ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.10.21 02:10

Гэрэл цахилгаангүй, хаягжилтгүй, найман жил амьдарч байна гэв


Монгол улсад 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн заалтууд амьдралд нийцэхгүй байна хэмээн иргэн С.Мишиг мэдээлэл хийлээ. Үүгээр ч зогсохгүй төрийн ордонг жигнүүртэй тойрч дуу хойлоогоо олонд хүргэсэн юм.

Тэрээр Монгол улсын Засгийн газраас 2019 оны есдүгээр сарын 17-нд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихдаа Зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн заалтынхаа зөрчсөн алдааг залруулж чадаагүй, Нийслэлийн Худалдаа Үйлчилгээний журмыг батлах тал дээр яаралтай арга хэмжээ авах, УБ хот, СХД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэр Хамбын-Овооны орчим байгаа 40-өөд айл өрх тог цахилгааны асуудлыг яаралтай шийдүүлэх зэрэг үндсэн шаардлагуудыг хүргүүлж байгаа аж.

Харин зөрчлийн тухай хууль нэрийн дор жолооч нарыг оноо хасах нэрийдлээр дарамтын хэрэгсэл болгох, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шудрага ёсны зарчим нь алдагдаж шууд тулгасан мөнгөн торгуультай бөгөөдуг хуульд хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байхаар (2 000 000) заасан нь иргэдэд хүндэдсэн, тулгасан, төөрөгдүүлэх арга гэж үзэж байгаа юм байна.

СХД-ийн 39-р хороо, Хамбын-Овоонд амьдардаг 40-өөд айлын төлөөлөл иргэн Ш.Сансар: “Бид гэрэл цахилгаангүй, хаягжилтгүй, найман жил амьдарч байна. Дээшээ хөөцөлдөөд бүтдэггүй. 300-400 метрийн цаанаас утас залгаж тог авдаг. Нэг айлаас өчнөөн айл тог авч байна.Тэр тогны утас газраар аалзны шүлс шиг хэрээд явчихсан. Тэрэн дээр нь хүүхдүүд тоглож, амь насаа алддаг. Мөн хаягжилтгүйн улмаас хог ачдаггүй. Унаа тэрэгтэй нь хогийн цэг дээр хогоо аваачиж асгадаг. Боломжгүй нь үдэш орой хүний нүд хариулж энэ тэнд хогоо хаядаг. Хогийн цэггүй газар хогийн цэг үүсдэг. Бид бусдын адил төрийн үйлчилгээ авч амьдармаар байна. Тог цахилгаан, хаягжилттай болмоор байна” гэлээ.

Уг асуудлыг түргэн шуурхай шийдэж өгөхгүй бол энэ долоо хоногт хагас өлсгөлөн зарлаж, дараагийн долоо хоногоос бүтэн өлсгөлөн зарлахаа албан ёсоор мэдэгдсэн юм.


М.САЙНЗАЯА

Онцлох нийтлэлүүд