Спорт
2015.07.27 06:07

"Дэрэн" багийнхан хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотноо олон улсын өсвөрийн хөлбөмбөгчдийн зуны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр(VII.26) аваргуудаа тодрууллаа. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон хүүхдийн хөлбөмбөгийн "Дэрэн" клубын өсвөрийн хөлбөмбөгчид тэмцээний сүүлчийн өдөр Хятадын мэргэжлийн хөлбөмбөгийн Шандунг Лунанг багтай тоглож, 3:0-ийн харьцаатай ялагдал хүлээснээр хүрэл медалийн болзол хангасан юм.

Шагналын сан хамгийн өндөр буюу нийт 200,000 юаны шагналын сантай энэ удаагийн тэмцээнд нийт 16 баг тамирчид ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Хөвгүүдийн 15 хүртэлх насны ангилалд Шандунг Лунанг баг нэг ч хожигдолгүйгээр тэмцээнийг хошуучилж, 50,000 юань, алтан медаль хүртсэн бол тэмцээний 2-р байрыг ОХУ-ын Буриадын Василий Николаевич Лобсанов дасгалжуулагчтай Сэлэнга баг эзэлж, 30,000 юань, мөнгөн медалийн эзэд боллоо.

"Нэг бүс Нэг зам" хөлбөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээнд Г.Мөнхчулуун эзэнтэй, Вояаслав Бразулич дасгалжуулагчтай хүүхдийн хөлбөмбөгийн "Дэрэн" клубын тамирчид нийт 2 оноотой гуравдугаар байрт орсон бол Ченгдү хотын баг тэмцээний сүүлийн өдөр ОХУ-ын Буриадын багт 5:3-ын харьцаатай хожигдож сүүл мушгисан байна.

Онцлох нийтлэлүүд