ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.14 08:03

Б.Мэдрээ: ХХБ хуулийн дагуу санхүүгийн зуучлалын үйлчилгээ л үзүүлсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн өдрүүдэд ХХБ-ны хөрөнгө оруулагч Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон нарыг хүчнийхэн сүр дуулиантайгаар барьсан нь дотоодод төдийгүй, гадныхны анхаарлыг татаж байна. Энэ үйл явдлыг ХХБ-ны зүгээс хэрхэн дүгнэж байгаа болон Эрдэнэбилэг, Орхон гэж хэн болох тухай тус банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй ярилцлаа.


-Танай банкны гүйцэтгэх захирал Орхоныг цагдаагийнхан гэрээс гавлаж баривчиллаа. Ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэн юм уу?

-Энэ үйл ажиллагааг зөвхөн би биш, сошиал ертөнц, телевизүүд бүгд харлаа. Мэдээллийн хэрэгслийг дуудаад гарт гав зүүж баривчилсан. Үнэхээр харамсаж байна.Өмнө нь манай Гүйцэтгэх захирлаас хуулийн байгууллагууд хэд хэдэн удаа мэдүүлэг авч байсан. Дуудсан цагт нь ямар ч асуудалгүй шаардлагатай мэдээллийг өгсөн. Ямар ч эсэргүүцэл, цааргалсан зүйл үзүүлж байгаагүй. Гэтэл сая урьдаас бэлтгэсэн бололтой гэрийн гадаа нь отож байгаад гав зүүж баривчилсан нь гайхаш төрүүлж байгаа юм. Энэ хүн рецедив гэмт хэрэгтэн биш, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй шүү дээ. Хэтэрхий сүр үзүүлж, сүржигнэсэн ажиллагаа болж харагдаж байна.

-Нийгмийн зарим хэсэг нэлээд дэмжих маягтай харагдаж байна.

-Манай нийгэм нэг юмыг ойлгох хэрэгтэй байна. Банк гэдэг бол итгэлцэл дээр үндэслэж үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

-Танай банк нийгэмд хэр нөлөөтэй бол?

-Манай банк 30-аад жилийн түүхтэй. Нийгэмд танигдсан банк.

-Түүнийг батлах жишээ байна уу?

-Байлгүй яахав. Өнөөдөр Монголд 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Монгол Улсын нийт гадаад худалдааны төлбөр, тооцооны 85 хувийг дангаар ХХБ гүйцэтгэж байна. Эдийн засагт ийм нөлөөтэй банкны гүйцэтгэх захирлыг сүр бадруулан барьж байгаа нь үнэхээр зохисгүй үйлдэл.

-Гадны орнуудад томоохон банк санхүүгийн удирдлагын баривчилгаа нэлээд түгшүүр төрүүлдэг. Өнөөдөр танай Гүйцэтгэх захирлын баривчилгаа банкны үйл ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэх болов уу?

-Үзүүлээгүй. Манайх олон зуун мянган харилцагчтай, Монголын томоохон компаниудад үйлчилгээ үзүүлдэг банк. Саяхан бид олон улсын хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгээд сайн үнэлгээтэй гарсан. Мөн ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд активын үнэлгээ хийлгэсэн.Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн банк.Гэхдээ төрийн эрх барих дээд байгууллага, Засгийн газрын гишүүдээс эхлээд хууль хүчний байгууллагууд нь ингэж хүч түрж, түрэмгий бүдүүлэг байдлаар хандаад байвал мэдээж нөлөөлж таарна.

-Харин дотооддоо мэргэжлийн түвшний үнэлгээ ямар байдаг бол?

-МонголБанкнаас арилжааны банкуудад тавьдаг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд байдаг.Үүнд нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа есөн хувиас дээш байх ёстой. Энэ үзүүлэлт манайд 16.32 хувь байгаа. Өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 14 хувиас дээш байх ёстой. Манайх 19.16 хувьтай. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 25 хувиас дээш байх ёстой. Манайх 46.97 хувьтай. Нэг зээлдэгч, түүнд холбогдох этгээдэд олгосон зээл, батлан даалт, аккредитивын нийлбэр нь өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй. Манайх 17.58 хувь байгаа. Холбогдох этгээдэд олгосон зээл, батлан даалт, аккредитивын нийлбэр нь өөрийн хөрөнгийн таван хувиас хэтрэхгүй. Харин манай банк 3.88 хувьтай байна. Энэ бүхэн чинь манай банк дотоодын төдийгүй олон улсын түвшний шаардлагыг хангаж байгааг баталж байгаа юм.

-Баривчилгаа танай үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж ойлгох уу?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлөх байх. Гэхдээ манай банк байгуулагдсан цагаасаа банкны олон улсын стандартыг шат дараалан хэрэгжүүлсээр ирсэн. Арилжааны банкуудаас олон улсын жишгийг байнга анхлан хэрэгжүүлсээр ирсэн. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, мөн программ хангамжийн олон улсын стандарт, цахим төлбөр, тооцооны карт, үйл ажиллагаагаа цахимжуулах зэрэг бүх ажлыг манай банк л эхлүүлсэн. Гүйцэтгэх захирлын таван орлогч, ерөнхийлөгч гээд олон удирдах албан тушаалын хүмүүс байгаа учраас банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Төр маань ингэж их хүч, чармайлт тавьж ажиллаад байвал нөөлөлгүй яахав. Харин нөлөөлөөд эхэлвэл тооцоолоход ч амаргүй санхүү, эдийн засаг, нийгмийн хямрал руу л хөтлөх болно. Түүнийг даван туулах, үр дагаврыг нь арилгахад маш их л үнэ төлөх болно. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн тухай нэг хэсэгтээ ярих шаардлагагүй, хямралдаа л дарлуулж амьдарч байсан цаг үе рүүгээ л ухарна.

-Ийм банкны захирлыг хуулийн ямар зүйл ангиар буруутган баривчлав?

-Яг одоо би баригдсан шалтгааныг мэдээгүй байна. Бид баригдсан орой нь өмгөөлөгч авсан.

-Танай банкинд хуулийн зөвлөх, эсвэл баг байдаг уу?

-Манайх банк 10 гаруй хүнтэй хуулийн газартай. Тэнд өндөр мэргэжлийн хуульчид ажилладаг.

-Банкны үйл ажиллагаанд хуулийн хяналт тавьдаг уу?

-Тавьдаг.

-О.Орхон захирал буруугүй гэдгээ олон түвшинд нэг бус удаа тайлбарлаж байсан. Яагаад өчигдөр баригдав?

-Хуулийн дагуу шалгагдаад, түүний өмнө нь ярьж байсан буруугүй гэдэг нь батлагдана.

-Зарим хүмүүс хуульчдад итгэхгүй байгаа шүү дээ.

-Энэ асуудал өмнө нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдээд буруугүй гэдэг нь батлагдсан асуудал шүү дээ. Гурван шатны шүүхэд оролцсон тэр олон хуульчид бүгд нэгдээд буруу шүүж, шийдвэр гаргана гэдэг бол бүтэшгүй асуудал. Үнэн хэрэгтээ шүүх засаглал, хуульчдыг доромжилсон хэрэг.

-Гэхдээ нийгэм...

-Би нийгэм тэр аяараа ХХБ-ийг буруутгаад байгаа гэж бодохгүй байна. Нийгэмд банк гэдэг нь санхүүгийн зуучлалын байгууллага гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,“А” компанид хэрэгтэй мөнгийг “Б” компаниас хадгалуулсан хөрөнгийг зээл олгох замаар бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Бид зөвхөн “Монголын зэс” корпорацид санхүүгийн үйлчилгээ үзүүлээгүй. Бусад олон компанид үзүүлдэг үйлчилгээгээ л үзүүлсэн. Өнөөгийн томорч өсөж хөгжсөн компаниуд цөмөөрөө манай банкнаас ийм л үйлчилгээ авч хөл дээрээ боссон. Нефтийн, уул уурхайн, барилгын өнөөгийн том компаниуд, МИАТ, Говь, АПУ, MCS гэх том компаниуд чинь бүгд л манай санхүүжилтээр томорсон. Энэ компаниуд чинь л өнөөгийн эдийн засгийг авч явж байгаа.

-Танай банк “Монголын зэс” корпорацид санхүүгийн үйлчилгээ үзүүлснээс болж их хэмжээний хохирол гарсан тухай яригдаж байгаа шүү дээ.

-Энэ 49 хувь гээд байгаа нь Оросын мэдлийн өмч байсан. Тэд өөрсдөө зарах шийдвэр гаргасан. Тэд хохирсон гэсэн гомдол гаргаагүй. Монгол Улсын хувьд нэг ч хувь иргэн хүн, албан байгууллага хохирсон гэсэн гомдол гаргаагүй өнөөг хүрсэн. Хохирогч байхгүй байгаа биз дээ. Тэгвэл ямар эрүүгийн хэрэг үүсэх юм бол оо. Хэрэв энэ залуус аваагүй, санхүүжилтээс болоод цаг алдсан бол Хятад, тэр бүү хэл Оросын өөрийнх нь компани ч авах боломж бүрдэх байсан юм билээ.

-Яагаад энэ компаний 49 хувийг авахад гадны тэр их мөнгөтэй компаниудыг ялсан гэж үзэж байна вэ?

-Хууль журмыг сайн судлаад, төслөө маш сайн хийсэн бол санхүүжүүлэх байгууллага олдоно. “Монголын зэс” корпораци зөвхөн манайхаас санхүүжилт аваагүй шүү дээ. Өөр олон газраас мөнгө босгосон. Гадны орноос санхүүжилт авсан байх. Энэ 49-н хувийн ард Эрдэнэт гэсэн том үйлдвэр өөрөө баталгаа болж байгаа төдийгүй, тэгэхээр санхүүжилт босгох боломж бүрдэнэ биз дээ.

-Танай банкны хамгийн том хөрөнгө оруулагч хэн бэ?

-Д.Эрдэнэбилэг. Хувьцааны 90 гаруй хувийг эзэмшдэг.

-Та ХХБ-ийг үүсгэн байгуулсан хүний хувьд энэ хүний талаар мэдээлэл өгч болох уу?

-Миний бие 1987 оноос банкны салбарт ажилласан. 1990-ээд оноос банкны салбартаа тодорхой хэмжээнд танигдсан байсан байх. Харин Д.Эрдэнэбилэгтэй 2006 онд танилцсан. Тэр үед би ажилгүй байсан. Харин Д.Эрдэнэбилэг надад “Интер-Капитрон” банкийг нэгтгэх ажлыг удирдан захирлаар ажиллах санал тавьсан. Би мэргэжилдээ дуртай учраас саналыг хүлээж аваад “Харин би бизнест чинь оролцохгүй шүү” гэж хэлсэн. Энэ хүн архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв зангүй, социализмын үеэс “Дэнжийн 1000” зах дээр наймаа хийж бизнесийн гараагаа эхэлсэн юм билээ.

-Д.Эрдэнэбилэг төрд ажиллаж, тендер авч байсан уу?

-Тийм юм байхгүй. Маш их хөдөлмөрч бөгөөд ажилсаг хүн.

-Таныг О.Орхоны “Загалмайлсан эцэг” гэдэг яриа байдаг.

-Товчхондоо О.Орхоныг мундаг менежер гэж хэлж болно. Бид их, дээд сургуулиудын II курсээс оюутнууд сонгож, төгсөх хүртэл нь банкинд дадлага хийлгэж, ажилтан болгож авдаг. Миний сонгож ажилтан болгосон оюутнуудын нэг нь Орхон. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн.Сургуулиудаа онц төгссөн. Хүнлэг хүн болж төлөвшсөн. Англид мастер хамгаалсан. Манай банкны гадаадад гаргасан бондууд, Чингис бондыг босгоход гол үүрэг гүйцэтгэсэн банкир шүү дээ.

Онцлох нийтлэлүүд