Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
Нийгэм
2021.07.11 10:07

​Д.Баярбаатар: “Босоо цагаан гурвалжин” нь эв эе, бат бэхийн бэлгэдэл


-Жижигхэн биетэй учраас том болтлоо Шаргын говьд хурдан морь унаж уралдсан-

Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатартай ярилцлаа.


- Та Хубилай хааны ордны бүжгийн дэгийг сэргээж, “Төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг” бий болгосон уран бүтээлч. Ингэхэд Хубилай хааны ордны бүжиг ямархуу байсан бол?

-”Юань улсын судар”-т Хубилай хааны ордонд Төрийн ёслол хүндэтгэлийн бүжигтэй байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн. Урагш нэг алхам алхаад хоёр гараа алдална, доош цомцойн сууж, мэхийн ёслов гэх мэтээр бичсэн байдаг. 512 хөгжимчин хөгжмийн их найралд сууж байжээ. Хубилай хааны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн бүжгийг талбайд тавьж байв. Үндэсний урлагийн театрынхан наадам төрийн ёслол хүндэтгэлийн бүжгээр эхэлмээр байна гэдэг. “Монголын их хатад” бүжгэн жүжигтээ Хубилай хааны ордны бүжгийн дэг иймэрхүү байж гэж тооцоод, Хубилай хааны Чимбай хатны хэсэгт ордны бүжгийг дэглэсэн юм.

- “Жороон жороо” бүжгийг тань хүмүүс мэднэ. Таны аав Л.Даваасүрэн нутагтаа алдартай уяач байсан гэдэг. Та хурдан морь унадаг хүүхэд байв уу. Тийм болохоор л таны бүжгээс морины явдал, хурдан морины уралдаан мэдрэгддэг байх?

-Наадмаар миний сэтгэл хөдөлдөг. Долдугаар сарын 11 төрсөн өдөр маань. Төрсөн өдрөөр маань Ерөнхийлөгч үг хэлээд, есөн цагаан тугаа залаад, монголчууд нааддаг болохоор заяасан тэнгэр нь харсан юм болов уу гэж боддог, аав ээжээрээ бахархдаг. Хурдан морь унадаг байсан. Наадмын үүрээр ээж минь цацал өргөж, аав бид хоёрыг үддэг байлаа. Жижигхэн биетэй учраас том болтлоо Шаргын говьд хурдан морь унаж уралдсан. Аав маань нэг жил таван морь айрагдуулж билээ. Наадмаар нэг удаа хадуурдаг морьтойгоо айлын гадаа оччихсон. Аав маань алаг морьтойгоо хүрч ирээд авч явж билээ. Тэгэхэд ерөөсөө загнаагүй. Аав маань нутаг орондоо ганган Даваасүрэн гэдэг нэртэй, тракторын жолооч байсан. Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүүтэй олон жил хамт ажилласан даа. Хурдан морьд олонтой. Би ч моринд дуртай. Аав намайг “малд нүдтэй” гэдэг байсан.

Морины тухай бүжиг гэхээр зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн “Адуучин” гэж агуу бүжиг бий. Яавал хурдан морины тухай бүжиг хийх вэ гэж бодож байхдаа Ховдод өвлийн жороо морины уралдаан үзсэн юм. Түрүүлж ирсэн хар азарганы нүд миний сэтгэлээс гараагүй. “Ганзага цацлам жороон жороо” гэсэн мөр орж ирээд, онгоцноос буугаад, хөгжмийн зохиолч М.Бирваад санаагаа хэлсэн. Их хурдан бүтсэн. Жороон жороог хар арьстан ч бүжиглэж байна, хамаг монголчууд бүжиглэж байна. “Жалам хар” шиг л ард түмний бүжиг болсон байна.

Хурдан морь унаж байсан болохоор морины тухай “Төрийн ажнай” гэж бүжиг хийлээ. “Бие чинь болъё” бүжгээ гэхэд л монголчуудын арга билэг, сүсэг бишрэл, зан заншил, дэг намба төрх гээд уран бүтээлийн сэтгэлгээгээр л дэглэж байгаа юм. Ард түмэнд хүрсэн сайхан бүтээл болсонд баяртай явдаг.

-Бүжиг найруулах ухааныг Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамъяндагва заасан гэдэг. Харин ардын бий биелгээг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Нанжид багшаараа заалгасан гэдэг. Багш нарынхаа захисан ямар үгийг санаж явдаг вэ?

-Хөгжим бүжигт ардын багш Долгорсүрэн, Нарангэрэл багшаар заалгасан. Арваннэгэн настай байхад маань Говь-Алтай аймгийн Шарга сумаас шалгаж авсан юм. Хөдөөний халзан толгойтой хүүхэд ирээд Догоо багш, Нарангэрэл багшаас монгол бүжгийн гайхамшиг, намба төрхийг биедээ суулгаж авсан. Сонгодог бүжиг заасан Жав багш маань одоо хүртэл бодогдох юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Алтанцэцэг багш маань ч миний багш. 1994 онд СУИС-д бүжгийн найруулагчийн анги нээгдэхэд анхны оюутан болсон юм. Б.Жамъяндагва багш маань бүжиг найруулахыг заасан. “Хөдөлгөөнийг утгажуул, утгыг хөдөлгөөнжүүл” гэдэг байсан. “Зохиол унш, зохиолоо бичиж сур” гэдэг. Д.Нанжид багш маань ардын бий биелэгээний гайхамшгийг тархи, зүрхэнд маань нэвт хэлж өгчээ. Би хоёр том баатар багштай. С.Сүхбаатар багш маань ҮДБЭЧ-д ажилд авч байв.

-С.Сүхбаатар удам дамжсан бүжигчин хүн. Танай бага хүү бас бүжиглэж байгаа гэсэн үү?

-Хүү маань мэдрэмжтэй. “Монгол их хатад” бүжгэн жүжгийн хүүхдийн дүрд баахан бүжиглэсэн. Энд тэнд очоод шууд л биелэдэг, авьяастай. Охин Б.Нандингуа Франц улсын Лион хотын Хөгжмийн дээд сургуулийг бакалавраар төгсөөд, Женевийн Хөгжмийн дээд сургуульд хийлч, удирдаач мэргэжлээр магистр хамгаалахаар суралцаж байна.

-Та бас СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал шүү дээ.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн. Ямар уран бүтээл вэ?

-СУИС инноваци шингэсэн уран бүтээлүүд гаргаж байгаа. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багшийн хадны зургийг тайлж таниулах санаачилгын үр дүнд гуравласан бүжгэн жүжиг хийхээр болсон юм. 2016 онд “Хөмрөгөн гурвалжин” бэлэн болсон. 2019 онд ЮНЕСКО-гийн театрт тоглосон юм. Хоёр дахь бүжгэн жүжиг нь “Тамганы бүжигчин”. 2017 онд бэлэн болсон. Гурав дахь бүжгэн жүжиг нь “Босоо цагаан гурвалжин” юм. Би өөрөө хийхээр болсон. Энэ бүтээл маань хийгдэж байгаа. Цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм. Намар бүтээлээ тоглохоор бэлтгэж байна.

Хадны зургийг хөгжим, бүжгийн хэлээр амилуулж инноваци болгохоор хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт С.Соронзонболд багш маань ажилласан.

Миний хувьд “Монголын их хатад” бүжгэн жүжиг 2013 онд тавьсан, “Нүүдэл” бүжгэн жүжиг 2010 онд тавьж байсан. Эдгээр бүтээлээрээ “Гоо марал” авч байсан. “Мэргэнд буусан чоно” гээд түүхэн сэдэвт бүжгэн жүжиг тавьж байсан. Тэр утгаараа Монголын бүжгийн урлагийн уламжлалыг орчин үеийн бүжигтэй хослуулаад, шинэ өвөрмөц бүтээл тавья гэсэн юм. Бид дэлхийн хэмжээнд ардын бүжгийн гайхамшгийг таниулахаар зорьж байна.

-”Босоо цагаан гурвалжин” гэдэг нь ямар учиртай вэ?

- Хэнтий аймгийн Рашаан хадан дээр гурван чандмань тамга бий. Энэ чандмань тамгыг С.Дулам доктор тайлж уншсан. Гурвалжин нь эв эе, бат бэхийн бэлгэдэл гэнэ. Хадны дүрст тэмдгээс тамга үүсчээ. Тамгануудаас бичиг соёл үүсчээ гээд ярьдаг юм. Японы эрдэмтэн Такаши “Рашаан хадны нэг дор цугласан олон тамгууд Монголын соёлын өв төдийгүй дэлхийн соёлын өв” гэсэн юм. Хадны зургууд зохиомжтой, үнэхээр гайхалтай. Түүнийг зохиомжлоод, дүртэй, үйл явдалтай болгоод, бүжгэн жүжгийн хэлээр сонирхолтой өгүүлэхийг хичээж байна. “Босоо цагаан гурвалжин” нь эв эе, бат бэхийн бэлгэдэл юм. Соёлын яамандаа төсөл өгсөн. Соёлын яам 120 төсөл шалгаруулсны нэг нь “Босоо цагаан гурвалжин”юм.

-Та багшлах ажилдаа илүү их цаг зарцуулж байна уу, бүжгийн уран бүтээлдээ анхаарч байгаа юу?

- Бүтээлүүдээ хийж байна. Бүжгийн сургуулийн захирал учраас сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлд анхаарал тавьж байна. Ид хийж бүтээдэг цаг учраас ирэх жил “Монголын их хаад”-ыг Үндэсний урлагийн их театрт тавихаар төлөвлөж байгаа. Хаадын маань агуу сүр хүч, өвөг дээдсийнхээ гүн ухааныг урлагаар дамжуулж танилцуулна Хүү хамтлаг дэлхийд гайхуулж байгаа бол манай монгол бүжиг дэлхийд гарч ирэх цаг ирнэ.


Онцлох нийтлэлүүд