Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ DNN.mn Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно DNN.mn Ирэх долоо хоногийн бямба гариг “Автомашингүй өдөр” DNN.mn Маргааш “Олон улсын музейн өдөр”-ийг “Музейн хүч нөлөө” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ DNN.mn Түр орон байрны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна DNN.mn Шилжилт хөдөлгөөнийг цахимаар хийнэ DNN.mn "Кансат-2022" үндэсний V тэмцээний шилдгийг ирэх сарын 4-нд тодруулна DNN.mn “Хэрэг буцаах” зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Нэг ажилчинд ногдох ДНБ оны эхний улиралд 10.2 хувиар багасав DNN.mn Байнгын хороо: Донорын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналаар дэмжлээ DNN.mn
Цаг үе
2017.05.18 10:05

Г.Амгаланбаатар: “Хязгааргүй орон зай” цэнгүүндээ “Надаар тоглосон хайр” жүжгийн хэсгээсээ тоглоно

УДЭТ-ийн жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрээр “Хязгааргүй орон зай” уран бүтээлийн цэнгүүнээ тун удахгүй хийхээр болжээ.


-Таны “Хязгааргүй орон зай” уран бүтээлийн цэнгүүн тун удахгүй болох нь ээ. Хэзээнээс цэнгүүнээ хийхээр төлөвлөсөн бэ?

-Манай театраас жилд нэгээс хоёр уран бүтээлчийн цэнгүүнийг хийдэг. Харин энэ жил С.Болд-Эрдэнэ бид хоёрыг цэнгүүнээ хийгээчээ гэсэн санал тавьсан юм. Ихэвчлэн ахмад уран бүтээлчдийн цэнгүүнийг хийдэг байсан бол энэ удаад театрынхаа ачааг нуруундаа үүрч яваа залуучуудынхаа тоглолтыг хийе гэж бодсон юм билээ л дээ. Ингээд л миний бие сэтгэл шулуудаж энэ сарын 21-нд 16 цагаас Соёлын төв өргөөнд цэнгүүнээ хийхээр болоод байна.

-Цэнгүүнд тань ямар уран бүтээлчид оролцох бол?

-Цэнгүүнд маань Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Зууны манлай дуучин, Б.Сарантуяа, “Драм-4”, “Нюанс”, “Мотив”, “Uvertura” хамтлагийнхан болон бусад дуучид оролцоно. Д.Сосорбарам ах маань “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг тайзнаа дахин амилуулах юм. Миний хувьд театрт орсноор 50-иад жүжгийн гол болон туслах дүрийг бүтээжээ. Үүнээс цэнгүүндээ арван жүжиг тоглохоор бэлтгэж байна. Гэхдээ цаг хугацаанаас хамаараад хасагдаж магадгүй байх. Ямартай ч анхлан тоглож байсан “Бооцоо”, “Надаар тоглосон хайр” жүжгээс авахуулаад “Ромео, Жульетта” жүжгийн хэсгээс ч тэр тоглох болно. Харин жүжгийн дуунуудыг дээрх хамтлаг дуучид эгшиглүүлэх юм. Цэнгүүний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Б.Наранбаатар найз маань ажиллаж байгаа. Сонирхолтой, хөнгөн гунигтай басхүү инээд цалгисан цэнгүүн болох болно. Ямартай ч энэхүү цэнгүүнээрээ театрын босгыг алхаад 17 жилийн хугацаанд сурсан, мэдсэн, хийсэн зүйлээ тайлагнахаас гадна цаашид ихийг хийж бүтээх урам зориг дүүрэн байна шүү гэдгээ үзэгч, олондоо илэрхийлэх юм.

-Та нийт 50-иад жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн гэлээ. Харин танд эдгээр дүрүүдээс хамгийн онцлууштай нь аль нь вэ?

-Ер нь бид жижиг ч гэлтгүй бүх л дүрүүд дээрээ няхуур ажиллаж байж уран бүтээл гараас гардаг л даа. Гэхдээ миний хамгийн хайртай уран бүтээл биднийг олны танил болгож чадсан “Надаар тоглосон хайр” жүжиг юм. Харин хамгийн их хөлс дуслуулсан дүр нь “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фебдийн дүр. Энэ дүр бол гол дүрийн эмэгтэй Эсмеральдогийн дурлалт залуу шүү дээ. Гэтэл тухайн үед миний жин 90 гараад талийчихсан, юун дурлалт залуу манатай байв. Гэхдээ дүрээ амилуулахын тулд нэг сарын дотор 13 кг турсан. Мөн Америкийн зохиолчийн “Гол дүрийн амрагууд” инээдмийн жүжигт тоглоход С.Болд-Эрдэнэ бид хоёр эмэгтэй хүний дүрд хувирах шаардлага гарсан юм. Тэр дүр мөн л хүч, хөдөлмөр багагүй шаардсан. Түүнчлэн 2013 онд тавигдсан М.Сервантесийн “Кихот Ноён” жүжигт Санчо Пансиогийн дүрийг амилуулсан юм. Энэ жүжигт тоглосныхоо дараа цаашид ямар ч дүрд тоглож чадахаар юм байна гэж омогшдог болчихсон шүү. Ингээд бодоход драмын жүжгүүд л их хөлс, хүч шавхаж басхүү туршлага болсон байна даа.

Г.Амгаланбаатар зурган илэрцүүд-Театрын ажлынхаа хажуугаар кинонд тоглох боломж байдаг уу. Кинонд тоглох санал хэр их ирж байна вэ?

-Би саяхан “Хуримын даашинзтай бүсгүй” гэсэн кинонд тоглосон. Энэ сард багтаж нээлтээ хийх байх. Миний хувьд ихэвчлэн эерэг талын дүрд тоглосон байдаг юм билээ. Харин энэ кинонд эсрэг талын дүрд тоглосон. Дүрдээ орохын тулд үсээ хусуулчихсан л байна. Цэнгүүнээс өмнө амжиж ургах байгаа л гэж бодож сууна (инээв). Үүнээс гадна нэг киноны санал ирсэн. Удахгүй тэрхүү кинондоо тоглохоор төлөвлөж байна. Түүнчлэн намайг өөрөө кино найруулаачээ гэсэн санал их ирж байгаа. “Драмын дөрвөөс чамаас бусад нь л кино найруулчихсан байна, чи яагаад хийхгүй байгаа юм бэ” гэх нь цөөнгүй байна. Мэдээж боломж, нөхцөл нь гарвал хийлгүй яахав. Юутай ч хүмүүсийнхээ саналыг хэрэгжүүлж нэг кино найруулна. Инээдмийн эсвэл аймшгийн гэхээсээ илүү уянгын драмын кино хийх бодолтой байна.

-Таны өвөөг найруулагч хүн байсан гэж сонссон юм байна. Энэ нь таныг урлагийн хүн болгоход нөлөөлсөн үү?

-Тийм шүү. Аав, ээж хоёр минь инженер мэргэжилтэй хүмүүс л дээ. Өвөө минь л манайхаас урлагийн хүн байлаа. Хөдөө орон нутгийн театрыг хөгжүүлэхэд амьдралаа зориулж, их хувь нэмэр болсон хүн дээ. Харин миний хувьд өвөө, эмээгийнхээ галынх нь ганц зээ. Ээж, аав хоёр минь Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, амьдардаг байсан болохоор би өвөө, эмээтэйгээ хотод амьдардаг байлаа. Харамсалтай нь намайг наймдугаар ангид байхад өвөө минь бурхан болсон. Тухайн үед би өвөөгийнхөө залгамж халаа болсон сайн найруулагч, жүжигчин болно гэж өөртөө болон өвөөдөө амласан юм. Ер нь бол наймдугаар ангидаа л мэргэжлээ сонгож, түүндээ сэтгэл шулуудсан хэрэг. Гэхдээ би их дэггүй хүүхэд байлаа. Өвөөгөө бурхан болсноос хойш бүр ч дүрсгүйтэж, эмээгийнхээ үгэнд орохоо больсон. Түүний үр дүнд наймдугаар ангидаа тавдугаар сургуулиасаа хөөгддөг юм байна. Сургуулиасаа хөөгдсөн учраас Эрдэнэсант руу явж, мал малладаг баатар боллоо. Миний санаснаар ч болдог юм гэж юу байхав. Ээж, аав сумын арван жилийн сургуульд оруулчихсан. Анги даасан багш нь Доржханд гээд миний авга эгч. Дуу хөгжмийн багш хүн л дээ. Тиймдээ ч эгч минь намайг урлаг соёлын бүх л арга хэмжээнд оруулна. Би дуу дуулна, гитар, casio хөгжим, морин хуур ч тоглодог байж билээ. Харин арван жилээ төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид суралцаж эхэлсэн дээ. Ардын жүжигчин Ж.Лхамхүү багш маань “Чи бол драмын театрын л жүжигчин. Тиймээс заавал драмын театрт орох ёстой шүү” гэдэг байж билээ. Харин 2000 онд их сургуулиа төгсөөд драмын театрт ирэхэд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч маань “Бооцоо” жүжгийн гол дүрд тоглуулсан юм. Энэ жүжгээр л энэ их театрын өндөр босгоор алхсан түүхтэй. Тэр үеэс хойш энэ их айлд хоёргүй сэтгэлээр, үнэнчээр зүтгэж байна. Намайг театрт ороход Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ц.Гантөмөр, П.Цэрэндагва, МУГЖ Б.Жаргалсайхан гээд сайхан хүмүүс тосож авсан. Энэ сайхан хүмүүсээс үргэлж суралцаж, үнэтэй зөвлөгөөг нь сонсож иржээ. Ингээд бодоход урлаг намайг хүмүүжүүлсэн байна. Хэрэв урлагийн зам мөр хөөгөөгүй бол би өнөөдөр өдий зэрэгтэй явахгүй л байсан болов уу. Тийм л омголон, хэрсүү хүү байлаа даа.

Г.Амгаланбаатар зурган илэрцүүд-Та эхээс хэдүүлээ вэ?

-Би айлын ганц хүү.

-Та гэр бүлээ танилцуулаач. Ханьтайгаа анх яаж танилцаж байв?

-Би хүү, охин хоёртой. Хүү маань саяхан 18 нас хүрч, эрийн цээнд хүрлээ. Харин охин маань найман настай. Миний эхнэрийг Оюунжаргал гэдэг. Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Би гэр бүлийнхээ хүнтэй их багадаа танилцсан юм шүү дээ. 15, 16 настай хүүхдүүд л байлаа. Би есдүгээр ангид байсан юмдаг. Зуны амралтаар манайх сумынхаа Өвөр-Ус гэдэг газар зусланд гарчихдаг байсан юм. Гэтэл нэг өдөр аав, ээжийн минь найзууд гурван охиноо дагуулаад УАЗ-469 машинтай ирдэг юм байна. Гэтэл дундах охин нь их хөөрхөн харагдаад болдоггүй. Тэгээд л танилцаж, үерхэж, гэр бүл болцгоосон доо. Харин гуравдугаар курстээ аав, ээж болж үрийн зулай үнэрлэсэн юм. Цаг хугацаа их хурдан байна шүү, хэдийнэ арван найман жил өнгөрчихсөн байна.


Онцлох нийтлэлүүд