Өдрийн сонин үнэнийг хэлнэ
200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn 200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn "Чингис хаан" музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn “Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn
Улс төр
2022.07.31 10:07

Д.Батсайхан: Баялаг бүтээгчдээ дэмжсэнээр тэдний орлого нэмэгдэж, эдийн засгийн сэргэлт бий болно DNN.mn

Монгол Улсын гавьяат эдийн засагч, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Саяхан Ерөнхий сайд Загастайн замын нээлтэд очиж, “Мянганы” зам энэ хүрээд дууслаа гэж байсан. Ер нь энэ зам ашиглалтад орсноороо эдийн засгийн болоод дэд бүтцийн хувьд ямар эерэг үр дүн үзүүлэх юм бэ?

-Загастайн даваа бол мянган жилийн түүхтэй даваа. Анх энэ даваагаар морь, үхэр тэргээр тэмээн жингээр ачаа бараагаа зөөж байсан түүхтэй. Дараа нь буюу 1960 оны эхээр УАЗ-469 автомашинаар анх давсан. Улмаар 1964 онд бүх нийтийн зам засварын ажил хийгдэж, уг давааны замыг сайжруулсан зам болгосон юм. Хожим 2012 оноос хойш хатуу хучилттай авто зам тавих тухай яригдаж эхэлсэн. Тэр жилээ урд хөршийн компани зам тавих гэж үзээд төсөв багатай, ажил ихтэй гэсэн шалтгаанаар татгалзсан. 2014 онд Монголын компаниуд шалгарч ажиллах гээд бас бүтэлгүйтсэн түүхтэй. 2019 онд гурав дахь удаагийн оролдлого амжилттай болж, улмаар 67 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан. Энэ зам ашиглалтад орсноороо мэдээж эдийн засгийн олон хэмнэлтүүдийг бий болгож байна. Тухайлбал, хуучин энэхүү даваагаар суудлын автомашин гурван цаг, ачааны автомашин таваас дээш цаг явж давдаг байсан. Харин одоо гучин минутын хугацаанд л давж байна. Тиймээс цаг зав, бензин, шатахуун, техникийн эвдрэл зэрэгт маш их хэмнэлт бий болсон гэсэн үг. Энэхүү хэмнэлтийг завханчууд болоод Монголын нийт ард түмэн нийтээрээ хүртэж байна.

-Баяр наадмын үеэр та Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор энгэрээ цоолсон. Эдийн засагч хүний хувьд улс орны өмнө тулгараад байгаа зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийдөө макро эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Энэ хүндрэл хэд хэдэн нөхцөл байдлаас хамаарч байна. Тухайлбал, гадаад худалдааны бланс алдагдсантай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл үүссэн. Нөгөөтээгүүр дотоод эдийн засгийн оновчтой бус зарцуулалтаас хамаарсан хүндрэлүүд үүсээд байна гэж харж байна. Эдийн засагт нэг төгрөг олохоос нэг төгрөгийг зарцуулах нь хэцүү байдаг гэсэн онолын тодорхойлолт бий. Өөрөөр хэлбэл яаж төсвөө зарцуулж байна түүнээсээ хамаараад орлого нь тодорхойлогддог гэсэн үг. Тэр утгаараа улсын төсвийн зарцуулалтын хувьд манай улсын бүтэц том, данхар. Тиймээс үр ашиггүй зардал ихтэй, үрэлгэн болоод муу зардал өндөртэй явж ирсэн. Энэ байдлаас хамаараад саяхан Засгийн газраас санаачилж УИХ-аар Хэмнэлтийн тухай хуулийг баталсан байгаа. Энэ хууль цаг үеэ олсон сайн хууль. Харин одоо хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг сайн шаардах хэрэгтэй байна. Уг хуулийн хэрэгжилтийг хангах асуудал үнэхээр тааруу байна.

-Та муу зардал гэж хэллээ. Муу зардал гэхээрээ үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хэлээд байна уу?

-Ер нь бол зардлыг сайн, муу гэж ангилж байх хэрэгтэй. Сайн зардал гэдэг бол буцаад эдийн засгийн үр өгөөжөө өгдөг зардал. Дээрээс нь эдийн засгийн өгөөжөө өгөхдөө мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр өгч байдаг зардлыг сайн зардал гэж ойлгож болно. Муу зардал гэдэг бол эдийн засгийн өгөөж битгий хэл нэмээд дараагийн зардлыг бий болгож байдаг. Тиймээс манай улсын төсөв батлагчид зардлаа сайн муугаар нь ялгаад аль болох муу зардал гаргахгүй, танах шаардлагатай. Ер нь бол макро эдийн засгийн түвшиндээ томоохон бүтцийг бий болгох хэрэгтэй. Энэ нь юу гэхээр эдийн засгийн зүй зохистой бүтцээ бид одоог болтол тодорхойлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хэдэн хувь нь мал аж ахуй вэ, хэдэн хувь нь хөдөө аж ахуй вэ, уул уурхай вэ гэдгээ бид тодорхойлох ёстой. Үүнийгээ тодорхойлж гаргаж ирээгүй учраас өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсон. Дүгнэж хэлэхэд муу зардлуудаа багасгах, эдийн засгийн бүтцээ оновчтой болгох, гадаад худалдааныхаа тэнцлийг зохистой хангах хэрэгтэй байна. Нэн ялангуяа гадаад худалдаанаас хүндрэлүүд үүсээд байна гэж байна шүү дээ. Тухайлбал, хойд хөрштэйгөө харилцаж байгаа харилцаа түүнээс хамаарч шатахуун болон эрчим хүчний үнийн өсөлт яаж явагдаж байна. Манай улс худалдааны 90 орчим хувийг урд хөршөөс оруулж ирдэг. Тиймээс Хятад улстай харилцаж байгаа харилцаа, боомтуудын үйл ажиллагаанаас хамаарч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал шууд хамааралттай байна. Ийм нөхцөлд байгаа учраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд гадаад эдийн засгийн бодлогыг оновчтой болгох, хоёрдугаарт эдийн засгийн дотоод бодлогоо маш сайн боловсронгуй болгох шаардлагатай байна.

-Бензин, шатахууны үнэ улам л нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох ч эрсдэлтэй байна. Ирэх намар инфляц дахиад нэмэгдэх төлөвтэй гэсэн эдийн засгийн тооцоо гарлаа?

-Эдийн засгийг өөрийнхөө байшин гэж төсөөлж үзвэл тэрхүү байншингийн суурь нь маш бат бөх, чанартай байх ёстой. Гэтэл манай Монгол Улс суурь нь хэдийн ганхчихсан байшинд л амьдраад байна гэсэн үг. Тиймээс өнөөдөр үүссэн, маргааш бий болох хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд сууриа тогтвортой, зөв, оновчтой болгох шаардлагатай байна. Бид сууриа янзлах хэрэгтэй байна. Тухайлбал, ДНБ-ээсээ давсан гадаад өртэй байна гэдэг бол энэхүү эдийн засгийн суурь өөрөө юу ч үгүй нурчихсан байна гэсэн үг. Тиймээс сууриа яаж дахин босгох уу, яаж бэхжүүлэх үү гэдэг асуудалдаа анхаарах цаг хэдийн ирчихсэн. Сууриа бэхжүүлэхийн тулд бүтцийн алдагдсан боломжуудыг яаж авчрах вэ гэдгээс эхэлж бодох ёстой байх. Мөн дотоодын үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ хэрхэн яаж бодитой дэмжих ёстой юм бэ. Олон жил дэмжиж байна гэж явлаа. Одоо л яг бодит дэмжлэг хэрэгтэй байна. Дотоодын баялаг бүтээгчдээ дэмжиж чадаагүйгээсээ болоод эдийн засгийн дотоод эргэлт суларчихсан, бараг байхгүй болчихсон байна. Тиймээс эдгээр баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний орлого нэмэгдэж байж эдийн засгийн сэргэлт бий болно.

-Улсын төсвийг олон тийш тараадаг байдал яалт ч үгүй улс төрийн тогтолцооны гажиг уу?

-Нуулгүй хэлэхэд манай улс төсвийн 76 захирагчтай болчихсон байна. Угтаа төсвийн захиран зарцуулагч нэг л байх ёстой. Төсвийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэсэн хоёр ангилалтай нэг зүйлийг ойлгоно. Гэвч 76 зарцуулагчтай болчихсон болохоор улсын төсөв 76 крантаар гоождог устай адилхан болчихсон байна шүү дээ. Улс төрийн тогтолцоо гэдэг бол эдийн засгийн тогтолцооны суурь. Гэхдээ улс төрийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо хоёр өөр хоорондоосоо салангид байх учиртай. УИХ-ын гишүүд бол төсөв захирдаг, зарцуулдаг хүмүүс биш.

-Тэгвэл улс төрийг эдийн засгаас яаж салгах ёстой юм бэ?

-Эдийн засгаа тусгаарлах ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тогтолцоог авч явах ёстой хоёр л том бодлого байдаг. Нэгд, мөнгөний бодлого, хоёрт төсвийн бодлого. Энэ хоёр том бодлого улстөрчдийн гарт оччихоор л эдийн засаг, улс төр хоёр холилдчихоод байгаа юм. Тиймээс сангийн бодлого, төсвийн бодлого хоёроо бие даасан хараат бусаар тусад нь гаргах шаардлагатай. Сонгуулийн ямар ч тогтолцоо төсөв рүү эрх мэдэл төвлөрүүлж орох гэсэн сонирхол хүсэл байдаг. Тиймээс сонгуулийн тогтолцооноос илүү эдийн засгийн эрх зүйн тогтолцоогоор үүнийг зааглаж өгөх хэрэгтэй. Дараа нь эдийн засгийн тогтолцоондоо тулгуурлаж сонгуулийн болон улс төрийн тогтолцоогоо өөрчилж явахгүй л бол эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай нөхцөл байдал хэзээ ч арилахгүй. Мөн макро түвшиндээ нөлөөлж байгаа нэг шалтгаан бол ард түмний амьжиргааны түвшин. Иргэдийн амьжиргааны түвшин доогуур байх тусам эдийн засгаас хамаарсан улс төрийн сонголтууд нэмэгдэнэ. Тиймээс амьжиргааны түвшинг өсгөж байж мөнгөний сонгуулийг багасгах боломжтой. Тиймээс иргэдийн амьжиргааг сайжруулж байж улс төрийн зөв сонголт бий болно.

-Эцэг хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг нийтээрээ ярьж байна. Таны хувьд өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Яг ямар өөрчлөлт оруулаасай гэж бодож байна вэ?

-Миний хувьд өөрчлөлт оруулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ одоо яригдаж, хийх гээд байгаа өөрчлөлт нь буруу байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн болон эрх мэдлийн тогтолцоог тойрсон өөрчлөлт хийх гэж байгаа нь буруу. Суурь, тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Тухайлбал, мерит зарчмыг энэ улс төр лүү оруулж өгөх шаардлагатай байна. УИХ-д нэр дэвших гэж байгаа хүн аймгийн иргэдийн хуралд нэгээс доошгүй удаа сонгогдсон байх ёстой. Аймгийн иргэдийн хуралд нэр дэвших гэж байгаа хүн сумын иргэдийн хуралд нэгээс доошгүй удаа сонгогдсон байх ёстой гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулж өгөх хэрэгтэй. Ингэвэл улс төрийн тогтолцоо сонгуулийн тогтолцооноос үл хамаараад зөв болно. Аймгийн иргэдийн хуралд нэг удаа сонгогдсон улс төрч гэдэг бол тухайн аймаг, орон нутгийнхаа иргэдийн амьдралыг мэддэг хүн гарч ирнэ гэсэн үг. Амьдрал мэддэг хүн улс төрийг эдийн засагтай хольж хутгаад байхгүй. Үндсэн хуулиндаа ерөөсөө ийм л өөрчлөлтийг хийгээд өгчихвөл ёстой ард түмний хүссэн улс төрчид, улс төрийн тогтолцоо бий болно.

-Та Ардчилсан намын гишүүн. Тэр утгаараа танай намын хагарал эцэслэх болж байна уу. Саяхан бүлгийн даргаа огцруулчихлаа. Цаашид энэ нам нэг цул болж сонгуульд оролцох уу. Оролцоод ялалт авч чадах уу?

-Ардчилсан нам бол нэг бүхэл цул хэвээрээ л байгаа. Нам гэдэг бол гишүүд. Тэр утгаараа ардчилсан нам 200 гаруй мянган гишүүнтэй Үндэсний том нам. Намын дийлэнх олонх буюу 80 гаруй хувь нь нэг талдаа байгаа. Үлдсэн 10 гаруйхан хувь нь хоорондоо талцаж, хагаралдаж, энэ намыг хоёр хуваасан мэт харагдуулах үйл ажиллагаа хийгээд байгаа болохоос биш өнөөдөр ардчилсан нам нэг цул бүхлээрээ байгаа гэдгийг жирийн гишүүний хувьд дахин хэлье. Улс төрийн намын тухай хууль гэж байдаг л юм бол тухайн нам олонхынхоо шийдвэрээр аливаа асуудлаа шийдээд явах ёстой. Гэтэл үүнийг алдагдуулаад байгаа хэсэг хүмүүсийн улс төрийн сонирхол, эдийн засгийн эрх ашиг гэх мэт олон зүйлүүд байна. Энэ бүхэн тийм ч хол явахгүй байх гэж бодож байна.

Онцлох нийтлэлүүд