ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.07.09 03:07

Дуарте Кардосо Луиза: Нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээлэл тархалт их байна

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөлөл Зүүн Ази-Латин Америкийн орнуудын сэтгүүлчидтэй хамт дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ж.Батбаатар үйл ажиллагагааг нээж “Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжөөд 100 гаруй жил, Монголын сэтгүүлчдийн байгууллага байгуулагдаад 70-аад жил болж байна. Монголын Чөлөөт хэвлэл 30 жилийн түүхтэй боловч чамлахааргүй амжилтад хүрсэн. Олон орны сэтгүүлчид чуулж өөр өөрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцох гэж байна. Гадаадаас ирсэн сэтгүүлчид асуудал бэрхшээлээ ярьж, бидэнд хэрэгтэй мэдээлэл өгнө гэж найдаж байна” гэлээ.

Үүний дараа ХБНБразил улсын сэтгүүлч хатагтай Дуарте Кардосо Луиза “Энд хуран цугласан бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийн орны туршлагаас хуваалцаж байгаадаа таатай байна. Манай оронд болсон 2018 оны сонгууль болон гадаад орнуудад болж буй үйл явдлаас харахад нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээлэл тархалт маш их байна. Үүнээс болоод олон нийт үнэн бодит мэдээг олж авах боломж хомсдож байна. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Бразил улс тухайн бүс нутагтаа сэтгүүлчдэд хамгийн эрсдэлтэй оронд тооцогдог. Сэтгүүлчдийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхэд халдах үзэгдэл их гарч байна. Ялангуяа авлига хээл хахууль, хүний эрх, нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг ярих тусам ил болж аюулд өртдөг. Энэхүү эрсдэлтэй нөхцөл байдал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжихөд саад болж байна” гэж өөрийн орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар хуваалцлаа. Мөн тэрээр “Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит баримтад тулгуурласан мэдээллийг дамжуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгадаг байх хэрэгтэй. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэг арга бол боловсролын салбараар дамжуулж ямар эх сурвалжруу хандвал үнэн бодит мэдээлэл авах боломжтой талаарх мэдлэгийг хүмүүст олгох юм. Цаашид олон улсын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломж их байна" гэлээ.

Бүгд найрамдах Индонез улсын сэтгүүлч ноён Ахяри Хананто “Монгол улсад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Орчин үед компани, хувийн хэвшлүүд асар их хэмжээний мөнгийг уламжлалт биш мэдээллийн салбарт оруулж шинэ санаа, шинэ бүтээл гаргаж үзэгчдийн хүрээгээ тэлэхийг оролдож байна. Сэтгүүлч бид нийгмийн сүлжээг ашиглан шинэ агуулгыг бий болгох маш их боломж бололцоо байна. Зүүн өмнөд азид бүтээлч шинэ эрин үе эхэлж байна. Бид хэн авьяастай ур чадвартай нь контент боловсруулж, түүнийгээ цахим хэлбэрээр нийтэлж, унтлагын өрөөнөөөсөө олон зуун сая хүнд нөлөөлж чадахуйц ардчилсан чөлөөт үед амьдарч байна. Зүүн өмнөд Азийн хувьд нийгмийн сүлжээ өргөнөөр ашигладаг. Индонезид залуучууд бичмэл мэдээлэл гэхээсээ илүү видео контентийг сонирхож үзэх болсонтой холбоотойгоор твиттер хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан. Сошиал медианы эрин зуунд байгаа бүх ур чадвар , нөөц боломжоо дайчлан Монгол контентийг гадаад орнуудад гаргах хамтын ажиллагааг санал болгож байна” гэдгийг хэллээ. Дэлхийн хэмжээнд нийгмийн сүлжээг хамгийн идэвхтэй хэрэглэглэдэг орнуудад Бразил, Индонези, Филлипин, Колумба улсууд ордог байна.

Бүгд Найрамдах Филлипин улсын сэтгүүлч ноён Камино Алфред “Хуурамч мэдээ нь хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгоор бичигдсэн мэдээллийг хэлнэ. Тухайн мэдээлэл ямар зорилго агуулсан бэ? Ямар агуулгатай байна вэ? гэдгээр хуурамч мэдээг ялгах боломжтой. Хуурамч мэдээ ихэвчлэн хүний анхаарлыг татхуйц гарчигтай, эх сурвалжгүй байдаг. Хуурамч мэдээний эсрэг бид юу хийж болох вэ? гэхээр аливаа мэдээллийг орчин үеийн хайлтын сиситемээр давхар шалгах хэрэгтэй. Мэдээлэл хүлээн авагчид анализ хийснээр хуурамч мэдээллээс ангижрах болно” гэлээ.

Ийнхүү сэтгүүлчид цахим сэтгүүл зүйн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, сонирхсон асуултаа асууж, шийдэл гарган ярилцлаа. Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ажиллах санамж бичгийг энэ оны хавар байгуулсан бөгөөд Сэтгүүл зүйн салбарын гадаад харилцааг хөгжүүлэх жилийн хүрээнд хийгдэж буй олон ажлын нэг нь энэхүү арга хэмжээ боллоо.

Н.Амартүвшин

Онцлох нийтлэлүүд