Спорт
2015.07.27 06:07

Д.Гантулга, Л.Отгонбаяр нар ангилалдаа түрүүлэв

19 дэх удаагийн “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Төв аймгийн нутаг Өндөр довд өчигдөр(VII.27) боллоо.

Олон улсын марафон гүйлтийн нийгэмлэг, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол орны 500 гаруй тамирчин оролцжээ. Тэмцээн 5 км, 10 км, 21 км-ын зайд болсон бөгөөд манай улсаас Гавьяат тамирчин Б.Сэр-Одоос бусад шилдгүүд энэхүү тэмцээнд хурд сорьжээ.

Тэмцээний 21 км-ийн эрэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Д.Гантулга ("Хилчин") түрүүлж, спортын мастер Н.Мөнхбаяр ("Хилчин"), ОУХМ Б.Доржпалам ("Алдар") нар мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Энэ зайн эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр ("Хүч") түрүүлж, ОУХМ Н.Мөнхзаяа ("Алдар"), спортын дэд мастер Ц.Санжидмаа ("Мон-Алтуис" БТДС) нар удаалсан байна. Бусад зайн мэдээллийг эргэн хүргэнэ.

Фото архив, шар цамцтай нь ОУХМ Л.Отгонбаяр.

“Тал нутгийн Монгол” тэмцээн ДАШТ-ий өмнө, Монголын хөнгөнатлетикийн холбооны 55 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог болж буйг зохион байгуулагчид онцлов. Уламжлал ёсоор 21 км-т түрүүлсэн тамирчинд даага бэлэглэжээ.


Онцлох нийтлэлүүд