Нийгэм
2021.01.26 09:01

Гэрийнхээ хойморт ханхайх учиртай эрчүүд эрүүлжүүлэх байрыг дүүргэж байна


Хөл хорио тогтоож, архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарласан үед цагдаагийн байгууллагад ирэх нийт дуудлага мэдээлэл 50 гаруй хувиар буурсан талаарх мэдээ чихэнд чимэгтэй цөөн мэдээллийн нэг байсан. Хорьж цагдахгүй л бол монголчууд бид архины зохистой хэрэглээнд суралцах болоогүй гэдгийг дуудлагын тоо эргээд өссөнөөс харж болно. Өнгөрөгч баасан гаригт Чингэлтэй дүүрэгт архи согтууруулах ундааны хэрэглээ ямар байгааг сурвалжлав.

Дэнжийн мянгад байрлах Эрүүлжүүлэх, саатуулах төвийг 22 цагийн үед зорилоо. Биднийг очих үед Чингэлтэй дүүрэг дэх хэд хэдэн цагдаагийн салбар хэлтсийн алба хаагчид эрүүлжүүлэх шаардлагатай иргэдийг тус төвд хүлээлгэн өгөхөөр ирсэн байлаа. Өөрийгөө хаана яваагаа мэдэх байтугай, хэн гэдгээ ч мартчихсан иргэд хөл дээрээ ч зогсож чадахгүй дайвна. Цагдаагийн байгууллагын ажилтан тэднийг унагаачихгүйн тулд сугадаж, биеийн халууныг нь үүдний жижүүрт шалгуулж харагдана. Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Т.Сонинбаяр хэлэхдээ, одоогоор согтуугийн найман дуудлагатай байна. Сая гурван иргэнийг саатуулах байранд хүргэж ирлээ. Архи согтууруулах ундааг худалдан борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүрээнд ахуйн архидалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдсэн.


Архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг саатуулах, эрүүлжүүлэх ажил цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ачаалал үүсгэж байна. Хөл хорио тогтоосон, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон байх үед хоногтоо архидалттай холбоотой 10 орчим дуудлага ирдэг байсан бол архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрснөөс хойш дээрх дуудлага мэдээлэл 20 гаруй болж хоёр дахин нэмэгдсэн” гэв. Мөн түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэд гудамж талбайд ухаангүй хэвтэж байгаа талаарх дуудлага мэдээллийн тоо ч буурахгүй байгаа аж. Дуудлагын дагуу цагдаагийн дагуу алба хаагчид очиж эмнэлгийн байгууллагад хандан ил үүссэн шарх сорви байгаа эсэхийг хянуулсны дараа саатуулах байранд хүргэдэг байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид согтолтын зэрэг нь бага, гэрээ заах чадвартай иргэдийг аль болох саатуулах байранд хүргэхгүйгээр ар гэрт нь хүлээлгэж, хүргэж өгөх ажлыг өөрсдийн боломжийн хэрээр зохион байгуулдаг байна.

Зарим үед нэг өрөөнд 15-20 иргэн эрүүлжүүлэгдэх тохиолдол бий


Ийнхүү гаднах нөхцөлтэй танилцсаны дараа тус төвийн дотор нөхцөл байдал ямар байгааг сурвалжилсан юм. Тус төвийн үүдээр ормогц эмнэлгийн байгууллага билүү хэмээн андуурмаар дүр зураг угтав. Тус төвийн алба хаагчид халдвар хамгааллын дэглэм баримталж, хамгаалах нэг удаагийн хувцас өмсчээ. Халуунаа хэмжүүлж, бүртгэлээ хийлгэсний дараа эрүүлжүүлэхэд саатуулагдаж байгаа иргэдийн нөхцөл байдалтай танилцлаа. Модон нааран дээр алаг эрээн бүтээлэг толгой дээгүүрээ нөмрөн, юу болж байгааг ч үл мэдэх нэгэн байхад, орилж, хашхичан “Бие засмаар байна, гэртээ харья, утсаар ярья аа” хэмээн хүслийн жагсаалтаа цувуулах иргэд ч байна. Цаашилбал, цагдаагийн алба хаагчдыг үгийн муухайгаар харааж, эрэгчин эмэгчинээ үзэхэд ч бэлэн байгаа омголон овилгогүй залуус ч харагдав. Удалгүй цагаан хувцастай алба хаагчид сандралдан гүйлдэж нэгэн өрөөний хаалгыг онгойлгов. Тус өрөөнд 6-7 иргэн саатуулагджээ. Амны хаалтаа эрүүндээ углачихсан 40 орчим насны эр “Чи барахгүй шүү, чамайг ална шүү” хэмээн цагдаагийн алба хаагчийн цаанаас өөр нэгэн рүү агсарна. Ийнхүү саатуулагдсан иргэд хоорондоо зодолдох маргалдах тохиолдол хэдэнтээ гарав. Эхний удаа сануулаад бүр болохгүй бол маргалдсан иргэдийг өөр өөр өрөөнд тусгаарладаг байна. Тус өдрийн 23 цагийн үед уг эрүүлжүүлэх байранд 40 гаруй иргэн саатуулагдсан байна. Энэ тоо өглөөний 06 цаг хүртэл 2-3 дахин өсөх магадлалтай гэв. Ийнхүү ачаалал нэмэгдэхийн хэрээр нэг өрөөнд байгаа иргэд хоорондоо маргалдах, зодолдох биенийгээ гэмтээх тохиолдол их гардаг байна. Тиймээс цагдаагийн алба хаагчид 24 цагаар хяналт тавин ажилладаг гэнэ. Он гарсаар тус эрүүлжүүлэх байраар 1070 иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 538 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаантай гэдгийг НЦУГ-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн жижүүрийн ахлагч, цагдаагийн ахмад Г.Мөнх- Оргил хэлж байна. Тэдний 40 нь тодорхой хугацаагаар саатуулагджээ. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас 30 иргэн 14-30 хоног саатуулагдсан байна. Архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрснөөс хойш эрүүлжүүлэх байраар үйлчлүүлсэн иргэдийн тоо 2-3 дахин өссөн байна. Хэдийгээр нэг өрөөнд 5-6 иргэн эрүүлжүүлэх стандарттай байдаг боловч зарим үед 15-20 иргэн эрүүлжүүлэгдэх тохиолдол гардаг байна. Ийнхүү эрүүлжүүлэх байрны ачаалал их байдгаас ихэнх тохиолдолд дээрх стандартыг хангаж ажиллах боломж бүрддэггүй байна.

Эрүүлжүүлэх байранд халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна


Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд албан байгууллагуудыг халдваргүйжүүлэлт ариутгалдаа анхаарахыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа. Эрүүлжүүлэх байранд иргэдийг хүлээж авахаас өмнө болон дараа эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зааврын дагуу ариутгал цэвэрлэгээг хийдэг байна. Мөн иргэдийн нөмөрч унтдаг бүтээлэг, дэвсгэр гудсыг долоо хоногт 2-3 удаа ариутгалын бодисоор угаадаг аж. Дэвсгэр бүтээлгийг өдөр бүр угаах, ариутгах боломж байдаггүй гэнэ. Учир нь эрүүлжүүлэх байраар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн учраас дэвсгэр бүтээлгийн тоо хүрэлцдэггүй талаар тус байрны жижүүрийн эмч ахмад Г.Оюунжаргал хэлж байв. Мөн Эрүүлжүүлэх, саатуулах байранд ирсэн иргэдийг хүлээн авахдаа халууныг нь хэмжиж, шарх сорви байгаа эсэхийг нягтлаад, нэг удаагийн амны хаалтаар хангадаг боловч согтуурсан, танхайрсан, өөрийгөө хянах чадваргүй болсон иргэд нэг удаагийн амны хаалтаа тогтмол зүүх асуудлыг ухамсарладаггүй гэдгийг хэлж байна. Тиймээс тус төвд халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байгааг учирласан юм. Үнэндээ эрүүлжүүлэх байранаас “эрүүл ухаан” хайгаад ч хэрэг алга. Тус төвд саатсан хэсэгхэн хугацаанд монгол хүний саруул ухаан сархаданд живж байгааг харахад нүд халтирч, зүрх шимширсэн юм. Гэрийнхээ хойморт ханхайх учиртай эрчүүд эрүүлжүүлэхийн байранд багширч байгаа цөвүүн цагт цэг тавих залуус олон байгаа гэдэгт итгэж байна.

Хүндлээд архи задалсан биш хүний амь насны өрөнд орох шахлаа

Бидний дараагийн зогсоол ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас биенийгээ зодож гэмтээсэн гэх дуудлага байсан юм. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн дугаар хорооны тоотод очиход үүдний хэсэгтээ цустай цамц түмпэнтэй усанд хийж тавьжээ.

Цааш харвал хөмсөгний дээд хэсэгтээ ямар нэгэн үзүүртэй зүйлээр сэт цохиулсан, дух, нүд, уруул нь тэгшрэн хавдсан 40 орчим насны эр цусны толбонд будагдсан буйдангийн булан ирмэгдэн суужээ. “Хоорондоо битгий маргалд аа гээд байхад хүний үгэнд орохгүй юм. Аргаа бараад цагдаагийн байгууллагад хандлаа” гэх бүсгүй согтуурхсан эрийн хадам эгч аж. Түүний нөхөр бурхан болоод зургаан сар орчим болж байгаа гэв. Хадам дүү нар нь гэнэтхэн зочилж ирсэн болохоор ёсыг бодож 0.5 хэмжээтэй архи задалсан гэнэ. Гэсэн хэдий ч ах дүүс нэмж 0.75 архи авч ууснаар хоорондоо маргалдаж ах нь дүүгээ зодсон гэв. “Хүндлээд архи задалсан биш хүний амь насны өрөнд орох шахлаа” хэмээн нулимс дуслуулах эмэгтэйн цаанаас бага насны хоёр хөвгүүн бултганаж, юу болоод байгааг ойлгож ядан гайхширна. Монголчууд бид идээний дээд архи гэх чихэр шиг худал үгээр хичнээн жил өөрсдийгөө болон өрөөлийг хуурч амьдрах ёстой юм бол. Архи гэгч чухамдаа хичнээн олон эцэг эх, үр хүүхэд, охид эмэгтэйчүүдийн нулимсыг нэрж гаргасан гашуун ундаа гэдгийг цагдаагийн байгууллагаас гаргадаг хэрэг, зөрчлийн талаарх тоон мэдээлэл хангалттай нотлоод, батлаад өгнө дөө. Айх, харамсах зэрэгцэх гэрийн эзэгтэйн хувьд тэдэнтэй хамт согтууруулах ундаа хэрэглээгүй нь нийлж, далимдуулж уудаг зарим эмэгтэйчүүдээс ялгарч байлаа. Тийм тулдаа архины уршигаар ах нь дүүгийнхээ эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулахаас өмнө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ч байж болох. Харин нүүрээ тэгширтэл цохиулчихаад сүртэй юм болоогүй дээ хэмээн хариулах өнөөх эрэгтэйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийг цагдаагийн ажилтнууд зөвлөж байлаа. Тус дуудлагад хамтран ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хүүхэд гэр бүл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч н.Гоохалиун хэлэхдээ, нэгдүгээр сарын 11-21-ний хооронд тус цагдаагийн хэлтэст нийт 532 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 51 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэдгийг онцолж байлаа. Архины хор уршгаар бидний ирээдүй хойч болсон хүүхэд залуусын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирахаас гадна сэтгэл зүйн олон төрлийн дарамтад орох эрсдэл өндөр байгааг хэлж байсан юм.

Нийслэл хотод 2020 онд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг 2019 онтой харьцуулан үзэхэд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 30.2 хувь өссөн байна. Согтуугаар хүний амь насыг хохироох гэмт хэрэг 2019 онд 60 үйлдэгдсэн бол 2020 онд 82 үйлдэгдэж 22 нэгжээр буюу 36.7 хувиар өссөн байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгож нас барсан долоон тохиолдол 2020 онд бүртгэгдсэн бол архины хордлогоор 140 иргэн алтан амиа алдсан харамсалтай мэдээллийг НЦГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Б.Алтанзул хэлж байна.

Тэгэхээр гэмт хэргийн гол шалтгаан нөхцөл архи согтууруулах ундаа гэдгийг дээрх тоо баримтаас харж болохоор байна. Монгол хүний эрүүл аюулгүй амьдрах Үндсэн хуульд болон бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан эрх архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээний улмаас ноцтойгоор зөрчигдсөөр байна.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд