ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.04.22 05:04

Б.Хулан жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга боллоо


Жюү жицүгийн хөх бүсний ангиллын 70 кг-д хүчээ сорьсон Б.Хулан /”Женко” академи/ залуучуудын дэлхийн аварга болж, алтан медаль хүртлээ.

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод үргэлжилж байна. Энэхүү 11 дэх удаагийн тэмцээнд 100 гаруй орны тамирчид өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байгаа бөгөөд ням гарагт /2019.04.21/ өсвөрийн охидын ангилал болон эмэгтэйчүүдийн төрөл явагдаж, медальтнуудаа шалгаруулжээ.

Монгол Улсын охидын баг саарал, шар, хөх бүсний ангилалд нийт есөн тамирчин өрсөлдөж, тав нь медалийн эзэд болсон байна. Охидууд алт, мөнгөн медаль тус бүр хоёр, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн өсвөрийн ДАШТ-ий 52 кг-д шар бүсний ангилалд Г.Батцэцэг алтан медаль хүртсэн бол 57 кг-д саарал бүсний ангилалд Б.Батцэцэг /Баянхонгор аймаг/, 48 кг-д саарал бүсний ангилалд Б.Баасансүрэн /Архангай/ нар мөнгө, 40 кг-ын шар бүсний ангилалд Г.Мөнхтуяа /”Шинэ бадрах” дэвжээ/ хүрэл медалийн эзэд боллоо.

Өнөөдөр хөвгүүдийн ДАШТ-ий медальтнууд тодорно. Манай улсаас өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 33 тамирчин өрсөлдөж байна. Абу Даби хотын “Мубадала Арена” спорт цогцолборт болж буй жюү жицүгийн ДАШТ-ийг MNC телевиз шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 26-нд өндөрлөнө.

Онцлох нийтлэлүүд