Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn Замын-Үүд- Эрээн чиглэлийн тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ DNN.mn Эрчим хүчний салбарынхандаа баяр хүргэе! DNN.mn 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглаж хууль бус сурталчилгаа явуулсан иргэдийг илрүүлжээ DNN.mn Хан-Уул дүүргийн халтиргаа ихтэй зам талбайд давстай авдар байршуулжээ DNN.mn Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 98.9 хувьтай байна DNN.mn ​Хамгийн эртний хөлгүй амьтны чулуужсан үлдэгдэл олджээ DNN.mn Өчигдөр 62 жолооч согтуугаар жолоо барьж, 149 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүргүүллээ DNN.mn Сайн малчин, тариаланч хэн бэ? DNN.mn Нийслэлд жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөжээ DNN.mn
Цаг үе
2015.01.14 10:01

Г.Уянга: Надад амьд гэрч байгаа

УИХ-ын гишүүн Г.Уянга­тай ярилцлаа.

-Одонтой эхчүүд, жирэм­сэн эмэгтэйчүүд, хүүхдийн мөнгийг танах хэлбэрээр төсвийн тодотгол орж ирсэн. Чуулганаар хэлэлцэхэд нь та ч хатуу үг хэллээ. Таныхаар төсвийн тодотголын энэ таналтыг ямар хэлбэрээр хийх байсан бэ?

-Буруу хэсгийн орлогоос таналтаа эхэлсэн нь Ерөнхий сайдыг, цаашлаад энэ Засгийн газрыг ч хүнд байдалд оруулж мэдэхээр байна. Эмзэг, дундаас доод бүлгийн иргэдийнхээ гар дээр очдог багахаан мөнгийг танаад харин нийгмийн бүлгийн дээд хэсэгт ихээхэн хөнгөлөлт үзүүлж байгаа нь маш буруу. Манай төсвийн гол орлогыг бүрдүүлдэг уул уурхайн экспортоос ордог орлогыг ихээхэн хэмжээгээр бууруулсан нь уул уурхайн компанийн эздэд хөнгөлөлт болж очиж байгаа. Өнгөрсөн жил борлуулалт хамгийн бага үедээ 18 сая тонн нүүрс экспортолсон хэрнээ энэ жил 15 сая болгож гурван сая тонноор бууруулжээ. Гурван саяын экспорт л 300 тэрбум төгрөг. Төмрийн хүдрийн экспортыг гэхэд л 1,6 сая тонноор бууруулжээ. Энэ нь бараг 200 шахам тэрбум төгрөг. Нөгөө хэмнэх гээд байгаа мөнгөний тал нь энэ хоёр бүтээгдэхүүнээс гарч ирж байна. Олон хүнд таалагдахгүй шийдвэр гаргахдаа олонхид таалагдахгүй, үнэхээр буруу шийдвэр гаргаж байна. Дээд хэсэгт нь, газрын баялгаар наймаа хийдэг тэр хэсэгт таалагдахгүй шийдвэрээс өөрчлөлт шинэчлэлтээ эхлэх байсан. Дээрээс нь онцгой албан татварыг монгол төгрөгөөр илэрхийлж төлүүлэхдээ нэг долларыг 1450 төгрөгөөр тооцож авахаар хуулийн төсөл бас орж ирсэн. Архи үйлдвэрлэгч, тамхи импортлогчид гэхэд л энэ хөнгөлөлтөөс 40 тэрбум төгрөгийн татвар завшихаар болж байх жишээтэй. Хуулийн агуулга зөв боловч төсөв хүндэрч, ээжүүд, хүүхдүүдийн мөнгийг хүртэл хасахдаа тулж байгаа энэ үед оновчтой шийдэл биш байна гэж би үзсэн.

Хямралын үед харин ч ядуу хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулж, харин үйлдвэрлэгчдэдээ дэмжлэг урамшуулал хөнгөлөлт олгодог. Төр нь бүсээ чангалж түшмэл хүнд сурталтнуудаа цөөлдөг. Гэтэл энэ Засгийн газар яг эсрэгээр нь хийж байна. Камиказе болох гэж байгаа бол засгаараа л туг тахидаг юм байгаа биз, яахаараа нийгмийн хамгийн эмзэг хэсгийн голыг гогодож байгаа юм гэж би хэлээд байгаа. Хэдхэн жилийн өмнө 85 мянган төрийн албан хаагчийн хийж байсан ажлыг өнөөдөр 185 мянган хүн хийж байна. Тэднийг цөөл, цомхотго хэмнэ. Улс төрийн томилгоогоор дарга болсон хүмүүс ардаа бизнестэй байдаг. Сая дэд сайд болгох хүмүүсийг сонгохдоо сонгуулийн үеэр намдаа 100 саяас дээш төгрөг хандивласныг гол үзүүлэлт болгосон гэсэн. Ийм хүмүүсийг цомхотго, нэг хүн хоёр ажил хийж болохгүй, тийм л 100 саяыг цацах бизнестэй юм бол хямралын үед тэрийгээ өөд нь татвал эдийн засаг сэргэхэд тустай байх. Ингээд бодвол энэ Засаг энэ төр ард түмний биш цөөнх дээдсийн төр болж хувирсан байгаа биз. Ардчиллыг дээдэсчлэл, элитчилэл болгож байна. Ард түмнээ хар масс гэж хочилж байна.

-Монголбанк газрын дарга нараа 60-250 сая төгрөгөөр шагнасан тухай та хэлсэн. Үнэхээр баримттай үнэн зүйл хэлсэн биз дээ. Танд нотлох баримт бий юу. Яагаад гэвэл худлаа гээд таны хэлсэн зүйлийг үгүйсгээд байна л даа?

-Тэд юу гэж бид авсан гэж хэлэх билээ дээ. УИХ ирж шалгахад бэлдээд тушаал шийдвэр гаргаж гар хөлийн үсэг зурж байгаад тийм мөнгө өгнө ч гэж юу байхав. Одоо тэнд хөндлөнгийн аудит оруулж шалгуулах ёстой гэж бодож байна. Монголбанкны тансаглалыг бараг хүн бүхэн мэднэ дээ. Байсгээд л байр сууц, мөнгө төгрөгийг сайн тараадаг. Надад амьд гэрч бол бий.

-Иргэдийн зүгээс дарга нар өөрсдийнхөө төсвийг хасахгүй байж ард түмний халаасыг хоосолж байна гэх шүүмжлэлийг хэлж байгаа. Таны хэлснээр бүсээ тасартал таргалсан дарга нарынтоонд аль аль шатныхан орох вэ. Парламентын гишүүд өөрсдөө багтах уу?

-УИХ-ын гишүүд, сайд нарын зарим нь багтана. Дунд шатны хурган дарга нар, мөн уул уурхайгаас хөлжиж байгаа тэр хэсгийнхэн багтах болов уу. Их хурлын гишүүд бүгдээрээ орохгүй л дээ. Энэ 76 дотор чинь их олон өнгө байгааг нийгэм бас сайн ялгаж, олж харах хэрэгтэй. Мөнгөний тоо мэдэхээ байсан, энд байхаасаа гадаадад амьдардаг хүмүүс олон бий. Чимээгүй сууж байгаад лобби хийж хүссэн шийдвэрээ гаргуулаад яваад байдаг хүмүүс байна. Түүнийг нь гаргахад нь туслаад аялдан дагалдаад явдаг хэсэг байна. Цалингаараа л амьдардаг над мэтийн хүмүүс бас цөөн боловч байна. Энэ чинь олон өнгөтэй, Монголын амьдралын, ард түмний дүр зураг ерөнхийдөөбайж л байгаа.

-Шинээр хоёр татвар бий болгохоор төсвийн тодотголд тусгажээ. Энэ хэр оновчтой шийдэл вэ?

-Бууны, өөрөө явагч хэрэгслийн, нийслэлийн татварууд нь нөгөө л дээд хэсэгт төдий л мэдрэгдэхгүй татварууд. Цаг үе нь одоо биш гэж бодож, алийг нь ч дэмжээгүй. Иргэдийн гар дээр очдог мөнгийг нь хасчихаад цаанаа махаа идэж олдгоос нь ахиад татвар авч байгааг одоо юу гэх юм бэ дээ, төрийн мөлжлөг гэх үү?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд төсвийг ингэж тодотгоод өрийн таазыг 70 хувьд хүргэснээр эдийн засгийг сэргээнэ гэж хараад байгаа юм болов уу. Үр дүн нь хэр вэ. Та юу гэж бодож байна?

-Өр тавьснаар эдийн засаг сэргэхгүй. Юуны өмнө дотооддоо эмх цэгц дэг журам хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалтыг татахаас өмнө орж ирсэн мөнгийг үр ашигтай зөв зарцуулах зөв бодлогоо гаргасан байх нь юу юунаас илүү үгүйлэгдэж байна. Монголд алт, зэс, нүүрс, жонш, төмрийн хүдэр, өнгөт чулуулаг гээд үй олон ашигт малтмал олборлож экспортолж байна. Зөвхөн өнгөрсөн Засгийн үед цоо шинэ 60 уурхай хүлээж авсан шүү дээ. Энэ уурхайнуудын ухаад зарсан манай баялгийн үнэ, олсон мөнгө манай эдийн засаг руу орж ирэхгүй байна шүү дээ. Үүнийг хэн ч хянаж чадахгүй байна. Нөгөө манай шилдэг либеральчдын шүтээд байгаа хөрөнгө оруулагч Оюутолгойн олборлож экспортолж байгаа алт зэсийн хүдэр, түүний мөнгө хаана явдгийг ч мэддэггүй. Олборлож, зарж байгаа ашигт малтмалуудын мөнгө бүгд манай эдийн засагт орж ирдэг бол долларын ханш ингэтэл савлаж, хүмүүсийг ширвэхгүй шүү дээ.

Нөгөө талдаа энэ бүх ашигт малтмалыг зарсан мөнгө бүгд орж ирвэл гуравхан сая хүнтэй зах зээл шингээж чадахгүй нь ойлгомжтой. Ийм л учраас бодлоготой уул уурхай хэрэгтэй байгаа юм. Аль аль уурхайг ямар дэс дараалалтай, хэдэн жилийн хугацаанд олборлох, тэр мөнгөө хэрхэн эдийн засагтаа шингээж, яаж аажим, бат суурьтайгаар эдийн засгаа тэлэх вэ гэдэг иж бүрэн бодлого хэрэгтэй байна.

-Баялаг бүтээгчдээ дэмжье л гээд яриад байгаа шүү дээ. Таны хэлж байгаа шигээр хийвэл их олон уурхайг хаах хэрэгтэй болох байх. Уул уурхай бол баялаг бүтээгчид биш гэж та хэлсэн нь нэлээд уурхайчдын эгдүүг хүргэх шиг болсон?

-Уул уурхайг бизнес гэж хэлэх үнэхээр төвөгтэй байгаа юм аа. Энэ бол банкнаас мөнгө зээлээд ресторан ажиллуулж байгаа, гутал хийж, цамц нэхэж, оймс оёод зарж байгаа бизнесээс арай өөр. Газрын доорх баялгийг тэд бий болгоогүй.

Монголчуудын хэдэн үеийн цус, хөлс, нулимсаар энэ ард түмэнд өвлөгдөж ирсэн хөрөнгө. Их хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй нь үнэн. Түүнийг босгож ирж байгаа байх. Гэхдээ баялаг дээр тэр мөнгө босч байгаа. Тэгээд зараад олсон мөнгө нь хөгжлийн суурь болж Монголд үлдэхгүй байгаа шүү дээ. Гадаадаас хөрөнгө олж ирлээ гэдэг, ухдаг ачаад явдаг мөнгө нь нөгөө гадаадын хөрөнгө оруулагчид нь үлддэг. Харин манай шилдэг бизнесмэнүүд дараагийн ордыг ухах гэж дотооддоо лиценз, гадаадад хөрөнгө хайгаад гүйдэг. Ийм байж болох уу. 500, 1000 хүнийг ажлын байраар хангаж байна, төсөвт төдөн төгрөгийн татвар төлж байна гээд л, энэ л та нарт болоо, бусад нь мөнгө олж ирсэн учраас гадныхантай хувааж авна л гэж ярьцгаах юм. Нөхөн сэргээлт хийж байгааг нь бол орой дээрээ тахиж дээдлэн шүтэх аястай болцгоочихож бид. Эцсийн дүндээ уул уурхайгаас орж ирж хуримтлал үүсгэж байгаа юм алга. Хэдхэн хүнийг тасартал баяжуулаад, гадагшаа урсаад алга болж байна. Энэ чинь зөв юм уу. Үнэндээ Монголд бодлогогүй уул уурхайн зовлон л нүүрлээд байна шүү дээ. Ер нь бол баялгийг ард түмэн бүтээдэг. Хөрөнгөтнүүд зохион байгуулагч л юм.

-Таныхаар энэ засгийн газар эдийн засгийг сэргээж хөрөнгө оруулалтыг нэмэг­дүүлэхийн тулд таналтаас өөр ямар бодлого явуулах хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Дээр хэлсэнчлэн уул уурхай­гаа цэгцлэх бодлого хамгийн чухал байна. Юуны өмнө бид баялгаа экспортолсон л юм бол тэр мөнгө нь Хонконгийн банкинд биш, Лондонд үл хөдлөх хөрөнгө болж биш, Макаод казиногийн орлого болж биш Монголын банкинд орж ирдэг болмоор байна. Тэгээд бизнес хийе, өөрөө өөрийнхөө амьдралыг босгоё гэж байгаа хүмүүст бага хүүтэй, урт хуга­цаатай зээл болж очдог баймаар байна. Ингэвэл ядаж л долларын ханш ингэ­тэл галзуурч, биднийг багалзуурдаад байхгүй шүү дээ. Үүнийг хийнэ гэдэг нь л хувьсгалтай дүйх ажил болчихоод байна шүү дээ. Түүнээс татвар бодож олж нэмээд, өрийн бичиг гаргаад, хүүхдийн мөнгө хасаад эдийн засгийг өөрчлөхгүй ээ. Орон тоо цомхотгох ч нэг их том бодлого биш, ер нь. Үндсэн ажил руугаа л орохгүй байна л даа, манай аль ч засаг. Барьж авахаас айж бэргээд тойрч гүйгээд байна. Дарга нар нь бодлого бодохоос ч залхуурч, түшмэлүүд нь хэдэн тоо бодохоос залхуурсаар энэ улс баларч байна.

Өр зээлээ эмхэлж цэгцлэх нэг том ажил бас байна. Засгийн төлөх гадаад өрөөс илүүтэй хувийнхны төлөх графикт гадаад өр өнөөдөр Монголыг хямраагаад байна. Энэ бол дахиад л уул уурхай, банк. Тэдний гадаад төлбөрөө хийх хугацаа нь болмогц Монголоос баахан төгрөг доллар болоод гадагшаа урсаж байгаа. Энэ нь долларын хомсдол үүсгэж төгрөгийн ханшийг унагадаг нэг том урсгал болчихоод байна. Өрийн таазаа нэмэхгүйгээр хувийнханд засаг өрийн баталгаа гаргаж өгчихөөд түүнийгээ өөрийнхөө төлөх өрд тооцохгүй байя гэдэг нь хүүхэд нүдээ дарчихаад өөрийгөө бусдад харагдахгүй байна гэж итгэхтэй адил. Өөрөө өөрсдийгөө ингэж хуу­рах хэрэггүй. Одоо хэ­дэн том компаниа УИХ дуудаж асуудал, зовлонг нь сонсох хэрэгтэй гэж бодож байна. Гарц боломжуудыг хамтаараа хайх хэрэгтэй. Өнөөдөр тэдний асуудал улсын асуудал болчихоод байхад бид нэг их наядын хэмнэлт тойрч хэрэлдээд суух нь оновчтой биш байна гэж би харж байна. Миний бие гишүүдтэйгээ хамтраад энэ ажлыг санаачилж хийе гэж бодож байна.

-Ер нь өнөөдөр УИХ-ын түвшинд танаас өөр шүүмжлэлхэлэх хүн ховор байна. Энэ утгаараа та энэ парламентын сөрөг хүчний үүргийг гүйцэтгээд байна уу даа?

-Сөрөөд нураагаад, гацаагаад байя гэж бодоод, тэгж ажиллаад байгаа юм надад үнэндээ алга. Тэр ч байтугай Монголын төрд сөрөг хүчин гэж байх ёсгүй гэж би үздэг. Бүгд бие биеэ үгүйсгэдэг сөрөг хүчин биш, Монголын төлөөх нэг бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бүгд эерэг хүчин байж ажиллах ёстой гэж үздэг. Алунгоо эхийн таван сумын үлгэрийг парламентын таван намд ярьж өгөх цаг болсон гэж боддог.

Гэхдээ энэ чинь "эвтэй бай" гэхээр л эвлэчихдэг юм биш шүү дээ. 25 жилийн турш биднийг, ерөөс улс үндэстэн, ард иргэдийг бүгдийг нь хооронд нь салгах систем үйлчилсэн байна. Үүнийг өөрчилж үндэснийхээ эрх ашгийн төлөө нэг байдаг системийг бүрдүүлэх Үндсэн хуулиа яаралтай ярьж хиймээр байна. Эвийг ингэж л бий болгоно. Одоо бол зөв зүйл санаачлахаар явдаггүй, буруу нь маш хурдан яваад байгааг та нар өөрсдөө харж л байгаа биз дээ.

Буруу зарчим дээр эвсээд зөвийг нь нийлж боорлоод байхаар хэлэх үгээ хэлэх л ёстой. Ингэх л гэж би сонгогдсон. Ядаж л болохгүй байгаа юмны талаарх мэдээллүүд иргэдэд ил тод хүрч байвал миний энд байсны нэг хэрэг гэж бодох юм. Тэртээх 1980-аад оны сүүлч шиг "Ардчилал ил тод байдал олон ургальч үзэл хэрэгтэй" гэж дахиад ярих хэмжээнд энэ улс хүрсэн байна шүү дээ.

-Гэхдээ таны шүүмжлэлт байр суурийг популизм хийж байна гэж үнэлэх нь бий?

-Одоо намайг юм яри­хаар популизм гэдэг ганц үгээр л хариулдаг болж дээ. Өөр үндэслэл, хариу тэдэнд байхгүй. Би ганц жи­шээ хэлье. Гацууртын ордыг стратегийн ордод оруулж Урт нэртэй хуулиас бултуулаад олборлуулах гээд л УИХ шийдэх гэж байна, бас л лобби. Гэтэл тэнд чинь Хүннүгийн үеийн булш бунхан хэдэн зуугаараа байна. Дөнгөж арваадыг нь л малтаж гаргаад байгаа. Хүн төрөлхтний түүхэнд Монгол нутагт анхны төрт улс үүссэнийг, монголчуудыг өвөг Хүннү нар мөн гэдгийг батлах дэлхийн хаанаас ч олдохгүй үй олон олдвор зөвхөн энд байна. Дэлхийн бүх түүхчид Ноён уулаар Монголыг мэддэг юм билээ. Эрмитажид байгаа Хүннү хивс, ноён уулын олдворыг бид бүгд мэддэг. Энэ чинь монгол үндэстний юм, үүнийг 50 тн алтаар арилжиж болох юм уу. Бид чинь дэлхийн түүхэнд төрт улс байгуулж явсан цөөхөн үндэстний нэг. Гарцаагүй ийм зүйл дээр би эсэргүүцэх байтугай л юм болох байх. Ажил гацаалаа, эсвэл популизм хийлээ гэцгээх юм. Үүнийг хамгаалах нь үндэсний эрх ашиг уу, эсвэл популизм уу.

Өмнө нь 40 тонн алтыг нь анхны тогтвортой байдлын гэрээгээр ямар ч татваргүй аваад Монголыг 2,8 тэрбумын өрөнд оруулчихаад явчихсан нөхөр нэрээ өөрчлөөд одоо Ноён уулыг чинь ухнаа гээд ирж байхад л Монголын төр солонгос савангийн дуурийн ой санамжаа алдсан хүн шигөгөөд л явуулах нь байна шүү дээ. Ийм сериал найруулаад байгаа хүмүүс популист уу, түүнийг нь хэлсэн би популист уу. Чухамдаа тэр Тогтвортой байдлын гэрээг анх зурсан нөхөр л "популист" энэ тэр гэх мэт нэр хоч зохиож эд нарынхаа чихэнд шивнэж, эд нар нь түүнийг нь тоть шиг давтахаар өөрийнхөө ухаантайг гайхаж явдаг гэнэ билээ. Учир нь "Тогтвортой байдлын гэрээ"-ний нэрийг ХОГ гэж өөрчлөөд Монголыг тонож байгаа нөгөө л гадныханд долигонож яваа. Би чадлаараа лобби хийж л байна. Тэднийг дийлэх эсэхийг мэдэхгүй л байна. Гэхдээ та нар ч гэсэн популист болохоос айлгүй Ноён уулын төлөө дуугараад өгөөч.

-Ер нь таны шүүмжлэл дарга нарын шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх нь ховор. Тэгэхээр та бүх зүйлийг сөрөх шаардлага байна уу?

-Бүх зүйлийг сөрдөггүй. Болохгүй зүйлийг л сөрдөг. Их олон зүйл сөрж байгаа бол их олон юм болохгүй байгаа нь л тэр байх даа, миний нүдээр. Харин миний үйл ажиллагаа томоохон үр дүнд хүргэж байсан зүйл бол бий. Улс төрийн намуудыг сонгуульд бэлэн мөнгө амладаггүй болгосон, сонгуулийн хуульд намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийдэг болсон зэрэг бол манай холбооны зохион байгуулсан тэмцлийн үр дүн гэж хардаг. Энэ бол хамгийн том нөлөөлөл.

Өнөөдөр ч миний үг хэл, үйл ажиллагаа Монголын улс төрийг зөв болгох чиглэлд хувь нэмрээ оруулж, зохих нөлөөгөө үзүүлж байгаа байх аа. Сөрөх зүйл байвал хэн нэгэн юу гэхийг даанч нэг тоохгүй сөрөх л болно. Дэмжих зүйлээ бол хэлж байгаад дэмжээд л явдаг. Харин нийгэм, сэтгүүлчид өөрөө сөрж байгааг нь илүү хараад дэмжлэг, магтаал сайшаалыг үл тоодог болсон шүү дээ. Санал тоолбол би ганцаардах үе байдаг учраас үргэлж өөрийнхөөрөө шийдэж чадахгүй байна, дандаа миний зөв байх алба үгүй, ЗГ-ын асуудлаар Х.Баттулга бид хоёр л сөрөг өгсөн. Яахав энэ бол ардчилал.

Гэхдээ би энд байгаагийн хувьд болох болохгүйг хэлээд байя, харин иргэд түүний дагуу төр засгаа шахах ёстой шүү дээ. Ингэвэл иргэдийн зөв гэж бодсон асуудал шийдэгдэнэ. Би танхимд ч, гудамжинд ч зэрэг ажиллахад заримдаа бие хүрэлцэхгүй юм бас байна. Хүмүүс санаа зовсондоо л надаас шаарддаг байх л даа, жагс, уулзалт хий, хууль өргөн барь, судалгаа хий л гэнэ. Энэ бүхнийг хийж л байна. Гэтэл одоо гудамж эзгүй, би энд л нөгөө мэргэн хүний хэлдгээр "сүгсэлзэж" байх шив. Энэ олон асуудал хуримтлагдсаар нэг өдөр тэсэрвэл эд нар яах юм бол. Гэхдээ энд дандаа л идэх уухын донтон байдаг юм биш, бас хамтрахдаа хамтраад ойлголцохдоо ойлголцоод явж л байна. Олон зөв бодолтон байна.

-Та ажил хэрэгч санал гаргаад дэмжээд хамтраад явбал яадаг юм бэ?

-Бас л дээр хэлсэн шиг харахгүй байгаа хэрэг л дээ. Бид хамтарч их зүйл хийдэг. Өмнөх Засгийн газартай Түрээсийн хууль дээр хамтраад ажиллаад явсан, энэ засагтай ч гэсэн хуулиуд дээрээ хамтрахдаа хамтраад л явна. Манай эмэгтэйчүүд хүүхэд харах үйлчилгээний, тамхины хууль дээр ямар санаа нэгтэй байгаа нь үлгэр жишээ болж харагдахгүй байгаа бол харамсалтай л байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай миний санаачилсан хуулийн төслийг дэмжиж хэлэлцүүлэх ажлыг МАН-ын бүлгийнхэн дэмжсэн гэх мэт хамтарч хийдэг, ойлголцдог зүйл зөрдгөөсөө арай л илүү байдаг гэж би санадаг.

-Таныг МҮАН-аас гарч С.Ганбаатар болон хамтдаа гудамжинд жагсаж явсан нөхдийнхөө хамт өөр нам байгуулна гэдэг яриа ч гарсан байна. Энэ үнэн үү?

-Хүмүүс, олон нийт хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа хүмүүсээ нэгдэжнийлээсэй, нурж байгаа улс орныг босгож ирэх хүчин болчих юм биш байгаа гэсэн горьдлого хүлээлт байгаа юм байна л гэж ойлгосон.

-Хоёрдугаар сарын 9-нд цуглаж намаа зарлах гэж байгаа гэсэн яриа ч бас гарсан байна лээ?

-Ирэх сарын 9-нд Магнай болон бидний хамтран зохион бай­гуу­лах цуглааныг л янз бүрээр тайлбарлаад байгаа байх.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд