Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг маргаашнаас түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ АҮТ: Улаанбаатараас Өмнөговь, Дундговь аймаг руу зорчих нийтийн тээврийн хөдөлгөөнийг маргаашнаас түр зогсооно Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан цахимаар ажиллах зохицуулалт нэмжээ АН: Нөхөн сонгуульд эвийг эрхэмлэн, эрх баригчдаас хариуцлага нэхэж оролцоно Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан энэ сарын 20-нд болно ХЭҮК: Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт шаардлага хүргүүллээ Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна АИ-95 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ СЗХ: 226 брокер, 1255 агентад зөвшөөрөл олгожээ ХААБ 7.3 тэрбум төгрөгийн ноолуур арилжив Куба улс 2-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлжээ
Онцлох нийтлэл
2020.02.16 02:02

Д.Баярхүү: Лалын шашны хооронд маш том дайн Сирид явагдаж байна


Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Сирид болоод байгаа үйл явдлын талаар элдэв бичлэг яваад байдаг хэрнээ албан ёсны мэдээллээр юу ч харагдахгүй юм. Сирид яг ямар дайн болоод байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Гал усны гашуун зовлон амссан Сири орныг дэлхий дахин бүтэн есөн жилийн турш харж байна. 2011 оны өдий үед эхэлсэн хувьсгал “Арабын хавар” биш, харин лалын контр хувьсгал болж хувирсныг Сири гэдэг улс бүтэн есөн жил дайтахдаа дэндүү ил тод харуулчихлаа. Олон улсын харилцаа, геополитикт исламистууд гэх хүчин зүйл баттай гарч ирчихээд ялагдаж өгөхгүй, сөнөж өгөхгүй Сири, Иракт бугшаад, Йеменийг нураагаад байж байгааг би хэлж байна. Сирид өөр юу өрнөв гэхлээр орчин цагийн гибрид дайн гэж чухам юу болох, хэрхэн яаж өрнөдөг гэдгийг дэлхий дахинд ёстой мэдрэгдтэл харууллаа. Фронттой дайсныг байлдаанаар устгах амархан, харин фронтгүй дайсныг устгах хэцүү гэдэг нь ISIL ба бусад исламистуудтай хийсэн тэмцлээс нь илт харагдаж байна. Сири дэх нөгөө исламист экстремистүүд ингэхэд сөнөж дуусах болоогүй юү гэх дэлхий нийтийн зовинолыг энд дурдахаас аргагүй. Тэд алхам тутамдаа ялагдал хүлээлээ, гэхдээ үхэж үрэгдэж дуусдаггүй. Ялна дийлнэ, лалын улс-халифатаа сэргээнэ гэж ханцуй шамлахгүй байна. Энд би Сири дэх дайны цаад шалтгааныг нь их томоор харж ярьж байна шүү. Ийм өнцгөөс өнөөгийн хэрэг явдлыг нь тайлж ойлгох хэрэгтэй.

-Турк, Сирээс хэдий хэр газар эзэлчихсэн байна вэ?

-Тэр тухай тооцоо ярихад эрт байна. Тэнд хил хязгаар, нутаг дэвсгэр гэдэг асуудал ч яригдахгүй болсон. Сирийн Идлиб муж өнөөдөр Сири-Турк-Оросын дайны талбар болчихоод байгаа нь л жинхэнэ гамшиг.Туркийн цэрэг давшсаар энэ мужийн хэд хэдэн хот тосгодыг эзлээд мужийн нийслэлд ойртож очлоо гэсэн. Гэтэл Сирийн арми Идлибийн тал хэсгийг чөлөөлөөд давшиж байна гэхчлэн зөрчилтэй мэдээлэл сайтуудаар дүүрэн байна.

-Турк Сири хоёрын зөрчилдөөний гол учир нь юу юм бэ?

-Энэ бол урт түүх дэлгэхээр асуулт байна. Лалын шашны өвөр хооронд маш том дайн Сирид явагдаж байна. Алавит, шиит, христианчууд нь мөр зэрэгцэн суннит исламистуудтай үхэх сэхэхээ үзэн бүтэн есөн жил Сири даяар тулалдлаа. Сирийн араб–христианчууд бол боевикуудын үздэгээр үл итгэгчид, иймд тэднийг дуустал нь хядна гэлээ. Үл итгэгчдийн эгнээнд буруу номтон мусульман–шиитүүд, мусульман–алавитууд христианчуудынхаа араас жагслаа. Хэдийгээр суннит ч гэлээ хоёр сая курдуудыг нь буруу номтон мусульманы тоонд оруулаад дайндаа татан оруулж байна. Турк тэднийг газрын хөрснөөс арчихаар Сирийн мөргөлдөөнд татагдан орлоо. Өөрийнх нь курд бүс нутагт туйлын халтай учраас тэгсэн биз. Ерөөсөө Турк-Сирийн зөрчлийн уг сурвалж нь шашнаасаа үүдэлтэй болж таарсан. Суннит олонхтой Туркэд засгийн эрх барьж байгаа Шударга ёс, хөгжлийн нам исламист суртлыг дээдэлдэг, тэр суртлаасаа үүдэн Сири дэх суннитуудыг дэмжиж ирсэн.

-Улс төрийн өөр асуудал байна уу?

-Байна. Сири дэх дэглэм. Сирийн одоогийн дарангуйлагчийн аав генерал Хафез Асад нь 1970 онд цэргийн эргэлт хийж ерөнхийлөгч болсон. Хүү Башар аль-Асадаа эмчийн мэргэжлээр суралцуулж эмч болгож байснаа хожим цэргийн академи дүүргүүлж хурандаа болгосон. Тэрээр 2000 онд дэслэгч генерал цолтойгоор эцгээ залгамжлан төрийн эрхийг авсан. Алавит шашинт аав хүү хоёр Сирид 50 жил засгийн дээд эрх барьж байна. Гэтэл Сири нь өөрөө алавитуудын онгон дагшин улс биш шүү дээ. Сирийн 18.5 сая хүн амын 87 хувь нь мусульманчууд, 10 гаруй хувь нь христианчууд, гурван хувь нь друзууд, мусульман дотроо 70 хувь нь суннитууд, алавит гэхчлэн суннит бишчүүд 11 хувь, исмаилитууд гурьан хувь, ортодокс шиитүүд хоёр хувь гэхчлэн цаашаа хуваагдана. Шашны цөөнхийн доторх цөөнхийн төлөөлөл байж Асадынхан 50 жил тасралтгүй төрж барьж, суннитуудын толгой дээр сандайлж ирснийг эсэргүүцэж “Сирийн хавар” дэгдсэн. Тэр нь дайн болж өргөжөөд өнөөг хүргэж байна.

-Туркийн тэр дэмжлэгийн цаад зорилгын тухайд?

-Турк Сиритэй дайнаа аль хэдийнэ эхлүүлчихсэн үе үе бөөгнүүлсэн цохилт хийж байна. Сири дэх сөрөг хүчнийг Турк дэмждэг, харин Сири нь Туркэд тун их халтай курдуудыг дэмждэг. Лалын алан хядагч “Жабхат Ан-Нусра” гэгчийг Турк дэмжиж, санхүүжүүлж, зэвсэглэж, бүр хөлсний цэрэг олж өгдөг нийлүүлдэг тухай олзлогдсон боевикийн ярьсныг Оросын ТАСС-ын сайт дээр ил цагаан биччихсэн байна билээ. Туркэд одоо эрх баригч байгаа Шударга ёс, хөгжлийн нам нь “Арабын ардчилал” эхэлтэл шиитийнТегеран, алавит–шиитийн Дамасктай харилцаагаа тун хэвийн явуулж байсан. Гэтэл Асадын дэглэмийн эсрэг суннитууд нь босоод ирмэгц лалын мазхабын эв нэгдлээ гол болгоод Сирийг дайсагнаж, цаашаа Ирантай харилцаагаа хүйтрүүлчихээд байна. 2013 онд Египетэд “Лалын ахан дүүс”–ийнхнийг засгийн эрхээс зайлуулмагц Турк айхавтар хилэгнэсэн. Исламист Мурсийн өнгөн дээр Турк–Египетийн харилцаа гайгүй хөгжиж байсан. Бидний сайн мэдэж байгаагаар, Турк бол үлэмж өрнөжсөн, исламистууд болон шашинжихгүй хөгжих талынхны хооронд лав ХХ зууны хоёр дахь хагасаас хойш ямар нэг зөрчил тэмцэл огт өрнөөгүй тийм улс. Харин одоо исламист улстөрчид нь шашинжихгүй цэргийнхнээ мухарлаж авсан. Янычарын удам–олон сайхан генералууд шоронгийн хаалга татсан, үхсэн, зайлсан. 2016 оны зуны үйл явдлыг санаж байгаа биз дээ. Олон арван жил шашнаас ангид явж ирсэн нийгмийнх нь өрнөжсөн хэсэг 2013 оны хавар Стамбул Таксимын талбайд босч, хувьсгал хийчих шахсан. Бослого амжилт олоогүй. “Арабын хавар” шиг үйл явдал Турк орныг арай ч нөмөрчихөөгүй гэхчлэн түүх нэгийг хэлэх байх.

-Сирийн үндэсний арми өнөөдөр ямар байдалтай байна?

-Өнөөдөр Башар Асад армиа командлаад ганцаараа тулалдаж байгаа юм биш. “Террористууд ба экстремистүүдийн эсрэг” дайнд нь “Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Орос-Иран-Ливаны холбоо” хүртэл оролцоод явж байна. ОХУ-ын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан хурандаа генерал Анатолий Ситнов ингэж хэлсэн байдаг. “Сири гэдэг чинь Ливи биш шүү. Хэрэв АНУ, НАТО Сирийн ард түмний эсрэг ээлжит түрэмгийллээ үйлдэх аваас газар, агаарт тулалдах ихээхэн туршлага бүхий армитай нь тэд тулалдах хэрэг гарна” гэж. Үнэндээ Сирийн арми нь арабын армиуд дотроо дээгүүрт ордог гэдгийг дайны есөн жил харууллаа. Өнгөрсөн есөн жилд жихадист дайчид 70 гаруй исламист бүлэгт хуваагдан Башар Асадын цэрэгтэй тулалдахын сацуу “Сирийн эрх чөлөөт арми”-тай, курдууд болон өөр шашинтны өрхийн цэрэгтэй бас тулалдлаа. Тулалдаж ч байна. Исламистуудыг нь Америк тэргүүтэй өрнөдийн эвсэл агаараас цохиж үлэмж сулрууллаа. Сирийн Засгийн газрын армийг дэмжиж алавит–шиитүүдийн Шаббихатусгай отряд, христианчуудын Шаббиха тусдаа отряд, суннитын сайн дурын Сахва отряд, Хасан Насраллагийн толгойлдог Ливаны шиитүүдийн Хэзболла зэвсэгт отряд, Ираны лалын хувьсгалыг хамгаалах корпусын дайчид, Сири дэх иракийн суннитуудтайгаа тулалдахаар Иракаас шиитийн шашны зүтгэлтэн Моктад Садрын дайчид, Палестины «Лива аль-Кудс» бригад, дээр нь ОХУ-ын агаарын ба сансрын хүчин, “Российские Силы специальных операций” хүчин байлдаж байгаа шүү дээ. Тэгэхлээр Сирийн дэглэмийг унагах, ялагдуулах тухай яриа бол агаарт замхарна.

-Турк, Орос хоёр байлдах уу?

-Орос, Турк хоёр дайтахад тун ойртсон. Р.Т.Эрдоган амны зоргоор Оросыг шүүмжилдэг болсон. Бүх бурууг Орос руу тохож байна. Орос нь Дамаск дахь үл бүтэх дэглэмийг дэмждэгт нь байж ядна. Орос, Туркийн эрх баригчид дээд түвшинд уулзаад гал зогсоолоо л болдог, тэр нь хэрэгждэггүй. Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар гэдэг нөхөр цэргээ удирдан фронт дээр очихын наагуур ажиллаж байна. Ливид Орос, Турк хоёр галын шугамын яг хоёр талд байна. Турк нь Триполи дахь Үндэсний зөвшилцлийн засгийн газрыг нь дэмжээд тийшээ цэргээ очуулчихсан. Орос нь маршал Х.Хафтар гэгчийн командалсан Ливийн үндэсний армийг нь дэмжсэн. Хафтар нь нийслэлээ бүслээд байлдаж байна. Гал зогсоох эвлэрүүлэх талаар Москвад сүртэй уулзалт зохиогоод нэмэргүй. Сири дэх Орос-Туркийн зөрчлийг Вашингтоноос өөгшүүлж байгаа мэтээр Оросын сайтууд дээр шүүмжилдэг.

Онцлох нийтлэлүүд