Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөв DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөв DNN.mn
Улс төр
2022.01.21 09:01

Д.Тогтохсүрэн: Энэ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол олон асуудал шийдэгдэж чадахгүй


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-УИХ-ын 2021 оны намрын чуулган завсарлалаа. 2016 оноос хойш дийлэнх олонхын суудлаа алдалгүй хадгалж буй намын бүлгийг даргалж байгаа хүний хувьд намрын чуулганы онцлогийг товч дүгнэхгүй юү?

-Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцэж дууссан гэж бодож байна. Онцлог хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, мэдээж 2022 оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Мэдээлэл технологийн чиглэлээр Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай, Нийтийн мэдээлээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай гэсэн гурван том хуулийг хэлэлцэж баталлаа. Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг УИХ сонгон шалгаруулж, томиллоо. Хүний эрхийн болон Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулиудыг баталлаа. Оюу толгойн төсөлтэй холбоотой Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотойгоор асуудлаар УИХ томоохон шийдвэр гаргасан. Хэдий ковидтой байсан ч намрын чуулган танхимаар хуралдлаа. Бүхэлд нь дүгнэвэл энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх л асуудлуудаа хэлэлцэж дууслаа.

-Та хоёр парламент дамнаж эрх барьж байгаа намын бүлгийг толгойлж байна. Ер нь олонх ч бай, цөөнх ч бай ер нь намын бүлгийг толгойлно гэдэг амаргүй ажил уу?

-Бүлгийн дарга гэдэг тэр дундаа олонхын бүлгийг даргална гэдэг бол их ярвигтай ажил. Засгийн газар болон гишүүдийн өргөн барьсан бүх л хуулиудыг дэмжиж, ажлын хэсэг байгуулж, Их Хурлаар хэлэлцүүлж авч гарах нь бүлгийн үүрэг байдаг. Тиймээс бүлэг ачаалал ихтэй ажилласан гэж бодож байна. Бүх хуулийн төсөл дээр ажлын хэсэг гаргаж ажилладаг. Шаардлагатай бол ажлын хэсгийн дүнг бүлгээр заавал хэлэлцэж шийдлээ гаргадаг. Зарим тохиолдолд тодорхой шийдэл гаргахаас аргагүй асуудлууд ч олон байдаг. Манай намын гишүүдийн хувьд ирц сайтай, Засгийн газраас болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр их идэвхтэй ажиллаж, аль болох улсынхаа эрх ашигт нийцсэн эрх зүйн шинэчлэл хийхийн төлөө ажиллалаа.

-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал нийгмийн анхаарлыг татаж байна. Чуулган, байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө бүлгийн хурлаар хэлэлцэж нэгдсэн ойлголцолд хүрдэг шүү дээ. Та бүлгийг толгойлж байгаа хүний хувьд, мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гар бие оролцсон хүний хувьд эцэг хэмээгддэг хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудал дээр би хувь хүнийхээ үүднээс байр суурийг илэрхийлье. Учир нь одоогийн байдлаар албан ёсоор хуулийн төсөл нь өргөн баригдаагүй байна. Мөн энэ асуудлыг албан ёсоор бүлэг дээр ярьж шийдэл гаргаагүй байна. Тиймээс би цэвэр хувийн байр сууринаас ярья. Бид 2019 онд Үндсэн хуульд нэлээн сайн өөрчлөлт оруулсан. Гэхдээ сонгодог парламентын тогтолцоог бий болгоход дөрвөн зүйлийг дутуу орчихсон. Үндсэн хууль батална гэдэг бол их хэцүү асуудал. Нэг нам 57-гоос дээш гишүүнтэй байж баталдаг.

МАНЕрөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ч тэр, 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо ч тэр сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлнэ гэсэн хөтөлбөртэй дэвшүүлсэн. Энэ үүднээс авч үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм. Би дөрвөн асуудлыг шийдэх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, давхар дээлний асуудал. Парламентын тогтолцоотой улсад Засгийн газрын гишүүн заавал УИХ-ын гишүүн байдаг. Гэтэл УИХ-ын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байж болохгүй гээд хуульчилчихсан. Яагаад ийм заалт оруулсан бэ гэвэл нэгдүгээрт, УИХ-ын гишүүүдийн тоотойгоо холбоотой. УИХ-ын 76 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн болчихоор УИХдахь Засгийн газрын нөлөөлөл ихсээд парламентын нөлөөлөл буурч харагдаад Засгийн газар үндсэндээ парламентаа удирдаад байна гэдэг шүүмжлэл өрнөсөн учраас дөрвөн гишүүн байхаар заасан. Тиймээс УИХ-ын гишүүдийн тооны асуудлыг хөндөхөөс өөр аргагүй. Улсын Бага Хурал 1992 оны шинэ Үндсэн хуулийг өргөн барихдаа 110 гаруй УИХ-ын гишүүнтэй байх санал оруулж ирсэн юм байна лээ. Энэ тоог багассаар байгаад 76 болгож баталсан юм билээ. Тэр үеийн 76 одоогийн 76 хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий болчихоод байна. Тэр үед Монгол Улс 2.1 сая хүн амтай байсан бол одоо 3.4 сая хүн амтай болчихоод байна. Тиймээс гишүүдийн тоог нэмэгдүүлбэл нэмэгдүүлчихмээр байгаа юм. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцооны асуудал. Ер нь улс орноо тогтвортой байлгая гэвэл холимог тогтолцоо буюу пропорцианалийн элементийг оруулах хэрэгтэй. Улс төрийн намууд гадаа тэмцэл хийхээс илүү парламентад орж асуудлаа ёстой юм. Манайхан аль болох өрсөлдөгчдөө парламентад оруулахгүй юм шүү гэж боддог. Гэтэл бусад улс орнууд гадаа байгаа нийгмийн тэр эд эс парламент дотроо орж асуудлаа ярих ёстой гэж үздэг. Иймээс пропорцианалийн элемент оруулах хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаар сонгогчдын санал бүрэн тусдаг эсэх асуудлыг цөөнхийнхөн дандаа ярьдаг. Энэ бол үнэн. Пропорцианаль системийн нэг онцлог нь сонгогчдын санал бүрэн тусдаг. Мөн энэ систем нь улс төрийн намуудыг хариуцлагатай болгодог.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчөө парламентаас сонгох асуудал. Сонгодог парламентын тогтолцоонд ордог зүйл бол энэ дөрөв. Бид хийж чадахгүй яваад байгаа юм. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг парламент ярья гэж үзвэл энэ дөрвөн асуудлыг оруулах хэрэгтэй байх. Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд улс төрийн 23 нам хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр парламентын бус улс төрийн намууд энэ дөрвөн сэдвийг ярьж байна лээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг бол хэн дуртай нь шууд яриад хийчихдэг асуудал биш. Хоёр том зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Нэгдүгээрт, парламентын болон парламентын бус улс төрийн бүх намууд санал нэгдэх ёстой. Хоёрдугаарт, иргэдийнхээ саналыг авах ёстой. Бид 2019 онд орон даяар бүх нийтийн санал асуулга явуулж иргэдийнхээ саналыг сонссон. Хэрвээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл энэ мэт их олон процедур өрнөдөг. Ингэх ч ёстой. Учир нь Үндсэн хууль учраас удаан хугацааны турш олон хэлэлцүүлэг явуулж байж чанартай юм гаргана.

2019 онд өөрчлөлт оруулахдаа бид 65 суудалтай байсан. Одоо 62 суудалтай байна. Нэг нам 57-гоос дээш суудалтай байж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Хэрвээ энэ парламент Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол оруулчихмаар л байгаа юм. Одоо чадахгүй бол нэг хэсэгтээ дээр дурдсан асуудлууд шийдэгдэхгүй. -Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хувь гишүүдийн чадамж чухал байдаг уу. Ингэж асууж байгаа учир нь энэ парламентын, тэр дундаа танай бүлгийн гишүүд шинэ залуу үе ороод ирлээ. Зарим нь хуулиа уншихгүй гарын үсэг зурж, кнопдож байна шүү дээ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дэд ажлын хэсэгт маш олон хүн орж ажилладаг. Тухайлбал, 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ мэргэжлийн 100 гаруй хүнийг гаднаас татан оролцуулж байсан. УИХ-ын Тамгын газар, Их сургуулийн багш нар, Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, Үндсэн хуулийн судлаачид зэрэг олон хүнийг оролцуулдаг. Бага хурлын гишүүн байсан Д.Ламжав гуайг 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд судлаачаар оролцуулсан. Д.Ламжав гуай бол Цэц дээр маргаан их үүсгэдэг. Асуудлаа мэддэг. Үндсэн хуулийг судалсан хүн. Тиймээс нэмэлт, өөрчлөлтөд ажиллуулсан. Энэ мэтчилэнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал бол зөвхөн УИХ-ын гишүүдийн асуудал биш.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гишүүн бүр өөр өөрсдийнхөө өнцгөөс саналаа өгдөг. Хэдийгээр олонх болсон нам бүлэгтээ ойлголтоо нэгтгэж, хайрцаглаад байгаа мэт боловч гишүүн бүр өөрийн өнцгөөс ханддаг. Саяны дээр ярьсан дөрвөн зүйл дөрвүүлээ 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр яригдаж байсан. Гэтэл 57 гишүүний санал авч чадаагүй учраас дэмжигдээгүй.

-Тэгэхээр бүлэг ойлголцлын түвшинд хүрчээ гэж харлаа?

-Бид ойлголцохоос илүү иргэдэд ойлгуулах нь их чухал асуудал.

-МАН-ын 30 дугаар бага хурлаар та бүхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа хөөнө гэсэн хатуухан мэдэгдлийг хийж байсан. Танай намд авлига, албан тушаалд холбогдсон УИХ-ын гишүүд, төрийн өмчит компанийг удирдаж байгаа гээд олон хүн албан тушаалын хэрэгтэй холбогддог. Энэ асуудал хэзээнээс хэрэгжих вэ?

-МАН-ын 30 дугаар их хурлаар намын дүрэмд орсон хамгийн том өөрчлөлтийн нэг бол энэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагчаар татагдвал өөрийн саналаар шууд намын гишүүнээс түдгэлзэнэ. Тэр хүн буруутай байна гэсэн Шүүхийн шийдвэр гарвал намаас гарсанд тооцно гэдэг дүрэм гарсан. Үүнтэй холбоотой манай парламентын бүлэгт түдгэлзсэн гишүүн байгаа шүү дээ. Хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй ч түдгэлзчихсэн байгаа хүн бий. Энэ бол зөв жишиг. Би бол ганцхан парламентынхныгаа л ярьж байна. Гадна төрийн өмчит компани захирал ч гэдэг юмуу өөр хүмүүсийн асуудлыг мэдэхгүй байна. УИХ-ын гишүүдээс нэгт нь хэрэг үүсгээд явж байна. Бусдад нь албан ёсоор хэрэг үүссэн зүйл байхгүй шүү дээ. Хэвлэлээр янз бүрийн юм зөндөө л бичигддэг.

-“Бүдүүн бүлэг”-ийг толгойлж байгаа хүний хувьд та хил гаалийн асуудлыг шийдэх гарцыг та юу гэж харж байна. Эмзгээр харж хэлэхэд бид хилийн хоригтой л байна шүү дээ?

-Үнэндээ бидэнд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол хил гаалийн асуудал. Хоёрдугаарт, тээврийн асуудал. Хил гаалийн асуудалтай холбоотойгоор нэг л жишээ авъя, Манай улсын ДНБ-ий 22 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын 94 хувийг эзэлж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн үнэтэй байна. Ийм үед бид уул уурхайн бүтээгдэхүүнээ жаахан ахиу гаргачихмаар байна. Гэтэл хил нь хаалттай байна. Хил гаалийн асуудал 100 хувь ковидтой холбоотой. БНХАУ хоёр зорилт тавьчихсан юм билээ. Нэгдүгээрх нь, өвлийн олимпийг үзэгчтэй зохион байгуулна гээд гаднаас ковид орж ирэхээс сэргийлээд хаачихсан. Зөвхөн Монголыг хаачихаж уу гээд үзэхээр БНХАУ-тай хуурай газраар хиллэдэг найман улс байдаг. Тэр найман улсын хил яг манайх шиг хаалттай байна. Тиймээс хил гаалийн асуудал бол цэвэр ковидтой холбоотой. Өөр асуудалтай холбох аргагүй.

Олимп хурдан болчихоосой олимпийн дараа хил нээгдэх болов уу гэсэн ганц горьдлого байна. Хил нээгдэхгүй бол үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болох нь. Энэ асуудлаа шийдэхийн тулд хоёр арга хэмжээ сая авлаа. Ковидтой холбоотой контениарын тээвэр авна гэсэн. Үүний дагуу Гашуунсухайтын боомтоор чингэлэг гарч байна. Засгийн газар арга хэмжээ авч Замын-Үүд боомтоор зөвхөн чингэлэг авч гаргадаг болж байна. Бусдыг хаагаад байна. Бид импорт, экспортын хувьд яах аргагүй урд хөршөөс хамааралтай болохоор хилийн хаалтад орчихоод хаа хаанаа хүндрэлтэй байна.

-Олимпийн дараа байдал яаж ч эргэж болно шүү дээ. Гэхдээ горьдлого тээх бус ямар нэг шийдэл олох хэрэгтэй юм биш үү, гишүүн ээ?

-Бид уул уурхайн, экспортын бүтээгдэхүүнээ хэнд өгөх вэ гэхээр урд хөршдөө л өгнө. Ганц гаргах гарц, гол худалдан авагч нь урд хөрш. Экспортоо нэмэгдүүлье гэхээр сая хэлсэнчлэн ковидтой холбоотойгоор хилээ хаачихаад байгаа болохоор яах ч арга байхгүй. Шат шатандаа л анхаарч байна. Олимпийн үеэр нь Ерөнхий сайд айлчлахаар төлөвлөж байна. Энэ үед энэхүү асуудлыг нэлээн сайн ярих болов уу гэж бодож байна. Манай Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яам байнга л ажиллаж байна. Хятадын талаас “Ганцхан ковид л асуудал болчихоод байна. Танайд ковид илэрч байна” гээд байгаа юм. Манайд ковид байнга илэрч байна шүү дээ. Омикрон ширвээд өнгөрөх болов уу. Үүний дараа гайгүй болох болтугай гэж залбирч суухаас өөр аргагүй болчихоод байна л даа.

2022 онд 45 сая тонн нүүрс борлуулна гэж төлөвлөсөн. Их хүнд даалгавар. Хил гаалийн асуудал олон зүйлд нөлөөлж байна. Хил гааль, бараа бүтээгдэхүүний хомсдлыг бий болгох, юмны үнийг нэмж байна. Бизнес болон бусад юмнууд бүгд зогсчихлоо. Тиймээс хил гаалийг хурдан нээлгэх нь бидний гол зорилго болчихоод байна.

-Утаатай холбоотойгоор БОАЖ-ын удирдлагуудад хариуцлага тооцлоо. Хүн ярихаас илүү бид утаанаасаа яаж салах вэ. XXI зуунд ийм асуудал яриад сууна гэдэг бол эмгэнэлтэй л байна шүү дээ?

-Утаанаас салах гурван л арга бий. Нэгдүгээрт, орон сууцны барилгуудыг их хэмжээгээр бий болгож гэр хорооллуудыг багасгах ажлыг хийх ёстой. Хоёрдугаарт, 2019, 2020 онд хийгдсэн ажлын үр дүнд түлшээ сайжруулах ёстой юм байна гэдэг нэг гарц олсон. Утаа дахин ихэссэн нь түлшний технологитой холбоотой гэж бодож байна. Барьцалдуулагч бодис нь орж ирэхгүй байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор хатаалтын технологийн асуудал хүндэрч байгаа юм байна лээ. Халаалт, барьцалдуулагч муутай байгаа учраас түлшний хувьд технологийн алдаа гарч байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор утаа ихсээд байна гэж харж байна. Дээр нь түүхий нүүрсний хяналтын асуудал байна. Иргэдийн амьдрал ахуйтай холбоотой зүйл ч байна. Нүүрснээс өөр зүйл түлж байгаа иргэд байна. Тэд 10 орчим хувь байна. Тиймээс түлшний асуудлыг бид заавал шийдэх ёстой. Гуравдугаарт, цаашид эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж цахилгаан халаалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ гурван аргыг хэрэгжүүлж байж утааны ард гарна. Энэ жилийн хувьд хил гаальтай холбоотойгоор ийм асуудал үүсчихлээ гэж харж байна. Судлаачид 2019 онд утаа 50 хувь буурсан гэж үзсэн. Энэ жил ковидтой холбоотойгоор, мөн хил гааль хаагдсантай холбоотойгоор барьцалдуулагчийн асуудал үүсчээ гэж дүгнэж байна. Утааны асуудал зөвхөн Улаанбаатарт бус орон нутгуудад ч үүсч, хавтгайрчихаад байгаа юм. Бид түүхий нүүрс түлдэг. Аль ч улс орнууд хөгжлийнхөө явцад утааны асуудлыг бүгд дамжиж, шийдэж ирсэн. Бид үүнийг аль болох хурдан шийдэх хэрэгтэй байна.

Хил гааль хаагдсантай холбоотойгоор төсвийн орлого хүндрэхээс гадна ард түмний амьдралд хүндээр тусч байна. Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн. Ийм хүнд үед тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй байна. Тэтгэврийн дундаж нь 350 мянган төгрөг байна. Засгийн газар бололцоогоо дайчилж тэтгэврийг нэмэгдүүлэх ажлыг судал гэж ярьж байгаа. Тэтгэвэр нэмэхгүй бол иргэдийн амьдрал хүндэрч эхэллээ гэж харж байна.

-Олонх болно гэдэг хүлээх хариуцлага тэр хэмжээгээр нэмэгдэнэ байх. Та бүхний төсөөлж байгаагүй цар тахал дэгдчихлээ. Нөхцөл байдал хүндэрлээ. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд та бүлгийн даргын хувьд яаж зангидаж ажиллаж байна вэ?

-Хаврын чуулганаар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэе гэж байгаа. Заалт бүр дээр нь сууж эхэлж байна. Бид мэдээж олон амлалт дэвшүүлсэн. Амлалтаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Ковидтой холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн асуудал бий. Гэхдээ УИХ, Засгийн газар томоохон бүтээн байгуулалтаа хийж эхлүүлнэ гэдэг том зорилттой явж байна. Төмөр зам, авто зам, эрчим хүчний асуудал гээд том асуудлуудаа ямартаа ч шийдэж ард гарна гэж бодолтой явж байна.

Дэд бүтцийн энэ салбар руу хөрөнгө нэлээн сайн оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Манай улсын хөрөнгө оруулалтын бодлого сонгогчдодоо таалагдах гээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв гээд буруу яваад байгаа юм. Үзэхээр жижигхэн суманд 640 хүүхдийн сургууль, 240 хүний соёлын төв, 150 хүүхдийн цэцэрлэг бариад байгаа юм. Бидний хийж байгаа хөрөнгө оруулалтууд дандаа зардал нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт болчихоод байгаа юм. Нэг байшин барилаа түүний урсгал зардал, хашлага угсралтын зардал гээд явчихдаг. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт бол дандаа улс орондоо үр ашгаа өгч байдаг. Тиймээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг түлхүү явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

-Та бүхэн бодлого боловсруулдаг хүмүүс учраас бодлогын баримт бичиг дээр суугаад иргэдийнхээ ахуйд тэр бүр орж гараад яваад байх боломжгүй, иргэдийн, нийгмийн байдлыг тоо, статистикаас харж дүгнэдэг болов уу. Та иргэдийнхээ амьдралд хэр ойр ажиллаж байна, иргэдийн амьдралыг хэр мэдэрч байна?

-Би иргэдийн дунд амьдардаг. Хүн тойрогтоо ажиллахдаа иргэдийнхээ дунд л байдаг. Би өмнө орон нутагт ажиллаж байсан учраас иргэдийн амьдралын түвшин хэр байгааг бүрэн мэддэг хүн. Сүүлийн 2020, 2021 онд иргэдийн амьдралын түвшин буурчихсан. Очоод үзэхээр хүмүүсийн хэрэглээ, бас монголчуудын нүүрээс нь ил харагддаг. Ковидтой холбоотойгоор иргэдийн амьдралын түвшин буурсан. Ядуурал, ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа.

Манай ахмад үе нийгмийн тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийх талдаа ихээхэн мундаг хүмүүс. Саяхан 12 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймагт ажиллаж 150-иад ахмадтай уулзалт хийсэн. Тэндээс хоёр зүйл харсан. Нэгдүгээрт, хүмүүсийн амьжиргааны түвшин өмнөх жилүүдээс буурчихаж гэж үзсэн. Хоёрдугаарт, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ нэмэгдсэн байна гэдэг нь харагддаг. Дээр нь нийгмийн стресс бухимдалтай холбоотойгоор архидалт их байна. Тиймээс цаашдаа хил гаалийн асуудлыг шийдэж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх чиглэлд нэн анхаарах зайлшгүй шаардлага байгаа юм. Уг нь бидэнд байгалийн баялгийг иргэн бүрд гэдэг том зорилт тавьсан.

Орлого бүрдүүлдэг үндсэн дөрвөн бүтээгдэхүүн болох алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ гайгүй байх нь. Үүнээс нэлээн их орлого олно. Үүнийг баялгийн сан руу хийнэ. Баялгийн санг ард түмний амьжиргааг дээшлүүлэх чиглэлд зориулах нь зөв гэж бид үзсэн. Энэ хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэнэ. Гэтэл орлого олох гэсэн баялаг гацчихаад асуудал үүсээд байгаа юм. Амьжиргааны түвшинд нөлөөлж байгаа зүйл бол яах аргагүй хил гаалийн асуудал. Бизнесийн эргэлтийн асуудал. Одоо бол арай хүндрэл багатай салбар нь хөдөө аж ахуйн салбар. Өнгөрсөн жил цаг агаар гайгүй байсан учраас мал аж ахуй, газар тариалангийн салбар гайгүй байна. Бусад нь их хүндрэлтэй байна.

-Та ахмад хүмүүс нийгмийн тулгамдсан асуудлыг их сайн мэдэрдэг гэлээ. Танай нам шинэ залуу үеийнхнийг улс төрд их оруулж байна. Одоогийн Засгийн газрыг өмнөх Засгийн газруудтай харьцуулахад алдаа оноо нь юу байна. Дан залуучууд байгаа болохоор нийгмээ мэдрэхгүй байх тохиолдол ч гараад байх шиг?

-Бид алдаанаасаа байнга сургамж аваад явж байна. Манай намд сайхан залуу үе орж ирж байна. Энэ сайхан залуучууд түрж орж ирж нийгмээ шинэчилье, шударга ёс, хариуцлагын тогтолцоог бий болгоё гэсэн санаачлагыг их зөв гэж боддог. Үүний үр дүнд Оюу толгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудал зэрэг үр дүн гарч байна. Бодсоноос удаан байхыг үгүйсгэхгүй. Нам дотроо хамгийн том хэрэгжүүлэх зүйл нь карьерийн системийн асуудал. Би 2017 онд Төрийн албаны хуулийг санаачилж батлуулсан. Энэ хуулиар шатлан дэвших тогтолцоог суулгаж өгсөн. Одоо бүх улс төрийн намын дотор шатлан дэвших тогтолцоог бий болгохгүй бол болохгүй байгаа юм. Даргатай ойрхон байдаг, даргын танил хүн албан тушаалд очоод байгаа юм. Тиймээс бид саяны намын их хурал дээр үүнийг ярьж намын их хурлын дараа боловсон хүчнийг шилэх, сонгох, бэлтгэх, дэвшүүлэх журам гаргая гэсэн. Энэ журмын ажлын хэсгийг Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан. Гурав, дөрөвдүгээр сараас хэтрэхгүй намын их хурлаар үүнийг батлах болов уу гэж харж байна. Японы либерал ардчилсан нам гэхэд асар том карьерын системтэй. Хатуу шатлан дэвших тогтолцоотой. Энэ хүн ийм албан тушаал хашиж байгаа. Үүний дараа энэ албанд томилогдоно гэдэг нь тодорхой байдаг. Үүн шиг бид яг ийм шатлан дэвших тогтолцоотой болгохгүй бол тохиолдлын хүмүүс албан тушаал дээр очдог. Тэр нь нийгэмд шүүмжлэгддэг байдал бий болчихсон. Гэтэл гадныхан “Дорж байгаль орчны сайд хийж байгаа. Доржийн дараа Дулам болно” гэдэг. Энэ бол шатлан дэвших тогтолцоо. Улс төрийн намын хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэхүү хуульд энэ системийн ерөнхий санааг тусгана гэж байгаа. Нам дотроо шатлан дэвших тогтолцоотой байна. Тэр тогтолцоогоор явна гэж зааж өгөхгүй бол улс төрийн намууд хариуцлагажихгүй байна.

Онцлох нийтлэлүүд