ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.09.20 11:09

​Д.Сумъяабазар: Хоёр улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхийг Японы тал хүлээж авсан

УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгэмийн хурал энэ өдрүүдэд Токио хотноо болж буй. Энэ хүрээнд өчигдөр Монгол, Японы парламентын бүлгэмийн дарга Д.Сумъяабазар Япон улсын парламентын бүлэгтэй уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хамтарч ажиллах, одоогийн харилцааг үргэлжлүүлэнхамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм. Хурлын талаар Монгол, Японы парламентын бүлгэмийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.


-Монгол, Японы парламентын бүлэг хоорондын уулзалт хоёр жил хойшилсны эцэст Япон улсад болж байна. Энэ удаагийн уулзалтын онцлог юу байна вэ?

-Монгол, Японы парламентын энэ удаагийн уулзалт маш чухал ач холбогдолтой. Ялангуяа хоёр улсын парламент хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, залуу парламентчидыг бэхжүүлэх, төрийн байгуулалтын үйл ажиллагаанд суралцуулах талаар холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлаа. 2015 онд Асагавагийн сангаар дамжуулж парламентын залуу гишүүдийг төлөвшүүлэх, чадавхжуулах ажлыг хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны ажил байдаг байсан. Үүнийг дахин сэргээх талаар ярилцлаа. Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр олог зүйлүүдийн талаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь Монголд өрнө буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор судлах, ярилцах зүйл их байлаа. Япон улс парламентын тогтолцоотой, дэлхийн олон парламентын засаглалтай улс орнуудад туршлага болохуйц хүчтэй парламентын засаглалтай улс. Энэ удаагийн айлчлалын хүрээнд анхаарал татаж буй нэг зүйл бол Япон улс 72 жилийн хугацаанд анх удаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаагаас гадна өнгөрсөн хугацаанд нэг л удаа парламент нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан бол бусад хугацаанд нь огт бүрэн эрхээ дуусгадаггүй байсан байгаа юм. Дунджаар парламент нь 1.5-2 жилийн хугацаанд парламент нь ажиллаж, хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгадаг байсан байгаа юм. Одоо ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд сонгуулийн хорооны даргаа томилж, бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн байна. Энэ тал дээр бид өөрсдийн эхлүүлэх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ өөрсдөө тарах уу, тарахгүй юу, ээлжит бус сонгууль явуулах уу эсэх асуудлыг бид Японы туршлагаас судалж байна. Ялангуяа 72 жилийн хугацаанд парламентын тогтолцоогоо төгс шийдэж, улс орны хөгжил, бүтээн байгуулалт, төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн агуулсан бодит хөгжлийн бид эндээс харж болно. Залуу парламентчдын уялдаа холбоог сайжруулах, төрийн байгуулалтын үйл ажиллагаанд дадлагажуулж, цаашдаа төрийн байгууллага хэрхэн яаж ажиллах талаар Япон улсаас сургалт авах талаар ярилцаж байгаа нь энэ удаагийн айлчлалын онцлог юм. Монгол, Японы парламентын бүлэг хоёр улсын хоорондох төрийн байгуулалтын уялдаа холбоо, нийгэм, спорт гэх мэт бусад салбарууд, эдийн засаг худалдааны харилцааны түвшинг дээшлүүлэх, 2013 онд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн түншлэл, 2017 онд баталсан дунд хугацааны зэрэг хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд Засгийн газрын түвшиндээ маш сайн анхаарч ажиллах ёстой юм байна. Мөн уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах талаар өргөн хүрээнд ажиллах ёстой. Өчигдрийн уулзалтуудын хүрээнд JICA олон улсын байгууллага, Жигмэк буюу ашигт малтмалын газаруудын төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой санал солилцлоо. Дэлхийн нийтэд судалгаа, хайгуул хийж, түүгээрээ дамжуулж хөрөнгө оруулалтуудыг нь татдаг байгууллагатай, Эдийн засаг худалдааны яамтай зэрэг чухал ач холбогдолтой уулзалтууд хийсэн. Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагаа, ялангуяа IPO гаргах чиглэлээр хөрөнгө татахад Япон улсын оролцуулах чиглэлээр санал солилцсон. Монгол, Япон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцох, өргөн хүрээнд иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжүүлэх ажлуудаа энэ удаагийн хурлаар ярилцсаныг Японы тал хүлээж авсан.

-Япон улс 72 жилийн хугацаанд нэг л удаа бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлсэн гэлээ. Японы парламент, Монголын парламент хоёрын ялгаа юу байна вэ. Бид энэ улсын парламентын туршлагаас юуг суралцахаар байна вэ?

-1945 оны дайны дараа Япрны улсын парламентын үүсэл АНУ-ын генерал өөрийн улсын парламентын засаглалаас туршлага судалж, бий болгосон түүхтэй байдаг. Манайхаас ялгаатай нь эзэн хаантай улс, Ерөнхий сайддаа эрх мэдлээ өгсөн, Ерөнхий сайд нь парламентдаа асуудал оруулдаг бөгөөд парламент нь итгэл үзүүлж чадахгүй бол тараах нь эрх нь Ерөнхий сайддаа байдаг гэх мэт зүйл бий. Төрийн байгуулалтын тогтолцоо, зүй тогтлын хувьд өөр байдаг. Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай, гүйцэтгэх засаглал нь идэвхтэй үйл ажиллагаатай. Гэхдээ парламент дээрээ гол үүрэг, хариуцалагаа төвлөрүүлж явдаг хэдий ч Ерөнхийлөгчийн засаглал нь хууль хяналтын байгууллага, цэрэг стратегийн эрх мэдэл нь байдаг гээд хүчний харьцуулалтын хувьд тус бүр гуравны нэг гэдэг шиг төрийн байгуулалтын уялдаа холбоо ээдрээтэй, зарим үед ойлгомжгүй байдал руу ороод байдаг сул талтай. Японы парламентын тогтолцоо шууд Ерөнхий сайд нь эрх мэдлээ төвлөрүүлж, парламент руу асуудлаа оруулж, итгэл үзүүлэхгүй бол тараачихдаг, дээд, доод хоёр танхимтай. Бид зөвлөхүүдийн танхимын дарга, Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын бүлгэмийн даргатай бид өчигдөр уулзсан. Өнөөдөр дээд, доод танхимын хоёр даргатай уулзана. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудал дээр санал солилцох, туршлага судлах, зөвлөмж авах, өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Ер нь бол Монголын сонгуулийн ирцийн босго, гишүүдийн олонх буюу 51 гишүүний гарын үсгээр парламентаа тараах зэрэг босго маш өндөр байна гэдгийг бас хэлж байлаа. Энд бол сонгуулийн ирц, босго гэхгүйгээр оролцсон хүмүүсийн олонх гэх мэтээр зохицуулаад явдаг юм байна. Тэхээр бид ийм эгзэгтэй цаг үед маш олон зүйлийг судалж, туршлага солилцох, төрийн байгуулалтаа зөв шийдэх, ямар нэгэн алдаа оноо гаргахгүйгээр зөв шийдэлд хүрэх ёстой.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Онцлох нийтлэлүүд