Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn ​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn "Өдрийн сонин"-ы аппликэйшн шинэчлэгдлээ DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn
Цаг үе
2019.02.28 08:02

Доржхандын Төрмөнх: Монгол хэмээх жижиг арал дээр байгаа монголчууд бид “Би, би” гэж хийрхээд баймааргүй байна

Түрүүч нь №035(6136) дугаарт


Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхтэй уулзаж хөөрөлдлөө.


-Та “Нохойн орон”-тойгоо нийлээд хэдэн кино хийв?

-“Ламбугайн нулимс”-ыг маань Женко Баттулга ивээн тэтгэж анх намайг кино руу оруулсан хүн. “Бодлын хулгайч”, “Ларьдма” гэсэн уран сайхны кинонууд хийсэн. “Нарны өнгө” гэж хүүхдийн кино байна. Энэ гурвын зохиолыг нь би бичиж, найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтарч бүтээсэн. Баримтат кино гэвэл олон юм бий. Бичсэн кино зохиол гэвэл долоо найман юм байгаа. Мөнгө нь олдохгүй болохоор шургуулган дотор минь л хэвтэж байна. “Кондуктор” гээд бэв бэлэн зохиол.

-Автобусны кондукторын тухай бүтээл байх уу?

-Автобусны кондуктор л доо. Гэхдээ цаазаар авах ял гүйцэтгэдэг хүний тухай юм. Одоо чинь хүмүүс юм уншихаа тэр бүр байчихаж. Тиймээс би романуудаа кино зохиолын хэлээр богинохон бүлгүүдтэй бичиж байгаа. Энэ романууд маань тэр нөгөө олддоггүй гайтай мөнгө төгрөг нь олдвол кино болгоно гэж бодож байгаа. Би чинь “Кино зохиолчдын Библи” гэж ном орчуулж гаргасан хүн шүү дээ.

-Та ч өөрийн гэсэн уншигчидтай л зохиолч, сэтгүүлч дээ...

-Би baabar.mn-д юмнуудаа тавьдаг. Гайгүй л уншигдчихдаг юм. Уншигчдын тоогоороо Баабар, Цэнддоо хоёрын ард л бараг явдаг бол уу. “Зохиолч гэдэг үг жаахан буруу үг юм бол уу” гэж би ер нь боддог. Аюурзана бид хоёрын нэг ярилцлагад бий дээ. Оросоор писатель гэдэг, англиар writer гэдэг. Бүгд л бичээч гэсэн үг шүү дээ. Манайд ч гэсэн “бичгийн хүн, бичээч, тал бичээч” л гэж ярьдаг байсан шүү дээ. Тиймээс бичдэг хүнийг л хэлээд байгаа биз. Гэхдээ бичих юмтай хүн л бичнэ. Миний бичдэг төрөл гэвэл үнэн юмыг киноны хэлээр ярих юм бол олон нуршихгүйгээр эвлүүлээд монтажлаад байгаа юм бол уу. Манайд уран зохиолч гэдэг дээ. Уран, тэгээд бас зохиодог. Уран үгээр уралдсан юм болчих гээд байдаг. Уран үгээр бичдэг хүмүүс бий л дээ. Балжирын Догмид бол агуу уран үгийн мастер ш дээ. Миний хувьд уран цэцэн үгтэй хүн биш. Тэр талыг бодохоосоо илүү агуулга талыг барьдаг. Нийтлэл бичихэд ч нэгдүгээрт уншууртай, сонирхолтой байх ёстой. Хоёрдугаарт бичсэн бүхэн юм хэлэх ёстой. Дөрөвхөн мөр бичсэн ч дөч, тавь, дөрөв, таван зуун жил насалсан бүтээлүүд бий еэ дээ. Тэгэхээр бүтээл гэдэг сэтгэлээсээ л үнэнээ бичиж ярих л юм байна. Худлаа ярихаа л болимоор юм шиг байгаа юм. Бичихдээ гоё бичих гээд, худлаа бичих гээд, худлаа бичиж байгаа нь зохиож байгаа ч юм шиг ойлголт их байна. Зохиолч гэдэг жаахан адармаатай юм л даа. Энэ цахим ертөнцийг харж суухад манайхан нэг л уншихгүй, дэлхий нийтэд юу болж буйг мэддэггүй, орос ч үгүй, англи ч үгүй, нэг жаахан талхны хэлтэй “манай сумандаа л Маркс, Энгельс” болчихсон улс байгаад байгаа. Нэг л их цэцэрхсэн, юм болгонд л “би би” гэсэн нэг л их эготой улс. Бичиж байгаа энэ тэрийг нь харахад би гэдгээ л харуулах гээд байхаас юм ярих гээд байгаа хүн ховор харагдах юм. Ийм хийрхэл их л онцгүй л юм байгаа юм. Манайх ч би гэдэг эго л их хүчтэй болчихсон орон юм шиг байгаа юм.

-Манайхаас өөр ингэж хийрхдэг улс орон байхгүй гэсэн үг үү?

-Цахимаар хэрүүл хийдэг газрууд зөндөө л дөө. Бразил энэ тэрийг харахад аймаар л юм билээ. Гэхдээ манайхан чинь юмны мөн чанарыг ухах биш, өнгөц, би л мундаг гэдэг өвчтэй. Дэлхий ертөнцөд юу болж байгааг ойлгодоггүй. Тэгээд нэг их Чингис мингис гэж цээжээ дэлддэг болцгоогоод. Энэ бол уншдаггүйтэй холбоотой. Дэлхий дээр бид чинь нэг жижигхэн улс шүү дээ. Гуравхан сая хүнтэй. Урд талд нэг тэрбум гурав дөрвөн зуун сая хүн байна. Хойд талд дөрөв таван зуун сая байна. Дэлхий долоон миллиард хүнтэй. Хүн төрөлхтөн хэмээх захгүй уудам далайн дунд Монгол хэмээх жижигхэн арал дээр байгаа мөртлөө л нэг л их би, би гэсэн улс. Энэ их эмгэнэлтэй. Манай Д.Өлзийбаатарын “Монголчуудын түүх” сонсдог ном гарснаас хойш овоо нэг түүх рүүгээ өнгийж хардаг болж байх шиг л байна. Түүх гэж ярьдаг мөртлөө түүхээ уншдаггүй, судлахгүй, худлаа зохиож бичээд байдаг. Жишээ нь Таж Махалын бунхан бол монгол хатанд зориулсан бунхан гээд яриад байх юм. Шал худлаа ш дээ. Тэр чинь Мумтаз Махал гэж перс хүүхэн ш дээ. Зүгээр л “Викепедиа” ороод үзэхэд л байж байгаа шүү дээ. За яахав, Шах Жахан, Акбар эд нар Бабурын, Доголон Төмөрийн удам угсаа байсан нь үнэн л дээ. Мэдэхгүй байж мэдэмхийрсэн, ярих юмгүй байж ярих дуртай хүмүүс хаа сайгүй болчихож. “Олны дунд үгээ мэд, ганцаар явахдаа сэтгэлээ мэд” гэдэг үг чинь л энэ фэйсбүүкийнхэнд таарах үг юм шиг байгаа юм. Цахим ертөнц гэдэг чинь л олны дунд орж байгаа зүйл биз дээ.

-Тэгэлгүй яахав?

-ШХАБ-д орно, орохгүй, юу юу гэнэ вэ нэг л их олон цэцэн мэргэн улс болчихсон. Цааш нь ухаад асуухаар яг хэрэг дээрээ юу ч мэдэхгүй. Дэлхийд алдартай “Penguin random house” гээд 1800 онд үүссэн, одоо болтол байгаа номын паблишинг байна. Жилд 800 сая ном борлуулдаг номын компанид манайхаас хэвлэгдсэн нэг ширхэг ч ном байхгүй шүү дээ. Эднийхээр Ринчен, Дамдинсүрэнгийн ч бүтээл хэвлэгдээгүй. Дэлхийн ийм том компанид манай ганц ч ном хэвлэгдээгүй байна гэдэг гуниг биз дээ.

-Гунигтай л юм даа?

-Тэгэхээр Монголын утга зохиол энэ тэр гэж ярихад хэцүү. Монгол хүний оюун чадавх өндөр гэдэг үнэн л дээ. Цөөхөн хүн амтай нь харьцуулаад үзэхээр. Ер нь ном уншдаг хүн хаана ч гэсэн ховор л доо. Оросын уншигчид маш их уншина. Манайх тэдний дэргэд бага. Социализмын үед их уншиж байсан гэдэг үнэн л дээ. Яагаад гэвэл одооныхтой адил зурагт, интернет байгаагүй. Тэр үед чинь Соёлын яамтай, бодлогоор уншуулдаг байлаа. Номын сангуудад сууна. Би гэхэд Нацагдоржийн тэмдэгтэн байлаа даа.

-Та аль хэр уншигчтай бүтээлч вэ?

-Би Аюурзана шиг л амьдрах юм сан гэсэн мөрөөдөлтэй хүн. Аюур, Өлзий хоёр номоо бичээд л түүгээрээ амьдарч байна. Би ч одоо бас номоо бичээд сайхан л амьдарч байна. Аюурзана бид хоёрт хэн авлига өгөх юм бэ. Тийм биз дээ. (инээв.сур) Бүтээлч хүний хувьд бид хоббигоороо л амьдраад байгаа. Кино хийх дуртай. Дууны шүлэг бичих дуртай. Надад дөч гаруй дуу бий. Дөнгөж урьд шөнө гэхэд Том Жагаа бид хоёрын нэг дуу гарчихаад би цахимаар хүлээж авч сонсоод л байж байна. Мартын 8-ны үеэр дүрсжүүлээд цацах байх.

-Женкогийн номыг бичээд хэдэн төгрөг олов та?

-Бид хоёр эртний найзууд. “Санкара”-г минь уншчихаад “Ийм ном хэдээр бичих вэ” гэж асуусан. “Ёстой бодож байгаагүй юм байна. Амьдралдаа би мөнгөөр ном бичиж үзээгүй. Чи л анх ийм санал тавьж байна” л гэлээ. Тэгсэн “Нэвтрүүлэг хэдээр хийдэг юм” гэж байна. “Манай студи хотын 375 жилийн ойгоор 49 сая төгрөгөөр л цуврал баримтат кино хийсэн юм даа” гэлээ. “Яагаад 49 сая гэж” гэхээр нь “50 сая төгрөгөөс дээш тендерт ордог юм байна. Тэгээд дээд талын хэмжээ нь л дээ” гэтэл “За 50 сая төгрөгөөр бичүүлье” гэсэн. Цаасан дээр буулгахаас бусдыг хийгээд өгсөн. Тэгсэн чинь 13 мянган хувь зарагдаж бестселлер болсон доо. Энэ ном их олон хэлээр орчуулагдаж байна. Энэтхэгт англи хэлээр гарч саяхан нээлтээ хийлээ. ОХУ-д Юрий Кручкины орчуулгаар хэвлэгдлээ. Казах хэлээр гарлаа. Солонгос, герман, япон, хятад хэлээр орчуулагдаж байна. Сингапураас том паблашинг надад бас хандсан байгаа.

-Ерөнхийлөгчтэй одоо уулзаж байна уу?

-Уулзалгүй яахав. Чаатаар өглөө үдэшгүй холбогдоно. Би чинь бас Ерөнхийлөгчийн орон тооны бус туслах гэж явдаг юм. Долоо хоногтоо нэг хоёр удаа уулзаж учирна. Ордонд ордог тусгай үнэмлэхтэй. Энэтхэгтэй хамтарч кино хийх талаар тусалж дэмжинэ л гээд байгаа. “Гадаадын улс оронтой хамтарч кино хийхгүй бол Монголдоо кино хийгээд ашиг байх уу” гэдэг юм аа.

-Та сүүлийн үед монгол кинонуудаас үзэж байна уу?

-Үзнэ ээ үзнэ. Сэнгэдоржийн кинонуудыг үзэх дуртай. Гайгүй найруулагч шүү дээ. Бид хоёр хамтарч гурван кино хийлээ. Манай охин Номунзултай хамтарч “Цагаан хадаг”, “Амьдрал” гэж хоёр ч кино хийсэн. Удамшдаг юм уу хаашаа юм, охин сүүлийн үед кино зохиол бичээд байгаа шүү дээ. Би ч охины зохиол энэ тэрд огт оролцдоггүй юм. “Туслах хамгийн сайн арга бол туслахгүй байх” гэж нэг үг байдаг даа. Өөрөө учраа олоод яваг л гэж боддог.

-Та яруу найрагч Д.Урианхайг багш аа гэж их хүндэлдэг юм байна лээ?

-Миний багш л даа. “Санкара”-г уншихаар бүгдийг мэднэ дээ. Би чинь дүүгийнхээ хэргийг өөр дээрээ тохоод ял авчихсан хүн шүү дээ. Мааньтын чанга дэглэмтэй хориход хоригдож байхдаа Урианхай багшийн “Цагийн хөл” гэдэг номыг олж уншаад дурлачихсан. Дотроо өөрийнхөө багш хэмээн бодох болсон. Гаднаас нь харахад жирийн л нэг хоригдол миний дотоод ертөнц маш хүчтэй өөрчлөгдсөн. Суллагдаж гарсныхаа дараа Урианхай ах дээр өөрийнхөө шүлэг, өгүүллэг, нийтлэл бүхнээ бариад очсон юм. Мань эр уншаад “Чи сүрхий юм. Кино зохиол руу орвол илүү дээр” гэж анх зөвлөсөн. Урианхай ахын хоёр ч гэргийтэй дотно. Багш бид хоёр очоод шил архи хувааж уугаад шөнөжингөө дэмий балай юм яриад хонодог, Урианхай гэдэг хүнийг хэн ч мэддэггүй байхад Салхитын хөндийд очиж багш шавь болцгоосон юм. Үүнийг хэнд ч би ярьдаггүй. Багш маань агуу том хүн учраас шавь гэчихээр өөрийнхөө нэрийг хавчуулах гээд байгаа юм шиг санагдаад ярьдаггүй л дээ. Сая харин шилдэг ном шалгаруулахад би гурван романаа барьж очоод “Номд мөргөмүү, багшид мөргөмүү” гээд өргөн барьсан. Сая бурхан болдог Бавуугийн Лхагвасүрэн ахтай ч би ойр байсан. Лхагваа ах “Чи Урианхайг багш гэчихээд, намайг ах л гэх юм даа, тээ. Би ч багшилж чадахгүй л дээ хө” (Лхагвасүрэн найрагчийн хоолойг дуурайн элэглэж инээв. сур) гэдэг л байсан юм. Дарма Батбаяр зохиолч энэ гуравтай би их дотно. Үгийг нь сонсдог, гэрээр нь очдог байлаа. Урианхай багшийгаа Нобелийн шагнал авчихаасай л гэж залбираад сууж байна. Урианхай багшийг уншдаг хүн ер нь цөөхөн ш дээ. Мань хүн чинь номоо дээд тал нь л таван зуу, мянган ширхгийг л хэвлүүлдэг. Надад бүх ном нь байгаа. Шинэ гарсан арван ботийг нь худалдаж авна даа.

-Та яг энэ амьдарч байгаа нийгэм, улстөрийн байдалдаа сэтгэл ямаршуухан ханддаг вэ?

-Монгол чинь Хүннүгийн үеэс Наймдугаар Богд хаанаа хүртэл хаант засагтай л орон байсан. Богд хаанаас хойш ч Чойбалсан, Цэдэнбал ч хаан л байсан. Ерэн хоёр оны “Үндсэн хууль”-аар л парламентын засаглал гэдгийг сонгож авахдаа эрлийз, хоёрын хооронд засаглал сонгочихсон. Дэлхийд манайх шиг аль нь ч биш засаглалтай дөрөвхөн орон л байдаг юм байна. Энэ хугацаанд УИХ-ын долоон сонгууль болсон. Долоон Засгийн газар л ажиллах ёстой биз дээ. Тэгэхэд 15 Засгийн газар, 17 Ерөнхий сайд томилогдсон байгаа юм. Үүнийг дундажлаад хуваахаар нэг Засгийн газар 14 сарын л настай байсан байгаа юм.

-Таныхаар яагаад ингээд байсан юм бол?

-УИХ-ын 76 гишүүнээс үсрээд 14 хүн л сайд болох магадлалтай. Үлдсэн жаран дайсан нь сайд болохын тулд Засгийн газраа унагаагаад байгаа юм. Тэгэхэд энэ хугацаанд тавхан Ерөнхийлөгч сонгогдсон. Ерөнхийлөгчид огцорч байгаагүй, харин ч дахин сонгогдож байсан. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар хүн амын тавиас дээш хувийн санал авсан хүн Ерөнхийлөгч болдог. Сая шахам хүний саналаар гарч ирсэн Ерөнхийлөгч шагнал одон гардуулахаас өөр эрх мэдэлгүй, мөнгөө мэддэггүй. Мөнгөө мэддэг Ерөнхий сайд нь УИХ-аас томилогддог, хараат байгаад байгаа. УИХ-ын зарим тойрогт гурваас зургаан мянган хүнээс УИХ-ын гишүүн сонгогдож байна. Зургаан мянган хүнээс сонгогдсон хүн, бараг сая шахам хүнээс сонгогдсон хүн хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа бий еэ дээ. Ард түмний тавин хувиас сонгогдсон Ерөнхийлөгч шагнал гардуулдаг, хориг тавьдаг, гадаад явдаг л хүн болж таарлаа шүү дээ. Х.Баттулгын тавьсан бүх хоригийг УИХ хүлээж аваагүй. Ийм дампуу Үндсэн хуультай байгаа юм. Азийн бүх орон авторатори дэглэмтэй. Урагшаагаа Хятад, Солонгосыг хар. Япон хаант засагтай. Парламентын засаглалтай улс зөндөө байгаа л гэх байх. Гэхдээ анзаарвал Англи хаант засаглалтай. Япон хаант засаглал бүхий парламенттай. АНУ Ерөнхийлөгчийн засаглалтай. “Трамп гэдэг тэрбумтан гарч ирээд бүгдийг нь идчихнэ” гэж айгаад байсан. Одоо хаа байна, Мексикт босгох ганц ханаа босгож чадахгүй л гацчихаад байгаа биз дээ. Шүүх засаглал нь тусдаа, хуулийн засаглал нь тусдаа, Ерөнхийлөгч нь хамгийн гол Засгийн газраа мэддэг байж л улс орон хөгжинө. АНУ-ын тогтолцоо бол хамгийн зөв систем байхгүй юу. Үүнийг манайхан монархи засаглал буюу Казахстаны Назарбаев эд нартай хольж хутгаж ойлгоод байгаа юм. Эд чинь хаан байхгүй юу. Ийм засаглал манайд зохихгүй. Харин Ерөнхийлөгч нь эдийн засгаа мэддэг байх хэрэгтэй байхгүй юу. Яагаад гэвэл ард түмний 51 хувиас сонгогдчихсон хүн учраас хариуцлагатай байхаас аргагүй. 14 сарын настай Засгийн газар ганц байшин ч барьж чадахгүй. Ялангуяа манайх шиг өвлийн хүйтэнтэй оронд. 14 сарын хооронд хэн ч Ерөнхий сайд болсон өөрөө идэхийг л бодно. Засгийн газрын гишүүн болоход тэрбумаас дээш төгрөгийн ханштай юм гэсэн биз дээ. Өөрөө мөнгөөр гарсан мөнгөө олж авч идэхийг л хүснэ. Ингээд л унаад босоод, унаад босоод байгаа юм. Иймээс мөнгөө мэддэг Ерөнхийлөгчтэй л улс болох учиртай. Өрхийн тэргүүн ямар ч мэдэлгүй, 76 хүүхэд нь л мөнгөөрөө тоглоод үрээд байгаа байхгүй юу. Тиймээс одоо ард түмний санал асуулга явуулж засаглалынхаа солих хэрэгтэй болчихоод байгаа юм. “Үндсэн хууль”-аа өөрчлөх цаг ирчихсэн байна.


Онцлох нийтлэлүүд