Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn
Цаг үе
2017.07.03 10:07

Б.Цогтгэрэл: Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ зунаас эхлэн үнэ бууруулах тал дээр арга хэмжээ авна

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.


-Өнөөдөр (өчигдөр) МИАТ компани Улаанбаатар-Пусаны чиглэлд анхны нислэгээ хийлээ. Үнэ тарифийн хувьд ямар байх бол. Нислэгийн тасалбар хямдарлаа гээд байгаа шүү дээ?

-2016-2020 онд Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогын бичиг баримтад нислэгийн тоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар үнэ тарифийг бууруулахаар заасан тул энэ хүрээнд яам анхаарал хандуулан ажиллаж байгаа. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй гадаад валютын ханшийн савалгаа хүндрэл үүсгэж байгаа ч МИАТ компани өнөөдрийг хүртэл нислэгийн тасалбарын үнээ нэмэгдүүлээгүй. Манай орны хувьд өвөл онгоцоор зорчих хүмүүсийн тоо багасч зун нь нэмэгддэг улирлын онцлогтой. Зуны дэлгэр цаг ирсэнтэй холбогдуулан нисэх онгоцны тасалбар ховорддог нь иргэдийн дунд бухимдал үүсгэх шалтгаан болдог. Өмнө нь Пусанаас нислэг хийж байсан бол МИАТ компани нислэгтэй болчихоор тасалбар олдохгүй, тасалбарын үнэ өндөр байх зэрэг асуудлууд багасна.

-Ер нь нислэгийн үнийг хэрхэн яаж тогтоодог юм бэ?

-Нислэгийн 26 төрлийн үнэ байдаг. Тасалбарыг хэзээ захиалж байгаагаас шалтгаалан үнэ өөр өөр байгаа юм. Манайхан гадныхан шиг бүтэн жил, хагас жилээр нь ажлаа төлөвлөчихөөд ядаж гурван сарын өмнө тасалбараа авчихбал илүү хямд үнээр үйлчлүүлэх боломжтой. Гадныхан ингэж ажлаа эртнээс төлөвлөдөг болохоор санхүүгийн дарамт ч бага байдаг. Монголчуудын хувьд цагийг нь тулгаж байгаад тасалбараа захиалдаг тул үнэ өндөр байгаа юм. МИАТ компани Пусан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ хийлээ. Дахин хэлэхэд манайхан нислэгийн тасалбараа эртхэн захиалчихвал эдийн засгийн хувьд хэмнэлттэй шүү.

-Манай нислэгийн тасалбар яагаад ийм өндөр байдаг юм бэ. Хэд хэдэн орон руу явчих мөнгөөр нэг улс руу л явж байна гэх шүүмжлэл байдаг. Та хэд хоногийн өмнө нислэгийн тийз 20-40 хувь хямдарна гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Нэг зорчигчийн үнэ олон зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, даатгалууд, нисэх буудлуудын такс, агаарын навигацийн хураамжууд, кабинд үйлчилж буй үйлчилгээний зардал, шатахуун гээд бүх төрлийн үйлчилгээ нэг цэгт төвлөрч зорчигчдод хуваагддаг юм. Нэг зорчигийн үнийн задаргааны судалгааг нислэгийн бүх компани хийдэг. Тэр хүрээндээ энэ зардлуудаа хэмнэхийг боддог. Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ зунаас эхлэн үнээ бууруулах тал дээр арга хэмжээ авна. Орон нутагт нислэг үйлдэж буй Хүннү эйр, Аэро Монголиа компаниуд тасалбарынхаа үнийг 20-40 хувь бууруулах боломжтой гэдгээ зарласан.

Олон улсын чанартай нислэгүүдийн хувьд агаарын харилцааны хэлэлцээний хүрээнд тухайн оронтой ярилцан шийдэгддэг. БНСУ-ын Элчин сайдын зөвлөх Ким Тэ Уг гуай “Энэ сарын 28, 29-нд агаарын харилцааны хэлэлцээ болно. Хэлэлцээний дүнд ахиц дэвшил гарах байх” гэдгээ хэлж байна. Ким Тэ Уг зөвлөхтэй санал нэг байгаа. БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамныхантай өмнө нь хоёр удаа уулзаж тасалбарын үнийг бууруулах, гарч буй зардлаа багасгах талаар ярилцсан. МИАТ компани эдийн засгийн тал дээр тийм ч сайнгүй байгаа. Тиймээс үүнийг арилгахын тулд БНСУ-ын нислэгийн компаниуд ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр нэлээдгүй яриа хэлэлцээ өрнөсөн.

-Яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ, үүнд?

-Яамны зүгээс эхний ээлжинд үнэ тарифийг бууруулах, үр ашиггүй илүү зардлуудаа танах зорилттой ажиллаж байна. Монгол руу нислэг үйлдэх сонирхолтой нислэгийн компаниуд саналаа хэлж байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үүнийг хориглох зүйл байхгүй. Харин тухайн улс орныхоо хууль тогтоомжинд ялангуяа БНСУ-ын хувьд эргэж харах зүйлс байдаг юм билээ. 19 жилийн турш зөвхөн Кореан Эйрланс яагаад ниссэн юм бэ гэдгийг судлаад үзтэл Солонгосын хууль тогтоомжтой холбоотой байгаа юм. Монгол Улсын нислэгийн компаниудын онгоц Солонгост очиход газрын үйлчилгээ, навигацийн хураамж авах, сургалт гээд бүх зүйлээ яриа хэлцэлд оруулан явж ирсэн. 1992 оноос хойш БНСУ-тай агаарын яриа хэлэлцээнд 13 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Харамсалтай нь 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр БНСУ, Кореан Эйрлансын талд ашигтай байсан нь судалгаагаар гарсан. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан, өр зээлийн асуудал хүндэрсэн, цалин бага зэрэг олон шалтгааны улмаас Монголын талд нааштай шийдвэр гаргах байх гэдэгт найдаж байна. Бид бодит нөхцөл байдлаа хэлээд явж байгаа.

-Энэ онд багтааж БНСУ-аас гадна ямар орнуудтай агаарын харилцааны хэлэлцээ хийх вэ. Манайхны хувьд гадаад орнуудад ихээр зорчдог болсон тул тасалбар нь хямдарчихвал хэрэгтэй юм биш үү?

-Энэ онд БНСУ, Туркийн талтай яриа хэлэлцээ явж байна. Шинээр Эйр Астана компани Монголын талд хүсэлтээ тавьсан. Манайхаас судалгааны баг ажиллаж байгаа. Шинээр ажил эхэлнэ гэдэг бол тухайн орны нөхцөл байдлыг урьдчилан тооцож нарийн судалгаа хийгдэх ёстой. Нэг үгээр хэлбэл тийм амар ажил биш. Мөн агаарын харилцааны хэлэлцээ болон гэрээ дүрмийнхээ дагуу хийгдэх шаардлагатай. Сэтгэлийн хөөрөл, хэн нэгний шахалтаар, улс төрийн зорилгоор энэ асуудлуудад хандаж болохгүй. Бид юу руу тэмүүлж, хүсч байна тэр зүйлээ л хийх хэрэгтэй.

Туркийн нислэг эхлэх тухай яригдаж байхад тус улсын өндөр албан тушаалтан айлчлах гэж байгаа тул айлчлалд ахиц гаргах ёстой гээд ямар ч тооцоо судалгаагүй гэрээ байгуулж ирсэн явдал бий. Энэ нь амьдрал дээр алдаа болж гарсан нь байдаг л даа. Үүнийг нь засах гэж жил дамнасан ажил болж байх жишээтэй. Тиймээс иймэрхүү байдлыг дахин гаргахгүйн тулд тооцоо судалгаагаа нарийвчлан хийж ажиллах ёстой. Яам болон Д.Ганбат сайдын зүгээс нислэгийн тоог нэмэгдүүлж, нислэгийн билетийн үнийг бууруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа нь иргэддээ хандсан алхам гэж үзэж байгаа. 2020 онд бид дүнгээ тавиулна. Тиймээс тэр хүртэл тасалбарын үнээ буулгасан байх ёстой. Үүний төлөө өдөр, шөнөгүй ажиллацгааж байна. Цаашид тасалбарын үнийг бууруулах тэр дундаа Зүүн өмнөд Азийн орнуудын тасалбарын үнэд ойртуулахаар ажиллаж байгаа.

-Тэдэн төгрөгөөр буурна гээд хэлчихэд хэцүү юм байна гэж ойлголоо. Учир нь агаарын харилцааны хэлэлцээрээр шийдэгддэг юм байна...

-Тэгэлгүй яахав. Агаарын харилцааны хэлэлцээртэй улс орнуудтайгаа заавал хэлэлцээнд орох ёстой. Нэг зорчигчийн тасалбарын үнэ дээр гарч буй зардал бүрийг сайтар нарийн тооцож, ярилцах хэрэгтэй. Ингэж байж үр дүн гарна. Тухайлбал, бид БНСУ-ын агаарын харилцааны хэлэлцээг эхлүүлэх гэж өнгөрөгч оны есдүгээр сараас хойш гүйж байгаа байхгүй юу. БНСУ-ын агаарын тээврийн асуудал эрхэлсэн Чой Жун Хо дэд сайдад олон удаа албан бичиг илгээж, хоёр удаа биечлэн уулзаж байж энэ сард хэлэлцээ хийхээр тогтож байгаа юм. Түүнээс биш утсаар яриад, уулзаад “Өөрчлөх үү” гээд өөрчилдөг юм биш. Мөн БНСУ-ын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиас болоод ажил сунжирсан. Ганцхан монголчуудаас болоод ажил хойшилдог гэж ойлгож болохгүй.

-Нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэхээр Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын асуудал сөхөгдөх байх. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал өчигдрийн (уржигдар) байдлаар туршилт тохируулгын нислэгүүд хийгдэж, навигацийн тоног төхөөрөмжүүдээ турших ажлууд явагдаж байна. Эхний ээлжийн графикт нислэгүүд хийгдсэн. Хэмжилт, зураг зүйн нислэгүүд хуваарийн дагуу хийгдэх ёстой. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал нийслэлээс алслагдсан тул сайн чанарын авто замтай байх ёстой. Тэр утгаараа авто замын ажил ид явагдаж байна. Хөшигийн хөндий хүрэх замын 70 хувийг энэ жилдээ багтаан дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Яамны зүгээс хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх тал дээр шаардлага тавьж ажиллаж байна. Манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан менежментийн баг ажлаа эхлүүлсэн. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг аль болох хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Гэрээ ёсоороо бол 2018 оны гуравдугаар улиралд ашиглалтад орно. Зарим тооцоолоогүй зүйлс гарч ирж байгаа ч хамтын шийдвэрээр давж байна даа.

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг бариад манайд ашиггүй гэсэн тооцоог зарим экспертүүд гаргасан байх юм. Ямар учраас ийм дүгнэлт хийсэн юм бол. Хөшигийн хөндийн төсөл ашигтай юм уу, ашиггүй юм уу?

-Ашигтай. Маш их ашигтай. Ашигтай учраас гадаадын маш олон орноос хамтран ажиллах санал ирж байгаа.

-Та дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэсэн дээ. Хэдээр нэмэгдэж байгаа юм бол?

-Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх замуудаа шулуутгасан. Нэмээд хэд хэдэн агаарын зам нээхээр төлөвлөж байна. Дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хөрш орнуудтай хэлэлцээ хийж байгаа. Хэлэлцээ амжилттай болбол жилдээ 110 гаруй мянган нислэг манай улсаар дамжина. Өмнөх жилүүдэд 90 гаруй мянга байсан юм. Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдсэнээр хатуу валют орж ирэх боломж улам нэмэгдэх учиртай. Төмөр зам ч мөн адил. Монгол Улс Ази Европыг холбосон хамгийн зөв байршилтай орон. Тиймээс үүнийгээ ашиглан валютаа нэмэгдүүлэх нь чухал.


Онцлох нийтлэлүүд