В.Байгал: Хэн дуртай ашиг хайсан хүн вакцин оруулж ирээд зардаг юм биш

“Дархлаажуулалтын 10 хоног” эхэллээ. Дархлаажуулалтын хүрээнд өмнө нь вакцин хийлгээгүй хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдэд нөхөн хийх, эцэг, эх асран хамгаалагчид бодит мэдээлэл өгөх, эрүүл мэндийн ажилтны ур чадварыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ уг аяныг зохиож байна. 2018 оны дархлаажуулалт “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор болно. Энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар үргэлжлэх юм. Өнөөдөр Монголын уран зургийн галерейд уулзалт зөвөлгөөн, “Вакцинаар хамтдаа сэргийлье” гэрэл зургийн үзэсгэлэнгийн хамт нээлтээ хийлээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, аймаг орон нутаг, дүүрэг хороодын дархлаажуулалтын сувилагч, эмч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгалтай ярилцлаа.
-Вакциныг яагаад хийлгэх ёстой вэ?
-Дэлхий дахинд халдварт өвчнөөс хамгийн найдвартай сэргийлэх арга бол дархлаажуулалт. Тиймээс дархлаажуулалтыг дэлхий дахинаа жилд хоёр удаа зохион байгуулдаг. Манай улсын хувьд одоогийн мөрдөгдөж байгаа дархлаажуулалтын тов 1993 онд батлагдсан. Хамгийн анх 1923 онд вакциныг хийж эхэлсэн. 1939 онд цагаан цэцэг өвчнийг устгаснаар дэлхийд хамгийн анх энэ өвчнийг устгасан улс болсон. Бидний дараа АНУ зэрэг том улсууд тус өвчнийг устгасан түүхтэй. 2000 онд халдварт саа буюу насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай аюулт өвчнийг устгасан. Дэлхийд энэ өвчин дөрвөн оронд гарч байна гэсэн мэдээ байгаа. Гүйцэт устах хүртэл халдварт саагийн урдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдсээр байх болно. Сүүлийн арваад жил сахуу, татран, хөхүүл ханиад зэрэг өвчний гаралт эрс буурсан. Нярайн татран сүүлийн 10 гаруй жил бүртгэгдээгүй. Ер нь вакцин хийснээр эдгээр өвчнүүд сүүлийн 10 жилд гарсангүй гэж ойлгож болно. Улаан бурхан өвчнөөр 2015 онд нэлээн том дэгдэлт болсон. Яагаад дэгдсэн бэ гэвэл 1990-ээд оны шилжилтийн үед вакцины хамралт буурсан. Энэ үеэр вакцинд хамрагдаагүй хүмүүсийн бөөгнөрөлөөс дэгдэлт үүссэн. Сүрьеэгийн вакцин нь халдвар авахаас урдчилан сэргийлдэггүй. Хүндрэлээс нь урдчилан сэргийлдэг. Хүүхдүүдийн дундах сүрьеэгийн хүндрэл маш сайн буурсан байгаа. Хепатит В-ийн вакциныг 1991 оноос хийж эхэлсэн. Дэлхий дахинд анхны хавдрын эсрэг вакцин гэж нэрлэгдсэн. Анх хийлгэж байсан хүүхдүүд одоо 27 нас хүрсэн байна. Үүнээс өмнө төрсөн хепатит В-ийн дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс эмчид үзүүлээд, сайн дураар гурван тунгаар вакцин хийлгэж, урдчилан сэргийлэх боломжтой. Энэ нь хавдрын эсрэг вакцин учир үр дүн нь 10, 20 жилийн дараа гарч болно. Хепатит А-ийн вакциныг 2012 оноос хийж эхэлсэн. Өмнө хепатит А-ийн гаралт ямар их байлаа. Одоо 10000 хүн тутамд хоёр л халдвар илэрч байна гэсэн судалгаа гарсан.
-Вакцин хийлгээгүйн хор хөнөөл нь юу вэ?
-Вакцинаар хамгаална гэдэг нь өөрийгөө төдийгүй эргэн тойронд байгаа бүх хүмүүсийг давхар хамгаалдаг. Вакцинаа хийлгээгүй тохиолдолд вакцин хийлгээгүй халдварт өвчинд өртөнө. Гэтэл таны эргэн тойронд вакцин хийлгээгүй хүн байвал давхар халдвар тээж өвдөнө, тараана. Вакцин хийлгээгүйгээр өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг ч гэсэн хохироож байгаа хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Халдварт өвчнийг вакцины тусламжтай дарсан гэж ойлгож болох уу?
-Тарилгатай халдварт өвчин буюу вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин буурахын хэрээр нийт халдварт өвчин массаараа бас буурдаг.
-Сүүлийн үед вакцин хийлгээд миний хүүхэд өвдчихлөө, буруу вакцин хийлээ, хугацаа нь дууссан байсан гэдэг ч юмуу вакциныг эсэргүүцэх үг яриа гарч байна. Энэ юунаас болоод байна?
-Миний бодлоор нэр нөлөө бүхий хүн вакцины талаар сөрөг нэг мэдээ цацахад тэрийг уншиж судлалгүй, өөрийн болголгүй шууд итгээд, түүн дээр дөрөөлсөн дараа дараагийн нэмэлт хачир оруулан, тарааж явдаг хэсэг хүмүүс байдаг. Үүнийг би буруу үзэл гэж нэрлэнэ. Яагаад гэвэл энэ олон жилийн хугацаанд элдэв өвчнийг устгаад ирсэн урдчилан сэргийлэлтийг үгүйсгэх нь ямар үр дүнд хүрэхийг бодох хэрэгтэй. Хэрэв үүнээс нь болоод дахиад тэр өвчлөл гараад эхэлбэл тэр хүн хариуцлага хүлээх үү, яах билээ гэдгээ дүгнэдэг байгаасай л гэж хүсч байна.
-Вакцингүй өвчин бий юу?
-Маш олон өвчин бий. Одоо бол бид зөвхөн 11 төрлийн халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх вакциныг хэрэглэж байна.
-Монголдоо вакциныг үйлдвэрлэх боломж нь хэр байдаг бол?
-Түүхэн замналаас харвал манай орон вакцинаа өөрсдөө үйлдвэрлэж байсан цаг бий. Цагаан цэцэг өвчний вакциныг өөрсдөө үйлдвэрлэж, хэрэглэснээр уг өвчний гаралт байхгүй болсон. Хепатит В вакциныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд үйлдвэрлэдэг байсан. Одоо үед вакцины бараа материалыг худалдаж авч, гаднаас оруулаад үйлдвэрлэх, тээвэрлэж оруулж ирээд шууд хэрэглэх хоёрын хоорондох эдийн засгийн ялгаа асар их болсон. Гадаад улсуудад вакцин массаар нь үйлдвэрлээд, тарааж байгаа учир харьцангуй хямд. Бид бүх бүтээгдэхүүнээ аваад Монголдоо үйлдвэрлэхээр өндөр зардал гарна. Тиймээс бидний барьдаг зарчим бол ДЭМБ-аас баталсан шаардлагыг хангасан, чанартай, хямд вакциныг ДЭМБ-ын хүүхдийн сангийн тусламжтай, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу оруулж ирдэг. Түүнээс хэн дуртай ашиг хайсан нэг хүн вакцин оруулж ирээд зардаг асуудал биш.
-Вакцинжуулалтын 10 хоногт сайн дураар хамрагдах хүсэлтэй хүн бүр вакцин хийлгэж болох уу, төлбөр бий юу?
-Хамгийн гол нь олон хүнийг хамруулж, урдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа учир хүссэн хүн болгон хамрагдаж болно. Дээр дурдсан 11 нэр төрлийн вакциныг хүн бүр хийлгэх боломжтой.
-Хаана хийлгэх вэ, цагийн хязгаар бий юу?
-Харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр ажлын цагийн хуваарийн дагуу хийнэ.