ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.07.25 02:07

Гол мөрний үерийн түвшин нэмэгдэх хандлагатай байна

Долоодугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 15-50 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 10-55 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Мөн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см давсан хэвээр байна.

Долоодугаар сарын 26-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см нэмэгдэж үерийн түвшинг 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 15 см нэмэгдэж үерийн түвшинг 50 см, Ерөө гол Дулаанхаан орчимд 25 см нэмэгдэж олон жилийн дунджийг 5 см тус тус давна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд