ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.04.04 12:04

Д.Батсайхан: Манай улсын хүн амын 86 хувь нь газар хөдлөлийн долоогоос дээш баллын хүчтэй бүсэд амьдарч байна


ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхантай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж эрс нэмэгдсэн байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутгуудад багтдаг. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн зуунд балл нь долоо болон түүнээс дээш хүчтэй 20 гаруй газар хөдлөлт болсон. Үүний дотор балл нь найм хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа тохиосон нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст ордог гэдгийг батлан харуулж байгаа юм. 2019 онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 46735 удаагийн газар хөдлөлт болсон байна. Балл нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 66 удаа болсноос тухайн газар хөдлөлтийн эпицентрт ойр орчмын ард иргэдэд 17 газар хөдлөлт нь мэдрэгдсэн гэсэн мэдээлэл байна.

-Он гарсаар энэ үзүүлэлт нэмэгдсэн үү?

-Энэ оны гуравдугаар сарын 15-ны байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 14895 удаагийн газар хөдлөлт болсон.Балл нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа, ард иргэдэд 12 газар хөдлөлт нь мэдрэгдсэн байна. Зөвхөн энэ сарын 20-нд гэхэд л Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвөөс зүүн урагш 30 км зайд 5.8 баллын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлт Говь-Алтай аймгийн бүх сумд, Ховд, Баян-Өлгий, Завхан зэрэг аймгуудын зарим сумдад мэдрэгдсэн байсан. Одоогоор давталд хөдлөлт 130 гаруй удаа, үүнээс балл нь 3.5 дээш хүчтэй хөдлөлт гурван удаа болоод байна.

-Тэгвэл саяхан дахин Говь-Алтайн Тонхил суманд хүчтэйд тооцогдох газар хөдөлсөн байна. Нэг газар ойр ойрхон газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх нь аюултай юу?

-Энэ сарын 24-ний 06:47:40 цагт Тонхил сумаас урд зүгт 32 км-ийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд давтан хөдлөлтүүд болж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байна. Тухайн бүс нутаг нь газар хөдлөлтийн нэлээд идэвхтэй голомттой байна л гэсэн үг. Хамгийн гол нь хэзээ, хаана, хэдэн баллын хүчтэй газар хөдлөх үү гэдгийг урьдчилж тодорхойлох боломжгүй. Ингэж байгаад хүчтэй хөдөлж ч болно. Эсвэл намжиж ч болох талтай. Тиймээс Одон орон геофизикийн хүрээлэн энэ тал дээр илүү нарийн мэдээллийг хэлэх байх.

-Манай улс газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрэх дэвшилтэт техник хэрэгслээр хэр хангагдсан байдаг бол?

-Анх 1957 онд газар хөдлөлтийг бvртгэх станц байгуулснаас хойш өнөөдөр ОХУ-д vйлдвэрлэсэн газар хөдлөлт бvртгэх фото бичлэгтэй цахилгаан соронзон системийн гурван байгуулагчтай есөн станц орон нутагт ажиллаж байгаа. Мөн 1994 оноос Франц улсын орчин үеийн электрон системтэй алсаас мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй нэг байгуулагч бvхий 5-6 станцтай бичил сvлжээг Улаанбаатар, Ховдод байгуулсан. Мөн АНУ-ын геологийн албатай хамтран гурван байгуулагчтай тоон бичлэгтэй олон улсын өндөр зэрэглэлийн газар хөдлөлт бvртгэх автомат станцыг байгуулсан.

-Газар хөдлөлтийн бүсчлэлээр авч үзвэл нутгийн аль хэсэгт илүү идэвхтэй вэ?

-Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн долоо ба түүнээс дээш бүс нутагт оршиж байна. Түүнээс дээш 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн есөн баллаас дээш баллын бүс нутагт оршиж байна. Долоо ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна. Хот байгуулалтын хувьд зургаа ба тvvнээс доош баллд хамрагдаж байгаа бол нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, ес ба тvvнээс дээш баллын ангилалд тохиромж муутай гэж vнэлгээ өгдөг. Газар хөдлөлт (чичирхийлэл)-ийн vнэлгээний дагуу хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал нутгийг, тохиромж нутагт хамруулдаг.

-Улаанбаатар хот хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй вэ?

-Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдоно. Мөн өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хот орчмын 200 км дахь хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлтийн голомтууд болох боломжтой.Болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30000-60000 гаруй хүн өртөх магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.Монгол оронд газар хөдлөлтийн аюул бодитой оршин байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ихэнх барилгууд нь хуучирсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдээгүй, шинээр баригдаж буй барилгууд нь зохих горимын дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд нэн ялангуяа нийслэлд хийх зайлшгүй шаардлага байгаа юм.

-Манайд газар хөдлөлтийн талаарх мэдээллийг төдийлөн айж сандрах хэмжээнд хүлээж авдаггүй. Учир нь хаа нэг чичирхийлэл төдий 3-3.5 баллын хүчтэй газар хөдөллөө гэсэн мэдээнд дасал болчихсон байх. Яг гамшгийн хэмжээнд газар хөдөлсөн тохиолдолд иргэд хэрхэн, яах талаар ойлголт хэр байдаг вэ?

-Газар хөдлөлт нь учруулах хор уршиг, хөнөөл ихтэй, урьдчилан таамаглах боломжгүй, гэнэт асар богино хугацаанд тохиолддог хамгийн аюултай байгалийн үзэгдэл юм. Монголчуудын хувьд газар хөдлөлтийн гамшгийн зовлон үзээгүй ард түмэн гэж хэлж болно. Тэгээд ч 1957 онд болсон газар хөдлөлтөөс хойш аюултай хэмжээнд тооцогдох үйл явц болоогүй нь иргэд ингэж тайван хандахтай холбоотой ч байж болох юм. Гэтэл XX зууны дэлхийд хүчтэйд тооцогддог газар хөдлөлтөөс манайд олон удаа болж байсан. Манай улсад 1957 онд Говь-Алтай аймгийн Гурван Богдод маш хүчтэй буюу 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн амиа алдсан гашуун түүх бий. Энэ газар хөдлөлт Монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод таван баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Үүнээс хойш гамшгийн хэмжээнд тооцогдох газар хөдлөлт болоогүй. Тийм болохоор ойлголт их муу. Энэ талаарх мэдээллийг хүлээж авах нь ч муу байдаг. Үндсэндээ онцгой байдлын байгууллага л энэ ажлыг хийж, бидний амь насыг хамгаалах ёстой гэж боддог. Гэтэл олон улсад тохиолдож байсан гамшгийн туршлагаас харахад газар хөдлөлтийн гамшиг тохиолдоход мэргэжлийн байгууллагууд иргэдийнхээ гуравхан хувьд нь хүрч ажилласан байдаг. Харин үлдсэн 97 хувьд нь иргэд өөрөө өөртөө болон хамт байгаа хүмүүс нь тусламж үзүүлсэн байдаг.

-Тэгэхээр шаардлагатай тохиолдолд амьд үлдэх эсэх нь иргэдийн өөрсдийнх нь ойлголт мэдээллээс шалтгаална гэсэн үг үү?

-Товчхондоо бол тийм. Тиймээс иргэд маань аль нэг байгууллагад найдах биш, өөрөө өөрсдийнхөө аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагын явуулж буй сургалт дадлагуудад идэвхтэй оролцох зайлшгүй шаардлагатай юм. Судалгаанаас харахад, 2000 онд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн чичирхийлэлт 200 гаруй удаа тохиолдож байсан бол 2016 оны тоон дүнгээр 1800 болж ес дахин өссөн байгаа юм. Энэ нь газар хөдлөлтийн гамшиг болох магадлал ихэсч байгааг харуулж байна гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй энэ үед иргэдийг ойлголттой болгож, чиглүүлэх нь мэдээж та бүхний үүрэг. Харин манайд ямар ажил хийгдэж байна вэ. Японд наад зах нь гэр бүлийн гишүүд гамшгийн хэмжээнд газар хөдөлсөн тохиолдолд тэнд цугларна гэсэн хоорондоо тогтсон байршилтай байдаг. Энэ нь аюул болохоос өмнө иргэн бүрийн мэдэж байх ёстой зүйлийн нэг байх жишээний?

-Онцгой байдлын байгууллага болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг жил тутам төлөвлөж бэлэн байдлаа ханган сургалт, дадлагыг хуваарийн дагуу зохион байгуулж ирсэн.Бид жилээс жилд орон нутагт явуулдаг сургалтынхаа арга барилыг өөрчилж, хүний хэрэгтэй шаардлагад нийцсэн, иргэдийг зөв хэвшилтэй болгох, аливаа гамшиг ослоос өөрийгөө болон гэр бүл, найз нөхдөө авран хамгаалах аргад суралцуулах, анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болгох практик талын сургалтыг явуулахыг зорьж ажиллаж байна.

-Тухайлбал?

-НИТХ-ын 2016 оны 94 дүгээр тогтоолоор болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон байдаг. Есөн дүүргийн хэмжээнд 111 байршилд түр цуглах талбай байсан бол өнгөрсөн хоёрдугаар сард түр цугларах 81 байршилыг нэмж баталсан. Одоо нийт 192 түр цугларах талбайтай болсон. Мөн энэхүү дадлага сургуулийг зохион байгуулснаар иргэд, олон нийт цугларах талбайгаа хаана байгааг мэдэж авахаас гадна, цугларах талбайд очоод ямар арга хэмжээ авах талын мэдлэг мэдээлэлтэй болох давуу талтай.Мөн иргэдийг мэдлэгжүүлэх тал дээр анхаарч БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх”, “Аюулгүй-Өрх”, “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт теле хичээлийг энэ сарын 23-ны өдөр 11:45 цагт “STAR HD” телевизээр цацаж мэдлэг мэдээллийг өгсөн.

-Дуут дохио хангинуулж иргэдэд газар хөдлөлтийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөх өдөр саяхан тохиосон. Гэвч хөл хорио тогтоосон учраас ийм зүйл болсонгүй юу.

-Монгол Улсын Засгийн газраас баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт орон даяар дохио дуугарч иргэд цугларах цэгт дадлага сургуулийг хийх болсон. Мөн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг газар хөдлөлтийн аюулыг таниулах өдрийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт байхаар тогтсон. Эндээс нэг учир холбогдол ажиглагдаж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, бид жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт ард иргэддээ газар хөдлөлтийн аюулыг таниулах сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулаад маргааш нь дадлага хийхэд ухамсарлаж ойлгосон иргэдийн оролцоо ямар байхыг тодорхойлно гэсэн үг. Жил ирэх тусам иргэдийн оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд“COVID-19” цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Тиймээс бид дэглэмийг зөрчихгүй байх үүднээс дуут дохио дуугаргаж иргэдийг цугларуулж үйл ажиллагаа зохион байгуулаагүй.

-Тэгвэл ямар замаар иргэдэд газар хөдлөлтийн мэдээллийг хүргэж байна вэ?

-Энэ жилийн хувьд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг Монгол Улсын Шадар сайдаар нэгдүгээр сарын 28-нд батлуулсны дагуу телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн телевизийн хичээлийн хуваарьт цагуудад “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх” сэдвээр сэрэмжлүүлэг, шторкийг хүргээд байна.

-Ер нь газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө ямар бэлтгэл хангах вэ?

-Эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж бэлэн байдлыг хангах ёстой. Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед хамтран ажиллах, дэмжлэг авах байгууллагын хаяг, утасны жагсаалт, холбоо тогтоох дарааллыг эртнээс бэлтгэнэ.Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хорооны нутаг дэвсгэрт буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан боловсруулна. Мөн айл өрх, албан байгууллага бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх талаар заавар зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцааг авах шаардлагатай.Дээрх төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд, тодорхой хүрээг хамруулан танхимын болон практик дадлагыг хийж хэвших хэрэгтэй.

-Хэрэв газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед иргэд юу мэдэж байх ёстой вэ?

-Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед иргэд сандрахгүй байх шаардлагатай. Мөн “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн зарчмын дагуу байгаа газартаа аюулгүй байдлаа ханган чичэрхийлэлт намдтал ширээн доор, даацын хананы дэргэд, хаалганы доор, коридор, ариун цэврийн өрөөнд гэх мэт өмнө нь аюулгүй цэг гэж тогтоосон байрлалд байршина.Газар хөдлөлтийн чичирхийлэл зогссоны дараа бэртэл гэмтэл аваагүй бол барилга, орон сууцнаас “Гүйхгүй, Түлхэхгүй, Ярихгүй, Буцахгүй” гэсэн зарчмыг баримтлан аюулгүй талбайд нүүн гарах ёстой. Барилгаас гарахдаа цахилгаан шат ашиглаж болохгүй бөгөөд өрөөнөөс гарах, шатаар буухдаа баруун гар талаа дагана.Давтан хөдлөлт болох тул барилга руу буцаж орохыг хориглоно. Харин газар хөдлөлтийн дараа байгууллагын удирдлага, багш нар хүүхдүүд, сурагч, оюутан, ажиллагсдыг бүртгэж, бүрэн гарсан эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн байгууллагын заавраар ажиллаж нийтээр цугларах байранд дэглэм сахина.

Онцлох нийтлэлүүд