Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Эдийн засаг
2022.01.14 09:01

Г.Батзориг: Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг мега төслүүддээ татаж байж л эдийн засаг дархлаажина


Эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ сэргэлтийн бодлогын олзуурхууштай талаас ярилцлагаа эхэлье?

-Байгаа нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч чадсан нь авууштай. Дурдагдсан тоо баримтууд нь ханатай, одоо бид юутай тулгараад байна вэ гэсэн асуулт тавиад асуудлуудаа маш сайн харж чадсан санагдсан. Суурь асуудлуудаа бодитой харчихвал түүнд тулгуурласан бодлого, урт хугацааны хөтөлбөрүүд зөв явах магадлалтай. Эдийн засгийн хөгжлийн яамыг дахиад байгуулахаар шийдсэн нь хоёр дахь олзуурхал. Урт хугацааны хөгжлийн бодлогоо барьж, хянаж, улс төрийн бодлоготой уялдуулах тал дээр дэмжлэг судалгаагаар хангаж ажиллах ийм бүтэц маш хэрэгтэй. Гурав дахь олзуурхал гэвэл богино, дунд, урт хугацааны бодлоготой болчихлоо. Муу ч, сайн ч ерөнхий бодлого, төлөвлөлттэй болно гэдэг сайн хэрэг. Урт хугацааных нь “Алсын хараа-2050”, “Алсын хараа-2050”-ыг бодит болгох хөтөлбөр нь шинэ сэргэлтийн бодлого болов уу гэж харж байна. Богино хугацааных нь мэдээж төсөв, мөнгөний бодлого.

-Шүүмжлэхээр ч юмуу, анхаармаар өнцгүүд гэвэл та юуг онцлох вэ. Эдийн засгаа хэд нугалсан өртэй, ковидын хямрал гүнзгийрсэн ийм үед 120 их наядын санхүүжилтийг хаанаас яаж бүрдүүлэх вэ гээд харвал асуудал их байх шиг ээ?

-Асуудал их байна. 120 их наяд гэдэг бол Монголын эдийн засгийг дөрөв нугалсантай тэнцэх их мөнгө. Засгийн газар эдийн засгийнхаа 75 хувьтай тэнцэх хэмжээний өртэй яваа. Ийм нөхцөлд нэмэлт эх үүсвэр татах боломж байхгүй л дээ. Байлгалаа гэж бодоход “Рио тинто” шиг гадны томоохон хувийн хэвшлүүд орж ирж ажиллахгүй л бол ямар ч найдваргүй. Өөрөөр хэлбэл, Оюу толгой шиг том хөрөнгө оруулагчийн тухай дахиад ярих хэрэг гарч байна гэсэн үг.

-Том төсөл хэрэгжүүлэх чадалтай шинэ хөрөнгө оруулагчийг татахын тулд бид юунд онцгой анхаарах ёстой бол?

-Оюу толгойтой яалт ч үгүй тохиролцож ойлголцох нь чухал болчихоод байна л даа. Энэ төсөл дээрээ маш сайн тохиролцоонд хүрч чадвал дараа дараагийн хөрөнгө оруулагчид орж ирэх үүд нээгдэнэ. Тэгснээр шинэ мега төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ. Мега төсөл хэрэгжих чадамжтай салбар гэвэл өнөөхөндөө уул уурхай л байна.

-Уул уурхайн салбарт ойрын жилүүдэд мега төсөл хэрэгжинэ гэсэн итгэл төрөхгүй байна. Шинэ сэргэлтийн бодлогод үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд олон төсөл жагсаасан харагдсан. Тэр жагсаалтыг нь харахаар өөр салбарт ч том хөрөнгө оруулалт татаж чадна гэсэн итгэл эрх баригчдад байх шиг?

-Шинэ сэргэлтийн бодлогыг харахаар аж үйлдвэр гэж их ярьж байгаа л даа. Аж үйлдвэр хөгжих боломж бидэнд хэр байгаа вэ гэдгийг Чилийн жишээгээр тайлбарлая. Чили улс өнгөрсөн зууны жараад оноос зэсээ экспортолж эхэлсэн. Уул уурхайгаас хамаарахгүй байя гээд аж үйлдвэрийн бодлого баримтлах гэж хичээсэн, сүүлийн тавин жилийн хугацаанд. Манайхыг бодвол тогтворжуулалтын сантай, зэсийн экспортын орлогоо зөв ашигладаг улс гэдгийг та мэднэ. Гэтэл ДНБ-ий бүтцийг нь харахаар аж үйлдвэрийн салбарын эзэлдэг хувь төдийлөн нэмэгдээгүй. Энэ бол аж үйлдвэрийн салбарыг хүсээд л хөгжүүлчихдэггүйн том жишээ. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд санхүүжилт их шаардлагатай. Санхүүжилт татах боломж маш бага байгаа тухай та бид хоёр түрүүн ярьсан. Хоёрдугаарт, манайх шиг сахилга батгүй улсын тухайд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд магадгүй зуун, хоёр зуун жил шаардагдахыг үгүйсгэх аргагүй. Ерээд онд боловсруулах салбарын эдийн засагт эзлэх хувь 20 орчим хувьтай байсан бол сүүлийн арван жилд найман хувиас хөдлөөгүй. Эсрэгээрээ уул уурхайн эзлэх хувь таван хувь байснаа 23 хувь болж өссөн. Тэгэхээр бид яалт ч үгүй уул уурхайгаас хүчтэй хамааралтай эдийн засагтай улс болчихсон.

-Азийн супер сүлжээ төслийг Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан харагдсан. Хэрэгжих эсэх нь хоёр хөршийн хандлагаас шууд хамаарах байх. Ингээд бодохоор сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод дажгүй мөнгө олох найдвар байхгүй л харагдах юм?

-Эрчим хүчний чиглэлд мега төсөл хэрэгжих орон зай бий ч улс төрийн оролцоо асар өндөр. Дан ганц манай улсын шийдэх асуудал биш. Таны хэлсэн шиг хоёр хөршид манай улсыг хөгжүүлэх, эдийн засгийг маань дэмжээд явах сонирхол хэр байгаагаас хамаарна.

-Өнгөрсөн түүхээ харахаар хоёр хөрш манай улсыг эдийн засгийн хувьд бие даалгах сонирхолгүй явсаар өнөөг хүрсэн. Одоо өрнөж буй үйл явцыг анзаарах нь ээ ч тэр сонирхол нь өндөр хэвээр байх шиг?

-Манай улсын хувьд 2005 он хүртэл эдийн засаг гэж ярихад хэцүү байсан л даа. Донор орнуудаас тусламж авдаг, хөдөө аж ахуйн эдийн засагт эзлэх хувь нь 30, 40 гэж яригддаг, зуд болоход улсын аж ахуйд асар хүчтэй нөлөөлдөг тийм л орон байсан. Тэр үед Хятад улс ч өөрсдөө сэргэх гээд юун манайхтай манатай явсан. Сүүлд мега төсөл хэрэгжиж, гуравдагч хөрш Монгол Улс дахь хөрөнгөө хамгаалах үүрэгтэй болонгуут Орос, Хятадын асуудал огцом хөндөгдөж эхэлсэн түүхтэй. Үеийн үед мега төслийг хэрэгжүүлэхгүй, хөгжүүлэхгүй байя гэсэн бодлого хөрш хоёр улсад байх нь гайхах зүйл биш болов уу. Мега төсөл хэрэгжүүлснээсээ хойш бид Хятадтай нэлээд ойр харилцсаар ирсэн. Сүүлийн үед Оростой нэлээд ойрхон уулзалт хийгээд яваад байна л даа. Эндээс харахад аль улс төрийн нам эрх барьж яваагаа их зүйл шалтгаалж байх шиг. Хятадтай харилцах харилцаагаа сайжруулах шаардлага бий.

-Уул уурхайгаас хэт хамаарсан эдийн засгаа солонгоруулна гэж олон жил ярилаа. Хөдөө аж ахуйгаа додомдвол уул уурхайн салбарын нөлөөллийг багасгахад мэдрэгдэхүйц нөлөө үзүүлж чадах болов уу?

-Хөдөө аж ахуйг урт хугацааны хөтөлгөө морь гэж харахгүй байна. Найдвар тавих хоёр салбар бий. Нэг нь IT, нөгөө нь боловсрол. Ер нь боловсролын салбар л илүү найдлага, итгэл төрүүлж байгаа. Энэтхэг хүмүүс “Амазон” гэх мэт том компаниудын захирлууд болчихлоо. Яг ийм түвшний алба хашдаг дөрвөн хүний цалин байхад л манай төлбөрийн тэнцэл буюу валютын орох урсгалд эерэгээр нөлөөлж ханш тогтворжино гээд та бод доо. Боловсролоо үнэ хүргэж чадвал асар их ирээдүй бий. IT-гийн хувьд гурван төрлийн компани байна. Төсөлдөө живсэн Монголын компаниудаас гадна Япон гэх мэт улс руу үйлчилгээ үзүүлдэг компаниуд бий. Гаднаас валют олж ирэх боломжтой компаниуд гэсэн үг. Гэхдээ сая дурдсан салбаруудаас мөнгө олох боломж гуч, дөч, магадгүй тавин жилийн дараах асуудал.

-Шинэ сэргэлтийн бодлогод зарцуулагдах их мөнгийг урт хугацааны, бага хүүтэй зээл, бонд гэх мэтээр санхүүжүүлэх боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-Манай улсын нийт өр эдийн засгаасаа хэт давсан тухай ярианыхаа эхэнд хэлсэн. Бондын тухайд засаг өөрөө босгож, Сангийн яаманд байршуулж, өөрсдөө зарцуулалтыг нь шийддэг. Манайх шиг хэрэгжилтэн дээрээ алддаг, үйлдвэрлэл хөгжүүлэх бага хүүтэй зээлээ улс төрийн хамаарал бүхий танил талдаа өгөөд үрэн таран хийдэг улсад өгөөж муутай шийдэл. Харин Газрын тосны үйлдвэр дээр хэрэгжүүлсэн шиг загвараар явбал өөр хэрэг. Ийм төслүүдийн хэрэгжилтэд тавих хяналт чанга, хүүгийн зардал бага байдаг. Улс хоорондын харилцаа сайн бол ийм гарц бий.

-Ингээд харахаар ойрын ирээдүйд том санхүүжилт татах боломж бараг л байхгүй санагдлаа. Заавал их мөнгө хайж явахгүйгээр эдийн засгаа босгоод авах гарц, шийдэл байна уу?

-Хамгийн суурь логик нь хувийн секторын оролцоог л бүх төслүүд дээр хангуулах. IPO хийх замаар төрийн өмчийн компаниудын тодорхой хувийг хөрөнгийн зах зээлд гаргана гээд төсөвт тусгачихсан. Авлига нь дэндсэн, улс төрийн хамаарал бүхий өчнөөн хүн шахчихсан компани руу хэн хувийн мөнгөө хийх вэ дээ. Иймэрхүү байдлаар төр өөрөө менежерийн үүргээ гүйцэтгээд байвал хэцүү. Харин неолиберализмын онолоороо эрүүл мэнд, боловсрол гэх мэт салбаруудад төр оролцоогоо хадгалж үлдэж, бусад салбараа хувийн секторт даатгавал илүү ухаалаг шийдэл болно. Хувийн хэвшлийн тухайд ашгийн төлөө байгууллага учраас аль болох судалгаатай, экосистем нь бүрдсэн зүйлийг л урагшлуулахыг хичээнэ. Ер нь төрийн оролцоо менежерийн, татварын, хууль эрх зүйн түвшинд гэх мэт янз бүрийн хэлбэрээр гарч ирнэ л дээ. Хууль эрх зүйн түвшинд гэхэд маш олон хэрэгжихгүй журмууд гаргах ёстой эсэх, татвар дээр заавал намын татварыг бизнесүүдээс саах ёстой эсэх гэх мэт олон асуудал бий. Шөнийн манаачийн үүргээ л гүйцэтгээсэй гэдэг шиг төрийн зайлшгүй үүрэг өөр л дөө.

-Хүмүүнлэгийн чигийн салбарууддаа төр оролцолцоод бусдыг нь зуун хувь хувийн хэвшилд даатгаач ээ гэж үү?

-Ерөөсөө л тийм.

-ДНБ-ийг гурав дахин өсгөнө гээд байгаа. Яг үнэндээ ДНБ өссөн гэж мэдээлдэг ч нийт иргэдэд наалдсан нь юу билээ гээд харахаар хэцүү зураг харагддаг...?

-ДНБ-ийг гурав дахин өсгөх боломж байгаа л даа. Гуч, дөчин жилийн хугацаанд зургаа дахин өсгөчихсөн Катар, Хонконгийн жишээнүүд байна. Гэхдээ бидний хувьд ДНБ-ээр эдийн засгаа хэмжээд явах нь нэг талаараа учир дутагдалтай. Өнгөрсөн оны эцэст ДНБ 3.5 хувиар өслөө л гээд байгаа ч бид хоёрын халаасан дахь мөнгө өссөн үү?

-Өсөх нь бүү хэл үнэ цэнэ нь хэд дахин уначихлаа л даа?

-Уул уурхайн салбарт чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалттай голдуу компани, тийшээгээ ханган нийлүүлэлт хийдэг компаниуд дээр л өсөлт бий болоод байна л даа. Тэрийг бид Монгол Улсын өсөлт мэтээр яриад суугаа. Нөгөө талд Үндэсний нийт орлого гэж бий. Тодруулж хэлбэл, үндэсний компаниудын бүтээж байгаа баялаг. ҮНО 2012 оноос хойш ДНБ-ээсээ зөрөөд явчихсан. Нэлээд зааг гарчихсан. Товчхондоо бид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үр ашигтай ашиглахгүй байна гэсэн үг. Тогтвортой өсөлтийг ярихын тулд Үндэсний нийт орлого гэдэг үзүүлэлтээр давхар хэмждэг, тэрийгээ бид ярьж байх хэрэгтэй. Гол ажиллах хүчин хөдөө аж ахуй, үйлчилгээний бизнест төвлөрдөг. Гэтэл энэ компаниуд дээр гэрэл гэгээ ажиглагдахгүй болохоор мянга өсөлт яриад нэмэргүй болчихож байгаа юм.

-Ингээд харахаар уул уурхайгаас эдийн засаг нь хамааралтай, энэ янзаараа олон жил явсан улсуудад ажиглагддаг том эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлмээр юм байна?

-Уул уурхай голлосон улсуудыг харахаар давхарга хоорондын зөрүү нэмэгдсэн нь анзаарагддаг. Зээлийн хүүгийн төлбөр төсвийн орлогын 11 хувьтай тэнцэхүйц байгаа. Гэтэл бид боловсрол, эрүүл мэндийн салбартаа хүүгийнхээ төлбөрөөс илүү хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй яваа. ДНБ-ий 3-4 хувьтай тэнцэх мөнгийг л боловсрол, эрүүл мэнддээ зарцуулж, авсан зээлийнх нь хүүгийн төлбөр энэ салбарууддаа зарцуулсан мөнгөнөөс илүү гарчихсан яваагаа эргэж харж дүгнэлт хийх хэрэгтэй. Бодитой арга хэмжээ авахгүй бол давхарга хоорондын зөрүү улам нэмэгдэнэ. Дунджаас доогуур давхаргын хүн дундаж давхарга руу ороход маш хэцүү болно гэсэн үг. Энэтхэг зэрэг улсад ядуу айлд төрлөө гэхэд есөн үеийн дараа дундаж давхарга руу ордог бол Норвеги, Голланд гэх мэт улсын тухайд давхарга ахихад гурваас дөрвөн үе шаарддаг гэдэг. Монголд хууль ёсоороо явбал дундаж давхарга руу орох үе нь Энэтхэг шиг биш гэж найдаж байна. Цаашдаа уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр олон жил явбал Энэтхэг шиг болох эрсдэл өндөр.

-Давхарга хоорондын ялгааг Энэтхэг шиг болгохгүйн тулд ойрын жилд юунд анхаарах ёстой гэж харж байна?

-Уул уурхайн салбарт мега төслүүдээ зэрэгцүүлж хөгжүүлэхээс гадна хөдөө аж ахуйн салбараа дэмжиж хөгжүүлэх шаардлагатай. Хөдөө аж ахуйгаа хөгжүүлье гээд жижиг дунд аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож буй санаа нь зөв. Гэхдээ яг олгох үедээ алдаа гаргасаар ирсэн. Түрүүн хэлсэн дээ, ашиг сонирхол бүхий нөхдүүд нийлж аваад үрэн таран хийчихдэг гэж. Ийм учраас байдал өөрчлөгдөөгүй өнөөг хүрсэн. Хэрэгжилт дээрээ институцийн хяналт сул учраас идэх уух явдал, авлига гэх мэт буруу үзэгдэл газар авчихаад байна л даа. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй бодлогын хөтөлбөр зарласны 200 орчим нь л цаасан дээр бууж, жар далан хувьтай хэрэгжсэн байх шүү. Нэг өгүүлбэрээр хэлбэл бодлогын хөтөлбөрийг хангалттай баталж яваа, хэрэгжилт дээрээ л анхаармаар байна.

-Сонгуулийн мөчлөг хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн маш том саад шиг санагддаг. Нэг намынхаа хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг нөгөө нь засаг барихаараа үгүйсгээд шинэ хөтөлбөр зохиочихдог...?

-Бид ганц сонгууль ч биш, олон мөчлөг дунд амьдарч байгаа. Улирлын чанартай бизнесийн мөчлөг, таван жил тутам орж ирдэг Валютын сангийн мөчлөг, түүхий эдийн мөчлөг, нэмэх нь сая таны хэлсэн сонгуулийн мөчлөг. Эхний гурван мөчлөг биднээс хамаарахгүй. Сонгуулийн мөчлөгийг өөрсдөө зохицуулах боломж уг нь бий. Сонгуулийн мөчлөг буюу нам дагасан бодлогууд маш том асуудал үүсгэдэг нь үнэн л дээ. Энэ мөчлөгийг багасгаж чадвал л тогтвортой өсөлтийн талаар ярих боломж бүрдэнэ.

-Шинэ сэргэлтийн бодлогод огт дурдагдаагүй амин чухал асуудал байна уу?

-Энэ хөтөлбөрт огт дурдагдаагүй зүйл нь системийн реформууд. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, тэтгэврийн системийн реформуудыг хийхгүй бол хөгжил ярихад хэцүү. Суурь бүтэц нь хүнийг зовоодог, ядуу амьдруулдаг, тэгш хөгжих боломжийг нь олгодоггүй эргүүлэгт оруулчихсан. Хүүхдээ ангийнх нь тавин хүүхдээс урагш суулгах гэж багшид нь мөнгө төлдөг, тэтгэвэрт гарлаа гээд ядуурлын эгнээ рүү ордог байдал нийтлэг зовлон болчихсон. Энэ мэт системийн хувьд шинэчлэх ёстой зүйл их байна. Иргэнийхээ аз жаргалтай тэгш амьдрах боломжийг системүүдээр хангаж өгөх шаардлага үүсчихсэн. Өнөөдөр Европын эдийн засаг муудлаа, ажилгүйдэл ихэслээ л гэж байна. Гэхдээ тэнд ядаж л хүн аюулгүй таатай амьдрах орчин бүрдчихсэн.

-Ковид дэлхийн дэгийг тэр чигт нь өөрчилсөн нь жил ирэх мэдрэгдэж байна. Товчхондоо олон жилийн хөгжлийн бодлогоо танигдахын аргагүй өөрчлөгдөж байгаа дэлхийн цонхоор харах шаардлага үүсчихсэн. Дэлхий яаж өөрчлөгдөж байна вэ, тийм дэлхийд бид яах ёстой вэ гэсэн асуудлаар ярилцлагаа төгсгөе?

-Дэлхий 200 гаруй орнуудын бараг 50 хувь нь улс төрийн тогтворгүй байдалтай байна. Ялангуяа ковидын үед эрх баригч намуудын давамгайлах хүч асар их нэмэгдлээ. Зарим орны эрх баригчид ковидоор далимдуулж журам дүрэм хууль гаргах замаар нөлөөгөө ихэсгэснийг дэлхийгээрээ ярьж байгаа. Даяарших буюу худалдааны дэмжих бодлого гэхээс илүү тус тусдаа амиа хичээх, худалдааныхаа хувьд хамгаалалт хийх, тариф үүсгэх гэх мэт асуудлууд цаашдаа үргэлжлэхээр байна. Тэгэхээр бидний хувьд гуравдагч хөршийн бодлого асар чухлаар тавигдаж таарна. Магадгүй Хятад улс цаашдаа “Америктай тохиролцохгүй нь, аль нэгтэй нь тохиролц” гэсэн шаардлагыг албан бусаар тавьж магадгүй. Австралид хандсан шигээ манайд хандахыг үгүйсгэхгүй. Ингээд бодоод үзэхээр бидний хувьд Япон, Европын орнууд, Канад ч юмуу, ер нь л гуравдагч хөршүүдээ ялангуяа мега төслүүд дээрээ хамж авах нь асар зөв байгаа юм. Мега төслөөрөө л бид эдийн засгийн дархлаагаа бий болгохоос биш урд зүгээс Австралид хориг тавьсан шигээ манайд хориг тавьчихвал хичнээн орилолдоод нэмэргүй. Бодлого, улс төрийн хувьд нэлээд өндөр түвшинд тоглохгүй бол дэлхийн гуравдугаар дайн эдийн засгийн хувьд бараг явагдаж байна гэж яригдаж буй энэ үед тэсч хөгжихөд хэцүү. Дараагийн том асуудал бол дэлхий даяар ажиглагдаж буй тэгш бус байдлын эсрэг үзэгдлүүд. Дэлхийн хүн амын ганцхан хувь нь нийт баялгийн 45 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаа сайгүй хүмүүс ядуурч, орлого олох боломжууд нь хумигдаж байна. Ийм цагт хүмүүс тэмцэл, бослого, өөрчлөлтөд сэргэг болж эхэлж байна л даа.

-Тэрний нэг илрэл нь Казахстан болж таарлаа. Ер нь тэмцлүүд шууд эсэргүүцлээс өөрөөр ч их хүчтэй явагдаад эхэлчих шиг. Наад захын жишээ нь криптовалют байна...?

-Яг тийм. Хамгийн эхлээд бидэнд анзаарагдсан нь сүлжээний бизнес. Хоёр дахь нь криптовалют буюу койн. Хүмүүс шууд талбай дээр гарч тэмцэх биш, өөр хэлбэрээр тэмцээд байгаагийн нэг тод илрэл л дээ. Криптовалютыг хүмүүс авч үнэ нь өссөнөөр дэлхийн санхүүгийн систем хүнд байдал руу орсон. Өмнө нь мөнгөний, сангийн гэсэн уламжлалт бодлогоор дэлхийн эдийн засгийг удирдаж байсан бол үүнтэй зэрэгцээд ямар ч хяналт, зохицуулалтгүй, асар их мөнгө эргэлдээд эхэлчихлээ. Тэр нь тодорхой хэмжээний экосистемтэй болж, хүмүүс гүйлгээ хийж, олон өөрчлөлт өрнөж байна. Бидний хувьд бизнес улстөрч хоёр нийлчихсэн, бие биетэйгээ тохирчихсон ардчилал дунд амьдарч яваа. Байдал ингээд өөрчлөгдчихөөр нөгөөдүүлийн чинь санаа зовоод эхэлж байгаа юм. Бидний авдаг бялуунаас гадна бялуу гараад ирлээ, яах вэ гэцгээгээд. Тэгэхээр бид финтек чиглэлийн өөрчлөлтөд соргог хандах хэрэгтэй.

Ор гэж уриалаад байгаа юм биш л дээ. Хууль эрх зүйн хувьд цахим валют, блокчейн технологи гэх мэтэд хөгжүүлэлт хийгээд явбал цаашдаа олон улсад үйлчилгээ үзүүлэх нөхцөлүүд хангагдчихаад байгаа юм болов уу гэж харж байна. Дахиад онцлоход, гурав дахь анхаарах ёстой зүйл нь эдийн засгийн цөм бодлого. Цөм бодлогын тухайд мөчлөгөөсөө салж чадахгүй. Бусад мөчлөгөө зохицуулж чаддаггүй байлаа гэхэд сонгуулийн мөчлөг дагасан бодлогодоо анхаармаар байна. Энэ асуудлаа шийдчихвэл наад зах нь түүхий эдийн үнийн өсөлттэй үеийг ашиглах гэх мэт олон боломж бий.

Онцлох нийтлэлүүд