ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.10.16 11:10

Дархлагдсан “дээрэмчин” хүрэн баавгайн "дошин" дээрээс сурвалжиллаа


Сэлэнгэ аймгийн хойд сумдын хөвч тайгаас баавгай бууж олон хүн амьтныг айлгаж, ичээж, заримынх нь амь насыг бүрэлгэж байна гэх мэдээллийн дагуу газар дээрээс нь сурвалжлахаар болов. Энэ сарын 11-ний өглөө эртлэн нийслэлээс Сэлэнгэ аймгийн Ерөө сум руу хөдөлсөн юм. Дарханы бирж дээр очиход баавгайд гэр орноо сүйтгүүлсэн гэх 70 орчим насны эртэй тааралдлаа.Түүнийг Батчулуун гэдэг. Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин ард юм байна. Царай нь цонхийчихсон гар хөл нь чичирч, байсхийгээд л тамхи баагиулж харагдана. Тэднийх хүрэн баавгайн дайралтад өртөж, гэрийнхээ хана туургаа эвдүүлжээ. Тодруулбал, энэ сарын 10-ны шөнө Батчулуун хөгшинтэйгөө гэрийн хажуугийн амбаартаа хонож байж. Амбаарын цонхыг махлаг том хар амьтан самардахад л сэрсэн байгаа юм. Цаг шөнө дунд буюу 23:30 цаг болж байж. Цонхоор сэм хартал сүрлэг том хүрэн баавгай гэр орныг нь түйвээж, ганц алгадалтаар л ханыг нь тээр хол чулуудаж, 40-н бедонтой айргийг нь ам руугаа цутган, нүд нь улаанаараа эргэлдчихсэн эвдэн сүйтгэж байж. Батчулуунд баавгайн энэ танхайрлыг амьсгаа түгжин харахаас өөр хийж чадах зүйл байсангүй. Удалгүй хоёр бамбарууш нь ирж, ааруул, ээзгийтэй савыг өвөр дээрээ тавиад зөгийн бал самардаж байгаа юм шиг ховдоглож гарчээ. Баавгайн гэр бүлээрээ нийлж танхайрсан энэхүү дээрэм шөнийн 03:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хохирогч маань гэрийн хана худалдаж авахаар Дархан хотод орж ирээд явж байгаа нь энэ аж. Тэрбээр, "Баавгай хөвчөөс буусан гэж сонссон. Гэхдээ арай ч ингэж нүүр тулна гэж санасангүй" хэмээн толгой сэгсрэн халаглаж байлаа. Баавгай Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумд гэлтгүй Дарханы сумд руу ч дайран түрэмгийлж байгаа бололтой. Нэгэнт хөвчид нь самар ургахгүй байгаа бол тал руу дайръя гэж бууж ирээд хаа сайгүй тэнүүчлэн яваа аж. Ер нь баавгай цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг билээ. Тэгэхээр Сэлэнгэ, Дарханы аль ч суманд гарч ирээд хүн амьтан айлгаж, алж талахыг үгүйсгэх аргагүй. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ л санана шүү дээ.


Сумын захиргаанаас малчдыг нүүлгэн шилжүүлэх үеэр

ЕРӨӨ СУМАНД СҮҮЛИЙН ГУРВАНЖИЛ САМАР УРГААГҮЙ

Аравдугаар сарын 11. -Үдээс хойшхон хүлгийн жолоо залж дуулиан шуугианы эзэн дархлагдсан хөвчийн хүрэн “дээрэмчин”-ий дош руу зүглэлээ. Нутгийн жолоочийн эхнэр бололтой махлаг хүүхэн замын уртад элдвийн зүйлс хөөрөлдөнө “Ерөөд амьдрахад бэрх болжээ. Лам нар ирээд юу хийчихээд явчихав. Тэд нарыг ирснээс хойш хачин жигтэй зүйл их болох боллоо. Байшин шатаасан хэрэг, хүчингийн хэрэг” гээд л. Эгчийн элдэв яриаг сонсох зуур Ерөө сумын төвийн бараа харагдав. Ингээд Ерөө суманд нар баруун тийш хэвийж, Буургачин уулын шилээр орохтой зэрэгцэн очлоо. Сумын төвийн байшингууд ихэнх нь дүнзэн юм. Мод ихтэй газар арга ч үгүй биз. Ерөө сумын газар нутгийн 70 гаруй хувийг ой хөвч уулс эзэлдэг. Май Сантын өндөр уул, Майн их зоо нуруу, Байшинтын өндөр уул, Хотхоон уул, Сарьдаг өндөр уул, Цамхгийн нуруу, Хавчуугийн нуруу, Эрхийн чулууны өндөр уул, Хийдгээний өндөр уул зэрэг 2000 гаруй метр өндөр уулстай. Хачирхалтай нь Ерөө сумын төвд мод байтугай бут ч харагдсангүй. Сумын Соёлын төв, Цагдаагийн байр, Контор гээд бүх юм нь нэг дороо байрлана. Дунд нь цэлгэр том цементэн талбай харагдлаа. Нийслэлээр бол Сүхбаатарын талбай бололтой. Өнөөдөр энэ суманд Сэлэнгийн эмэгтэйчүүд, "Өөдлөн дэвжих цаг" чуулган болж байгаа гэнэ. Өнгө өнгийн, гоёмсог дээлээр гоёсон хүүхнүүд энд тэндгүй л харагдлаа. Сумын байгаль орчны улсын байцаагч бүсгүйтэй уулзав. Түүний алдрыг Х.Алтантас гэдэг юм байна. Түүнтэй уулзахад “Өдөр бүр л малчин өрхүүдээс баавгай орон гэрийг нь түйвээсэн гэх дуудлага ирж байна. Малчдын хот руу ихэвчлэн дайрч байна. Өнөөдрийн байдлаар манай суманд хорь гаруй малчин айлын гэр, хашааг сүйтгэж, малыг нь идсэн хэрэг бүртгэгдсэн. Бид алслагдсан малчдыг тэр дор төв рүү татаж, бөөгнүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Ер нь баавгай малчдын тогоо руу өнгийж байгаа нь өлссөний л шинж” гэсэн юм. Сэлэнгэ аймагт өдгөө онцгой байдал зарлаад буй юм. Үүсээд байгаа нөхцөл байдлаас болж сумын зүгээс байнгын эргүүл гаргаж, сумын хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагчид малчдыг өдөр бүр эргэж тойрч байгаа аж. Түүнчлэн намаржаандаа буусан малчид нэгнээсээ нэлээд хол хотолдог учраас тэднийг бүгдийг нь бөөнд нь хотлуулж, зарим айлыг нь хүчээр төв рүүгээ татаж байгаа юм. Утасны сүлжээгүй газар хотолдог зарим малчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй, төвд юу болоод байгааг мэдэхгүй байгаа нь ажлыг улам хүндрүүлж байгаа аж. Малчид баавгайг үргээхдээ утаа май тавих, хурц тод гэрэл тусгах, дуу чимээ гаргах, хий буудах зэрэг арга хэмжээ авч байна. Юун түрүүнд хамгийн гол аюул нь хөвч, тайгаас их хэмжээний баавгай орж ирсэн. Тоог нь нарийн гаргах боломжгүйд байгаа юм. Ерөө сумын төвөөс 200 орчим км зайтай, Бугант тосгоноос цааш Дархан цаазат нутагт самар ургадаг. Тэр бол хөвчийн хүрэн баавгайн нутаг юм. Тэндээс л энэ араатан ирж, ард иргэдийг түгшүүрт автуулж буй. Өдгөө сумын захиргаанд мэдэгдсэн баавгайн дээрмийн хорь гаруй тохиолдол байгаа боловч тэдэнд мэдэгдээгүй хэд байгааг тааварлашгүй. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хооллодоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг. Гэвч Ерөө суманд сүүлийн гурван жил самар ургаагүй, самар бэлтгэл явагдаагүй. Сүүлд 2016 онд самар бэлтгэл явагдсан. Тэрнээс хойш самрын нөөц тогтооход үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад хангалтгүй байна гэж үзжээ. Тиймээс самар түүлгээгүй. Тэр бүү хэл жимс ч ургаагүй юм. Тиймээс хүрэн баавгай цагаан идээ, айрагний исгэлэн, хурц үнэрээр малчны хот руу халдаж буй нь энэ юм. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд гэхэд нэг айлын 10 гаруй мал руу энэ араатан дайрчээ. Ганц хонь л идсэн. Бусдыг нь сэглэж алсан аймшигт аллага үйлдсэн байна. Тэр сэгийг нь малчид ойн гүн рүү аваачин хаяж, өнөөх чинь иднэ биз гээд үлдээсэн байна. Өнөөдрийн байдлаар Ерөө сум таван малын хоргодолтой байна.

ХҮРЭН БААВГАЙГ АГНАЖ, ХӨНӨӨСӨН ТОХИОЛДОЛД 15 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ТАВАН ЖИЛЭЭР ХОРЬДОГ

Аравдугаар сарын 12. -Малчдыг нүүлгэхээр хөдөө захиргааныхан явах гэж байна гэдгийг сонсоод төв талбай руу Хоёрдугаар багийн Засаг дарга Л.Болормаатай уулзлаа. Тэрбээр, хэдэн малчин бусдаасаа зайтай хотлоод байгаа юм. Тэднийг төв рүү татахыг нь татаад, нүүлгэхийг нь нүүлгэхээр явах гэж байна гэлээ. Би ч цуг явъя гээд машинд нь суулаа. Эхлээд хуучин Ерөө сумын төв байсан Карников тосгон руу явахаар болов. Төвөөс 10 км зайтай гэнэ. Бидэнтэй хамт Сумын хэсгийн төлөөлөгч Л.Мөнхзул, Байгаль хамгаалагч Б.Ууганцэцэг нар явсан юм. Сул элс, хад асга ихтэй даваа өөд Ланд-80 маркийн машиныг зүтгүүлсээр Ерөө голын эрэг дагуу хотлон суурьших хот айлд хүрлээ.

"Баавгайн мөр гарчээ, Болд гуай танай хүйтний голын нутгаар" гэж байгаль хамгаалагч бүсгүй Б.Ууганцэцэг тавь гаруй насны хүдэр биетэй, буурал сахалтай эрд учирлангуй хэлэв. Болд хариуд нь "Зүгээр ээ, хадлан бэлдээд явж байхад л намайг алсаас ширтээд байдаг байсан юм. Гэм хоргүй амьтан байгаа юм. Санаа зоволтгүй" гэлээ. Гэтэл багийн Засаг дарга Л.Болормаа хоолойгоо өндөрсгөн "Хамгийн түрүүнд хүний амь нас яригдах ноцтой хэрэг гэдгийг та нэг л ойлгохгүй байх шиг байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш тань руу дайрахаар савраа хурцлаад байж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ араатан биднээс нэг алхмын урд яваад байгааг мэдэж байгаа болохоор хэлж байна. Голын цаад талын Очир гуайн гэрийг сүйтгэж таван ханатай гэрийг нь нурааж, танхайрсан хэрэг өглөөхөн гарчихаад байна" гэхэд Болд "Би төв рүү нүүлээ гэхэд малаа яах вэ. Энэ бол компанийн мал. Манай захирал зөвшөөрөхгүй байх даа" гээд буруу харан гаансаа нэрэв. Багийн Засаг дарга бүсгүй толгойгоо сэгсрэн "Хамгийн түрүүнд хүмүүсийн аюулгүй байдал шүү дээ. Мал гэдэг үхэх нь үхэж, үржих нь үрждэг. Өнөөдөр гэхэд эндээс нүүгээрэй" гэчихээд таван ханатай гэрийн хаалгыг хүчтэй түлхээд гарлаа. Бид цааш хөдөлж голын эргийн хажуугийн дэнжид орох замд пронтер машинтай таарав. Л.Болормаа машинаас толгойгоо цухуйлган “Баярсайхан захирал аа, Болд гуайнхыг яаралтай сумын төв рүү нүүлгэн шилжүүл. Тэгэхгүй бол хэцүүдлээ” гэхэд нөгөөх эр "Харин би яг гэрийг нь ачих гээд явж байлаа" гэсэн юм. Энэ хүн Болд гуайн захирал бололтой. Бид цааш явах үеэр хүрэн баавгай голын цаана газар шиншлэн явж харагдав. Голын цаана байна гэхэд очих гэсээр байтал зугтчихан шүү дээ гэв. Учир нь Ерөө голыг гаталж, цаад эрэг дээр нь очих ганцхан гүүр бий. Хүрэн баавгай Ерөө голыг сэлээд л туулчих учраас сумын захиргааныханд баригдана гэдэг лөөлөө аж. Ер нь барилаа гэхэд яах ч билээ. Дархан цаазат хөвчийн хүрэн баавгайг агнаж, хөнөөсөн тохиолдолд 15 сая төгрөгийн торгуультай, үүгээр зогсохгүй таван жилийн хорих ялаар шийтгүүлдэг билээ. Тиймээс энэ этгээд халдаж болохгүй дархан эрхтэйгээр айл, хотлыг ийнхүү үймүүлж байгаа нь энэ болой.


БААВГАЙ ГЭРИЙН ХАНЫГ ЦООЛОХ ҮЕЭР МАШИНТАЙ ЗУГТЖЭЭ

Бид гүүрээр гарч давчуу уулын амаар бүдэг бадаг гарсан зам руу яваад орчихов. Ус шалбааг ихтэй ч унаж яваа машин бартаат замд “танк” л гэсэн үг. Гол гатлан сарьдаг өндөр уулын тохой руу эргээд орлоо. Үзэмж төгс сайхан байгальтай нутаг. Хөвч тайгат энэ газар бол Дэнжийн гацал. Энд нохойн хошуу тариа шиг л ургажээ. Харин чацаргана энэ жил ургаагүй аж. Сүрлэг том моднуудын мөчир машин шавхуурдаж, тунгалаг горхийг мостоороо хүчлээд тууллаа. Энэхүү өндөрлөг газарт, уулсын дунд том дүнзэн байшин сүндэрлэн харагдлаа. Энэ сайхан байгальд суга таягтай эр ганцаар амьдардаг гэнэ. Түүнчлэн дүнзэн байшингийн хажууд нь таван ханатай гэр үзэгдэнэ. Тайгад суурьшдаг ах хүүтэй бууж мэнд мэдэлцлээ. Ах хүүг Пүрэв гэдэг. Тэрбээр, тамхиа баагиулангаа энд ямар ч асуудалгүй гээд алсад харагдах уулсын орой ширтэн зогсонгоо "Тэндээс манай хүү Амар ирж байна" гэлээ. Сүрлэг том нарс модонд адуугаа уячихаад хүдэр залуу бидэн рүү түргэн түргэн алхалж яваа харагдав. Залууг ирэхэд багийн Засаг дарга “Амраа чи баавгайтай таарсан юм уу, танай эхнэр өчигдөр болсон эмэгтэйчүүдийн чуулган дээр чамайг баавгайтай таараад малаа хаяж зугтаад аавындаа хоносон гэх юм” гэхэд Амар “Тийм зүйл болоогүй шүү дээ” гэв. Байгаль хамгаалагч Амарт өчигдөр шөнө болсон хэргүүдийг мэдээлж, айлын гэрүүдийг сүйтгэсэн хэдэн зураг үзүүлэнгээ “Чи гэрээ нааш нь аавынх руугаа татах уу, хөхөө өвлийн хүйтэнд гэрээ сүйтгүүлчихвэл ямар хэрэг байх вэ дээ, тиймээ” гэхэд, залуу тэр ч тийм л дээ хэмээв. Байгаль хамгаалагч бүсгүй үргэлжлүүлэн “Орчин үеийн баавгай чинь их ухаантай болчихож, эзэнтэй эзэнгүйг нь мэдээд байх шиг байна. Ихэвчлэн эзэнгүй гэрийг сүйтгэж, тонож байна” гэхэд Амар “Ер нь эзэнтэй байсан ч хамаагүй байх. Нэг алдаад буудчихвал дуусаа шүү дээ. Амин газар нь буудчихсан байсан ч км орчим гүйдэг гэж байгаа. Баавгай гэдэг тийм ч амар амьтан биш байх аа. Тулсан газар баавгайд шууд л идүүлнэ шүү дээ” гэж хошуу нэмэрлэв. Үргэлжлүүлэн тэрээр “Аавын гэр рүү өчигдөр шөнө дайрсан шүү дээ. Энэ хараач” гээд таван ханатай гэрийнх нь ханыг үзүүлэв. Метр орчмын диаметртэй цоолсон харагдав. Байгаль хамгаалагч “Харин яг ингэж цоолж ороод байгаа юм. Пүрэв гуай, та тэгээд гайгүй юу” гэхэд Суга таягтай эр “Өчигдөр орой гэнэт л гэрийн ханыг маажаад эхэлсэн. Би Амар руу шууд залгаад тэгээд машинтай ирж, намайг гэрээс авсан шүү дээ” гэхэд багийн Засаг дарга "Яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ" гэлээ. Пүрэв дуугүй газар ширтэв. Амар “Намайг ирэхэд аавын гэрийн ханыг цөмлөөд баавгайны толгой ороод ирчихсэн байсан. Гацчихсан юм шиг байна лээ. Хорийн бедонтой айраг аваад явсан байна лээ. Жалганаас савыг нь олсон” гэлээ. Үйл явдлын дараа аав, хүү хоёр олон хүнтэй айлд хоноглочихоод өглөө ирсэн нь энэ аж. Тэдэнд зарим нэг анхааруулгыг өгчихөөд бид цааш хөдлөв.

ХҮРЭН БААВГАЙ ЧИХЭРТЭЙ ААРУУЛ, АЙРАГТ ДУРТАЙ

Нар нэлээд хэвийжээ. Бид буцах замдаа Хүзүүвчийн өвөр гэх гол дагуух нутгаар дайрав. Хүрэн баавгайн халдлагад өртсөн айлд очлоо. Гэрээ ачаалах гээд бэлдэж байв. Баавгай гэрийн ханыг нь мөн л цөмөлж, цоолон орж, гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Хажуу талд нь орших илүү гэрийг нь хүйс тэмтэрч, бүтэн гэрийн модгүй шахам болгож, хугалсан харагдана. Эднийх өчигдөр сумын төв дээр хоноглочихоод өглөө ирэхэд хот нь ийм нөхцөл байдалтай угтсан байна. Мал нь бэлчээртээ гарчихсан байсан учраас ийнхүү илүү гэрийг нь юу ч үгүй сөнөөсөн бололтой. Бүдүүн хушийг ганц алгадаад унагаачихдаг хөвчийн баавгайд гэр нураах нь тийм ч зовлонтой ажил биш шүү дээ. Эднийх анх удаагаа гэрээ сүйтгүүлж байгаа хэрэг биш гэнэ. Өмнө нь гэхэд илүү гэрт нь байсан 40-ийн бедонтой таргийг газар нэг ч дусаалгүй авч гараад гэрийнх нь хаяанд гударчихсан сууж байжээ. Тэгэхээр нь энэ хотнынхон баавгай идэг гээд төмс, хүнсний ногоог хэдэн ааруултай жалганд тавьчихаж, гэтэл ер идээгүй гэнэ. Заавал айлын гэрийн хана туургыг нь эвдэж ороод, тонож идээд байж л дээ. Бэлдэж өгсөн идэшнээс нь зөвхөн чихэртэй ааруулыг нь л идсэн аж. Чихэртэй ааруулд нугасгүй дуртай амьтан юм гээд л нутгийнхан хөхрөлдөцгөөв. Ер нь халдлагад өртсөн айлуудын айраг, чихэртэй ааруулыг нь ихэвчлэн иддэг аж. Айргаа ааруулаар даруулаад идчихсэн сууж байсан гэж зарим иргэд хуучлав. Хэргийн газрыг ажиглавал баавгай чихэргүй ааруулыг нь ялгаж хаяж, төмс, хүнсний ногоог дэвсэж бяцалдаг байна. Ногоонд дургүй аргагүй монгол баавгай аж. Тансаг хэрэглээтэй гэж жигтэйхэн. Нэг айлын илүү гэрт ороод өөхөн тос идэхгүй, өөхийг нь идчихээд гараад явжээ. Түүнчлэн гэмт этгээд бусармаг хэргээ ихэвчлэн үүр хаяарах цагаар эсвэл шөнө дунд, үдшийн бүрийгээр үйлддэг гэдгийг нутгийнхан мэдээлж байв.

АЙЛЫН ЭЗЭГТЭЙ ШҮҮРЭЭР БААВГАЙГ ХӨӨВ

Бүрий болохын алдад бид сүүлийн айлдаа ирлээ. Эднийд хэд хоногийн өмнө мөн л баавгай халдсан аж. Гэрийн эзнийг нь Мандахбаяр гэдэг юм байна. Бидэн рүү инээвхийлээд “Та хэд дээшээ суу. Цай, цүй уу. Та нарыг ирэх болоогүй юм байхдаа гэж бодлоо шүү дээ. Эхнэр сайхан цуйван сэгсрээдэх” гэв. Бид “Өө хэрэггүй дээ” гэтэл “Материал нь бэлэн байгаа” гэж гэрийн эзэгтэй учирлав. Мандахбаяр “Энэ баавгай гэдэг их хэцүү амьтан юм аа. Хэдэн мал руу маань ороод бусниулж өгч байна. Өчигдөр нэг ямаа сугавчлаад гарсан. Хэзээ дахиж ирж татвараа авах юм байгаа юм. Мал руу дайрч байхад бид зугтаж амжлаа. Ер нь тэгээд мал байхгүй бол бидэн рүү дайрахаар байна шүү” хэмээв. Эднийх баавгайг үргээх арга хэрэгсэл сайтай юм байна. Гэрээ тойруулж, ёолкны өнгө өнгийн гэрлээр бүржээ. Мөн калибр буу орны толгойнд нь харагдана. Тэрээр бидэнрүү харж мушилзан “Баавгай ирэхээр хурц гэрэл тавьж байна. Тогоо шанагаа дуугаргаж, үргээж байна. Хааяа хажуу амбаар руу ороод айраг, чихэртэй ааруул идчихээд байх юм. Энэ хавийн айлууд бараг тавилгагүй боллоо. Гэргүй боллоо. Энэ дархан цаазтай дээрэмчнийг чинь ичээндээ ортол ийм байдалтай байх хэрэг үү” хэмээгээд цайгаа оочив. Хонины хашаанд биерхүү хар зүйл үзэгдэх шиг боллоо гээд жолооч залуу орж ирэв. Гэрийн эзэгтэй шүүр барьж аваад “Хонины хашаанд давс тавьчихсан. Тэрний үнэрээр үхэр ороод ирж л дээ” гээд гүйж гараад хөжхөж гэж орилонгоо хонины хашаа дээгүүр нэг харайгаад цаана нь гарчихав. Тэгээд нөгөө бүдүүн хар юмаа цохитол хашаанаас гараад гүйчих шиг боллоо. Сар үүлний цаагуур орсон учраас нэлээд бүрэнхий орой байсан юм. Гэтэл нөгөөх үхэр чинь хоёр хөл дээрээ босч зогсоод сарвуугаараа сугаа маажих шиг болов. Хүүш баавгай юм биш үү, гэтэл нөгөөх амьтан сугандаа хонины бөгсөн биеийг сугавчилчихсан цааш хэд харайгаад модны цаагуур гүйгээд ороод явчихлаа.

Хүрэн баавгай цөхөрч, ядарч, бүр цагаандаа гарчээ. Айлын эзгүй гэр хадланчдын майхан ухаж, идэж уучихмаар юм байвал цөлмөж, ард иргэдийг түгшүүрт автуулж байна. Адуу мал руу ч халдав. Айлын ноход ч баавгайнаас үнхэлцгээ хагартал эмээх болж. Ганц алгадаад л унагаачихдаг шиг байгаа юм. Уулнаас баавгайг бууж ирсэн хэрэг Ерөө суманд анх удаа болж байгаа юм биш. 2009 онд Ерөө сумын төвд нэгэн баавгай зочилжээ. Хүн амьтан айлган элдвийн юм түйвээлгүй тааваараа сэлгүүцэн байсан гэнэ. Байгаль хамгаалагчид түүнийг машинаар хөөж, ууланд гаргасан бөгөөд замдаа амьсгаадан үе үе хэвтэн амарч явсан хэрэг гарч байжээ.

Үргэлжлэл бий

Онцлох нийтлэлүүд