Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ Өчигдөр 84 жолооч согтуу жолоо барьж, 193 хүн эрүүлжүүлэгджээ Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ "Босоо цагаан гурвалжин" бүжгэн жүжиг хоёр өдөр тоглогдоно Японд "Омикрон" вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ Хөрөнгийн бирж 971.723 ширхэг хувьцаа арилжжээ “Toyota Motor”-ийн үйлдвэрлэл буурав ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав АТГ: Төрийн өмчит хуулийн этгээдийн албан тушаалтнуудын ХОМ-ийг шалгаж байна Цаначид ирэх сард олимпийн эрхийн оноо олгох тэмцээнүүдэд орно Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны квотыг нэмэгдүүлнэ
Нийгэм
2021.10.16 10:10

Д.Мөнх-Эрдэнэ: Шүүх хурлаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй бол буцаах биш, хэрэгсэхгүй болгож цагаатгах л учиртай

Шүүхээс буцсан хэргүүдээс олон тооны хэрэг хэрэгсэхгүй болдог нь хууль хяналтынхан хүний эрхийг ноцтой зөрчиж, хэлмэгдүүлэлт явуулж байна гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр онцолсон нь олон нийтийн төдийгүй хуульчдын анхаарлыг татаад байна. Энэ асуудлаар хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад, эсвэл анхан шат руу буцаадаг. Ямар тохиолдолд ингэдэг юм бэ?

-Энэ тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Тухайлбал, хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зэрэг тохиолдолд Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын санал, яллагдагч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаадаг.

Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн хувьд мөн дээр хэлсэн үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж болдог. Шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа прокурорын саналаар хэргийг прокурорт буцаах тохиолдол бас бий.

-Сүүлийн хоёр жилд гэхэд шүүхээс буцсан хэргүүдээс 267 нь хэрэгсэхгүй болсон. Ийм тооны хүмүүс хэлмэгдсэн гэсэн үг. Нэг ёсондоо манай хуулийн мафи хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ярьсан. Хуульч хүний зүгээс энэ тал дээр юу гэж харав?

-Үнэхээр тийм баримт байгаа бол нөхцөл байдал аюултай түвшинд хүрсэн байна гэсэн үг. Үндсэн хуульд заасан шударга шүүхээр хэргээ шүүлгэх иргэдийн эрх зөрчигдсөн байна. Шүүхийн үндсэн зорилгын нэг нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх явдал. Энэ зорилгоо хангаж чадаж байна уу гэвэл харамсалтай нь тэр бүр чадахгүй байна. Үүний цаана бас нэг анхааруулж хэлэх зүйл бол олны анхаарал татсан томоохон хэрэгт оролцсон нөхөд, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завшаад байгаа юм биш биз гэсэн болгоомжлол юм.

-Мэдээж хэрэг буцаах нь байх асуудал. Дээрх хоёр жилийн хугацаанд үүнээс ч олон тооны хэрэг мөрдөн байцаалтад буцсан болж таарч байна. Зүйд нийцэх үү?

-Шүүхээс хэргийг буцаах нь хэвийн зүйл биш юм. Шүүх бүрдсэн нотлох баримтын хүрээнд, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал үнэхээр тогтоогдоогүй бол буцаах биш, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах л учиртай. Шүүх, шүүгч нь мөрдөгч, прокурор биш шүү дээ. Шүүх яллах байр сууринаас асуудалд хандаж болохгүй. Шүүхийн үндсэн үүрэг юу вэ гэдэгт бид гол анхаарлаа хандуулах ёстой.

-Төрийн өндөр албан тушаалтан, олны анхаарал татсан хэргүүдийн шийдвэрлэлт их уддаг. Нэг мэдэхэд хэрэгсэхгүй болчихсон, зарим нь сураггүй болох нь бий. Холбогдогч нар их л гомдол гаргаж харагддаг. Гэтэл ард нь хууль хяналтынхан хэргийг удаашруулж хэрэгсэхгүй болгох тохиолдол байна уу?

-Шууд хэлэхэд хууль, шүүхийн байгууллагад гардаг завхралын үндэс нь “хуулийн мафид” боломж олгосон эрх зүйн орчин, хуульдаа байна. Үүн дээр мэдээж улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн нөлөө, оролцоог дурдах ёстой. Хууль, шүүхийн байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангахгүйгээр хөгжил, дэвшлийн тухай ярих боломжгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишээнээс үүнийг харж болно. УИХ дээр энэ тухай сүүлийн үед идэвхтэй яригдаж, тодорхой санаачилгууд ажил болоод явж байгаа нь сайн хэрэг.

-Нөгөө талаас харахад ийм олон тооны хэрэг буцаж байгаа нь мөрдөн байцаагч, прокурор гээд шүүхээс өмнөх шатныхан ажиллаж чадахаа больчихсон юм биш биз?

-Зөв буруу ажиллаж байна гэж дүгнэх нь чухал биш. Олон хүний дунд хариуцлагагүй, авлигад автсан, ёс зүйгүй албан хаагчид бий. Тэднээс салах хэрэгтэй, хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Гэхдээ энэ ажлыг хийхийн тулд юуны түрүүнд, хууль, шүүхийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах, шударга сайн хуульчдыг бэлтгэх, сонгож ажиллуулах, авлигач, ёс зүйгүй хүмүүсээс хурдан салдаг, хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг шуурхайлмаар байна. Шүүх, хуулийн байгууллагад томоохон шинэчлэл хийх цаг нь болсон. Одоо эхэлсэн ажилд бага саад гараасай л гэж бодож байна. Хуульчид, мэргэжлийн албан хаагчид сайн дэмжих хэрэгтэй байна. Хууль, шүүхийн шинэчлэлийг гацаадаг, саад болохыг санаархдаг нөхөд цөөн биш байгаа нь нууц биш ээ.

-Хэрэг удаашрахын ард сэжигтэн, хохирогч аль аль нь залхдаг, хохирч үлддэг. Нэг төрлийн залхаан цээрлүүлэлт гэж нэрлэх хүмүүс ч байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хамгийн гол нь хэргийг үнэн зөвөөр, шударгаар шалгаж шийдвэрлэх хараат бус, бие даасан хууль, шүүхийн байгууллага, албан хаагчид шаардлагатай байна. Өөр сонирхол ороод, оролцоод эхлэхээр таны ярьсан зүйл үүсээд байна. Дээр хэлсэнчлэн, хууль, эрх зүйн орчныг нь шинэчлэх хэрэгтэй. Хэрэв шаардлагатай гэвэл хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, ёс зүйгүй хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгадаг тусгай эрх бүхий байгууллагыг ч байгуулж болно гэж бодож байна.

Б.ЭНХЗАЯА

Онцлох нийтлэлүүд