хомсдол үүсчихсэн. Үр дүнд нь барилгын салбарт гэхэд материалын үнэ жар, далан хувиар өсчихлөө. Хамгийн чанаргүй бүтээгдэхүүнээр барилга барьчихаад хамгийн үнэтэй зарах гэж оролдож байна. Дахиад хэлэхэд, энэ бүхний дунд арилжааны банк л хожсон. Бүр энгийнээр хэлбэл, макро түвшинд арилжааны банкуудад л амь тариа хийж аварсан шийдвэр хэрэгжсэн. Хоёр зуу гаруй мянган ажлын байрыг аварсан гэх мэтээр яриад байгаа л даа. Юм мэдэхгүйгээр нь далимдуулж Ерөнхий сайдын толгойг эргүүлсэн явдал л болсон.

-Таны ярианаас анзаарахад цөөхөн том компани, арилжааны банк, шуудхан хэлэхэд, улс төр тойрсон бүлэглэлүүд л макро түвшний шийдвэрт нөлөөлж, тэд л засгийн газрын шийдвэрүүдийн өгөөжийг хамгийн ихээр хүртээд, жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес хийхээр зүтгэж яваа иргэд тойргийн гадаа үлдчихээд байгаа юм байна, тийм үү?

-Ерөөсөө л тийм. Шийдвэр гаргагчид макро дээр тоглолт хийдэг субьектүүдийн тоглоомонд ороод байна. Тийм учраас засгийн шийдвэрийн нөлөө микро түвшиндээ бууж өгөхгүй яваа юм. Мэдэхгүйг нь ашиглаж тоглоомондоо оруулчихаад, мэддэг цөөхнийх нь дууг хорьчихлоо л доо.

-Мэддэг цөөхнөөс нь нэрлэх үү, хоёулаа. С.Баярцогт, Э.Бат-Үүл…?

-Учир мэдэх хүмүүс харж мэдэж байгаа даа, бүгдийг нь ямар нэгэн шалтгаан бодож олж хорьсон, одоо ч тэр процесс үргэлжилж байна.

-Инфляци руугаа эргээд оръё. Дөрвөн их наядыг хэвлэсний балаг зүй жамаараа яг одоо л инфляцид нөлөөлж, төгрөг үнэгүйдсэнээр илэрч байна уу?

-Хэвлэсэн мөнгө буцаад үнэ цэнээ нэхдэг. Есөөс арван сарын дараа инфляциар илэрч гарч ирж байгаа гээд ойлгочихож болно. Инфляци 15 хувь лав хүрчихсэн яваа байх.

-Хорин хувь давчихсан байх аа?

-Магадгүй. Инфляци ингэж өссөн алдааг иргэд төлж байгаа. Одоо анхаарах ёстой зүйл гэвэл дараагийн алдааг гаргуулахгүй байх. 2013 оноос хойш манай улстөрчдөд ганц гайтай юм бий болчихлоо л доо. Төр засаг барих хугацаандаа томхон мөнгө зээлэх юм уу их мөнгө хэвлэх маягаар амиа зогоогоод гарахыг л боддог болчихож. Ний нуугүй хэлэхэд, татварын орлого зуу гаруй хувиар биелчихсэн яваа. Татвараа цуглуулж аваад нийтийн мөнгөө буцаагаад нийтэд зарцуулах, өр тавихгүй явах процессыг л шаардмаар байгаа юм, улстөрчдөөс. Эрх баригчид одоо яана гэж бодож байна.

-Яана гэж?

-Тянжинь, ковид, гадаадын инфляци гэсэн гурван үгийг хаваржингаа улиглана. Өөрсдийнхөө алдааг ингэж л дарж нууна.

-Казахстаны иргэдийн бослого эсэргүүцлийн нэг шалтгаан нь тавь, жаран хувь давчихсан инфляци нь гэж харах хүн олон байна. Засаглал нь, байгалийн баялгаа зарж байгаа нь гээд ер нь манайхархуу л улс шиг санагддаг. Манай инфляцид тийм эрсдэл байна уу, тавь жаран хувь даваад цойлчих эрсдэл?

-Зөв бодлого явуулахгүй бол инфляци ингэж цойлох эрсдэл бийг үгүйсгэхгүй. Казахстан манайх шиг шороогоо зардаг улс гэдэг нь үнэн. Засаглалын төрх ижил шахуу болох гээд байна гэсэн болгоомжлолтой ч зарим талаар санал нийлж байна. Одоо бий болж байгаа У.Хүрэлсүх гэдэг “хаан”-ы засаглал Назарбаевийнхаас ялгагдахгүй болж мэдэх эрсдэл бийг үгүйсгэх аргагүй. Назарбаевийн хувьд шороогоо зарж олсон мөнгөө хот гэх мэт нүдэнд харагдах зүйлд зарцуулсан бол манайхан баялгаа зарж олсон мөнгөнөөс хүртсэн ашгаа гадагш нь аваачаад нуучихсан. Хүний газар орон сууц худалдаж авснаас өөр юм харагдахгүй л байна. Казахстанд болж өрнөсөн үйл явдлын тухайд сая Путины тоглолт явагдсан л даа. ОХУ-ын хувьд Казахстан маш том стратегийн улс. Наад зах нь л сансарын пуужингийх нь нисдэг станц бий. Маш том тоглолтын сэжүүр анзаарагдлаа гэж харсан.

-Таны сая ярьснаас лавшруулаад асуухад бид эндээ ухаалаг, хашир аж төрөхгүй бол Казахстан шиг их гүрний тоглолтод орчих эрсдэл ойрхон байгаа ч юм шиг. Та юу гэж бодож байна вэ?

-Казахстанд болж буй энэ үйл явцыг манайх өчнөөн жилийн өмнө дайраад гарчихсан л даа. Долдугаар сарын 1 чинь яг иймэрхүү том тоглолтын сэжим. Та сайн анзаараарай. Оюу толгойн гэрээг хийхийн тулд 2005-2008 онд хэд хэдэн Засгийн газар солигдсон. Яг үнэндээ 2004 оны нэгдүгээр сарын 1-нээс л манайд олон улсын хөрөнгө оруулалт, зах зээл нээгдсэн. 2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд ЗХУ-ын 9 тэрбум ам.долларын өрийг дарснаас үүдэлтэй. Ийм шалтгаанаар 2004 оны нэгдүгээр сараас албан ёсны зах зээл орж ирсэн түүхтэй. Түүнээс өмнө манай уул уурхайн салбарыг сонирхогчид байсан ч хойд хөршдөө өгөх өрнөөс маань болгоомжлоод явсан юм. Тэрнээс өмнө хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байсан бас нэг шалтгаан бий. Тэр нь П.Жасрай гуайн Засгийн газрын үед үйлчилж байсан дөч, тавин хувийн асар өндөр татвар. Ний нуугүй хэлэхэд татварын бодлогоор социализмаас үлдсэн 1850 байгууллагыг бүдгийг нь дампууруулсан. М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллахдаа нэгэнт дампуурсан компаниудыг тараах ажил л хийсэн. 1997 онд шороогоо заръя гээд либериал хууль гаргасан нь цаанаа ийм учиртай. 2006 онд манай татвар буцаад арав болсон. Яг нарийн яривал татвар батлах энэ процес хүртэл Оюу толгойн гэрээний гол тоглолт байсан. Тэгээд 2005-2008 онд хэд хэдэн Засгийн газар Оюу толгойн гэрээг хийх гэж оролдсон. Зарим нь гэрээг хийх нь гээд бусдыгаа унагасан. Энэ бүхний дараа хоёр талаасаа тулаад, хөдөлж чадахаа больсон л доо. Товчхондоо улс төрийн том бүлэглэлүүдийн том гэрээнд оролцох гэсэн сонирхлын хурц хэлбэр долдугаар сарын 1 болж илэрсэн юм. Долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа С.Баяр Ерөнхий сайд байхдаа аймшигтай таван хүнээ сольж, АН-д таван суудал өгсөн. Яг үнэндээ хамтарсан гэрээ хийх нөхцөлийг л таван хүний амиар олж авсан.

-Тодруулах нэг зүйл байна. Та сая Казахстанд өрнөсөн шиг үйл явцыг манайхан долдугаар сарын 1-нд дайраад гарчихсан гэлээ. Тэгэхээр тэр үед өрнөсөн процессын цаана оросууд оролцож байсан сэжим ч бий гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж хэлэх үндэслэл, кейсүүд сонсогдож дуулддаг. Тухайн үеийн бужигнааныг улс төрийн том, өөр зөрчил болгох гэсэн үйл явц гэнэт бужигнаад алга болсон юм билээ.

-Казахстан шиг нэг хүний засаглалтай, тэр нь бусдаас хэт хамаарал бүхий болох эрсдэлээ амжилттай даваад, ардчилал зах зээлийн замаар алхаж яваа гэж бүрэн итгэж болох уу?

-Одоо нэг эрсдэл бий. Улс төрийн энэ системийг өвлөж аваад том ордуудаас гарах ашиг дээр өв залгамжлагчдаа суулгах үйл явц өнөөдөр их идэвхтэй өрнөж байгаа. Наад захын жишээ гэхэд л 76 дотор жирийн хүн орж суух ямар ч нөхцөлгүй болсон. Уг нь Назарбаев эхний хорин жил мундаг ажилласан. Авлигатай тэмцсэн гэх мэтээр. Нийтийн мөнгө Назарбаевийн мэдэлд зуун хувь ирэнгүүт үр удамтайгаа нийлж өнөө мөнгөөр нь тоглочихсон. Ингээд сүүлийн арван жил зөвхөн Назарбаевийн удам энэ улсыг атгана гэсэн бодлогоор явчихсан л даа. Сая өрнөсөн эсэргүүцэл бол тэгж муйхарласнаас үүдсэн тэсрэлт. Ний нуугүй хэлэхэд, Таван толгой, Эрдэнэт, Оюу толгойд дандаа өв залгамжлагчдад очиж байгаа. Хэрвээ яг өнөөдрийн байдлаа Назарбаев шиг арван жил үргэлжлүүлбэл бид мөд тэсэрнэ. Учир нь энэ байдлыг үзэн ядах масс манай улсын иргэдийн 99 хувь байх юм. Монголын тухайд өмчийн хамгийн том хэлбэр буюу газар, газрын доорх баялаг төрийн нийтийн хамааралтай өмч хэвээр яваа. Үүн дээр өв залгамжлагчид олон жил эзэн суувал яах нь тодорхой шүү дээ. У.Хүрэлсүхийн ухаан гүйж чадвал төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг маш хурдан хувьчлах, хувьцааг нь задлах, ил тод компани болгох хэрэгтэй. Улс төр нь эдийн засагт гол нөлөөтэй яваа улсын өмчит компаниудаасаа холдох шаардлагатай. Тэгж чадвал Монголын ирээдүйд Казахстаных шиг үймээн гарахгүй.

-Ингэхэд эдийн засгийн хэчнээн хувийг төрийн өмчийн хамааралтай компаниуд эзэлж байгаа бол?

-Манай топ 100 компанийн 40 нь төрийн хамааралтай. Товчхондоо дөчин хувийг дангаараа атгаж байгаа.

-Үе үеийн Ерөнхий сайдуудаас инфляцийн хэцүү орчинд хамгийн зөв бодлого барьж сайн ажилласан нь хэн бэ?

-1990-1992 оны Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар л хамгийн том сорилттой нүүр тулсан. Тэр үед манай инфляци жилийн 360 хувь байсан. Банкны зээл нь жилийн 250 хувийн хүүтэй байлаа. Тэр хэцүүг давж, шийдэж гарсан нь хэн бэ гэвэл Д.Бямбасүрэн гуай дээр нэмэх нь ганзагын наймаачид. Давж гарсан арга шийдэл нь ерөөсөө л эрх чөлөө өгсөн. Хамгийн гол эрх чөлөө нь гадаад явах эрх чөлөө байсан. Дараагийнх нь аж ахуй эрхлэх эрх чөлөө байсан. Эрх чөлөөний хүсэл тэмүүлэл байсан учраас улсаараа тэр үеийг туулаад гарсан байдаг юм. Айхавтар инфляцийг давж гарсан дараагийн Ерөнхий сайд нь М.Энхсайхан. Азийн хямрал болсон, Монголыг тойроод асар том инфляциуд явагдаж байсан тэр үед дампууралд орсон компаниудыг задалж, дахин бүрэлдэх боломжийг нь нээгээд өгчихсөн. Өнөөгийн дажгүй явж байгаа компаниудын түүхийг та анзаараарай. Дандаа тэр үед байгуулагдсан байдаг. Ер нь манайх шиг жижиг зах зээлээс гэнэт том мөнгө гарахаар, эсвэл дотооддоо их мөнгө хэвлэхээр төгрөгийн гэнэтийн уналт болдгийг анзаарч бодох хэрэгтэй. 2013 оны нэгдүгээр сард төгрөгийн ханш 40 хувиар унасан нь их мөнгө хэвлэсэнтэй холбоотой байсан. Дараа нь 2008 оны зургадугаар сарын 18, 19-нд төв банкаар дамжуулаад 400 сая ам.доллар хоёр өдрийн дотор гарсан. Тэр явдлаас сарын дараа л төгрөгийн ханш 20 хувиар унасан.

-Төв банкны удирдлага нь төр засаг баригчдын үгнээс гарахгүй яваа нь инфляцийн өсөлтийн бас нэг шалтгаан болоод байна л даа. Энэ байдлаас гарах ямар нэг шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Нийтийн мөнгө буюу нийтийн санхүүг өндөр албан тушаалтнаас хамгаалдаг механизм манай Үндсэн хуульд байхгүй. Үндсэн хуулиар хамгаалагдана гэвэл төв банк маань Үндсэн хуулийн байгууллага болох ёстой юм. Тэгж чадвал төв банкны бодлого нь цэвэр мөнгөнийхөө зах зээлтэй уялдаж явах учиртай л даа. Гэтэл нийтийн санхүүгийн ойлголт Үндсэн хуульд байхгүй учраас өндөр албан тушаалтнуудын хувьд нийтийн мөнгө рүү сайн, муу ямар ч хэлбэрээр оролцох үүд нь нээлттэй байгаа. Иймээс Монголбанкны ерөнхийлөгч Монголын гурван өндөрлөгт хүссэн хүсээгүй захирагдана. Товчхондоо төв банкны ерөнхийлөгч нарт бие даасан бодлого гаргаж явах ямар ч нөхцөл байхгүй. Харизмтай нь нөгөө хэдтэйгээ зөрчилдөн байж бодлогоо барих гэж оролдоно, харизмгүй бол аялдан дагаад явахаас өөр аргагүй. Тэгж явсаар ч ирсэн. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр гэхэд л үгсчихээд явж байгаа биз дээ. Төв банкны удирдлагуудыг өндөр албан тушаалтнууд үхэр шиг хөдөлгөхөөс гадна зах зээлийн том тоглогчид бас үхэр шиг хөтлөөд явдаг. Шуудхан хэлэхэд өнөөдөр төв банкны бодлогыг арилжааны банкууд авч яваа. Том бодлого гаргуулах, мөнгө хэвлэх гэх мэт шийдлүүдийн хувьд ерөөсөө л том бизнесүүдийн тоглоомын дүрмээр яваа нь бодитой үнэн.

-Ковид, Тянжинь, эрх баригчдын ухаалаг бус бодлого хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй гээд харвал инфляци бидний төсөөлснөөс ч илүүгээр цойлчих юм биш байгаа. Түрүүн би танаас асуусан даа, дөч, тавин хувь руу цойлох ч эрсдэлтэй юү гэж. Учир мэдэх улс ийм таамаг хэлээд байгаа юм л даа?

-Валютын ханшаа 2850 дээр гурван жил барилаа л даа, бид. Дөч тавь хүрэх нөхцөлийн тухайд түрүүн ярьсан дөрвөн их наяд төгрөг эхлэл нь болчихсон. Дөрвөн их наяд чинь бараг 1.5 тэрбум ам.доллар. Монголын зах зээлээс 400 сая ам.доллар гаргахад л төгрөгийн ханш 20 хувиар унаж байсан тухай би түрүүн цухас дурдсан. Үүн шиг том тоглолтууд хийгдэхгүй болов уу, ойрын үед. Гэхдээ өр дарах процесс явагдаж байгааг мартаж болохгүй. Бондуудын өрөөс гадна Хятадын своп хэлцлийн хоёр тэрбум ам.долларын өр байгаа. Энэ бүхний төлөлт 2022, 2023 онд төвлөрчихсөн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед өр төлбөрөө барагдуулъя гэж бодохгүй байна л даа. Засаг барих хугацаандаа өрийн төлбөрөөс бултах бодлого л явуулаад байх юм. Хоёрдугаарт, логистикийн том асуудал байна. Машин гарах засмал замыг хаачихсан. Нүүрс вагоноор гарч байгаа. Ний нуугүй хэлэхэд, нүүрсэн дээр гэхэд л 45 чиргүүлтэй цуваа тавиулахад л 400 сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл чих дэлсэж байна. Өнгөрсөн хавар 50 сая гэсэн сураг сонсогдож байсан гээд та төсөөл дөө. Кокс багатай хүрэн нүүрс шүү дээ. Бүр тодруулаад хэлбэл, ашигсаад байх юмгүй, баланс барих төдий л наймаа болж байна л даа. Байдал ийм байхад хахуульд өгч байгаа гэх олон зуун сая төгрөгийн тухай хэн ч ярихгүй яваа. Шуудхан хэлэхэд, их мөнгөний төлөөх дээдчүүлийн тоглолт тээвэр дээр явагдаж байх шиг байна. Авлигад өгч байгаа энэ мөнгө буцаад бидэнд л өртөг болж бууна.

-Хувьдаа вагонтой хүмүүс гээд харахаар улстөрч бизнесмэнүүд байдаг л даа. Тэдэнд ашигтай процесс бидэнд ачаа дараа болж байгаа нь шударга бус хэрэг шүү. Ингэхэд тээврийн асуудлыг шийдэх гарц гаргалгаа ер нь байна уу. Тээврийн үнэ өртөг ихээр нэмэгдсэн нь инфляцийн том шалтгааны нэг учраас сонирхоод байна л даа?

-Путин саяхан “Та нар манай төмөр замыг грушик болгож ашиглаад гол мөнгөө өөрсдөө хийж байна шүү, тэрийгээ хуваалц” гэсэн утгатай сануулга өгсний цаана энэ мэт шалтгаанууд бий. Өнгөрсөн оны нэгдүгээр сард эхэлсэн тээврийн асуудал дээр Засгийн газар арга хэмжээ огт авахгүй байсаар өнөөг хүрчихлээ л дээ. Ний нуугүй хэлэхэд, жил гаруй гацсан тээврийн хөлсийг төр нэг удаа төлчих ёстой юм. Яг нарийндаа жилийн өмнө захисан бараа нь иргэдийн хувьд өнөөдөр хэрэггүй, үнэ цэнээ алдчихсан байгаа шүү дээ. 3000 ам.доллараар авчих байсан ачаанаас нь өнөөдөр 10 мянган ам.доллар нэхээд сууж байгаа. Хятадаас орж ирэх ачаан дээр бөөн авлига, сүлжээ мафи үүсчихсэн, хэн их авлига өгснийх нь бараа түрүүлж орж ирж байгаа нь нуух юмгүй ил үнэн. Энэ дашрамд нэг зүйлийг онцолмоор байна. Өнгөрсөн түүхээ эргээд харахаар таван удаагийн эдийн засгийн хямрал болж байж, манай улсад. Энэ бүхнээс гаргасан ганцхан зүйл бол эрх чөлөө. 1990-1992 онд гадаад явах эрх чөлөө, аж ахуй эрхлэх эрх чөлөө өгсөн. Малаа хувьчилж аваад аж төрж явсан учраас 1997 оны хэцүү цагийг давж чадсан. 1997 онд орон сууцаа хувьчилж байсан. Мал, орон сууц хувьд очиж, хөдлөхгүй байсан хөрөнгө хөдөлж байсан, хөдөлсөн учраас тэр жилийн хямралыг давсан. 2009 оны хямралын үеэр өршөөлийн хууль гаргаж эдийн засгийн эрх чөлөө өгснөөр дөрвөн тэрбум ам.доллар эдийн засагт ил гарсан. Энэ мөнгө Оюу толгой төслийн дөрвөн тэрбум доллартай нийлээд хямралыг дажгүй давах хүч болсон. Гэх мэтээр яривал хямрал болгоныг бид эрх чөлөө болон техник технологийн хүчээр л давж гарсан байдаг.

Онцлох нийтлэлүүд