Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn "The Hu" хамтлаг "Aim Awards"-т нэр дэвшжээ DNN.mn DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn "The Hu" хамтлаг "Aim Awards"-т нэр дэвшжээ DNN.mn DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn
2022.05.08 11:05

Дэндэвийн Пүрэвдорж найрагчийг эргэн дурсахуй DNN.mn

Нийтлэлч: Норовын Гантулга

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад, Ардын жүжигчин П.Хаянхярваа нар

“Хөх үндэсний гал” найргийн наадам

Хоёр мянга арван гурван оны өвлийн цагаан будан татсан гэрэлт өдөр Өвөрхангай аймгийн театрт Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” наадмыг жулдрайхан би эхлүүлж байлаа. Үндсэндээ түрүү жилийн эзэн дараа жилийнхээ цомыг нээдэг тэрхүү уламжлалын дагуу 30 жилийнх нь тэгш ойд түрүүлсний хувьд Пүрэвдорж гуайнхаа наадмыг “Өвгөд минь өндрийн салхи болохуйд” шүлгээрээ нээж байсан. Тэрхүү хувь заяагаа би дандаа сүслэн боддог. Пүрэвдорж гуай өөрөө санаачилж эхлүүлсэн, анхны түрүүг нь хүртсэн авшигтай эл наадмыг 80 насных нь их ойгоор өөрийнх нь нэрэмжит болон хүмүүн биеийг олсон халуун голомт Өврийн хангай нутагт нь болоход нээнэ гэдэг хувь заяа гэхээс өөр яалтай. Шүлгээ дуудчихаад, шүлгээ уншихаар гараанаас эргэх гэж буй морьд шиг тогтож ядан байгаа найрагчдынхаа дунд орж ирэхэд омог төгөлдөр байсан даа. Эрдэнэ-Очир ах минь, Хөөдөө ах минь, дархад Мийгаа ах минь, Лхамсүрэнжавын Ганзул ах минь бүгд шүлгээ унших гээд ирийтэл зогсож байсан сан. Мөн ч алтанхан сайхан он жил байж шүү. Наадмын урьд өдөр “Уран үгсийн чуулган”-д Монголын яруу найргийн их оргилууд Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Пунцагийн Бадарч нарын тоосон дунд орж цомын эзэн хэмээн Ичинхорлоо найрагчаар зарлуулж байснаа одоо эргээд бодох нь ээ, айх ч шиг. Их найргийн бурхдын сүрд дарагдсан бахдал дүүрэн он цаг минь.

Хоёр мянга арван долоон оны аравдугаар сарын цас будагнасан намрын орой. Их найрагчийн “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зорьж яваа бидний нөхөд Шартын давааны хөтөл дээр дуу шуутайхан гарч ирэхэд зөөлөн цагаан цас бударч байлаа. Эндээс бид тэнгэрлиг найрагчийнхаа онгод билгийнх нь оргил шүтээн Эрээн уулыг харан баясаж, бүгд л сэтгэл зүрхэндээ залбирч байлаа. Хайрт хүүгийнх нь халуун зүрхний дуулал болсон “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг” уул нь яг л дүрээрээ угтсан сан. Алдарт Шарлингийн голыг гаталж Их Монгол уулын хаяа, Монгол Улсын минь төв цэг алтан хүйс нь болсон Бүрдийн төвд их найрагчаа дурсан суусан тэр үдшийн сайхныг би лав үгээр илэрхийлж чадахгүй нь. Төрбат ах “Нарны хорвоод аргагүй амраг, насны хань чамдаа би хайртай” хэмээх Чанцалдаа зориулсан дууг нь аньсага дүүрэн нулимстай зүрхнээсээ дуулж байсан нь чихэнд минь сонсогдсоор л байна. Санжийн Пүрэв баавай үе үе сэтгэлд гэгээ таттал зөөлнөөр инээмсэглэн, тамхины цэнхэр утаа суунаглуулан нургилтал гоё ярьж, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн Пүдо-тойгоо дөрөө харшуулж явсан дурсамжаасаа хуваалцан хайр бахархлын инээд татуулж эрхэмсэг сууна.

Цэцтэй найрагчийн одод тэнгэрийн дор цээж огшин, Их Монгол элсний алтан шаргал нурлагыг чимээлэн шөнийн аниргүйд хэсэгхэн алхаад өрөөнд орж иртэл өөдөөс “Мөнхийн үсэг”-ийн Ганбат ах “Эрхэм дүүгээ ирснийг Ичинхорлоо найзаасаа сонслоо. Дүүтэйгээ нутгийнхаа тэнгэр дор уулзахгүй ах нь яаж явах билээ” гээд угтдаг юм байна. Монголын хэвлэлийн зах зээлд түүчээ нь болж чухамхүү алтан үсгээр бичигдэх гавьяаны эзэд бол “Мөнхийн үсэг”-ийнхэн юм. Хишиг-Өндөрийн арван жилийн сурагч ахуйдаа тухайн үеийн “Дархан сэргэлэн” компанийн захирал Гэлэгжамцын Батмөнх гэж эрхэм хүмүүний нэрийг зурагтаар зохиолчдын амнаас олонтаа сонсч байсан. “Болор цом”-ын эздийн Эрдэнэт, Дарханаар явсан гэлт тэрэгний аялал, Дарханд болсон Төрийн шагналт зохиолчдын уулзалт, мөн Д.Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт эл бүхний ард “Дархан сэргэлэн”-гийн гэх тодотголт Баянхонгор нутгийн хүмүүн Батмөнх гуай байжээ. Чимиддорж ахын “Мөнхийн үсэг” шүлгэнд тодорхой бий дээ. Батмөнх гэж номын шүншигтэй хүмүүний охин нь эдүгээ Гадаад харилцааны сайд хатагтай Батцэцэг юм. Эрхэм сайдын хань нь тэртээ 2004 оны Монгол төрийн их баяр наадамд Дашдоржийн Цэрэнтогтох аваргаар улсын цолны босго алхсан Довдонгийн Ганбат начин билээ. Батцэцэг эгч, Ганбат ах хоёр намайг дөнгөж дээд сургуулийн ширээнээс салаад анхны номоо гаргачих санаатай хэдэн навтарган хуудас сугавчилж явахад халуун дотно хүлээн авч “Дотоод орон зайн урсгал” номыг минь хямдхаан үнээр хэвлүүлж өгсний ач буяныг би мартдаггүй. Ганбат ахтай, ангийнхан нь болох хэл уран зохиолын багш бүсгүйчүүдтэй яриа өрнүүлж, Пүрэвдорж гуайнхаа “Урт намар” тэргүүтэй олон шүлгийг би цээжээр уншин сэтгэл бадарч суусан.

Маргааш нь 10 дугаар сарын 15-ны өдөр. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн төрсөн өдөр. Нутгийн зон олондоо омог бардам шүлгээ дуудаж байсан Бүрдийн Соёлын төвийн ерөөлт тайзнаа “Хөх үндэсний гал” бадамлан аслаа. Тангадын Галсан гуай минь “морин толгой” найзынхаа тухай нулимс гармаар олон сайхан дурсамж өгүүллээ. Дамбын Төрбат шавь нь “Сүү” шүлгээ нүднээсээ нулимс асгаруулан зүрхнээсээ сүү асгаруулан уншиж багшдаа ерөөлийн дээж өргөлөө. Тэр наадмын шүүгчээр “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавай суусан гээд бод доо. “Азын цэнхэр уул”-ын сэтгэлийн нөмөрт шүлгээ уншсан азтай л хүүхдүүд дээ, бид.

“Эх хэлээ эрхэмлэн шүтэж

Хөрст дэлхийд Монголоо дархалсанд

Эзэн Чингисийнхээ сүлдийг тахиж

Хөх үндэсний галаа манасанд

Дэндэвийн Пүрэвдоржийн алтан тоонотоос

Дээж найргийг тань алдаршуулан хүндэтгэв” гэх бичээс бүхий өргөмжлөлийг Их найрагчийн халуун голомт Хажуу булгийн буурал хонд, Эрээн уулнаас миний бие гэрийнхээ хойморт залсан юм. Бүрд сумын 2 дугаар багийн малчин Тойвын Жамбалдорж гэж хүний ивээн тэтгэж өгсөн 1 сая төгрөгнөөс бусдадаа хишиг хүртээж үлдсэнийг нь тоо ёсоор нь гэргийдээ авчирч өгсөн юм. Жамбалдорж ах “Миний ивээн тэтгэсэн шагналыг дүү хүү хүртсэнд...” гээд сэтгэл нь ихэд хөдөлж байгаа бололтой цагаан портерынхоо кабинд гэргий хүүхдээ суулгачихсан ирж билээ. Миний бие ном бүтээлээ зөрүүлж барьсаан. Сааль ханхалсан гэргийд нь үнсүүлэхэд нэг л гоё санагдаж, намрын хонгор цагаар Хөшөөтийнхөө голд очсон юм шиг гэгээн бодол төрж байсан. Найргийн наадмыг хүндэтгэн зорьж ирсэн Наранхүүгийн Пүрэв, Жунайн Даваасүрэн гээд Өвөрхангайн гэгээн сайхан ах нараар үдүүлж аян замын туршид их найрагчийн шавь Заяатын Ядмаа, Нацагийн Даваадаш нартай багшийг нь дурсаж инээд наргиан дунд буцсан даа.

Тэгвэл дараа жил нь буюу 2018 оны 10 дугаар сарын 15-нд Их найрагчийн 85 насны ойн “Хөх үндэсний гал” наадам Улаанбаатар хотноо Улсын дуурийн театрын тайзнаа болж билээ. Энэхүү эрхэмсэг тайзнаа 2004 онд багш шавь хоёр (Пүрэвдорж, Төрбат) Монголын уран зохиолын дээжис 108 ботийн ном нээх хүндэтгэлийн ёслолыг соёрхон хийж их найрагч ёстой л араагаа гартал тас тас инээн, амандаа гал зуусан бүргэд шиг лундаатай байж билээ. 108 ботийн хүндэтгэлээс дөрвөн жилийн дараа 2008 оны өвөл Дөнгөтийн Цоодолын “Миний муусайн найз нарын анхдугаар чуулган” мөн л энэ тайзнаа болоход их найрагч нэг их гоё улаан зангиа гялалзуулаад Цоодолынхоо үдэшлэгийг нээж байсан. Эл бүгдийг миний бие нүдээр үзэж, дэргэдээс нь бахдан биширч явсны хувьд Дуурийн театрын тайз Пүрэвдорж гуайн цог жавхааг эрхгүй санагдуулж байсан. Монголын дуурийн алтан гургалдай Аюушийн Загдсүрэнгийн хоолойд зориулж, агуу их Ламзавын Ванганы захиалгаар бичсэн “Алтан намар” дуу нь энэ театрын тайзыг 70 жил эзэгнэн байна гэж бодохоор сайхан.

Тэрээр урлагийн энэ сүм рүү үзэгчдийн хаалгаар бус амьдрал өрнөж байсан тэр талаас нь шууд орчихсоноо дурсаж, Халхын цоохор Цогт, Арслан тайж, Хулан хатан, Гүенбаатар, Улаан малгайт дүрээрээ зогсож байхад би сүрдэхгүй хайчих юм гэж хэлж байсан. Тэгэхээр энэхүү театр нэрт найрагчийн шүншиг оршсон, идэр залуугийнх нь сүлд хийморь оршсон ариун сүм юм. Энэ л ариун сүмд 85 насных нь “Хөх үндэсний гал”-ын дөлөнд ёстой л гал бутартал шүлгээ уншиж аман хүзүүдэн алтан тайзан дээр нь бас л мялаалгах нь тэр ээ. Тайзнаас буухуйд их найрагчийг өөрийнх нь өчсөнөөр “Бээжинд жасаалсан хохь тайж” байхад нь Элчин сайдаар тохоогдож, хадаг сүүтэй угтуулсан аварга Дагвын Цахилгаан баяр хөөр дүүрэн тэвэрснийг санаж байна. Ингэж молхи би Монголын яруу найргийн хөх сүмбэр оргил Пүрэвдорж гуайнхаа Хөх үндэсний гал”-ын дөлөнд хоёр жилийн намар төрсөн өдрөөр нь онгод цоргисон авшиг авч, дараа нь жил Сэгс цагаан Богд найраглалын гэрэлт хөшөөнийх нь алтан туузыг хайчилсан ерөөл билгээ бодож гурван намар Пүрэвдорж гуайдаа үнсүүлснээ зүрх долгилон сананам.

Пүрэвдорж гуайн дурсамжууд

Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж бол яах аргагүй их урлагийн алтан үеийн бурхдын дунд явсан сод хүмүүн. Өнөөдөр домог мэт яригддаг хоёр Цэгмид, Гончигсумлаа, Билэгийн Дамдинсүрэн, Мөрдорж, Намхайцэрэн, Гомбосүрэн гээд урлагийн бурхдын эгэл нандин дурсамжуудыг Пүрэвдорж гуай л ярина. Үндсэндээ тийм л зиндааны ховор хүн байж дээ. Ингээд Пүрэвдорж гуайнхаа дурсамжаас хүргэе. Эхлээд төрийн шагналт, ардын жүжигчин, Хорьдугаар зууны манлай жүжигчин Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжийг нь сөхье. “Цагааны Цэгмид гуай үргэсэн мэт дав дэвхийсэн огцом хөдөлгөөнтэй гялалзуур хүн. “Сүхбаатар” кинон дээр Сью Шү Жаны зул үлээдэг тэрхэн хоромд жүжигчний олсон дүрийн гайхалтай нээлт хувь хүний төрхтэй авцалдаж хэтний цахил мэт гялсхийдгийг үзэгчид андахгүй. Намайг театрт байхад “Сэрэлт” киног бүтээсэн юм. Уг киноны лам ах руугаа хилэнгийн дөлд ноцон орж байгаа хэсэгт Цэгмид гуайн огцом хөдөлгөөн дүрийн туйлын өрнөлийг харж болно. Дашрамд өгүүлэхэд, орос эмчид тоглосон Доржпалам хэмээх орос царайтай гозгор охиныг анх би тэр үед харсан юм. Харин яагаад ч юм бэ З.Баттулга (“Хөх тэнгэр” романы зохиогч Зо Па Жингийн Баттулга) гуай түүнийг манай охин гэдэг байлаа. Баттулга ч яахав дээ, Янжинжав(Сэрэлт киноны Сүрэнд тоглодог)-ыг бас манай охин гэж байгаад Эрдэнээгээр түлээ хагалуулчихдаг хүн л дээ. Би чухам яагаад Баттулгын тийн хэлдэг байсныг учрыг өөрөөс нь ч, Чимид гуайгаас ч асуугаагүй. Тэр бүсгүйг хожмын ардчилсан хувьсгалч Зоригийн эх болж зовлон үзнэ гэдгийг яахин төсөөлөх билээ. Миний найз Гомбосүрэн мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байхдаа намар оройхон салхинд гарч айраг ууя, ганц нэг хулгар шар ч юуны магад гэлээ. Би гэдэг тогоо буудахаас өөрийг чаддаггүй болохоор Ц.Цэгмид гуай, боорцог хэмээх Лувсан гуай хоёрыг хань татаж хамт явлаа. Тэр хоёр хөвөнтэй өмд цамцтай, Цэгмид гуай дугуй хар малгайтай явсан сан. Цэгмид гуай замд гараад л Далай хятад болчихов.

-Далай гуай таныг Алтан гадсаар шагнажээ. -Ай яа, хэдэн лан...-Далай гуай таныг хөдөлмөрийн баатар болгох гэнэ. -Чи юу ялисаан. Хуучин цаг өмд баатар хэлсэн. Одоо бас ямар баатар хэлнээ. -Далай гуай та монгол дуу сурсан биз дээ. -Дуулж бол ч чадаагүй. Үг бол ч мэднээ. -Нэг дуулахгүй юу. –“Нэг нуур байсан ваа, тэр мөс болсоон. Загас үхчихлээ хөөрхий” энэ ямар дуу байсаан. Ёстой үнэн шүү. Бас нэг дуу байнаа. Нэг жаахан шар морь явсаан. Бас нэг лам хүн байсаан. Тэр ламуны нэг юм газар ойчсон ваа. Тэр юу ойчсоон, манай мэдэхгүй... гэхчлэн инээд барж хоосон дош харж явсаар орой тийш Хүй долоон худагт нутаглаж байсан жолоочийн аав ээжийнд очлоо. Зэврүүхэн байсан тул дотроо халааж байгаад хүйтэн айраг ууж шөнө орой болтол наргиж суухад Цэгмид гуай Далай хэвээрээ л байлаа. Түүнийг морь харахаар гарахад гэрийн эзэн эзэгтэй хоёр “Дотор хүн гэхэд айхавтар монголжжээ. Айраг сайн ууж байна шүү” гэхэд бид ч амыг нь дагуулж багадаа ирсэн юм гэнэлээ гээд тайлж өгсөнгүй. Цэгмид гуай “мал байнаа ам тос байна. Мал байхгүй тос байхгүй. Монгол газар ёстой сайхан. Мах иднээ манай дотор газар бол ногоо идсэн шүү. Манай Дулмаа мах дуртай” гэв. Тэгэхээр нь “Танай Дулмаа хорины даргатай ходий гэх чинь билээ” гэхэд -Хорин даргаа янчаан байхгүй, ядуу, дандаа мөнгө гуйна. Би яахав, танай бас өгнөө хөөрхий, архи их дуртай золиг оо. -Одоо ч танай Дулмаатай жаргаж байгаа даа. -Муу золиг, би явлаа, явуваа гэж огло үсрэн босоход гэрийн эзэд хоорондоо хартай бололтой гэж ирмэлцэнэ. Бид худлаа худлаа Далай гуай. -Тийм байхаа, би үхье санасан шүү гэж тайвшран сууна. Энэ мэтээр наргиж хоноод маргааш нь үнэн учрыг хэлэхэд, тийм байх аа. Даанч их айраг уусан юм гэж бөөн хөхрөлдөөн болж билээ.

Цэгмид гуай эл аяг энгийн наадам наргиа мэт боловч түүний дүрд хувилж чаддаг гаргуудын авьяасын өчүүхэн жишээ мөн. Түүнийг “Цогийн идэр нас” жүжигт гурван ч туслах дүрд хувилж чадахад театрын би танихгүй байсан гээд боддоо. Нэг өвөл Сэнгээ багш хэсэг зохиолчдын хамт хэдэн сангийн аж ахуйгаар ороход Цэгмид гуай явсан юм. Орхонтуул суманд бид уулзалт хийв. Тэдний клуб гэж цагаан баавгайнаас өөр амьд амьтан тэсэх аргагүй мөсний хөндий. Бид үстэй дээлтэй эсгий гуталтай. Гэтэл Цэгмид гуай хувцсаа сольж судалтай хар костюм, лаакан шаахайтай гялалзан орж ирээд жүжгийн хэсгээс тоглож бас “Төмөр тэргийг унаад гарваа Түшээд вангийн хошуугаар дайрч гарваа...” гэж дуулчихаад тэвхэлзэн гарч билээ. Үзэгчдээ хүндлэх жүжигчин хүний сэтгэлийн эрчим цог хийморь гэдгийг тэгэхэд би гайхан биширсэн юм” гэсэн байдаг.

Тэгвэл “Богд хаан”-ы дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн тухай ийн өгүүлсэн байдаг юм. “Нямын Цэгмид гуай бол түшигтэй нуруутай, гүндүүгүй гайхамшигт монгол хүн. Элдэв ов мэх, бултаа зайлаа байхгүй, түс тас хэлчихнэ. Харин нэг “үгүй” гээд гэдийчих юм бол дөргүй бух шиг зүтгэнэ. Бичиг цаасны ажилд дургүйгээс гадна чадах ч үгүй тул гарын үзүүрт намайг зарна. Нэг удаа өрөөнд нь сууж байтал утас нь хангинав. Цэгмид, -Аан Болод дарга сайн уу. Концертоо, ямар ч бололцоогүй, чадахгүй...чадахгүй...чадахгүй гээд утсаа тавьснаа “Шинэ уран бүтээл өгөх гэж байхад концерт бэлтгэж тоглуул гэнэ. Энэ дарга нарын дураараа гэдэг нь...” гэж байна. Цэгмид гуай гарч тайз гэрэл тохируулж байсан хүмүүс дээр очоод зааж зураад л би халаасанд хараад зогсож байтал нөгөө Болод дарга нь ороод ирлээ. -Тэр Цэгмидийн дууд гэж зандрангуй хэлэхэд нь би очиж дуулгавал -Байз би ажлаа хийж байна. Тэр яасан завтай дарга вэ гээд хөдөлдөггүй. Болод гуайн уур нь хүрч байгаа бололтой түүний шарангуй царай улайчихсан харагдана. Хэд хэдэн хүнээр хэлүүлсэн боловч Цэгмид гуай тайз гэрэл, жижиг хэрэглэл шалгаж зааварлаад л яваад байв. Нэлээд удсан хойно Болод гуай дагаад явлаа. Маргааш нь юу болсныг сониучилбал Цэгмид гуай -Өрөөндөө ороод ирэхээр нь хаалгаа цоожилж түлхүүрээ хармаалчихаад ширээний ард суугаад “Би дээд даргатайгаа гудамжинд ярьдаг хүн биш. Та ярих юмаа энд ярь” гэлээ. Болод ч шатаж байна. “Биеэ тоосон их зантай, удирдлагаа хүндэлдэггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гээд бууж гарлаа. Би дуугай л суугаад байлаа. Асуултад ч хариулсангүй. Хүн аль болгон ганцаараа ярих вэ дээ. Хад өшиглөж байгаа юм шиг болоо биз. Дуу нь зөөлөрсөөр дуугай болохтой нь зэрэг би -Та ярьж гүйцсэн бол би ярья гэж байгаад хамаг зовлонгоо тоочлоо. Орон тоо, төсөв гээд надад нэхэх юм зөндөө байлгүй яахав. Мань эр сүүлдээ залхав бололтой. -Энэ асуудлыг жич ярья, би явлаа гэдэг байгаа. -Үгүй шүү даргаа. Нэгтэй л ам нээснээс дотроо уудалж шавхаж байж л салъя даа гээд шалаад суучихлаа. -Больж үз Цэгмид минь хаалга онгойлго. Миний ажил сүйд боллоо гээд байхаар нь гаргасан. Тэгэхдээ ч бас хэдэн юм нааштай ам ангайлгаж авсан. Манай Болод улаан халз үзсэн хүнд сайн хүн юм шүү дээ гээд хүд хүд инээж билээ.

Тайзны машинист Осор хойшоо дадлагаа явах тул тодорхойлолт бичиж суулаа. Би ч магтаж бичээд л. Ер нь сайхан хүн юм чинь. Тэгтэл гэр бүлийн байдал гэдэг асуулттай тулгарав. Тэрбээр эхнэрээ солиод удаагүй байсан болохоор би “Гэр бүлийн талаар” гэтэл Цэгмид гуай –Тэр чинь нээрээ нэг золигтоод байгаа гэлүү. Гэр бүлийн талаар маапаантай гэж бич гэж байна. Тэгж бичилтэй нь биш дээ. Гэр бүлийн асуудал нь суралцахад зөрчилдөх зүйлгүй гэсэн ухааны юм бичиж дарга ч зөвшөөрлөө. Илтгэл айлтгал тодорхойлолт иймэрхүү ажил тасрахгүй. Нэг удаа би уран сайхны зөвлөлийн хурал дээр “Би ер нь утга зохиолын эрхлэгч юм уу, Нямын Цэгмидийн нарийн бичиг юм уу” гээд тавьчихсан чинь “Чи утга зохиолын эрхлэгч мөн. Нямын Цэгмидийн нарийн бичиг мөн” гээд л таг. Цэгмид гуай удирдах хэсгийнхнийг ёстой улаан нүдэлтэл хуралдана. Коллективээр шийднэ гээд суучихаараа өөрөө ч гарахгүй, биднийг ч гаргахгүй.

“...Манай театрын зорилго болвол

Маарштал хуралдахад байдаггүй юм

Төв театрын зорилго болвол

Төгсгөлгүй хуралдахад байдаггүй юм” гэж би ямар сайндаа хуучин дууны аянд үг тааруулж суух вэ дээ. Тэр үед ямар нэгэн дарга нь хойшоо явсан уу, эсхүл нөгөө Бал нь “Правда” сониноо улаан хөх харандаагаар зурсан уу, “хамтын удирдлагын зарчим” гэж нэг юм гаргаад бидэнд тэр нь гай болж дарга, уран сайхны удирдагч шийдчих юмыг хурал тэмдэглэл тогтоол болгодог байлаа. Цэгмид гуай зузаан илтгэлд дуртай. Ванган бид хоёр арга сүйхээллээ. Бичгийн цаасыг голоор нь хуваагаад томоор цөөхөн мөр бичих арга олов. Ванган гол санааг хэлж би найруулан бичих үүрэгтэй. Цэгмид гуай хааяа -Ололт явж байна уу...тэрийг сайн бич гэхэд Ванган тэр чинь сая тоглолт тасалсан гэвэл -Тийм үү...тэгвэл муу гэж бич гэнэ. Харин хойшид тавих зорилтын хэсэгт хогийн шүүр, шалны алчуур гэхчлэн баахан юм бичүүлнэ. -Хэдэн хуудас болж байна вэ. -Зуу гарчихлаа. -Болж байна, сүүлд нь нэг сайхан зоригжуулсан, уриалж дуудсан үг бич гэнэ. Улирлын тайлан бусад хурлын хэрэг иймэрхүү маягаар бүтэх бөгөөд тоглолт тарсны хойно эхэлдэг болохоор үүр цайлгах үе ч тохиолдоно. Гэвч бидний зуу гаруй хуудас илтгэл машинаар цохиход арваад хуудас л болдог байсан юм.

Цэгмид гуайн тухай явган шог мундахгүй. Танихгүй шахам Банзрагч гуайг нэг удаа хүргэж өгөөд “Би чамтай сууна шүү” гэсэн. Хуучин их дэлгүүрийн баруун модон гүүрэн дээгүүр гарч явтал үжирсэн банз цөмөрч л дээ. Авгай нь эргэж хараад “Юугаа хийгээд байгаа юм бэ, явъя” гэхэд “байз, би хөлөө авч байж явна” гэсэн. “Сүхбаатар кино хийж байхад Ташкентад трамвайгаар явж байхдаа “Миний өвөрт нэг гар яваад л байна” гэж байснаа хэдэн буудал өнгөрсөн хойно “энгэрийн цаг алгаа” гэсэн... ч гэх шиг. Цэгмид гуай ер нь амгалан, аажуу хөдөлгөөнтэй уцаарлахаас уурладаггүй бодь хүн байсан даа. Намайг Бээжинд байхад Цэгмид гуай минь таалал болсон. Сураг сонсоход алдаг оног аяга сүүтэй цайтай байсан гэнэ лээ. Энд бас л нөгөө төрийн хатуу сэтгэл. Үндэсний соёлд ойж гарсан од гэдэг одоогийн сонин дээр гардаг шиг гэрэлт цох биш ээ” хэмээн дурссан байдаг. Энэ мэт Пүрэвдорж гуайнхаа дурсамжийг бичвэл их урлагийн бурхдын минь гэгээн он цаг ургаад ирнэ. “Алтан үеийнхний зарц” гэж их найрагч өөрийгөө хэлсэн байдаг. Энэ бол цаагуураа “Би алтан үеийнхний нэг юм шүү” гэсэн даруухан өчил байжээ.

“Хөвсгөл нуурын мандал тэнгэрийн хаяанд хөвхөрлин уусахыг, Мэнэнгийн тал дундаас нар хайлмагтан ургахыг, Алтай таван Богдын цаст оргил үүл сүлбэн алдрахыг харсан. Увс нуур баримтаг тайлж аварга мөсөн цөн мөргөлдөн цоройхыг, Эг, Тарвагатайн бэлчирт тул загас улаан сүүл даллахыг, Гурван нуурын толинд их эзэн Чингисийн дүр сэтгэлд ургахыг үзсээн. Хатан Сэврэйн Толь хаданд Ноён уул болрын талст гялбалзуулан эрхлэхийг, Ногоон цавын хоолой зэрэглээнд хошмоглохыг, Орхоны улаан цутгалан нүргэлж буухыг, Найман нуур уулсын тахил мэт мэлтрэхийг биширч суусан. Аяа миний Монгол юутай түмэн үзэсгэлэн” гэж Пүрэвдорж гуай минь дуу алдсан нь бий. Миний бие энэ л сайхан уул усанд яруу найргийн буян, “Өдрийн сонин”-ыхоо буянд очиж тэр бүрийд их найрагчийн сүр сүлдийг сэтгэлдээ дууддаг. Тийм ээ, Агуу их Пүрэвдорж гуайн минь суу билэг цагийн цагт орших болтугай.