ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.13 09:03

Г.Чулуунбаатар: Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилдог зохицуулалт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болно

Академич доктор, профессор Г.Чулуунбаатартай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай олон жил ярилаа. Энэ нэмэлт, өөрчлөлтийн ажил дуусах шатандаа орсон гэж ойлгож болох уу?

-Зарчимын хувьд тэгж ойлгож болно. үндсэндээ 24 дэх жилдээ ярьж буй асуудал. Олон нийтэд их хүлээлт бий болсон. судалгаа, хэлэлцүүлэг, олон нийтийн санал, оролцоо, төслийн боловсруулалтын үйл явц хуулийн хүрээнд боломжийн хийгдээд явж байгаа. Одоо төслөө үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны үүднээс мэргэжлийн хувьд чамбайруулж эцэслээд УИХ-д хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэж ард нийтийн санал асуулгаа явуулах эсэхээ шийдээд цааш явах нь зөв байх.

-Төслийг тэгээд УИХ биш, ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийднэ гэсэн үг үү?

үгүй. Одоогийн эрх зүйн орчны хүрээнд авч үзвэл УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар батлах ёстой. Ард нийтийн санал асуулгын тухайд гэвэл УиХын баталсан төслийг дэмжих эсэх талаар явуулах нь онолын хувьд байж болох талтай. Гэхдээ заавал ингэх албагүй. сүүлийн үеийн олон улсын практикаас үзэхэд Үндсэн хууль мэтийн асуудлыг референдум явуулж батлах нь тийм оновчтой биш гэж харагдсан.

-Одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэр сайн болсон, олон түмний санаа бодлыг хэр тусгасан гэж та бодож байна вэ?

-Ер нь 1996 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайдыг томилох асуудлыг тухайн үеийн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадалгүй олон удаа буцаасан, УИХын нэгдсэн чуулганы хуралдааны ирц нэг хүнээс хамааралтай болчихсон зэрэг асуудал үүссэн. Үүнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай их эрчимтэй яригдаж эхэлсэн юм. Тэгээд 1999-2000 оныг дамжуулаад одоо хэл ам болж яригдаад байгаа “дордуулсан долоо” гэх нэмэлт, өөрчлөлтийг УИХ хийсэн. Энэ нэмэлт, өөрчлөлтийг их богино хугацаанд тэр үеийн эрх баригч намуудын яриа тохиролцоогоор олон нийтээр хэлэлцүүлэлгүй баталсан. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн процедур зөрчиж хийгдсэн гэж үздэг. Дордсон, эсвэл дээрдсэн гэдэг тухайд би хувьдаа харьцангуй зүйл гэж үздэг. Түүнээс хойш УИХ-ын гишүүд гурван ч төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Нэгийг нь ч хэлэлцээгүй. Мэдээж төсөл боловсруулах бүрт тодорхой судалгаа, хэлэлцүүлэг хийсэн байдаг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг ямар асуудлын шийдхээр одоогийн төсөлд тусгагдсан бэ?

-Эхлээд эрдэмтэн судлаачдын ажлын хэсэг, зөвлөлдөх санал асуулга зэргээр яригдсаар байгаад зургаан багц асуудал томьёологдсон. Дараа нь УИХ-ын ажлын хэсэг төслийг олон нийтээр хэлэлцүүлээд 2018 оны зургадугаар сард 40 гаруй заалттай долоон багц асуудлыг тусгасан төсөл гараад байгаа юм билээ. Гэхдээ анхнаасаа томьёологдсон асуудлын хүрээ их өөрчлөгдөөгүй, зөвхөн ганц нэг багц асуудал нэмэгдсэн гэж ойлгож байна. Үүнийг би тоймлоод хэлчихье. Яг томьёоллоор нь бол УИХ-ын цахим хуудсанд байрлуулсан төслөөс нэг бүрчлэн харж болно.

Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэсэгт хариуцлага болон хуралдааны чанар гэж байгаа. УИХ-ын гишүүдийн хариуцлага гэдгийг хоёр гурван юмаар илэрхийлдэг. Нэгдүгээрт, хуралдаандаа биечлэн оролцохыг Үндсэн хуулиар шахаж өгөх байх. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулиар хурууны хээгээр санал өгдөг болох гэж байна. Хоёрдугаарт, хуралдаандаа биечлэн оролцохгүй, УИХ-ын байнгын үйл ажиллагааны тодорхой хувь хэмжээнд оролцож чадахгүй бол гишүүнийг эргүүлэн татах асуудлыг ямар нэгэн хэмжээгээр тусгах бололцоотой хувилбар яригдаж байгаа юм билээ. Энэ хувилбар дээр хэн эргүүлэн татах вэ гэсэн асуудал яригдана. Императив мандаттай нөхцөлд тойргийнх нь сонгогчид татна. Чөлөөт мандаттай нөхцөлд УИХ-ын гишүүд бүх ард түмний илч төлөөлөгч гэж байгаа учраас татах процессыг журамлах асуудал гарна. Одоо бараг 19 гишүүн цуглаад хууль батлаад байгаа юм. Ялангуяа томоохон гол бодлогын чанартай шийдвэрийг нийт гишүүдийн олонхын саналаар гаргана. Өөрөөр хэлбэл 39 гишүүний саналаас асуудлыг шийднэ гэсэн үг. Хуралдааныг 50 хоног үргэлжилдэг байсныг 75 болгох гэж байгаа. Энэ нь УИХ-ын гишүүдийн ирц сайжрах, хуралдааны чанар дээшлэх асуудал хөндөгдөж байгаа юм.

-Засгийн газар болон Ерөнхий сайдын чиг үүрэгт ямар өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан бэ?

-Ерөнхий сайдыг УИХ батална. Танхимаа 100 хувь Ерөнхий сайд томилоод явчихна. Энэ нь танхимын гишүүдтэйгээ хариуцлага тооцох сонгодог парламентын тогтолцоог нээж өгч байгаа юм. Нэмэгдэж байгаа нэг зүйл нь Ерөнхий сайдыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх тохиолдолд дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудалтай хамтад нь өргөн барьдаг журмыг Үндсэн хуульд суулгаж өгч байгаа. Энэ хугацааны хувьд хоёр янз. Эхнийх нь олонх буюу эрх барьж байгаа хэсгээс санал оруулж ирвэл богино хугацаанд шийднэ. Цөөнх юмуу, бусад намын гишүүдээс асуудал өргөн баригдвал хугацааг арай тавиухан байхаар хэлэлцүүлэг хийж байж шийдэх зохицуулалт юм. Ийм зүйл явж байгаа.

-Давхар дээлийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Хуучин дордуулсан долоон өөрчлөлтөөс өмнө давхар дээлийг болохгүй гэсэн зохицуулалттай байсан юм. Одоо Засгийн газрын гишүүдийн гуравны нэг илүүгүй нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болох зохицуулалт яригдаж байна. Нөгөө талд 100 хувь давхар дээлийг тайлуулах хувилбар ч явж байгаа. Эцсийн шатанд хэрхэн шийдэгдэх нь тодорхой болно. УИХ-ын зарим нэг бүрэн эрхийг багасгаж байгаа гэж болно. Улсын төсвийг Засгийн газар боловсруулж оруулж ирдэг. Ингээд оруулаад ирэхээр гишүүд өөрсдийн тойрогтоо мөнгө тавиулна гээд улсын төсвийг задалдаг. Үүнийг Үндсэн хуулиар хориглох заалтыг тусгасан. Оруулаад ирсэн төсөвт шинэ нэмэлт зардал хийх асуудлыг парламент дээр хориглох заалт хийгдэж байх жишээтэй.

-Нутгийн удирдлагын түвшинд ямар өөрчлөлтүүд орохоор яригдаж байна вэ?

-Нутгийн удирдлагын түвшинд нутгийн өөрөө улирдах ёсыг төрийн удирдахтай хослуулна гэсэн зохицуулалт одоогийн Үндсэн хуульд бий. Энэ нь ерөнхийдөөд байгаа учраас хэд хэдэн зүйл яригдаж байна. Улсын чанартай хот гэдэг ойлголтыг оруулж ирье гэсэн. Улаанбаатараас өөр хотын ойлголт байхгүй учраас улсын чанартай хотын засаг захиргаа, нэгжийн түвшинд оруулж өгөх боломжийг нээж өгч байгаа. Тэр нь ямар хот байх вэ гэдэг нь жичтэй асуудал. Орон нутгийн хот гэдгийг хаалтанд хийж өгч байгаа. Орон нутгийн хот гэдэг нь аймгийн төв, эсвэл орон нутагт харьяалалтай хотууд байхаар зохицуулалт хийгдэж байгаа юм. Нутгийн удирдлагын хүрээнд хэд хэдэн хувилбар яригдаж байгаа зүйл бол Засаг даргыг шат сонгодог систем руу орох уу, эсвэл шат дараалан томилдог байх уу гэдэг асуудал юм. Сум, дүүргийн түвшинд ИТХ-ын төлөөлөгчийг Засаг даргад нэр дэвшүүлэхэд улс төрийн намын оролцохгүй байх хувилбарыг ярилцаж байгаа. Манайх шиг парламентын засаглалтай оронд улс төрийн нам чухал. Бүхэл бүтэн парламентынхаа систем дотор нэг эд эс дээр намын оролцоог хязгаарлаж, бусад дээр нь хязгаарлахгүй байх нь өрөөсгөл. Энэ нь бусад эд эсийнхээ дархлалд нөлөөлнө. Иймээс дэлхийн жишгийг баримтлах ёстой.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт орох уу?

-Энэ удаад Ерөнхийлөгчийн эрх мэдэлд шууд халдсан зүйл байхгүй. Хориг тавих, хууль санаачилах, ард түмнээс сонгогдох уу, парламентаас томилох уу гээд хэлэлцүүлгийн түвшинд эртнээс яригдсан. Зөвлөлдөх санал асуулгын үед Ерөнхийлөгчийн институцийн Үндсэн хуулийн зохицуулалтад гарах хүрэх шаардлагагүй гэсэн. Үндсэн хуульд байгаа зохицуулалтын хүрээнээс хальсан, Ерөнхийлөгчид хамааралгүй эрх шилжүүлсэн хуулийн зохицуулалт зөндөө бий. Зарим тохиолдолд оролцох эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалтууд байдаг. Тиймээс органик хуульдаа нийцүүлээд Ерөнхийлөгчийн институцийг засаглалын системд эзлэх байр суурийг илүү тодорхой болгох, хянаж үзэх боломжтой. Ер нь энэ өөрчлөлтийг нэг далайлтаар том оруулах бололцоогүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг удаагийн өөрчлөлтийг 33 хувиас хэтрүүлэхгүй гэж заасан. Үндсэн үзэл баримтлал, гол ноён нурууг эвдэхгүй гэсэн байдаг. Энэ хүрээнд л хийж байгаа.

-Эдгээр өөрчлөлтүүд ямар үр дүн авчирах вэ?

-Урьдаас тааж яг ийм үр дүн авч ирнэ гэж их тодорхой ярих бололцоо хязгаарлагдмал. Гэхдээ сүүлийн 30-аад жилийн туршид Монголын нийгмийн улс төрийн тогтолцоонд болохгүй байгаа, төрийн ажлыг гацаанд оруулаад байгаа, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дунджаар хоёр жил ч хүрэхгүй байгаа зэрэг олон асуудал Үндсэн хуулиас болж байж уу, үгүй юу гэдгийг харуулж өгнө. Үндсэн хуулиас болж байна гэж яриад байгаа тэр л шалтгааныг арилгах зорилготой. Ямар ч байсан парламентын сонгодог тогтолцоо руу ойртсон бодитой алхам болно. УИХ, түүний гишүүд одоогийнхоос илүү хариуцлагатай ажиллах боломж бүрдэнэ. УИХ-ын монополь гэмээр эрх дарх бага ч гэсэн багасна. Шүүх илүү шударга ажиллах боломж сайжирна. Төрийн алба чадварлаг, хараат бус болоход дэм болно.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан судлаачийнхаа байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Өнөөдөр манайд болохгүй байгаа бүхнийг эзэнгүйдүйлээд бүр сүүлдээ Үндсэн хуульд байна гэх нийгмийн сэтгэл зүй тогтож болохгүй. Миний бодлоор бол болохгүй бүтэхгүй байгаа бүх юмыг 100 гээд үзвэл түүний шалтгааны 90-ээс дээш хувь нь хүмүүстэй, тухайлбал, төлөвшөөгүй улстөрчидтэй, мэрэгшээгүй, чадваргүй төрийн албан хаагчидтай, улс төр болоод бизнесийн эрх ашиг сонирхлоороо нэгдэж улсын хэмжээнд торлон сүлжсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай, жинхэнэ улс төрийн хүчин болж төлөвшөөгүй намуудын дутуу, буруу төлөвшилтэй, нийгмийн харилцааны бүх салбарт хуулиар биш, хувийн эрх ашиг, хөрөнгө мөнгө, өгөө аваа, авилга, хээл хахуулиар ажил явдаг ил далд сүлжээ үүссэн зэрэгтэйхолбоотой.

-Нүдээ олсон зөв өөрчлөлт мөн гэж та үзэж байна уу?

-Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монгол Улсын оршин тогтнож цэцэглэн хөгжихийн улс төр, хууль зүйн хамгийн дээд баталгаа, хөгжлийн зам мөрийг хөтлөн чиглүүлэгч философи нь байх ёстой. Бас Монголын ард түмний бүрэн эрхийн цогц илэрхийлэл, ард нийтээрээ хүлээн зөвшөөрч буй цорын ганц эрхэм дээд үнэлэмж, эрхэмнэл гэж би ойлгодог. Тийм учраас хамаа бусаар хөндөж өөрчлөөд байж болдоггүй тийм л эмзэг эрхэм нандин зүйл. Гол ноён нуруу, суурь үзэл баримтлал үндсэн зарчимыг хөндөхгүйгээр хийж болох нэмэлт, өөрчлөлтийн цар хүрээ энэ төсөлд бий гэж харж байна.

-МАН олонх болсон өнөөгийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь хэр зөв бэ?

-Бий болсон нөхцөл байдлаа зөв тооцож үнэлээд, улс төрийн бусад нам, хүчнийхээ санаа оноог сайн сонсож ойлголцоод, зориуд улс төржүүлэхгүйгээр асуудалд хандаад явбал энэ парламентын үед боломжтой л гэж харж байна. Үндсэн хуулийн асуудал бол зарчимын хувьд парламент ямар бүрэлдэхүүнтэй байхаас нэг их хамаарах асуудал биш. Гол нь асуудлаа зөв олсон уу, улс орныхоо хэрэгцээ шаардлагыг зөв тусгасан уу? Олон нийтийнхээ санаа бодлыг сайн харгалзсан уу, хуульд нийцэж байна уу гэх мэтийн зүйл л гол байх. Энэ үүднээс бол боломж бий.

-Сонгуулийн системийг өөрчлөх, пропорцианал тогтолцоотой болох эрх зүйн орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах боллоо гэдэг яриа гараад байгаа. Энэ зөв үү?

-Тийм яриа явж байгааг би сайн мэдэхгүй. Ер нь Одоогийн Үндсэн хуульд байгаа УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн агуулгатай заалтыг тойрсон маргаан олон жил өрнөсөн. Эцэст нь, Үндсэн хуулийн Цэц өмнөх сонгуулийн хуулийн холбогдох заалтын талаар шийдвэр гаргахдаа Үндсэн хуулийн энэ заалтыг олонхыг төлөөлөх (можаритари) тогтолцоо гэсэн байр сууринаас хандсан гэж ойлгож байна. Одоогийн төсөлд бол тодорхой тогтолцоог заагаагүй байгаа. Харин Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтоох тухай, УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох тухай санал л явж байгаа гэж санаж байна. Манайд сонгуулийн ямар тогтолцоо байх ёстойг одоо Үндсэн хуульд шууд заах нь зохимжтой бус байж болох юм. Дэлхий ертөнц ч, манай нийгэмч маш түргэн өөрчлөгдөж байна. Сонгууль дөрвөн жил тутам зохион байгуулагдана. Үндсэн хуульд нэг заачихвал тийм түргэн өөрчлөөд байх боломжгүй. Улс төрийн намууд сайн төлөвшөөд, үзэл баримтлал, бодлогын ялгаа нь тодорхой болоод олон нийт намуудаас сонголт хийх боломж бүрдсэн үед судалж, нарийвчилж байгаад тогтолцоогоо сонгох бололцоог Үндсэн хуульд нээлттэй байлгах нь зөв байж болох юм.

Э.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд