Гэр хорооллын сайжруулсан түлшний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэв

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Эрдэнэс-Таван толгой ХК “Таван толгой түлш” компани байгуулан, шахмал түлш үйлдвэрлэж байна. Уг түлшийг танилцуулах өдөрлөг өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн юм. Өчигдөр Баянгол дүүрэгт танилцуулгаа хийлээ. Шинэ түлшний талаар “Таван толгой түлш” компанийн худалдаа маркетингийн албаны хэлтсийн дарга Б.Энхзолбоогоос тодрууллаа.
-Шинэ түлшний түүхий нүүрснээс давуу чанар нь юу вэ?
-Утаагүй, үнэргүй. Хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Гүйцэт сайн асах тусмаа утаа нь багасдаг. Таван толгойн коксжуулсан нүүрсийг угааж, хүний биед хортой бодисуудыг устгасан. Бүрэн шаталттай учир үнс 50 хувь буурна. Хүний биед хорт хавдар үүсгэдэг бодисыг арилгасан. Илчлэг сайтай, шаталт удаан түлш юм.
-Үнийн хувьд хэдээр зарагдах уу?
-25 кг нь 3750. Нэг тонн нь 149500 болно.
-Үнийн хувьд бараг зөрүү гарахгүй юм байна. Дунджаар таван ханатай гэртэй айл нэг шуудай нүүрсийг хэдэн өдөр хэрэглэх вэ?
-Нэг удаа 5 кг-ийг хийхэд 7-8 цаг дулаанаа барина. Тэгэхээр 25 кг гэж бодоход хоёр хоног тасралтгүй хэрэглэх боломжтой гэсэн үг.
-Төслийн зуух энгийн зууханд шатах байдалд ялгаа бий юу?
-Бид найман төрлийн зууханд туршилт хийж үзсэн ялгаа гараагүй.
-Яаж асаах вэ?
-Жирийн түүхий нүүрсийг яаж асаадаг яг тэр зарчмаар асаана.
-Танилцуулгыг хаагуур хийх вэ?
-Гэр хорооллын хүн ихээр төвлөрдөг найман цэгт эхний ээлжинд танилцуулгаа хийнэ.
-Цаашид түүхий нүүрсийг хорихоор гэр хорооллын бүх айл өрхийн өвлийн хэрэгцээг хангаж чадах уу?
-Манай эхний үйлдвэр ТЭЦ-2-т ажиллаж байна. Арваннэгдүгээр сараас Толгойтын үйлдвэр ашиглалтад орно. Тэгэхээр гэр хорооллын бүх иргэдийн хэрэглээг хангах бүрэн боломжтой.
-Борлуулалт хаана хаана хийгдэх вэ?
-Борлуулалтын цэгүүдтэйгээ эхнээсээ гэрээгээ байгуулж эхэлж байна. Эхний ээлжинд нэг хороонд нэг цэг байршуулна гэсэн төлөвлөгөө гаргасан. Цаашид хүн ам ихээр төвлөрсөн гэр хороололд иргэдийн саналыг тусган цэг тогтооно.
-Түүхий нүүрсийг шахаж гаргаад, хүмүүс байнга худалдан аваад эхлэхээр үнээ нэмэхгүй гэсэн баталгаа бий юу?
-Засгийн газраас гаргасан шийдвэр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ учир цаанаас тогтоосон үнийг нэмэхгүй гэв.
Сайжруулсан түлшний маркетингийн багийнхан танилцуулах өдөрлөгөөрөө жирийн зууханд гал түлэн, ус буцалгаж харуулсан юм. Уг нүүрс нь асах тусмаа утаа нь багасаж бүрэн ассаны дараа утаагүй болж байлаа. Хүмүүс нүүрсний шаталтыг харан ам сайтай байцгаав.
Таван толгой түлш компаний зөвлөх инженер,техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Бадамхатан ярихдаа “Шахмал түлшний судалгааг 1970-аад оноос эхэлж хийсэн. 40-өөд жил нүүрсний гүн боловсруулалтын судалгаагаар ажиллаж байна. 2000 онд “Монгол орны чулуун ба хүхрийн усаар шахмал түлш хийх” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Судалгааны ажил маань хөрөнгө мөнгөгүйгээс их саатсан. Харин Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хорьж, сайжруулсан түлш хийх шийдвэрийн дагуу энэ жил ТЭЦ-2 ажилд ороогүй үйлдвэрийг шинэчлээд шинэ стандартын дагуу үйлдвэрлэж байна. Би нүүрсийг хийжүүлэх, хагас кокс, шингэн түлш гаргах бүх туршилтыг Монголдоо хийсэн. Сайжруулсан түлш маань төр засгаас дэмжигдэж, Улаанбаатар хотынхоо утааг бууруулахад хувь нэмэр оруулах болсондоо баяртай байна” гэв. Уг түлшийг хэрэглэснээр хотын агаарын бохирдол 40-60 хувь буурна хэмээн тооцоолж байна. Түүхий нүүрсийг бодвол угаарын үнэргүй, үнс нь маш бага гарч, тогоогоо сөхөхөд бужигнасан тоосжилт өгөхгүй гэдгийг маркетингийн албаныхан гал түлж байх явцдаа харуулсан юм.
Уг сайжруулсан түлшийг сонирхож буй гэр хорооллын иргэдийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Р.Баяржавхлангийн сэтгэгдлийг сонсоход “Манайх жилдээ гурван портер нүүрс хэрэглэдэг. Нэг портер Багануурын нүүрс 150-160 мянга болдог. Яг үнэндээ бол хашааны банхруудад утаа гарч байна уу гарахгүй байна уу огтын хамаагүй. Гэр нь дулаахан байна уу гэдэг л чухал. Түүнээс хар утаа юу, цагаан утаа юу, их үү, бага уу гэдэг нь ердөө ч сонин биш. Хэрэв энэ түлшийг нь иргэд хэрэглээд, түүхий нүүрсийг шахаж гаргалаа гэхэд үнэ нь нэмэгдэхгүй байх баталгаа байна уу? Монголчууд хэрэглээ болгоод зуршил болоод эхлэхээр нь үнээ нэмдэг муу талтай. Мэдээж хүмүүст үнэ, чанар хоёр л чухал” гэв.