Булангууд
2015.01.06 09:01

Гар утас хүнийг таних толь болжээ

Өдгөө хүн бүрийн хамгийн ойрын хэрэглээ нь гар утас болжээ. Тэр бүү хэл гар утасгүйгээр ганц минутыг ч өнгөрөөж тэвчихгүй нэг хэсэг ч бий болж. Үүнтэй уялдаад шинэ цагийн хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг гар утастайгаа харьцаж байгаа байдлаар нь шинжиж мэдэх боломжтой болсон байна. Жишээлбэл, гар утас нь цэнэггүй явдаг, хаяж гээдэг, утсаар ярьчихаад тоомжиргүйхэн ширээ рүүгээ шиддэг хүмүүс хэзээнээсээ хээгүй, салан задгай нэгэн байж таарна. Ийм хүмүүс ажилдаа, ар гэрийнхээ амьдралд хандах хандлага нь ч ижил. Бүр эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа ямар вэ гэдгийг ч эндээс харж болохоор. Харин гар утсаа эрдэнэ лугаа авч явж, хямгаддаг нэгэн бол аливаад нягт нарийн ханддаг, хэзээний нямбай нэгэн байж таарах боллоо.

Шинэ цагийн хүмүүсийн хэр хариуцлагатай вэ эсвэл хэт хариуцлагагүй юу гэдгийг гар утсаа хэрэглэж байгаагаас нь ингэж харж болж байна. Товчхондоо шинэхэн танилаа, эсвэл шинэхэн албан хаагчаа тольдохын тулд нүдийг нь ширтээд, таньж ядаад суух шаардлагагүй болж. Зүгээр л түүнийг унших гэж "махаа идэлгүй" гар утастайгаа харьцаж байгаа байдлаар нь хялбархан тольдож болж байна.

П.ХАШЧУЛУУН

Онцлох нийтлэлүүд