Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Цаг үе
2015.07.07 10:07

Думаагийн Содном: Олон жил хардлага төрүүлсэн, хэрүүл маргаан болсон асуудалтай амьдарч болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой уулзаж ярилцлаа.

-Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар их яригдаж байна. Нэг хэсэг нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв гэж байгаа ч нөгөө хэсэг нь буруу гэдэг байр суурийг илэрхийлж байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Улс орны хөгжилд саад болж байгаа гол зүйл нь одоогийн төрийн тогтолцоо гэж харж байна. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн суурь заалт бий. Хуулийн энэ заалт тунхаг төдий зүйл болж, төр засгийн бүх эрх ард түмний биш улс төрийн намын нэрээр гарч ирсэн цөөн хүний мэдэлд орчихсон. Улс орноо хөгжүүлэх алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөгүй улс төрийн намууд, түүнийг төлөөлсөн ухаалаг бодлого төлөвлөгөөтэй байхыг хүсдэггүй буюу ухаардаггүй хүмүүс зонхилсон бүлэг нөхөд засаг төрийн эрх мэдлийг атгаж байгаа ноцтой гэж хэлж болох алдаа гажуудлыг засах нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага.

Энэ шаардлагын үүднээс би хоёр үндсэн санал дэвшүүлдэг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт парламентыг хоёр танхимтай болгох өөрчлөлт оруулах. Тухайлбал, Ардын Их хурал, Улсын Бага хуралтай болох. Ардын Их хурал нь иргэд өөрсдөө нэрийг дэвшүүлэн сонгосон 400 орчим гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай байх юм. Харин хууль тогтоох үүрэгтэй байнгын ажиллагаатай Улсын Бага хурлын ажилд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг байх. Уламжилж ирсэн ийм систем байх нөхцөлд Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, Монгол Улсыг хөгжүүлэх алс хэтийг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй болгох, энэ асуудлыг хариуцсан яамыг Засгийн газрын бүтцэд байхыг хуульчлах. Энэ асуудлаар надтай адил саналтай хүмүүс улам олон болж байгаа. Харин одоогийн хууль тогтоогчдын ихэнх нь дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах сонирхолгүй байгаа. Ухамсартай л байх хэрэгтэй.

-Ухамсартай бай гэдэг нь?

-Ухамсартай байна гэдэг нь ухаантай бодлоготой байхыг хэлж байгаа юм. Болж байгаа үйл явдлын учир шалтгаан, үр дагавар ямар байхыг ухаж бодсон, ойлгож мэдсэн байхыг хэлж байгаа хэрэг. Ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө хөгжиж байгаа одоогийн нөхцөлд зөв ажиллах, зөв амьдрах, зөв шийдвэр гаргадаг байхын тулд хүн бүр ухамсартай байх, өөрөөр хэлбэл ухаалаг бодлоготой байх шаардлагатай.

-Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ Монгол Улсын хувьд ашигтай, ашиггүй гэх мэтгэлцээн олон жил үргэлжилж байна. Таны бодлоор яавал зохих бол?

-Гэрээний нөхцөлөөс болж манай улс ашиг олох биш өрөнд унана, гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн саналтай хүмүүс улстөрчид, эдийн засагчид төдийгүй иргэдийн дотор байна. Асар их нөөцтэй, олон арван жил ашиглах энэ ордын ашиглалтын талаар хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөл олон түмэнд ил тодорхой, хоёр талд ашигтай, аль нэг тал нь хохиролгүй байхыг, шударга ажиллах нөхцөл хэрхэн хангагдаж байгааг Монголын иргэдэд ойлгуулсан байх нь чухал. Олон арван жил хардлага төрүүлсэн, хэрүүл маргаан болсон асуудалтай амьдарч болохгүй. Гэрээлэгч тал мэдээж ихээхэн хэмжээний ашиг олох зорилгоор ажиллана. Монголын Засгийн газар бол хөрөнгө оруулагчийн ашиг сонирхлыг харгалзахын хамт улсынхаа ашиг сонирхлыг хангах нөхцөлийг гэрээнд бүрэн тусгаж хэрэгжүүлэх чадвартай болох ёстой. Энэ үүднээс Оюу толгой, Таван толгой болон бусад ордын ашиглалтаар Хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах асуудлыг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнуудыг тогтвортой ажиллуулдаг бие даасан бүтцийг Засгийн газарт яаралтай бий болгох хэрэгтэй. Би Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байх ёстой гэж боддог. Хөгжлийн бодлого түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг дээр дурдсан яам болон салбар хариуцсан яамдын мэргэшсэн албан хаагчид хариуцдаг байх ёстой. Түр хугацаагаар ирж ажиллаад явчихдаг сайд дарга нар бол бодлого тодорхойлогчид биш яамныхаа мэргэшсэн нөхдийн боловсруулж албан ёсны болгосон бодлогыг өөрийн ажиллах хугацаанд хэрэгжүүлэх үүрэгтэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь зөв. Миний бодлоор Оюу толгойн гэрээлэгч хоёр тал буюу Засгийн газар ба РиоТинто компани хэд хэдэн асуудлыг тодорхой болгож зохистой шударга шийдэл тохиролцоонд хүрч иргэдэд ил тод мэдээлэх шаардлагатай болоод байгаа.

-Тухайлбал юуг нь ил тод болгох ёстой гэж?

-Оюу толгойн гэрээлэгч тал төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ болон бүтээгдэхүүний өртөгт хамаарах зардлыг хиймлээр олон дахин өсгөх аргаар төслийн ашгийг эрс багасгаж байна гэдэг. Монголын талд төлөх ёстой ашгийн татвар болон ногдол ашгийг багасгах бодлого хэрэгжүүлж байна гэсэн өөр нэг хардлагыг байхгүй болгохын тулд гэрээлэгч талуудыг төлөөлөн хариуцаж байгаа хүмүүс одоо хэлэлцээр хийж байгаа албан тушаалтнууд хэдэн гол асуудлаар маш тодорхой үнэн зөв мэдээллийг иргэдэд өгөх нь зүйтэй.

-Ямар гол асуудлууд байгаа вэ?

-Оюу толгойн анхны гэрээ байгуулах үед гэрээний нөхцөлийн үндэс болгож байсан ТЭЗҮ-д тусгагдаж байсан хөрөнгө оруулалтын хэмжээ болон нэгж бүтээгдэхүүний өртөг хэд байсан бэ. Тэр ТЭЗҮ-д хөрөнгө оруулалтын хэмжээг ил ба далд уурхайг ашиглахаар тодорхойлж байсан уу, эсвэл зөвхөн ил уурхайг ашиглахаар тохиролцож байсан уу. Одоо хүртэл хийгдсэн хөрөнгө оруулалтын зардлаас олон тэрбум ам.долларын зардлын үндэслэл байхгүй буюу худал мэдээлэл байна гэсэн яриа үндэстэй эсэх. Хөрөнгө оруулалтын зардалд цаашид Засгийн газар хэрхэн хяналт тавьж байх вэ. Анхны ТЭЗҮ-д тусгагдаж байсан нэгж бүтээгдэхүүний өртөг хэд байсан юм гэх мэтээр тодорхой болгох зүйлс бий.

Түүнчлэн анх гэрээ байгуулагдаж байхад төслөөс Монгол Улсын төсөвт төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашгийн татвар, Хувьцаанд ногдох ашгийн төлбөрийн дүн нь нийт ашгийн буюу борлуулалтын орлого ба өртгийн зөрүүгийн 53-54 хувьтай тэнцэнэ гэж ярьж байсан. Тэр нь одоо хэвээр байгаа юу. Хэвээрээ байгаа бол тэр гурван татвар төлбөрийн дүнг ТЭЗҮ-д тусгагдаж байсан борлуулалтын орлогын дүнтэй нь харьцуулсан хувийг гаргаж цаашид тэр хувиар гурван төрлийн татвар төлбөрийг шууд борлуулалтын орлогоос нь авч байх тохиролцоог хийж болохгүй юу. Энэ нөхцөлд өртөг зардал болон ашиг тодорхойлохтой холбогдсон олон жил эцэс төгсгөлгүй үргэлжлэх маргаан, хардлагаас ангид байх биш үү.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмээд байвал хөрөнгө оруулагч тал хожоод байх, харин Монголын тал 34 хувийн оролцоогоо хадгалахын тулд олон тэрбум долларын өрөнд ороод байна. Үүний зэрэгцээ үндсэн хөрөнгийн элэгдэл нэрээр асар их хэмжээгээр өсгөж болох өртгийн өндөржилтийн гайгаар Монголын Засгийн газар олох боломжтой байсан Ашгийн татвар болон Ногдол ашгаа авч чаддаггүй байх шударга бус үйлдлийг яаж зогсоох ёстой вэ.

Ордыг ашиглах явцад хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөлд Монголын Засгийн газар нэмэлт хөрөнгө оруулалтыг хариуцахгүйгээр оролцооныхоо 34 хувийг хадгалж байх заалтыг гэрээнд нэмэлт болгон тусгахын төлөө ажиллах ёстой биш үү. Юуны өмнө эдгээр асуудалд харилцан тохиролцож зохистой хариу өгөхгүй бол энэ төслийн хэрэгжилтэд хүндрэл гарсаар байх болно гэдгийг хоёр тал аль аль нь онцгой анхаарах ёстой. Ялангуяа манай Засгийн газар гэрээний нөхцөлийг сайжруулахын төлөө маш анхааралтай ухамсартай тууштай ажиллах хэрэгтэй. Ёстой эзний сэтгэлээр энэ асуудалд хандах ёстойг, хожим хойтод том хариуцлага хүлээнэ гэдгийг манай эрхэм нөхөд ухаарч байгаа биз. Энэ гэрээний нөхцөлийг сайжруулахгүй, төслийг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа шударга бус гэмээр үйлдлүүдийг зогсоохгүй удаан үргэлжилбэл улс орны тогтвортой, аюулгүй байдалд муугаар нөлөөлж болохыг мэдэж л байгаа байлгүй дээ.

-Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтад хөрөнгө оруулагчдыг оролцуулах гэрээний төслийн талаар маргаан дэгдэж Засгийн газар төслөө эргүүлэн татсан. Үүнийг юу гэж харж байна вэ та?

-Таван толгойн ордыг ашиглахад үндэсний болон БНХАУ-ын хөрөнгө оруулагчийг оролцуулахаар сонгосон нь зөв болсон. Одоогоор бодит худалдан авагч нь, мөн дамжуулан тээвэрлэх нөхцөлтэй улс нь өмнөд хөрш. Дахин тендер зарлах, өөр хөрөнгө оруулагчдыг оролцуулах гэвэл улам их цаг алдана. Өнгөрсөн жилүүдэд тендерийг олон удаа зарласан. Төмөр замын талаар баримтлах төрийн бодлогыг УИХ буруу гаргасан шалтгаанаар ордыг ашиглах хугацаа олон жилээр хойшилж зах зээлээ алдахад хүрч байсан алдааг давтаж болохгүй.

Сонгосон хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээнд миний одоо хэлэх зүйлсийг анхаарч тусгавал ухаалаг шийдвэр болох байх. Нэгдүгээрт, Таван толгойн ордыг ашиглах ТЭЗҮ боловсрогдож төсөлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ болон санхүүжүүлэх хугацаа, үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийн үзүүлэлтүүд маш тодорхой болсон, тэр үндсэн дээр гэрээний нөхцөлүүдийг тохиролцох. ТЭЗҮ-гүй гэрээ байгуулахыг би сохор явахтай адил гэж хэлж байсан удаа бий. Хоёрдугаарт, Таван толгойн ордоос БНХАУ-ын чиглэлд нарийн царигийн төмөр замыг яаралтай барих. Хөрөнгө оруулагчдад энэ замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр барих нөхцөлийг санал болгох. Хоёр дахь зах зээлд гарахын тулд БНХАУ-ын нутгаар нүүрс тээвэрлэх нөхцөлийг хангах талаар урд хөршийн хөрөнгө оруулагчтай тохиролцох. Гуравдугаарт, Таван толгой ордоос Сайншандын чиглэлд өргөн царигийн төмөр зам барих нь зөв. Таван толгойн нүүрсийг, ялангуяа эрчим хүчний өндөр илчлэгтэй нүүрсийг нь нутгийн төв хэсгийн хэрэгцээнд ашиглах, гүнзгий боловсруулах төсөл хэрэгжүүлэхэд ашиглах шаардлага гарна. Дөрөвдүгээрт, Сайншандаас Дорнод чиглэлд төмөр зам барих нь эхний ээлжийн зорилт гэж үзэж хөрөнгө оруулагчдад гэрээ байгуулах нөхцөл болгож болохгүй.

-Яагаад?

-Ашиглагдах магадлалгүй, ашигласан ч үр ашигтай байх үндэслэл муутай энэ чиглэлийн олон зуун км төмөр зам барихыг эхний ээлжийн зорилго гэж шийдэж урагш тавих төмөр замыг бариулахгүй удаасан нь ноцтой алдаа болсон. ОХУ-ын нутгаар тээвэрлэж далайд гарна гэж ярьж байсан нь судалгаагүй том эндүүрэл байсан. ОХУ Якутын өмнөд хэсэгт байдаг Нюренгриний тэрбум тоннын нөөцтэй кокосжих нүүрсний ордынхоо ашиглалтыг нэмэгдүүлж байгаа боловч далайд хүргэх төмөр замын тээвэрлэлтийн нөхцөл хүндрэлтэй, өвөл хөлддөг далайн боомтын хүчин чадал асуудалтай зэрэг мэдээлэл байгааг бодох ухаарах хэрэгтэй.

Зарим эрхэм нөхдийн зүгээс Таван толгойн ордын ашиглалтад төр 51-ээс дээш хувиар оролцох ёстой гэсэн санал хэлж байгааг би буруу гэж боддог. Учир нь төрд тийм хэмжээгээр оролцох хөрөнгийн бололцоо байхгүй, төрд сайн менежменттэй төрийн өмчийн компани байхгүй. Харин үүний оронд хувийн өмчийн “Энержи ресурс“ компани болон төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компани нэгдсэн консорциум байгуулаад Монголын талын хувь оролцоо 51 хувь байхаар шийдвэл зөв бөгөөд хэрэгжих боломжтой хувилбар байх болно.

-1072 хувьцаа амилах эсэх нь мөн л тодорхойгүй хүлээлт үүсгээд байна?

-Иргэдэд эзэмшүүлнэ гэж байгаа 1072 хувьцааны асуудал бол Монголын Засгийн газрын мэдэх зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарагдах асуудал биш байх. Хувьцаанд хуваарилж болох ногдол ашгийг ямар эх үүсвэрээс гаргах, тухайлбал Консорциумд оролцох “Эрдэнэс Таван толгой“ төрийн өмчийн компанид очих ногдол ашгаас гаргах уу эсвэл Таван толгой ордын ашиглалтаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Ашгийн татвар болон Ногдол ашгийн нийлбэр дүнгээс гаргах уу гэдгийг Засгийн газар шийдэх нь зөв байх. Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын үүрэг хариуцлагын асуудлыг зөв шударга байлгахыг анхаарах ёстой.

-Стратегийн гэх ашигт малтмалын ордын ашиглал­тад төр оролцох нөхцөлийг хуульд заасан байдаг. Гэтэл зарим хүмүүс төр заавал их хувиар оролцох ёстой гэдэг л дээ...

-Өндөр үр ашигтай болох нь ТЭЗҮ-ээр баталгаажсан, их хөрөнгө оруулалт шаардах том төслийг Төр өөрөө 100 хувь санхүүжүүлж үр ашигтай хэрэгжүүлж чадаж байвал сайн. Гэтэл төрд хөрөнгийн боломж, төслийг үр ашигтай хэрэгжүүлэх туршлага, дэвшилтэй техник технологи дутагдах зэрэг бэрхшээл байдаг. Тиймээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж, тэдэнтэй гэрээ байгуулж ордын ашиглалтын санхүүжүүлэлтийг эрсдэлтэй нь хариуцан хэрэгжүүлэхийг зөвшөөрдөг. Энэ бол дэлхийн бүх улсад, өндөр хөгжилтөй улсуудад ч байдаг зүйл.

Манай Ашигт малтмалын тухай хуульд Геологи хайгуулын ажлыг Засгийн газар санхүүжүүлсэн эсэхээс хамааруулж ордын ашиглалтад төр 51 хүртэл хувиар, эсвэл 34 хүртэл хувиар оролцож болно. Тэгэхдээ оролцооныхоо хэмжээнд тохирох санхүүжүүлэлтийг төр хийсэн байх ёстой гэсэн заалт байдаг. Энэ хуулийг би зөв гэж үздэг. Хуулиа гуйвуулалгүй хэрэгжүүлж байх ёстой. Зарим хүн ордын ашиглалтад төр 51-ээс доошгүй хувиар оролцох ёстой гэж ярьдаг. Ордын ашиглалтаас гарах ашгийг төр ахиухан авч байх санааг буруутгаж болохгүй. Харин тийм санал хэлдэг нөхөд оролцооныхоо санхүү­жүүлэлтийн эх үүсвэрийг бүрдүүлэх бодит бололцоо байгаа эсэх, хөрөнгө оруулагчтай тохиролцох боломж ямар байхыг бодолцох ёстой. Зарим ордын ашиглалтад төр хөрөнгө оруулж оролцох шаардлагагүй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан байхад ордоо үнэгүй өгчихлөө гэж ярих хүн дайралддаг. Ордыг үнэлээд худалдчих, эсвэл гэрээлэгч талд ордын ашиглалтын бүх санхүүжүүлэлт, эрсдлийг хариуцуулчихаад төр хууль ёсоор авах төлбөр татваруудаа бүрэн авч байх хувилбарын аль нь илүү зохимжтойг орд бүр дээр бодох хэрэгтэй.

-Татварын тогтворгүй орчин гэдэг зүйл яригдаад байгаа. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Татвар төлбөрийн хуулиа тогтвортой байлгах, гэрээлэгч нарт ялгаваргүй хандаж байхад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алтны борлуулалтын орлогоос таван хувиар авдаг хуультай байсныг 2.5 хувь болгож бууруулсан. Зэсийн борлуулалтын орлогоос авдаг нөөц ашигласны төлбөрийг одоогийн хуулиар Эрдэнэтийн үйлдвэрээс 15 орчим хувиар авч байгаа бол Оюутолгойн үйлдвэрээс таван хувиар авч байхаар гэрээлсэн байгааг би буруу гэж боддог. Ард түмний, төрийн өмч гэж үздэг ашигт малтмалын ордыг ашигласны төлөө авдаг энэ төлбөрийг аль болох ахиу хэмжээгээр нь ялгаваргүй төлүүлдэг байх бодлого барьж ажилламаар байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулагч нар бол татварын дараах ашгаа аваад явна. Харин үндэсний хөрөнгө оруулагч нар бол татварын дараах ашгаа Монголдоо үлдээж шинэ хөрөнгө оруулалтад ашиглана. Тийм учраас томоохон төсөл хариуцаж хэрэгжүүлэх санаачилга гаргасан үндэсний хөрөнгө оруулагч компанид төслөө амжилттай хэрэгжүүлэхэд нь төрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлдэг баймаар. Үндэсний компанид дэмжлэг үзүүлэх асуудлыг “авлига авсан байж таарна гэсэн яриа гарахаас” болгоомжлоод шийдэхгүй байх, баялаг бүтээгчдээ дэмжицгээх хөдөлгөөн өрнөж байхад тэр баяжих нь гэж муугаар атаархаж байх хэрэггүй.

Н.ГАНТУЛГА

Онцлох нийтлэлүүд