2021.06.03 01:06

Допингтой холбогдсон гэх 38 бөхийн нэрийг ил болгохыг шаардлаа

Нийтлэлч: Өдрийн сонин

Допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх шаардлагыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ.

Тус албан бичигт "Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Таны нэр дээр 2021 оны 5-р сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны 05-р сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус Их Эе хурал болж өндөрлөлөө. Хурлаас Авилгатай Тэмцэх Газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “... Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил...” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна" гэжээ.