Өдрийн сонин үнэнийг хэлнэ
УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn УИХ: Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ DNN.mn УИХ: Онц байдал зарлах хүсэлтийг ҮАБЗ-д хүргүүллээ DNN.mn Нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна DNN.mn Энэ сард олон жилийн дунджаас хүйтэн байна DNN.mn Нэгдүгээр эгнээнд 416 алба хаагч хяналт тавьж байна DNN.mn Гарааш, хашаа чөлөөлсөн талбайд 757 автомашины зогсоол, 105 тоглоомын талбай байгуулжээ DNN.mn АН-ын бүлэг: Нүүрсний хулгайг илчлэхэд манлайлан оролцоно DNN.mn Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгт борлуулж байна DNN.mn Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого нөгөөдөр эхэлнэ DNN.mn Ч.Мэндбаяр: Халаалтын улирал эхэлснээс хойш шугамын гэмтэл 225 удаа гарсан DNN.mn
2022.11.12 01:11

Дэлхий харагддаг Дэлгэрхааны ноён оргилоос DNN.mn

Нийтлэлч: Норовын Гантулга


Сайн сайхан үйлийн шүншиг ерөөл гэж байдаг юм болов уу. Ижий аав, эцэг өвгөдийнхөө халуун голомт нь оршсон өлгий нутаг, чухамхүү хурандаагийн маань бахдал дүүрэн хэлдгээр “Дэлхий харагддаг Дэлгэрхааны оргил-Миний төрсөн нутаг ертөнцийн цэнхэр хязгаар”-ыг зориход бүхий л зүйл утга учиртай санагдсан. Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт их ойн наадмын сүлд хийморийн бэлгэдэл есөн хөлт цагаан туг төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр орж ирэх тэр л цаг дор бид Солонготын даваан дээр дөрөө мулталлаа. Тэрхийн цагаан нуурын хөвөөнөө хоноглоод нааш хөдлөхүйд хангайн дүнжгэр их нуруу алдарт Солонготын даваа асгарсан бороотой угтлаа. Усархаг бороон дундуур санд мэндхэн тэргүүн овоог нь тойроход хурандаа хэдийнэ Цэнд гуайн хэлсэн үгийг чулуун хөшөөнийх нь бичээсээс уншиж зогсоно. Намын төв хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, АИХ-ын дарга Лувсанцэрэнгийн Цэнд Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргаар нутаг заагдан ажиллаж байхдаа Солонготын даваанд зам тавих их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүхэн гавьяатай. Түүний “Ийм хувьтай оронд төрж, ийм сайхан ард түмний хүү болсондоо би бахархаж явдаг” хэмээх үгийг хангайн буурал даваан дээр нь тамгалж, дурсгалыг нь хүндэтгэсэн билээ.

Цэнд гуайн эл үгийг Бадамдорж хурандаа яг л аавынхаа захиас үг шиг сэтгэл догдлон хэлсэн юм. Хурандаагийн аав Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Галуутын голын малчин Маамаан Пүрэв гэж эгэл жирийн тэр хүн хүүхдүүддээ “Гэмгүй санасан нэгэнд тусалчихад бүр гэмгүй” гэх үгийг гэрээс болгон хэлсэн байдаг. Аавынхаа үгийг хүүхдүүд нь амьдралынхаа чиг шугам болгожээ. Эндээс л бидний явдал замын учрал ерөөл бүрдэж Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийн цэнхэр хязгаар, Тагна Туватай хил залгах Тэсийн голын шугуй, Хотгойдын Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ариун дагшин уул усыг зорьж яваа минь энэ. “Найрагч дүүдээ ижий аавынхаа буян оршсон ус нутаг, төрсөн газрынхаа салхийг амсуулна” гэж хэлсэн ёсоор өдөр судраа тогтож, наадмын урьд өглөө, үүрийн шаргал гэгээнээр хотоос гарсан. Пүрэвийн Бадамдорж бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны домогт хурандаа. Эл эрхэм шиг чанга дэглэмтэй Монголын таван шоронг бүх насаараа удирдсан хүн эдүгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ховор болов уу гэж санана. Анх Бэрлэгийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид домогт Нацаг хурандаагийн удирдлагад ажлын гараагаа эхэлсэн тэрээр 1985-1990 онд Мааньтын хорихын харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн орлогч байхдаа 3-22 удаагийн давтан хэрэгтэй 1200 хоригдлыг захирч байсан. Тэнд Монголын эрүүгийн ертөнцийн 90 хувь нь хоригдож байсан гэдэг.

Ингэж рецдевүүдтэй ажиллаж ирсэн ч сэтгэл нь өр зөөлөн, ижий аав ус нутаг гэхээр нүдэнд нь нулимс гүйлгэнэдэг, аав ээжийнхээ алтан захиасыг үргэлжид санадаг нэгэн. “Аав ээж хоёр минь ганцхан жилийн зайтай биднийгээ орхисон. Нутаглуулснаас нь хойш 25, 26 жилийн дараа газрыг нь сая эргэж очлоо. Яг хэвээрээ байх юм. Аавын минь шарил дээр зүрхэн тушаа газарт алтан харгана ургасан байна. Тэгээд ах нь бодлоо, аав ээж хоёроо зөв газар нутаглуулжээ, зөв газарт нутаглуулсан учир үр хүүхэд бид зам мөр тэгш яваа юм байна гэж бодлоо” хэмээн хурандаа зам зуурт уяралтайхнаар хэлсэн. Тэгснээ залгуулаад “Манайх Тэрэгтийн шилд буугаад байсан цаг. Мал тушаах боллоо. Орой очиж хонь шахаарай гэж аав ээж хоёр хэллээ. Гүйгээд очтол “Муусайн хур захынхан гар мухар ирлээ, мод бариад ирэхгүй” гэж аав загнаад. Юм л болохоор хур захынхан гэдэг байсан. Тэр нь төвийнхөн гэсэн үг байсан юм уу даа. Манайх хонио тушаахад эр хонь тус бүрийн амьдын жин 50 кг 600 гр болдог юм. Их өндөр тушаалаа гээд улс амьтан ч шуугиад явчихлаа. За Пүрвээ ч улсын аваргын болзол хангачихав уу даа гэсэн яриа ч гарлаа. Аймгийн аваргын болзлыг шууд хангачихаж байгаа юм. Улсад түрүүлэхэд ердөө 200 гр дутаж байсан. Увс аймгийн малчин 50 кг 800 гр-аар улсын аваргын болзол хангаж аав ээж хоёр минь хоёрдугаар байрт шалгарч байлаа” гэхүйд нэгдэл нийгмийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн аварга малчдын дүр байдал нүднээ бууж байна.


Ийм л яриа хөөрөөтэй, элгэн зөөлөн сэтгэлээр аяны харгуйн алтан шарыг эвхэж явна. Орхон түшээ мөрнийг өнгөрч Хотонтод зам дагуух айлын зэлэн дээр зогсон айраг авлаа. Яагаад ч юм надад Хотонтын айраг ойр байдаг. Манай сум (Булганы Хишиг-Өндөр)-ын бүдүүн Суурь дарга Хотонтоос айрагны хөрөнгө авч хамгийн түрүүнд манайд аваачиж өгдөг сөн. Ингээд манайх гүүгээ уяж нутгийнхан хөрөнгөө адууч аавынхаас минь хүндэтгэн авдаг бичигдээгүй хуультай. Эл бүгдийг бодоход Хотонтын айраг сэтгэлд бүлээн байдаг юм. Түүхт ойн их наадмын торгон хөшиг нээгдэж, Төрийн дуулал эгшиглэж байхад Тосонцэнгэлийн цайны газарт нэг нэг таваг цуйван хуйлчихаад цааш хөдөллөө. Удаа ч үгүй дөрвөн замын уулзвараар хойш эргэн Нөмрөгийн наахна очиход Тэгшээ ах хүүтэйгээ биднийг тосоод зогсож байв. Тэгшээ гэж тавь эргэм насны номхон дөлгөөн царайтай, өндөр туранхай бор хүн. Уул нэр нь Түвшин юм гэсэн, гэхдээ бүгд л Тэгшээ хэмээн дуудах ажээ. Бид Ханангийн дөрөлжөөр даван Нөмрөгийн Холбоо нуурын урдаас ороод ирлээ. Нөмрөг бол Жалханз хутагтын нутаг, мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очирын өлгий нутаг гэж бодохоор сайхан санагддаг юм. Чанх урд Холбоо нуур мэлтэлзэж баруунаа Нөмрөгийн нуруу таширалдаж, нуурын хойхно Баянзүрх хайрхан, зүүн тушаад Буга-Өндөр сунайж байна.

Нөмрөгийн уулс, Буга-Өндөр гээд бодохоор “Шинэ үсгийн багш” кино санаанд буудаг. Жүжигчин Хүрлээ “Чойжоо гуайн хөх сарлагийг би дийлэхгүй юм байна” гэдэг тэрхүү инээдмийн гэрэл цацруулсан киноноос хойш миний хувьд монгол киног тэгтлээ шимтэж үзээгүй билээ. Уг киноны зохиолыг бичсэн Батжаргалын Жамбалдорж энэ нутгийн хүн. Тиймээс зургийг нь нутагтаа авсан байдаг. Дунжидмаа “Лхам эгч ээ, та ямар сайхан дуулав даа. Үнэн зүрхнээс дуулсан дуу хүний сэтгэлд хүрдэг юм билээ” гэхэд “Хагархай Лхамын дуулах, халзан гунжны мөөрөх хоёрт ямар ялгаа байнаа” гээд “Хөөрхий дөө, муу бүрлээч маань жаахан юм балгачихаараа “Хүрэн толгойн сүүдрээ” дуулах дуртай сан. Дуунд гавихгүй л дээ, гэхдээ үнэн сэтгэлээсээ дуулахыг нь яана” гэх гавьяат Сэлэнгээ (хагархай Лхам), жүжигчин Болормаа (Дунжидмаа) хоёрын дуунд уярч, дуугаар ойлголцож буй хэсгийг үзэхэд нүдний нулимс гарах гээд байдаг. Энэ бүхнийг Нөмрөг хайрхан, Холбоо нуур, Буга-Өндөрт “Хүрэн толгойн сүүдэр нь хөндийгөө дүүргээд хүүшилнэ дээ, хүний бага чамтайгаа сэтгэл юундаа даслаа даа” гэж уяран бодож, сэтгэл дэнсэлж явлаа. Нуурын хөвөөний айлууд гангар хун шиг гэрэлтэн байна. “Буга-Өндөрийн ар тал Галуутын голын эх, Цэцэрлэгийн эх. Манай сумын нутаг. Удахгүй бид Тойруугийн дөрөлж дээрээс Бүстийн нуураа харна. Энэ баруун талын өврийн өвөлжөө бол Монголбанкны ерөнхийлөгч байсан Дэмжигжавын Моломжамцын төрсөн газар. Буга-Өндөрийн урагшаа буурал Булнайн нуруу залгана. Цаана нь Элээт, тэгээд Сангийн далай нуур, Шадар ван Чингүнжавын төрсөн нутаг. Мөн цаахна нь Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт Мандалын овоо, Эрчимийн нуруу залгана. Ингэж хангайн их уулс үргэлжилдэг” гэж хурандаа замын дунд яг л шүлэг шиг уншиж явлаа.

1905 оны их газар хөдлөлтийн гүн сорви, нутгийнхны хэлдгээр газрын гав дээр түрхэн зуурт дөрөө мултлав. Булнайн нуруунаас Увсын Хөнхөхийн нуруу хүртэл шугамдсан юм шиг эгцээрээ газар хагарсныг нутгийнхан хэлж байна. Үүнийг мэргэжлийн үүднээс тайлбарлавал, өнгөрсөн зуунд Монголд хөдөлсөн хамгийн хүчтэй газар хөдлөлт гэгддэг. Увс нуурын өмнөд хэсгээс Ханхөхийн урд бэлийн Модон даваа, Цагаан нуурын хойд эрэг, Тэрэгтийн нурууны хойд бэл, Ярцагийн голын хавцал, Ойгон нуурын хотгор газрын хойд хормой, Булнайн нурууг арлан, Тэсийн голын эхийг дайран Сангийн далайн өмнө эрэг хүртэл 500 км урт хагарал үүссэн аж. Оросын эрдэмтэн Вознесенский ирж судалгаа хийж, газар хөдлөлтийн хүчийг 11-12 баллд хүрч, 7 сая ам дөрвөлжин газар нутгийг хамран доргисон гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Энэхүү газар хөдлөлт Цэцэрлэг сумын нутагт хоёр удаа хүчтэй хөдөлж Буянтын нурууны ар, Хул азаргын нурууны өврөөр их бага хагарал үүссэнийг тэмдэглэсэн байна. Газар дүнгэнэн дуугарч байснаа уулнаас чулуу нурж, нуурын ус цацагдан, уулын мод үндсээрээ суга үсрэн ханаран унаж, зарим булаг шанд алга болсон гэдэг. Вознесенскийн тэмдэглэснээр Тэсийн хүрээнд хоёр шавар байшин, 30 орчим модон дуган нурж, Алтанхөлийн нуруунд хоёр нуур алга болжээ. Тэр жил Увсын Зүүнхангай Ханхөхийд очиход энэхүү газар хөдлөлтийн тухай өвгөд хөгшид ярьж байсан.

Хоттой хонь майлалдаж, үхэр мал газар доор мөөрөлдөн орилолдож байсан тухай хэлж байсан. Хоёр зууныг дамнасан газрын гав яг хэвээрээ байна. Газрын гавд тогтоол ус үүсдэг байна. Бүст нуурын арын айлууд газрынхаа гавыг ашиглаад карлинд малаа угаадаг тухай нутгийнхан хэлсэн. Газрын шарх гэдэг хоёр зууныг дамнасан ч аньдаггүйг нүдээр үзэж, тэндээс хурандаагийн хэлснээр Тойруугийн дөрөлж дээр гарч Бүстийн цэнхэр нуураа харлаа. Дуунд мөнхөрсөн нуурын мандал салхины чичиргээнд бидэр татуулж угтав. Завханыхан Багабандийгаа Ерөнхийлөгч байхад нь загас бариулах гэж Бүстийн нуурандаа авчраад загас байгаагүйгээ мэдсэн тухай яриа байдаг. Харин сүүлд Баярын ээж Дулмаа гуай Бүстийн нуурыг загастай болгосон ч хар галуу гэж аюул бийг нутгийнхан хэлдэг. Бүст нуурын Бүстийн дунд уул. Газарзүйн тодорхойлолтоор бол эргэн тойрон усаар хүрээлэгдсэн хуурай газар буюу арал гэж болохоор. Энэхүү дунд уул буюу арал дээр айл амьтан өвөлжиж байсан улбаа бий. 2000 оны зуднаар айлууд дунд ууланд өвөлжиж өнтэй давсан гэдэг. Бүстийн нуурын зүүн хойно Жарантайн улаан эрэг харагдана. Энэхүү улаан эргээр даваад ар дор нь Цэцэрлэгийн Рэнцэнжугнай нуур цэлийж байгаа. “Аав минь Увсын Дэмбэрэлсамбуу гэж аймгийн заан цолтой мундаг бөхийг хаяж сумынхаа наадмын түрүүг хүртэж сумын заан цолны эзэн болсон. Галуутын голын Пүрвээ заан гэдэг нь тийм учиртай. Тэртээ жаран есөн онд Дэмбэрэлсамбуу гуайг мал туудаг гэж сонсоод, аав уулзах гэж улаан эргээр морьтой давж ирж байлаа” хэмээн хүү нь Жарантайн улаан эргийг хараад ачит эцгээ дурсан явлаа. Ааг бяртай тэр сайхан хүчтэнээр сумынхаа түрүүг хүртсэн авшиг ерөөлийг Пүрвээ заан бодож явсных нь илэрхийлэл тууврын замд уулзаж амрыг асуун хөөрөг зөрүүлсэн хуучаас мэдрэгднэм. Ёстой нэг эрийн хэц, хүний мөс нь мэдрэгдэж байна.

Бид явсаар Галуутын голыг уруудлаа. Чухамхүү газрын дундаж диваажин гэж дуун алдмаар Галуутын гол. Намар усны шувууд буцахад ижил сүргээсээ хоцорсон ганц галуу энэ хясаанд өвөлжиж, харзных нь усанд хөлөө хайруулснаас “Мухар Галуут” гэж нэрийдэх болсон домогтой газар. Галуутын голд ирэхэд намираа зөөлөн цагаан бороо цайран орж байлаа. Эхийн сэтгэл шиг, эцгийн гэрээс шиг энгэр цээжийг сүлсэн сүүн цагаан бороо. Хүчтэй салхилж орохгүй, басхүү ганц нэгхэн дусагнахгүй, хацар нүүрийг зөөлхөнөөр илбэж намиранхан орж байгаа юм. Уул ус тэр чигтээ цайраад, нимгэн цагаан пансан торго сувдран татаж уу гэмээр. Галуутын тохойн мөнгөн сортой өвснүүд болор шүүдэр талстуулан цацарна. Цэцэрлэгийн голынхон, Галуутын голынхон энэ л тохой бүрээс хадлангаа авдаг байна. Урд уулын хяраас тачигнан бууж ирсэн хэдэн “зэрлэг” адуу зам хөндлөн хатируулсаар, эргэн эргэн сэрвэлзсээр өвөр зүг рүү орлоо. Ижий аавынхаа ариун дагшин уул усыг газрын холоос зорьж ирсэн хурандаагийн сэтгэл яг л энэ намираа цагаан бороо шиг асгарч буйг би мэдэрч явлаа.

Хуучин нийгмийн үед айл амьтан ховор, эль хуль зэлүүд нутаг байжээ. Одоо бол ам болгондоо өвөлжөө, намаржаатай байгалийн үзэсгэлэн бүрдсэн онцгой нутаг юмсанж. Хоёр талдаа огцом өндөр битүү модот уултай, голоор нь Галуутын гол тунгалагшин урсаж, төрөл бүрийн жимс жимсгэнэ урган, мод бургас өнгө өнгөөр алаглан багсайлдана. Бадамдорж хурандаагийн өвөө данхар Маамаа гуайн өвөлжөө Галуутын Нам даваагийн ухаад байна. “Өвөө минь бурхны номтой хүн байсан. Эм барьдаг, манайхны дээдэлдгээр маарамба байлаа” гэж ач хүү нь хэлж байна. Тэрээр Нам даваагийн урд хярыг Хөх ямаат, хойшоо харагдаж байгааг нь Бухт гэдэг. Аавтайгаа, ахтайгаа Бухтад хадландаа гардаг байлаа гэж дурссан. Энэхүү ариун дагшин гол уснаас олон сайхан алдартан төрсний дундаас УИХ-ын гишүүн асан Хулангийн аав нэрт дипломатч, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лүдэвдоржийн Хашбат, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн тэргүүлэх профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Тэгшжаргалын Сэнгэдорж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Пүрэвийн Дэлгэрнаран нарын эрхмүүдийг онцлон хэлэх байна.

"Галуутад манайх Пүрэвжялын Туваанжав, Цэгмидийн Отгон, Бадарч болон Лүдэвдорж гуайнхтай айл аймаг явсан. Өргөн ширэнгэ рүү Маамаан Базарсад, Хасаан Ширнээ, Пандийн Биндэръяа, Очирын Биндэръяа нарынхтай, мөн монхор Жийгээ буюу холбооны Жигжидсүрэн, Павуужав гуайнхтай айл аймаг явсан"-аа хурандаа хэлж олон сайхан хүний гэгээн дүрийг сэтгэлдээ үзэх шиг болсон. Газрын дундад диваажин Галуутын голыг уруудсаар Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны алдарт бөх, босоо Шагдарын төрсөн газар Хүрэн харганад ирлээ.

Н.Гантулга

Үргэлжлэл бий.