2021.01.20 01:01

​ДАЙРАГЧ ОТРЯДЫН ЖАНЖИН ТУГЧ

Нийтлэлч: Өдрийн сонин


ДАЙРАГЧ ОТРЯДЫН ЖАНЖИН ТУГЧ

(ҮЛ ЭВЛЭРЭГЧ ТЭРСЛҮҮ АРАНШИНТ)

Орчлонг би дагуулж төрсөн

Оддын гэгээ, сарны туяаг авч ирсэн

Тэнгис далай, ой шугуй, гол мөрөн надгүйгээр оршихгүй

Тэнгэрлиг бодол мэт нар намайг үгүйд мандахгүй...

Нийгмийн сэтгэхүйг тэр чигт нь шинэтгэгч давалгаа нөмөрсөн 90-ээд оны сүүл рүү нэгэн нэр чихнээ содон дуулдах болсон нь яруу найрагч, зохиолч, нийтлэлч Ц.Буянзаяа байлаа. Тэрбээр яруу найргийн ертөнцөд хожуу дуулдсан ч Б.Галсансүхээс дутахгүй цуутай нэгэн байв. Анх түүнийг “Бага нас, томдсон гуталт минь...” гэж эхэлдэг шүлгээ: “Тэр “Болор цом”-ын шүүгчид үзэг, уншиг!” гэсэн утга бүхий бяцхан ярилцлагаар өмнөтгөн сонинд нийтлүүлсэн байсныг олж уншсанаа санаж байна. Түүнээс хойш, намайг Ховдод байхад, Х.Эрдэнэбаатар хааяа хот явж ирэх болгондоо тэнд өрнөж буй сонин хачинаас надад дуулгахад манай үеийн залуусын өрнүүлсэн МЗЭ-ийг шинэтгэх хөдөлгөөний тэргүүн эгнээнд Ц.Буянзаяа байгаа нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл, Ц.Буянзаяа тэр үед дайрагч отрядын жанжин тугч нь байсан юм. Чингээд 2000 оны эхээр ахмад үе маань ухаан зааж, залуустаа буулт хийсэнээр утга зохиолын судлаач, шүүмжлэгч Ц.Энхбат МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга, яруу найрагч Х.Чилаажав Гүйцэтгэх захирал, яруу найрагч Ц.Буянзаяа шинэ тутам байгуулагдсан Бодлого Зохицуулалтын Албаны анхны дарга болсон дуулдав. Тэгээд төд удаагүй байтал Ц.Буянзаяа, Б.Ичинхорлоо хоёр Баруун хязгаарыг илбэн тохинуулахаар МЗЭ-ийн томилолтоор Ховд аймагт ирэв. Тэр хоёрыг ирэх үед би Ховд аймгийн Хэвлэл Мэдээллийн Албаны ерөнхий редактор байсан агаад ирсэн тухайд нь аанай л тэргүүн мэдээч Х.Эрдэнэбаатар андаас дуулаад “Буянт” зочид буудалд явж очвол Ичин, тэр хоёр яг өөдөөс гарч ирж таараад, зочид буудлын довжоон дээр тэврэлдэн уулзалдав. Тийнхүү 90-ээд оны залуус он удаан жилийн түүхтэй МЗЭ-ийн ноён нурууг тулж явах өндөр үүрэг хүлээв. Тэрхүү он жилүүдэд бидэнд мэдээж алдсан, оносон өчнөөн юм бий байх. Гэлээ гээд, манай үеийнхэн Монголын утга зохиолын ямагт шинэдэгч их өргөөний галыг улам дэгжээсэн гэж боддог.

Дурлал ч манан, гуниг ч манан

Дурсамж ч манан, хүсэл ч манан

Ор тас бүхнийг мартаж чадах л

Орчлонгийн ганц гэрэл гэгээ...

Өнчин хус хайрга чулууг нэвт цоолон ургах шиг

Өвгөн чоныг залуу бүргэд тэнгэрт тасчин агнах шиг

Эртний баатар тулааны талбарт барс адил дүүлэх шиг

Элсэн говьд аадрын үер сад тавин урсах шиг

Тийм амьдралд би дуртай!...

Цаг хугацаа цорын ганц үнэнч анд минь юм

Цаазын илд мэт дэндүү харгис дайсан минь юм...

Гүн ухаантанг сануулсан цаг хугацаа

Гүйцэд болоогүй жимсний тухай сургаал айлдана...

Энэ л байгаа янзаар нь

Элдэв тайлбар, зүйрлэлгүйгээр

Үргэлж нуугдагч доторх ертөнцөө би

Үнэн дүрээр нь харах сан хэмээн адганам...

Ц.Буянзаяагийн “Залуугийн бадгууд” шүлгийн түүвэр нь 90-ээд оны сүүлчээр 6000 төгрөгөөр зарагдсан гэдэг. Тухайн үед тэр нь их мөнгө байв. Мөн тэрбээр анхнаасаа Г.Аюурзана, Б.Галсансүх, Л.Өлзийтөгс, О.Чинбаяр нарын лидерүүдтэй ойрхон явж ирсэн нь сэтгэлгээний цар хүрээ, шинэтгэгч их тэмүүлэлийг нь давхар илтгэнэ. Түүнтэй Ховд аймагт анх удаа тэврэлдэн уулзахад надад “Улаан шувууны жиргээ” сентименталь романаа дурсгасан юм. Түүнийг нь уншаад би Ц.Буянзаяаг ихэд тоож билээ. Харин шүлгийн номыг нь олж уншиж чадалгүй явж байгаад, 2010 онд бил үү, Дархан хотын Хүүхдийн Номын Ордонд ажиллаж байхуйдаа “Цаг хугацааны далавч”-ыг нь олж үзсэн минь санаанд тодхон байна. Тэрхүү түүврийн эхэнд нэрт найрагч Д.Баянтунгалаг өмнөтгөн бичихдээ Ц.Буянзаяаг: “...чинжаалыг... ишинд нь тултал дүрэх шиг тийм шорвог зан ханхлуулсан этгээд...” хэмээн дүгнээд, түүний дотоод ертөнц рүү хамгийн их довтолсон хүнээр өөрийгөө нэрлэсэн байв. Товч хэлэхэд, яруу найрагт салхи шуурга, үймээн самуун байхгүй бол сөнөнө гэдгийг ухаарсан Д.Баянтунгалаг найрагч бээр түүнийг сурагч байхаас нь өдөөж, гэнэн шүлгүүдэд нь хатуухан хандахын зэрэгцээ хор шарыг нь нэн дэврээж өгөөд нийслэл хот руу үдсэн нь “нохойг гөлөг байхад нь зоддог, ноёныг хөвгүүн байхад нь басдаг” гэдэгтэй агаар нэгэн байсан ажээ. Чингээд би тэрхүү түүврийг цааш хөөн уншиж суух зуур дотроо: “Тэр хачин этгээдээс ийм шүлгүүд төрлөө гэж үү?” хэмээн жаахан гайхсанаа ч нуух юун! Юу гэхээр, түүнийг Ховдод ирээд явснаас хойш, сурагч байхаасаа Расул Гамзатовын “Миний Дагестан”-ыг шимтэн уншиж, тэр тусмаа өвгөн найрагч Абу Талибын хэлсэн: “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” хэмээх яруухан хэлцийг хэзээ ч мартахгүйгээр даруухан цээжилсэн надад Ц.Буянзаяагийн ахмад үе рүүгээ дайрч давшилсан тухай элдэв цуу ярианууд таагүй сэтгэгдэл төрүүлж, түүнээс болоод бид хоёр хотод нэг тааралдаад жаахан тар-тур хийх шахсан тэр үедээ (тэр тухай сонссон Г.Бадамсамбуу хотод нэг тааралдаад: “Өө, цаадах чинь наанаа тэгж байвч цаана их цагаан...” гэсэн сэн.) би түүний шүлгүүдийг олж уншсан минь тэр. Тэгээд, “Цаг хугацааны далавч”-аар хэсэг амьсгалж суухдаа хүмүүсийн гайхаад буй түүний этгээд араншин төрөлхийнх байж таарна, тэгэхээр хэн ч өөрчилж чадахгүй, тэр тусмаа зааж залахгүй, өөрөө ч хэн нэгнээр заалгахыг тэвчихгүй хэмээн бодов. Түүнээс гадна, хожим нь эргээд бодоход, МЗЭ-ийг шинэтгэх хөдөлгөөнд Ц.Буянзаяа жанжин тугч нь төдийгүй тэргүүн илдэч нь байсан санагддаг. Түүний тэрслүү араншин, ухралтгүй дайчин чанар байгаагүй бол тэр үед тодорхой үр дүнд хүрэхэд тун хэцүү байсан гэдгийг яруу найрагч, зохиолчид ярьцгаадаг нь үнэний хувьтай байх. Тэгээд ч, жанжин тугчгүй, тэр тусмаа тэргүүн илдэчгүй ялалтанд хүрдэг тийм ХУВЬСГАЛ гэж хэзээ, хаана байлаа даа? Би лав мэдэхгүй.

Он жилүүд минь

Талд татагч солонго шиг

Таавар шиг, манан шиг

Он жилүүд минь...

Аугаа ихийн тухай

Зэрэглээ мэт төсөөлөл

Агшин бүрт намайг

Эрвээхэй шиг тойрдог...

Томдсон гутал өмсөн гүйж

Торхтой ус руу чулуу шидэж

Эртний дуунд уяран гуних гэж

Эргэх дөрвөн цагт хүн төрдөг...

Өө, би зүгээр л зүүдэлж!

Өд сөд минь хэвээрээ байна

Аальгүй сар зүрхэн дээр минь

Алчуураа тохон даажигнаж байж...

Ц.Буянзаяаг би ямагт шинийг эрэн хайж, сэдэн санаачилж, олж мэдсэнээ бусадтай хуваалцаж явдаг нэгэн гэж боддог. Жишээ нь, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” наадам тэргүүт олон ажлуудыг түүний санаачлага гэж сонсож байлаа. Мөн Х.Чилаажав, тэр хоёр анхны номын уралдааныг дахин сэргээж, 2002 онд М.Амархүү, Т.Баянсан, Б.Баттулга, Ц.Отгонжаргал... гээд шилдэг 10 яруу найрагчийн номыг шалгаруулж хэвлэхэд миний ном түүнд багтаж хэвлэгдсэнд гүнээ талархаж явдаг. Ц.Буянзаяаг Дарханд ирэх бүрт Ц.Цэнд тэр хоёр ихэд дотночлон уулзаж, элдэв дээдийг ярьдаг шиг байгаа юм. Тэгээд түүнийг явсаны дараа Ц.Цэнд надтай уулзаад нэг лааны жүжиг ч гэх юм уу, заавал нэг хачин юм ярина. Тэр бүү хэл, би Ц.Цэндийг нэг лаа асаагаад дуустал шатах зуур нэг жүжиг бичиж үзсэн байх гэж боддог юм. Яагаад гэхээр, тэрбээр дүргүй жүжиг бичсэн тухайгаа ярьж, нэг хэсэг ихэд хөөрцөглөн явсан бөгөөд тэр хачин жүжгээ “Залуучууд” театрын тайзнаа тавиулах санаатай хэдэн найруулагчийг олон жил хормойдож хөөцөлдөөд бараагүй юмдаг. Нэг удаа намайг хотод явж байтал яруу найрагч, зохиолч, судлаач П.Батхуяг тааралдаад “Интер ном” дээр шүлэг бичдэг хэдэн залуустай уулзуулмаар байна гэснээр Б.Галсансүх бид хоёрыг явж очиход: “Та хоёроос өмнө Буянзаяа ахтай уулзуулсан юм. Манай хэдийг ёстой тачигнатал загнасан!...” гээд инээж билээ. Тэрчлэн, Ц.Буянзаяаг ахмад, дунд, залуу гэж ялгахгүй, хэнд ч бай, бодсоноо тун ширүүхэн хэлдэг тухай би өчнөөн сонсож байсан боловч түүнтэй олон таарч явахдаа тийм догшин зантай явахыг нь нэг ч үзээгүй тул нотолж үл чаднам. Басхүү, “Муу нуухаар сайн илчил!” гэж үг байдгийг бодолцвол нэг их хортой биш хэмээн мунхаглана. Түүнийг МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга байхад би нэг гишүүнээс нь: “Цаадах чинь хурлаа яаж удирдах юм?” гэсэнд: “Өө, тун дажгүй. Зарим нэг юман дээр өөрийнхөөрөө дайрах гэдэг тал бий. Гэхдээ олонхоо дагадаг. Бүр аргаа барсан үедээ нэг том хашгираад л үлддэг юм” гэж билээ. Тэгэхээр, мань эрийг ашид дарангуйлагч он жилүүд зугуухан зөөлрүүлсэн юм болов уу? Магадгүй, нэрт судлаач Д.Галбаатар багшийн хэлсэнчлэн утга зохиолын их өргөөг олон хөгт аялгуунаас бүрдсэн их найрал хөгжим хэмээн зүйрлэх аваас хөлөөр дэлддэг том хэнгэрэг дээр холбож суурилуулсан олон жижиг бөмбөрүүдтэй, тэдгээрийг хоёр савх модоор ээлжлэн балбаж дуугаргадаг, мөн хоёр талдаа хоёрын хоёр гуулин цантай, тэдний нэг нь бүр хосоороо, хоорондоо хавсарч дуугардаг тэр зэмсэг нь Ц.Буянзаяа байж мэднэ. Тэрхүү зэмсгийг хэн, яаж тоглохоос шалтгаалаад нижигнэх үү, түжигнэх үү гэдэг нь тодорхой болдог гэдэг шүү дээ. Юутай ч атугай, Ц.Буянзаяа бол 90-ээд оны онцгой содон өнгө яах аргагүй мөн юм. Түүнийг хэн, яаж сонсож, хэрхэн дүгнэх нь тухайн хүний эрх мөн ч гэсэн.

Тэнгис гэдэг чивэлт их ус юм

Тэнэг хүмүүс л өөртөө хайргүй байдаг

Хөгжилтэй дуу исгэрээд, буцаад би алхнам

Хөөрхөн нүдийг чинь мартахгүй ч

өөр охидод дурлаж чадна аа...

М.УЯНСҮХ

2021.01.18