ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.07.14 10:07

Б.Ууганцэцэг: Сүлжээний бизнес богино хугацаанд их мөнгө олох гэсэн хүсэл шунал дээр тулгуурладаг


Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй сүлжээний бизнес хүмүүсийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.


-Сүлжээний бизнес хүний сэтгэл зүйтэй маш нарийн холбоотой. Сэтгэл зүйн талаасаа яагаад энэ төрлийн бизнест татагддаг юм бол?

-Тийм ээ. Энэ төрлийн бизнесийн онцлог гэвэл хүний сэтгэл санааг татах арга техниктэй байдаг. Энэ төрлийн арга техникт олон зүйлс ордог. Гол арга нь ятгах арга буюу харилцагчийн сэтгэл зүй, харилцаан дээр суурилсан байдаг. Хүний сэтгэл хөдлөлд хялбар нөлөөлөх дараах зүйлийг энэ бизнес агуулна. Бага хугацаанд их мөнгө олох, түргэн баяжих, гэрээсээ ажиллах, ажлаасаа гадуур хийх боломжтой. Цалингийн шатлал хурдан ахих, бусад хүнийг өөртөө элсүүлэх зэрэг бидний хэрэгцээн дээр суурилсан өгүүлэмжтэй байдаг нь бусдыг өөртөө татах арга болдог гэж ойлгож болно.

-Сүлжээнд ороод хохирсон олон мянган хүн бий. Тухайлбал, Манайд Жи-Таймын хэрэг хамгийн том хохирол учруулсан хэрэгт тооцогдож энэ асуудал шүүхээр явж байна. Ингэж олноор хохирсон нь нийт массын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл зүйн илрэл гэж хэлж болох уу?

-Сүлжээний бизнесийн хувьд зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийт даяараа сонирхон дагаж ордог. Гэхдээ сүлжээний бизнесийг хүмүүс харьцангуй ойлгож мэддэг болж байна. Мөн эрсдэлтэй гэдгийг ч гадарлах болжээ. Дээр хэлсэнчлэн сүлжээний бизнесийн сэтгэл татдаг хэсэг бол яахын аргагүй богино хугацаанд их мөнгө олох гэсэн бидний хүсэл шунал дээр тулгуурладаг. Энэ үед бидний эрсдэлийг тооцох, логик сэтгэлгээ чухал боловч өндөр сэтгэл хөдлөлд дарагдан буруу шийдвэр гарган өөрөө сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирох тохиолдол байсаар байна.

-Ямарваа сүлжээнд итгэж, олноор элсэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь иргэдийн улам л биеэ оторлох, хөдөлмөрлөх дургүй байгаа болж байгаагийн шинж ч юм шиг. Энэ тухайд?

-Нэг талаараа тэгж дүгнэж болно. Мөн ажил хийх өөрийгөө авч явах нь бидний амьдралын хэв маягаас хамааран өөр байх боломжтой. Эцэг эхийн хүмүүжил, ажил хөдөлмөрт хандах хандлага, мөнгөнд хандах хандлага зэрэг нь ямар ажил хийх, яаж мөнгө олох вэ гэдэгтэй хамааралтайг баталсан судалгаанууд байна. Үүнээс үзэхэд амар хялбар аргаар олсон мөнгө гарахдаа ч хурдан бөгөөд олсон шигээ сэтгэл хөдлөл дээр суурилдаг учир тогтвортой байх байдал бага юм. Тиймээс сэтгэл санаа тогтворгүй байгаа, стресс бухимдал их, мөнгөгүй байдалтай удаан хугацаагаар байх тусам сүлжээний бизнесийн хохирогч болох байдал нэмэгдэх хандлагатай. Мөн олон жил үргэлжилсэн дэлхийд нэртэй гоо сайхан, эрүүл мэндийн сүлжээ байсан ч өөрөө сэтгэл санаа нь тогтворгүй хүн дороо хүн авах, бараагаа зарж чадахгүй байснаас болж мөн л сэтгэл санаа хямрах байдал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ зүйлийг би хийж чадах уу, энэ хууль ёсны бизнес мөн үү, үүнийг хийхдээ би дуртай байх уу гэсэн асуултанд хариулт өгсний дараагаар шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна.

-Тэгэхээр ганцхан манайх ч биш дэлхий нийтээрээ хялбар аргаар мөнгө олох сонирхолтой болоод, бэлэнчлэх хандлагатай болоод байна уу?

-Дээр дурдсанчлан энэ ганцхан манайд байгаад байгаадаа биш, хүний сэтгэл зүйн эмзэг нарийн байдалд суурилсан учир дэлхий нийтийн асуудал болчихсон. Мөн хүний мөнгө олох, бэлэнчлэх сэтгэлгээ нь зөвхөн өнөө үед ч бус бидний өмнөх хэдэн зуун мянган жилд ч байсан. Тиймээс зарим улс орон үүнийг хуулийн хүрээнд хориг тавьж шийдсэн байдаг байх.

-Анхааруулсаар байтал сүлжээнд орох юм. Хүний сэтгэл зүйг татах арга техник нь улам нарийн болоод байна уу. Та энэ төрлийн бизнест ороод эд хөрөнгө болоод сэтгэл санааны хохирол амссан хүнтэй ярилцаж байв уу?

-Харилцааны ятгах, нөлөөлөх арга зам улам бүр нарийсаж зарим тохиолдолд өөрөө ч мэдэлгүй нээрээ мөнгөө өгсөн шүү дээ гэсэн хүнтэй нэг бус удаа тааралдаж байсан. Тиймээс ятгалгын гол арга зам бол өндөр сэтгэл хөдлөл үүсгэх юм. Та хэт их баярлаж, хөөрч байх тусам таны гаргах шийдвэр эрсдэлд орно гэсэн үг. Сэтгэл хөдлөл өндөр л байх тусам бидний тунгаан бодох хэсэгт боломж олдохгүй байна гэсэн үг.

-Пирамид сүлжээ гэж ярьдаг. Энэ сүлжээний хүмүүсийг татах онцлогийг сэтгэл зүйн талаас нь та хэрхэн тайлбарлах вэ?

-Богино цаг хугацаанд түргэн мөнгө олох арга зам хүний сэтгэл санааг татдаг. Мөн энэ нь сэтгэл хөдлөл дээр суурилдаг. Сүлжээний бизнесийн гол онцлог нь харилцаан дээр суурилдаг бөгөөд ятгах үйл явц нь том хэсгийг эзэлнэ. Энэ нь хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж шийдвэр гаргалт тэр чинээгээр хурдан бөгөөд эрсдэлтэй байдаг.

-Ер нь хүнийг гаднаас хараад "сэтгэл зүйн тоглолт" хийж болох хүн байна гэдэг нь ажиглагддаг уу?

-Ятгах, нөлөөлөх аргыг эзэмшсэн хүн хамгийн түрүүнд таны сэтгэл санаанд, сэтгэл хөдлөлд хүчтэй мэдрэмж төрүүлэх болно. Ямар их боломж вэ ямар сайхан юм бэ гэсэн дохио тархинд их очих бүрт таны шийдвэр гаргах байдал түргэн болно гэсэн санаа. Тиймээс ийм бодол мэдрэмж, дохио ирэх бүрт өөртөө тунгаан бодох хугацаа олгоорой.


Онцлох нийтлэлүүд