Улс төр
2015.04.14 03:04

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн танилцуулгыг сонсов

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар үргэлжлүүлэн хэлэлцлээ. Байнгын хороо дээрх асуудлыг 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн саналыг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар гишүүдээс гаргасан саналуудаар санал хураалт явуулав.

Улс орны хөгжлийн бодлогын урт, дунд, богино хугацааны баримт бичгийг төлөвлөх, боловсруулах, батлах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх нэгдсэн арга зүй, стандартыг хэрэгжүүлэх, Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын цахим мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, Эрүүл мэндийн үйлчилгээ, цахим гарын үсэг зэрэг шаардлагатай мэдээллийг иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойд суулгах ажил үйлчилгээг эрчимжүүлэх зэрэг нийт 7 саналыг гишүүд гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх саналуудыг дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үүний дараа Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх Шүүхийн ерөнхий зөвлөлийн танилцуулгыг сонслоо.

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчдээс асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд шүүхийн нэр хүнд унаад байгааг нэр дэвшигчдэд сануулан хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүх мөнгөтэй хүмүүсийн хүслээр шийдвэр гаргадаг болсон хэмээн шүүмжилсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, шүүгчийн сонгон шалгаруулалтын зарим шалгуурыг обьектив, ил тод болгох шаардлагатай хэмээсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар иргэддээ илүү үйлчлэн, хүний эрхийг дээдлэн шударга ажиллаж, эрх мэдэлд бага үйлчлээрэй хэмээж байлаа. Түүнчлэн хүнийг хэлмэгдүүлж хохироолгүй, үндэслэлтэй ухаалаг шийдвэр гарган, шүүхийн нэр хүндийг өргөж ажиллаарай гэж захьж байв.

Онцлох нийтлэлүүд