ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.02.06 11:02

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц: Гарч буй Шороон гахай жил бороо хур элбэгтэй, нялхас, хөгшдөд ээлтэй байна

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Азийн Буддистуудын Энхтайвны Бага Хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамцтай ярилцлаа.


-Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн өнгөөс ярилцлагаа эхлэх үү, хамба лам гуай?

-Тэгье ээ. Чухамдаа өнгөрсөн хугацаанд бидний хийсэн сайн сайхан, эсвэл муу муухай үйлүүд шинэ гарч буй жилд ч үр дагавараа нөхцөлдүүлээд явах нь жам ёсных. Гэхдээ од эрхэсийн хөдөлгөөний нөлөө болон хүмүүсийн хоорондын харьцаанаас шинээр гарах жилийнхээ өнгийг үздэг ёс бидний уламжлалт зурхайд байдаг. Жилийн өнгө ороо бусгаа, идэр залууст ширүүн боловч нялхас болон хөгшдөд ээлтэй шинжтэй. Жилийн дундуур бороо хур ихтэй хэмээн зурхайд буужээ.

-Цагаан сарыг төвөгшөөх, шүүмжлэх хандлага анзаарагдах боллоо. Тантай сар шинийн учир бэлгэдлийн тухай сайхан яриа өрнүүлмээр байна..?

-Монголчуудын өв соёл, үндэсний сэтгэлгээний хамгийн том илрэл бол уламжлалт сар шинэ мөн. Тиймээс ч бидний эцэг өвгөд энэ гүн нарийн бэлгэдэл бүхий баярыг олон зууны турш тэмдэглэж ирсэн. Их эрдэмтэн Завадамдин, Агваанямаа лхаарамба нарын түүхийн сурвалжид Цагаан сарыг намар тэмдэглэдэг байсан тухай гардаг. Түүхийн явцад тухайн үеийн нийгэм, хүн ардын эгээрэл, чадамж, амьдралынх нь хэв зэргээс шалтгаалж Цагаан сарыг янз бүрээр тэмдэглэж байжээ.

Харин Цагаан сарыг хавар хийхээр тогтсон нарийн учир байдаг. Эзэн богд Чингис хаан Түвдийг эзэлсний дараа Түвдийн хаад, ноёд их хэмжээний бэлэг сэлтийг өргөж, Их Монгол Улсад дагаар орсноор их найр хийсэн гэдэг. Түвдийг өөрийн нутагт нэгтгэсний дараа Эзэн богд Чингис хаан Их Монголынхоо гал голомтод эргэж ирээд есөн жил ард олноороо энхжиж, аян дайны бэрхийг үзээгүй байна. Чухамдаа Түвдийг эзэлсний их найрыг тухайн үед хавар тэмдэглэсэнтэй холбогдуулан Цагаан сарыг хаврын эхэн сард тэмдэглэж эхэлсэн тухай түүхэн сурвалжуудад гардаг.

Цагаан сарыг хавар тэмдэглэхэд хүргэсэн өөр нэг шалтгаан нь монголчуудын аж амьдралын онцлогоос үүдэн гарсан ч гэж үздэг. Нүүдэлчид намрын цагт хураасан идээ, сүү цагаагаараа хахир өвлийг давж, жилийн хуучдаар хийсэн боов боорцог болон бусад шимтэй идээ, ундаагаараа хаврын тарчиг цагийг түүртэлгүй давдаг байж. Ийм тарчин цагаар баяр хийж, бэлэг сэлт солилцох нь нүүдэлчин ахуйд ихэд нийцэж байсан учраас хаврын эхэн сарыг сонгосон гэх тайлбар ч бий.

-Шарын шашин дэлгэрснээс хойш хавар Цагаан сараа тэмдэглэдэг болсон гэж үзэх хүмүүс байдаг. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ бол түүхэн сурвалжаар нотлогдоогүй худал яриа. Богд Зонхова таалал төгссөнтэй холбогдуулж, эсвэл Шарын шашин дэлгэрснээс хойш цагаан сарыг хавар тэмдэглэдэг болсон гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл бидний бахархдаг түүхэн сурвалжуудад Монголчууд дээрх хоёр үйл явдлаас аль эрт Цагаан сар тэмдэглэж байсан нь бичигдэж үлдсэн шүү дээ. Монголчууд Цагаан сарын хоёр өдрийг их онцгойлдог. Нэг нь хуучин жилийн хамгийн сүүлийн битүүний өдөр. 365 хоног амьдраад энэ ертөнцөд нэгэн жилийг жаргалтай сайхан өнгөрөөлөө гэсний бэлгэдэл юм. Гэр орон хот хороогоо цэвэрлэн цэмцийлгэж, шинэ дээл хувцас зэхэж, өмсгөл болоод биеэ ариусган, үргэлжид бэлгэ дэмбэрэлтэй үг хэлцэн, хэлээ ариусган, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян бодож, сэтгэл санаагаа ариусган золгож ирсэн ёс заншилтай. Өр төлөөснөөсөө салж, бодогдсон болоод болж өнгөрсөн муу муухайг цайруулан хөөрөг зөрүүлж, бие, хэл, сэтгэлийн ариунаар уулзан золгодог Цагаан сарын бэлгэдлийн уламжлалыг эдүгээ цагт улам бүр хөгжөөн монгол ёс заншлаа айл өрх бүр өвлөн дээдэлж байгаа нь даяар Монголын минь бахархал юм даа. Уламжлал ёсоо дагана гэдэг гүн утгатай. Их хүндэтгэлд сурна, хүндэтгэлээ дагаад ёс эрэмбэ, дэг журам батжин өвлөгдөж байгаа юм шүү дээ. Шинийн өдрүүдэд бие, хэл, сэтгэлийн ариунаас ундрах ёс бэлгэтэй ариун дээд үгээр мэнд мэдэлцэж, амьдрал ахуйгаа ярилцаж, идээ будаагаа барьж, утга учиртай бэлэг солилцож, насны буяныг нь хүндэтгэн буурлуудтайгаа золгон учирч гэмээнэ их буян хурааж байгаа юм.

-Сүм хийдүүд Цагаан сарыг угтаж хурал ном хурж, сар шинийн өдрүүдээр ч уншлага дүүрэн өнгөрдөг дөө. Чухам ямар утгатай ном хурдаг юм бол?

-Бурханы шашны хурал номын газрууд ирж буй жилийн сайн сайхныг бэлгэдэн угтаж, өвлийн адаг сарын зулын 25-наас Хажидын чого гэдэг номоор хурал номоо эхэлдэг уламжлалтай. 26-нд тахил балинг шинэчлэн адислаж, “балин адислах” гэдэг хурал хурдаг. За тэгээд шинийн 27, 28, 29-нд Арван хангал бурханаа тахиж сүсэгтэн олон түмнээ ирэх жилдээ сайн сайхан байхыг даатгадаг. Битүүнд лам хуврагууд Лхам бурханаа тахиж, эх болсон зургаан зүйл хамаг амьтан, түүний дотор Монголын ард түмнээ даатгаж, шөнийн турш ном гүрмээ уншдаг. Шинийн нэгнээс 15 хүртэл Бурхан багш рид хувилгаан үзүүлсний арван тав хоногийн их дүйцэн хурал хурна. Энэ хооронд сүсэгтэн түмнийхээ аврал гүрмийг багтааж уншдаг.

-Сар шинийн эхний өдрүүдэд иргэд зурхайгаа харж засал номоо хийлгэдэг. Зурхай засал номын тухайд үгээ хүргээч?

-Гандан хийд маань 1944 оноос цаг тооны бичгийг тасралтгүйгээр гаргадаг болсон. Сүүлийн үед Шашны их сургуульд зурхайн анги нээж, төгссөн сурагчид нь сургуульдаа багшилж, цаг тооны бичгээ зурдаг уламжлал тогтсон. Зурхай гэдэг бол магадлал юм. Бурхан багш “Та өөрөө өөрийнхөө итгэл аврал” гэж айлдсан байдаг. Жаргалтай сайхан аж төрөх, зовлонтой амьдрах өөрөөс л хамаарах учир хүн өөрийгөө сайхан авч явах хэрэгтэй. Өвчин зовлонгүй урт наслахыг хичээж, цаг бусын аюул ослоос болгоомжилж, ажил хөдөлмөрөө шударга журамтай хийж, бие, хэл, сэтгэл гурваа зөв авч явж чадвал тэр жилдээ сайхан байдаг номтой. Байгал дэлхийн орчил, од гаригийн хөдөлгөөн, хүний бие махбодын өөрчлөлт, харилцан нөлөөлөл, хүний биеийн хэм хэмнэл жилийн засал хийлгэх гол үндэс болдог.

-Сүүлийн үед ах дүү, садан төрлөө мэдэхээ байлаа гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогдох болжээ. Тэгэхээр Цагаан сарын баяр өнөө цагт бүр ч хэрэгтэй юм шиг санагддаг шүү?

-Тийм шүү дээ, Цагаан сарын ашиг тусыг ухвал аугаа их юм олон бий. Хөгшдөө хүндэтгэж, залуус нь бие биедээ найрсаж, хүүхэд багачуудаа асарч, ядуу зүдүүдээ өглөг өгч байгаа нь ерөөсөө л энэрлийн өдөр гэсэн үг шүү дээ. Шинэ үед энэ үүрэг бүр өндөр болж байгаа нь үнэн. Бие биеэ мэдэхгүй болчихсон, хол ойрын улсууд нийлэлдчихсэн, ах дүү хамаатан саднаа мэдэхгүй болсон үед Цагаан сарын баяр хийж ураг удмаараа уулзан учирч байгаа нь асар том ухаан юм.

-Та хувь хүний хөгжлийн тухай их ярьдаг. Хүмүүсийг хөгжүүлэх чигийн хөтөлбөр боловсруулж батлуулаад хэрэгжүүлэх боломж хэр байдаг юм бол?

-Энэ амар хялбар бүтэх ажил биш. Энэ ажлыг орчин цагийн боловсролын байгууллагад бүрэн даатгах хэцүү. Учир нь орчин үеийн боловсрол Европын боловсролын тогтолцоо. Манай боловсролын тогтолцоонд янз бүрийн орны боловсролын тогтолцоо тусгалаа олсон харагддаг. Үндэс угсаа, ёс заншилаа дээдэлдэг, эх орон, эцэг, эхээ хайрладаг хүн болгож төлөвшүүлэх арга зүй нь өнөөгийн боловсролын хөтөлбөрт ихээхэн дутмаг. Харин шашны болоод олон нийтийн байгууллагууд нийлээд курс дугуйлан, сургалт, яриа таниулгыг үе шаттай зохион байгуулах байдлаар дутуугаа нөхөх ажил байж болох юм. Мөн монгол хүнээ “монгол хүн” болгох хөтөлбөр боловсруулахдаа шинжлэх ухааны ул суурьтай, судалгаатай ажил хийх хэрэгтэй.

Энэ асуудлыг би төрийн гурван өндөрлөгийн шийдвэрээр ҮАБЗ-д оруулж хэлэлцүүлэх чухал асуудал гэж хардаг.

-Төрөө хүндэтгэх үзэл хүнээ хөгжүүлсний дараа л гарч ирэх нь гэж ойлголоо...?

-Яг тийм. Хүнээ хөгжүүлсний эцэст л төрөө хүндэтгэх тухай ойлголт биеллээ олно. Дарга нар хүнийхээ төлөө ажилласан цагт иргэд үнэн сэтгэлээсээ төрөө хүндэтгэдэг болно. Харилцан шүтэн барилдлага гэж энэ л дээ. Үүнийг л хамгийн товч бөгөөд тодорхой арга юм уу гэж бодож сууна.

-Сүүлийн үед өндөр боловсрол эзэмшсэн олон залуу лам нар Буддын шашныг философи талаас нь нийгэмд хүргэх, хүмүүст эерэгээр нөлөөлөх чигт анхаарч байна. Тэдний нөлөөгөөр Бурханы шашинд мухраар сүсэглэх биш гэгээрэх, Буддын философи, ухааныг зөвөөр ухах хүмүүс олширч байгаа нь сайн хэрэг шүү?

-Өнгөрсөн нийгмийн түүхэнд нэг том гажуудал гарсан. Бурханы шашны аль өнгөтэй өөдтэй, ухаантай, сэрсэн, гэгээрснийг нь цаазалж, үгүй хийсэн. Шашныг хөгжүүлэхгүйн тулд ганцхан Гандантэгчинлэн хийдийг цөөн ламтайгаар хатуу хяналтан дор барьж байсан байдаг. Сайн цагтай золгонгуут өнөө лам нар маань цагийн эрхээр Бурханы орондоо одоцгоосон доо. 1990 он гарахад шашны сургууль төгссөн хэдэн залуу лам нар мөн хуучин цагт лам байсан цөөхөн өвгөчүүл үлдсэн юм. Хуруу дарам тоотой үлдсэн тэдгээр өвгөчүүл залуу үедээ номоос зааж байгаад цагийн эрхээр таалал төгссөн.

Лам хүн гэхээр мэргэлдэг, ном уншдаг гэсэн өнгөц ойлголт тэр завсарын үеэс эхтэй. Хожим Энэтхэг болоод уламжлалт шашинтай бусад газруудад лам нараа сургаж эхэлсэн 2000 он гарснаар зарим лам нар буцаж ирж хийд орондоо ажиллаж эхэлсэн юм. Үүнд Нямсамбуу гавж, Мөнхбаатар тэргүүтэй олон лам нарыг дурдаж болно. Монголдоо боловсорсон нь Да лам Бямбажав тэргүүтэй олон лам байна. Харин манай лам нар 2008, 2009 оноос нийгэмд гарч ажиллаж эхэлсэн. Эдүгээ Энэтхэгт суралцсан лам нараас эрдмийн цол зэргээ амжилттай хамгаалж байна. Өнөөдрийн байдлаар эрдэмтэй хоёр лхаарамба хоёр төрлөө. Мөн тав, зургаан гавж төрлөө. Бурханы шашны гүн утгыг ярьж чаддаг, хүнийг боловсруулдаг, сэтгэлийн гэрэл түгээдэг лам нар энэ мэт олноороо төрөн гарч нийгмийн дунд ажиллаж эхэлнэ дээ. Нийгмийг бүлээцүүлэх энэ мэт сайхан үүд өдрөөс өдөрт улам бүр нээгдэж байгаа. Цаг алдаж байгаа тал бий ч сайн цаг ирж явна.

-Тархи судлалаар Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн түрүү жил төрийн ордонд илтгэл тавьсан. Орчин үеийн тархи судлалын шинжлэх ухаанчид буддын шашнаас авах юм их байна гэдгийг хүлээн зөвшөөрч, буддистууд шинжлэх ухааны шинэ мэдлэгийг тэднээс авах хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Ингээд харахаар шинжлэх ухаан, буддизмд харилцан биенээ нөхөхөөр зүйл их байна аа даа?

-Орчин цагийн тархи судлалын шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтарч хэлэлцүүлэг, хурал чуулган зохион байгуулж, харилцан биенээсээ суралцах болсон нь Далай багшийн санаачилгаас эхлэлтэй юм. Буддын шашин 2500 гаруй жилийн өмнө үүссэн ч гэлээ дотоод гүн үзэл нь маш гүнзгий. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжих тусмаа их сонирхолтой болж байгаа. Атом, молекул, протейн, нейтрон гэж явсаар хамгийн сүүлд бүгдээс жижиг нь кварк гээд гаргаад ирчихлээ. Бурханы шашинд энэ мэт бодисын жижиг хэсгүүдийн тухай ойлголтууд бий. Гималайн сүрлэг уулс ч цаг нь ирвэл нэг л өдөр задраад алга болно хэмээдэг. Аливаа юмсын бүтцийг хоосон чанар буюу хумх гэдэг. Бодисын эгэл жижиг хэсгээс бүгд үүсдэг учраас хэзээ нэгэн цагт задрал явагдана хэмээн үздэг. Бурханы шашинд хуралдсан бүхэн буцаад задардаг гэж үздэг. Атом, молекул буюу хумхын онол холбогддог нь ийм учиртай. Хумх бол бодисын эгэл жижиг хэсэг. Шинжлэх ухаан онцгой хөгжиж, бодисын хэмжээ бүр жижигрэх тусам Буддизмын хоосон чанарын онол улам сонирхол татаж байна л даа. Дэлхийн шилдэг эрдэмтэд Буддизмыг сонирхоод байгаа шалтгаан нь энэ юм шүү дээ.

-Биеийн өвчин сэтгэлээс үүдэлтэй гэж Буддизмд үздэг. Орчин цагийн сэтгэл судлалтай холбоод ярихад уур бухимдал, стресстэй хүн олон болж. Уураа барихгүй, стрессээ багасгахгүй бол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Хүмүүст их хэрэгтэй сэдэв шүү. Хар үгээр тайлбарлавал нүдээр эв зохисгүйг хараад сөрөг мэдрэмжид эзлүүлэхээр өнөө мэдрэмж нүдээр дамжиж тархинд очдог шиг байгаа юм. Мэдрэлийн эсээр дамжиж тархинд очоод тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг гэж бүдүүн тоймоор тайлбарлаж болох байх. Муу зүйл бодвол хүний биед хортой химийн бодис, сайн сайхныг төсөөлбөл биед эерэгээр нөлөөлөх бодис үүсдэгийг шинжлэх ухаан нотолж байна. Буддизмд ч ялгаагүй. Хүсэл тачаал ихэдвэл хийн өвчнийг үүсгэдэг хэмээдэг. Бөөр гэх мэт хийн гүйдэлтэй эрхтнүүдээ гэмтээдэг. Уур ихэсвэл цөс, элэг мэтийн шарын гүйдэлтэй эрхтэн гэмтдэг гэдэг. Тэгэхээр хүний сэтгэлийн эерэг болоод сөрөг хөдлөлүүд нь зовлон болон амгалангийн шалтгаан болдог нь тодорхой болж байна. Үүнийг 2500 гаруй жилийн тэртээ Бурхан багш номлосон юм шүү дээ.


Онцлох нийтлэлүүд