Улс төр
2014.06.11 12:06

Газрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Учир нь хуулийн төслүүдийн талаар МАН-ын бүлгээс тодорхой саналуудыг өнөөг хүртэл ирүүлээгүй байгаа аж.

Үүний дараа “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгагч нь малчдад малын даатгалын нэмэлт бүтээгдэхүүн санал болгох үүрэгтэй бөгөөд уг харилцааг даатгалын хуулиар зохицуулна. Энэ хуулийн хүрээнд төрөөс үзүүлж буй дэмжлэг нэмэлт бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэсэн саналыг гаргасан юм.

Уг саналаар санал хураалгах эсэх асуудлаар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь дахин санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.

Ингээд Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулахаар болов.

Онцлох нийтлэлүүд